| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2309029830298 |
| Дугаар | 2024/ДШМ/1306 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 21.5.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1306
2024 12 05 2024/ДШМ/1306
Б.Өад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Д,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Өад холбогдох эрүүгийн 2309029830298 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Б.Ө, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;
Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хууль сахиулагчийн буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан үүргээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны төв байранд гүйцэтгэж байхдаа бүртгэлийн Г-1283 дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахтай холбогдуулан иргэн Г.Чийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, иргэний хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт иргэн Б.Эөөр "Ч" гэж гарын үсгийг зуруулсан,
иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн бичгийн баримтуудыг үйлдэхдээ Г.Чоос мэдүүлэг аваагүй атал мэдүүлэг авсан мэтээр асуулт асууж, хариулт өгч тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд иргэн Г.Чийн гарын үсгийг иргэн Б.Эөөр зуруулснаар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хууль сахиулагч буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалыг хашиж байх үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гандантэгчэнлин хийд дээр иргэн, Авлигатай тэмцэх газраас шалгаж буй 1313 дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд гэрчээр оролцож буй Г.Чтой уулзаж, "чи мэдүүлгээ өөрчилчих", "танай дүү чиний өмнөөс чиний нэрийг бичсэн учраас надтай хамт буруудаж шүүхээр орно шүү" гэж хэлэн худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, “Эийн чамд өгөх мөнгийг би өгчихье" гэж шан харамж амлаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Өыг “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн”, “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд томилогдох” эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Өад оногдуулсан “нийтийн албанд томилогдох” эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаар ч үзээгүй, эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж уг гомдлыг гаргалаа.
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй талаар: Хавтас хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Г.Чийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааг Б.Эөөр “Ч” гэж гарын үсгийг зуруулсан гэж буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Өмгөөлөгч нарын зүгээс “2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Номин дэлгүүрийн хойд талд уулзвар дээр “SUBARU FORESTER" маркийн 55-25 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 09-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн” зам тээврийн осол гарсан байдаг. 55-25 УНВ улсын дугаартай авто машиныг Б.Э унаж явсан бөгөөд уг машины эзэмшигч нь Г.Ч гэх хүн байдаг талаар хэлж мөрдөгчийн зүгээс Г.Чийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг. Гэтэл иргэний нэхэмжлэгчээр гарын үсэг хэн зурсан болох нь өнөөдөр маргаантай хэдий ч шинжээчийн дүгнэлтээр Г.Чийнх биш гэж гарсан нь шүүх буруутгах гол үндэслэл болсон. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн нийтэд нээлттэй хэрэглээний сайтаар 55-25 УНВ улсын дугаартай авто машиныг орж үзэхэд осол болох хугацаанд эзэмшигч нь Г.Ч биш өөр хүний нэр дээр байгаа болох нь харагдаж уг баримтыг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан боловч шүүх хүлээж аваагүй. Иргэний нэхэмжлэгч биш хүнийг, иргэний нэхэмжлэгчийн гарын үсгийг хуурамчаар зуруулсан гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нөгөө талаас 09-00 УАХ улсын дугаартай авто машины жолоочоос тухайн машины хохиролтой холбоотой төлбөрийг Г.Ч биш Б.Эийн дансанд шилүүлсэн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Энэ нь тухай машины эзэмшигч нь Г.Ч гэх хүн биш болохыг нотолж байхад анхан шатны шүүх анхаар ч үзэлгүй орхигдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчлан заасан нь уг хэрэгт хамаарахаар байна. Учир нь уг ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй учраас уг хэрэг хаагдаж, эд материалын холбоотой хохирлоо иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломж хуулийн хүрээнд байсан байхад гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар: Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан. Г.Чийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж мөн өдрийн 15 цаг 48 минутад тус газар гэрчээр мэдүүлэг өгсөн, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрч Г.