Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2026/0732

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О ХХК /РД:/,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ү, шүүх хуралдааны нарийн бичиг Л.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарт холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Чингэлтэй Дүүргийн Татварын Хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нараас О******* ББСБ-ийн 2021-2023 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан-бүрэн хяналтыг шалгалтыг хийж, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №НА- дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хууль 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2., 73 дугаар зүйл. Алданги 73.1., 73.2., 73.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн 10,848,000 төгрөгийн нөхөн татвар, 4,339,200 төгрөгийн торгууль, 4,572,612.8 төгрөгийн алданги, нийт 19,758,812.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож-ээ.

2.2. Нэхэмжлэгчээс дээрхи нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар О ХХК-ийн гомдлын тухай тогтоолоор Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, Иргэний хууль /2002 он/-ийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Тус ББСБ-д Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын даргын 2025 оны 07-р сарын 08-ны өдрийн 09 тоот. Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн дагуу ЧД-ийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нар 2025 оны 08-р сарын 20-ны өдрөөс 2025 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 2021, 2022, 2023 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалт хийсэн.

Уг хяналт, шалгалтаар тус ББСБ-ыг Татварын ерөнхий хуулийн 28, 29-р зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж 12******* дугаартай нэхэмжлэхээр 10 848 000 /Арван сая найман зуун дөчин найман мянга/ төгрөгийн нөхөн татвар, 12 дугаартай нэхэмжлэхээр 4 339 200 /Дөрвөн сая гурван зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийн торгууль, 12******* дугаартай нэхэмжлэхээр 4572 612.8/ Дөрвөн сая таван зуун далан хоёр мянга зургаан зуун арван хоёр төгрөг наян мөнгө төгрөгийн алданги, нийт 19 759 812.8 /Арван есөн сая долоон зуун тавин есөн мянга найман зуун арван хоёр төгрөг наян мөнгө/ төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан. Үүнийг тус ББСБ нь бүхэлд нь эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэлийн Татварын Газрын Дэргэдэх Маргаан Таслах Зөвлөлд 2025 оны 11-р сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Уг гомдлыг 2026 оны 03-р сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцээд НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж 12 дугаартай Тогтоол гаргасан. Уг Тогтоолыг тус ББСБ эс зөвшөөрч байгаа тул гомдол гаргаж байна.

Нөхөн татвар ногдуулаад байгаа ХУД-ийн ******* хороо, Н //, Н, тоот хаягт байрлах 437,2 м.кв талбай бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг НШШГГазрын албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэсэн боловч уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч олдоогүй тул НІШШГГазраас тус ББСБ-ын төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлсэн. Уг үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж тус ББСБ-ын зүгээс үзэж байна. Учир нь:

1. Энэ үл хөдлөх хөрөнгийг амьдрах болон бусад зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй, цахилгаан татагдаагүй, цэвэр бохир усны системд холбогдоогүй, дотор засал сантехник болон дулаалгын ажил дутуу, бүрэн дуусаагүй байгаа юм. Мөн энэ үл хөдлөх хөрөнгө нь хотхоны зохион байгуулалттай 12 ширхэг таун хаусын нэг бөгөөд бүгдээрээ дуусаагүй үл хөдлөх хөрөнгө ба одоогоор алинд нь ч аялал жуулчлалын болон бусад зориулалтаар үйл ажиллагаа явагдаагүй, ашиглагдаагүй, бүгд хоосон байдалтай байгаа юм. Уг үл хөдлөх хөрөнгийг ашиглахын тулд хотхоноороо буюу бүгд нийлж байж дутуу ажлуудыг гүйцээхээс бус нэг өмчлөгч дангаараа бүх дутуу ажлыг гүйцээх ямар ч боломжгүй байгаа юм.

2. Уг үл хөдлөх хөрөнгийг тус ББСБ-ын өмчлөлд шилжсэнээс хойш буюу 2019 оноос хойш бид байнга зарж борлуулахаар оролдож зар өгөх, үл хөдлөх хөрөнгийн агентуудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулж ажиллаж байгаа ч худалдан авагч олдохгүй байгаа юм. (Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээнүүд болон Шуурхай зар сонинд өгсөн заруудыг хавсаргав.)

3. Тус ББСБ нь зөвхөн зээлийн үйл ажиллагаа, гадаад валютын арилжаа эрхлэх л тусгай зөвшөөрөлтэй тул уг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулахаас өөрөөр аялал жуулчлалын болон бусад зориулалтаар ашиглах нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.1.1-д зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх-ийг хориглоно гэж зааснаар хориотой юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй байхад ямар нэг байдлаар ашиглаагүй, дутуу баригдсан барилгад татвар ногдуулсан нь үндэслэлгүй.