Чоос дахин мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би танай байгууллагад ирж гэрчээр мэдүүлэг өгсний дараа мөрдөгч Ө утсаар ярьж уулзъя гэсэн...” гэх мэдүүлгийг үндэслэн яллагдагчаар татсан байдаг. Яллагдагч Б.Өын зүгээс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Золзаяа мөрдөгч залгаж 55-25 УНВ улсын дугаартай автомашины талаар дуудаж байгааг хэлсэн бөгөөд Б.Өын зүгээс Г.Чтой уулзаж ямар учир шалтгааны улмаас АТГ дуудаж байгаа талаар тодруулан асуух зорилгоор уулзсан энэ талаараа маргадаггүй, харин Б.Ч нь АТГ-д мэдүүлэг өгсөн эсэх, мөн нөлөөлөх гэсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч түүнийг уг зүйл ангиар гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэд “...Э чамд өгөх мөнгийг би өгчихье” гэж шан харамж амласан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, Б.Ө нь ямар шалтгааны улмаа АТГ-с дуудаж байгаа талаар тодруулан асуусны төлөө гэрчид нөлөөлсөн гэж үзэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж гэм буруутайд тооцсон зүйл, хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэг анх зарлуулах болсон үндэслэл болох нийтэд нээлттэй сайтаас харахад 55-25 УНВ улсын дугаартай автомашин Г.Чийн нэр дээр бүртгэлгүй байсан гэж байна. Энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжгүй. Учир нь, мөрдөгчөөр ажиллаж байсан Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2, 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Гэтэл уг тээврийн хэрэгсэл осол гарах үед Г.Чийн эзэмшил, өмчлөлийнх байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Мөрдөгч Б.Ө энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих хүн мөн байна гэж үзсэн учраас түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шийдвэр гаргаж, мэдүүлэг аван хэргийн материалыг бүрдүүлсэн. Үүнийг нь үндэслэж Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ариунаагаас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тогтоол гаргасан. Харин Г.Ч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд мөн гэж үзээд мэдүүлэг авахдаа түүний биечлэн ирээгүй, иргэний нэхэмжлэгчийн эрх, үүрэгтэй танилцаагүй, мэдүүлгийг бодитой өгөөгүй байхад өөрөө асуулт асууж, хариулт өгч, өмнөөс нь гарын үсэг зурсан нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, зөвхөн Б.Өаас Г.Ч руу ярьсан шалтгааныг хоёр янзаар тайлбарлаж, шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс “Чамайг Авлигатай тэмцэх газраас яах гэж дуудаад байгаа юм бэ, юу болсон бэ гэдэг асуудлыг тодруулахаар ярьсан. Түүнээс биш шан харамж амласан, Э гэх хүний чамд өгөх мөнгийг би өмнөөс нь өгчихье, хэрвээ чи гомдлоо татаж авахгүй бол дүү чинь надтай хамт шалгагдаж чирэгдэнэ шүү гэсэн зүйлийг яриагүй” гээд Г.Чийн мэдүүлгийг үгүйсгэдэг. Гэтэл Б.Ө цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажилласан, ахмад цолтой хүн. Авлигатай тэмцэх газраас өөрийг нь дуудахад яагаад Г.Ч руу залгаад “Ямар учраас намайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм бэ” гэж жирийн иргэнээс асуух шаардлага байсан уу гэдэг асуудлыг харгалзаж үзэх ёстой. 10 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нөлөөлсөн гэх зүйлийг ярьж, энэ нь яллах дүгнэлтэд тусгагдсан. Анхан шатны шүүхээс “Г.Ч нь 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 48 минутаас эхлэн мэдүүлэг өгчээ. Улмаар 10 дугаар сарын 20-ны өдөр буюу 15 хоногийн дараа дахин мэдүүлэг өгсөн. Энэхүү мэдүүлгийг нь үндэслэж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж өмгөөлөгч ярьж байна. 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ тэрээр “10 дугаар сарын 09-ний өдөр над руу Ө ярьсан, тэгээд Эийн чамд өгөх дутуу мөнгийг би өгье, дүү чинь надтай хамт шалгагдах болно шүү гэж надад ярьсан” гэсэн бөгөөд үүнийг нь үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэр гарсан талаар анхан шатны шүүх дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 10 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн болохыг анхан шатны шүүх тогтоож, шийтгэх тогтоолоо гаргасан. Мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Тээврийн хэрэгсэл бодит байдал дээр хэний нэр дээр бүртгэлтэй байх нь ямар ч хамааралгүй. Аливаа гэмт хэргийн шинжтэй гомдол болон хэргийг бүрдүүлэхэд авагдаж байгаа бүх баримтуудаас хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж цуглуулсан баримт байдаггүй гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хууль сахиулагчийн буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан үүргээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны төв байранд гүйцэтгэж байхдаа бүртгэлийн Г-1283 дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахтай холбогдуулан иргэн Г.Чийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, иргэний хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт иргэн Б.Эөөр "Ч" гэж гарын үсгийг зуруулсан,
иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримт бичгүүдийн үйлдэхдээ Г.Чоос мэдүүлэг аваагүй атал авсан мэтээр асуулт асууж, хариулт өгч тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд иргэн Г.Чийн гарын үсгийг иргэн Б.Эөөр зуруулснаар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хууль сахиулагч буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалыг хашиж байх үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гандантэгчэнлин хийд дээр иргэн, Авлигатай тэмцэх газраас шалгаж буй 1313 дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд гэрчээр оролцож буй Г.Чтой уулзаж, "чи мэдүүлгээ өөрчилчих", "танай дүү чиний өмнөөс чиний нэрийг бичсэн учраас надтай хамт буруудаж шүүхээр орно шүү" гэж хэлэн худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, “Эийн чамд өгөх мөнгийг би өгчихье" гэж шан харамж амлаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Г.Чийн "...Би өөрийн танил дүү Эт өөрийн "Subaru Forester" маркийн машиныг худалдсан. Бидний дунд төлбөр тооцоо дутуу байсан учраас машиныхаа нэрийг Э рүү шилжүүлж өгөөгүй байсан юм. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Э машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орсон. Уг асуудлыг Тээврийн цагдаагийн албанаас шалгасан. Тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэхэд 12,000,000 төгрөг болсон. Э надад машины хохирлын мөнгө орж ирэх үед таны мөнгийг гүйцээж өгнө гэж ярьж байсан боловч цаад зам тээврийн осол гаргасан автомашины жолооч Ганзориг хохирлын мөнгийг нь өгөхгүй, иргэний журмаараа явж мөнгөө аваарай гээд байна гэсэн. Тэгээд бас Э Тээврийн цагдаагийн албан дээр очиж зам тээврийн ослын материалтай танилцахад таны өмнөөс мэдүүлэг аваад, хэргийг хаагаад прокурор руу явуулчихсан байна, яах вэ гэсэн. Тэгээд бид 2 ярилцаад Тээврийн прокурорын газарт гомдол гаргасан. 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр Тээврийн прокурорын газрын дарга гэх эрэгтэй хүнтэй уулзах үедээ би Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч Өад мэдүүлэг өгөөгүй, гарын үсэг зураагүй талаараа хэлсэн. Тэгээд та хоёрын ярьж байгаа зүйлийг ойлголоо гээд явуулсан. Миний хувьд мөрдөгч Өтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Царай төрхийг нь мэдэхгүй, танихгүй. Тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, мэдүүлэг ч бас биш. Надаас мөрдөгч Ө иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар мэдүүлэг авч байгаагүй. Мэдүүлгийг миний өмнөөс хуурамчаар бичиж, гарын үсгийг минь зурж, зам тээврийн ослын материалд хийсэн байна. Би гарын үсгээ зурахдаа нэрээ бүтнээр нь бичдэггүй. ...” /1хх 195-196/,
“... 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би танай байгууллагад ирж гэрчээр мэдүүлэг өгсний дараа мөрдөгч Ө надтай утсаар ярьж, уулзъя гэсэн. Бид 2 манай ажлын ойролцоо байдаг Төв гандан дотор уулзахад Ө “...чиний өмнөөс Э гарын үсэг зурсан. Чи мэдүүлгээ өөрчилчих. Эийн чамд өгөх мөнгийг би өгье. Танай дүү чиний өмнөөс чиний нэрийг бичсэн учраас надтай хамт буруудаж шүүхээр орно шүү. Би ажилгүй болох гээд байна.” гэсэн. Тэгэхээр нь “би Этэй машин зарсны үлдэгдэл төлбөрийн хувьд өөрөө учраа олчихно. Чи яах гэж ийм зүйл хийж байгаа юм бэ. Анхнаасаа үнэн зөв мэдүүлэг авсан бол ийм байдалд орохгүй байсан шүү дээ. Тийм зүйл байхгүй, хуулийнхаа дагуу асуудлаа шийдвэрлүүлнэ гэж хэлээд явсан, дахиж уулзаагүй. Би Эөөс миний өмнөөс гарын үсэг зурсан эсэх талаар асуухад “мөрдөгч Ө намайг ахынхаа өмнөөс энэ дээр зур гэж хэлсэн” гэсэн. Тэгээд Э би юун дээр зурж байгаа юм бэ, уншиж танилцъя гэхэд юуг нь уншиж танилцдаг юм бэ гээд Эөөр миний нэрийг бичүүлсэн гэсэн.” /1хх 199-200/,
гэрч Б.Эийн “...Г.Чоос "Subaru Forester" маркийн суудлын тэргийг худалдаж авсан. Би Ч ахад машины үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийн өртэй байсан учраас өөрийн нэр лүү машинаа шилжүүлээгүй. Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Номин дэлгүүрийн хойд уулзвар дээр "Subaru Forester" маркийн 55-25 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал 09-00 УАХ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Уг асуудлыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Ө шалгасан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын сүүлээр мөрдөгч Ө надтай утсаар яриад хэргийг чинь хааж, прокурор руу шилжүүлсэн. Гэтэл иргэний нэхэмжлэгч томилоогүй байна гээд буцаачихлаа, чи хүрээд ир гэсэн. Тэгээд би Тээврийн цагдаагийн албанд 2 хоногийг дараа очиж, мөрдөгч Өтай уулзахад “Ч хаана байгаа вэ” гэхээр нь “хотод гэртээ байгаа” гэж хэлсэн. Мөн надаас Ө мөрдөгч чамайг Ч мөргөлдсөнийг мэдэж байгаа юу гэхэд нь мэдэж байгаа. Би мөргөлдсөний дараа Ч ах руу шууд ярьсан. Ах ирсэн гэж хэлсэн. Өмнө нь мөрдөгч Ө надаас мэдүүлэг авах үедээ Ч ахыг дуудна гэж ярьж байсан юм. Тэгээд би мөрдөгч Өад Ч ахын шаардлага байгаа бол дуудчих уу гэхэд одоо цаг зав байхгүй байна. Чи зурчих гэхээр нь би мөрдөгч Өаас Ч юм уу Э юм уу гэж тодруулан асуусан. Намайг Ч гэж бич гэсэн. Би тухайн үед юун дээр Ч гэж бичиж байгаагаа мэдээгүй. Ө мөрдөгчийг Ч гээд бич гэхээр нь Ч гэж бичсэн. Анх зам тээврийн ослын материалыг шалгаж эхэлсэн үеэс Ө мөрдөгчийг таньдаг болсон. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгуулмаар байна...” /1хх 203-205/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 229-241/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Б.Өын нотлох баримт хуурамчаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, гэрчид хууль бусаар нөлөөлсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Өыг “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн”, “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Өад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял болгон тогтоосныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ.” гэж,
5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.”,
2 дахь хэсэгт “2.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалтай.
Анхан шатны шүүхээс Б.Өад уг зүйл, хэсэгт заасан ял оногдуулахдаа эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулсан байх боловч энэ талаар шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт дүгнэлт хийгээгүй, тухайн ерөнхий ангийн зохицуулсан заалтыг журамлаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Доос “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж гэм буруутайд тооцсон зүйл, хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг гэдэг нь нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журам, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн үндсэн шинжийг нийтлэг субьекттэй, хүндрүүлэх шинжийг тусгай субьекттэй байхаар хуульчилсан ба хүндрүүлэх шинжид заасан гэмт хэргийг хууль сахиулагч ... үйлдсэн байдаг.
Нотлох баримт гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хэлнэ. Нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж эрх бүхий этгээдэд гаргаж өгсөн идэвхтэй үйлдэл байдаг ба энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Уг гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны албан хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Өын хувьд Тээврийн цагдаагийн албаны, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахтай холбогдуулан иргэн Г.Чийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгч, хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт иргэн Б.Эөөр "Ч" гэж гарын үсгийг зуруулсан,
иргэний нэхэмжлэгч, хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг үйлдэхдээ Г.Чоос мэдүүлэг аваагүй атал мэдүүлэг авсан мэтээр асуулт асууж, хариулт өгч тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд иргэн Г.Чийн гарын үсгийг иргэн Б.Эөөр зуруулснаар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Чийн удаа дараагийн мэдүүлэг, хохирогчоор тогтоогдсон буюу хууль сахиулагчийн заавраар гарын үсэг зурсан гэх Б.Эийн 2 удаагийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Өын хувьд өөрийн хариуцаж мөрдөн шалгаж байсан хэргийнхээ нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, өөрөө асуулт хариулт зохиож бичих, иргэний нэхэмжлэгч бус хүнд эрх, үүрэг танилцуулах, баримт, мэдүүлэг дээр гарын үсэг зуруулах гэх мэт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Мөн дээрх үйл баримттай нь холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгагдах үедээ энэ хэргийн гэрч Г.Чийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг өөрөө өгнө гэж шан харамж амласан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул Б.Өад холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял, ...” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял, ...” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд томилогдох” эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,
4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Өад оногдуулсан “нийтийн албанд томилогдох” эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, ...” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Өад оногдуулсан “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