4. Мөн уг үл хөдлөх хөрөнгийг ашиглахгүй байгааг нотлох нэг зүйл нь уг хөрөнгөд ямар нэг байдлаар ашиглалтын зардал буюу тог цахилгаан ус дулааны төлбөр нэг ч удаа гарч байгаагүй.

5. Уг үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч нь дээрх 12 үл хөдлөх хөрөнгийн дутуу хийгдсэн ажлуудыг гүйцээж хийх санхүүжилт босгох үүднээс л 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж тус ББСБ-д нэгийг нь барьцаалж зээл авсан боловч үүнийгээ дуусгаж чадаагүй үйл ажиллагаа нь зогссон.

6. Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газраас 2019 оны 03-р сарын 19-ний өдөр олгосон 000 дугаартай гэрчилгээ нь тус ББСБ-ыг дээрх маргаан үүсгээд байгаа 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон гэрчилгээ болохоос бус зориулалтын дагуу ашиглаж болох үл хөдлөх хөрөнгө гэдгийг нь нотолж буй зүйл биш юм. Тийм ч учир уг гэрчилгээ нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гэх нэртэй бөгөөд О ХХК /регистр №/ нь ... 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул... гэрчилгээ олгов. гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь өмчлөх эрхийг баталгаажуулсан баримт бичиг болохоос бус ашиглаж болох хөрөнгө гэдгийг нотолж буй зүйл биш юм. Дээрх үндэслэлүүдээс гадна хууль, эрх зүйн талаасаа ч уг үл хөдлөх хөрөнгөд татвар ногдох үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1-д Монгол улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна. гэж заасан бол Иргэний хуулийн 84.3-д Газар, түүнээс салгамагц ... ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. гэж заасан байна. Уг заалтуудын агуулгаас харахад зөвхөн ашиглаж болох эд юмсад Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар байгаа нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдож буй эд хөрөнгө нь ашиглагдах шинж чанартай байна л гэсэн үг юм. Уг тохиолдолд ашиглагдах боломжгүй хөрөнгийн тухайд татварын харилцаа үүсэхээргүй байна гэж үзэж байна.

2. Уг үл хөдлөх хөрөнгийг тус ББСБ нь бизнесийн үйл ажиллагаа явуулж ямар нэг ашиг болох зорилгоор худалдаж аваагүй, харин төлбөр төлөгч буюу зээлдэгч санхүүгийн чадваргүй болсны улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.17-д худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлэх... гэж заасны дагуу төлбөртөө тооцож авсан тул тус ББСБ нь өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгө дансанд бүртгэсэн. Гэвч уг үл хөдлөх хөрөнгө нь зах зээлд худалдан борлогдохгүй, эдийн засгийн өгөөжгүй үхмэл хөрөнгө болж бидний эргэлтийн хөрөнгийн мөнгийг түгжиж харин ч тус ББСБ-д хохиролтой нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм. Хэрэв дээрх үл хөдлөх хөрөнгө нь худалдан борлогддог бол бид өөрсдийн мөнгийг түгжиж эдийн засгийн өгөөжгүй хөрөнгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө дансанд бүртгэлтэй байлгах ямар ч шаардлагагүй нь ойлгомжтой асуудал юм.

3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.1-д Албан татвар төлөгчийн нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл хорогдлыг дараах байдлаар тооцно. гэж заасан байдаг. Харин тус ББСБ нь уг үл хөдлөх хөрөнгийг ямар нэг байдлаар ашиглахгүй байгаа юм. Мөн энэ үл хөдлөх хөрөнгө нь тус ББСБ-ын өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө дансанд бүртгэлтэй байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 05 дугаар Тогтоолоор батлагдсан ББСБ-ын Нягтлан бодлох бүртгэлийн үлгэрчилсэн зааврын Б-6-д өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэж зөвхөн зээл төлөлтийн тооцоогоор /зээлдэгчээс зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хөрөнгө/ бусдаас өмчлөн авахад хүрсэн, ББСБ-ын үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгийг хэлнэ гэж заасан байдаг. Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө дансанд бүртгэлтэй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17-д зааснаар элэгдэл, хорогдол тооцохгүй, татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулдаггүй. Энэ тус ББСБ-д эдийн засгийн хувьд хохиролтой байхад нэмж татвар ногдуулж байгаа нь хууль бус байна.

4. Барилгын тухай хуулийн 37.6-д дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно., мөн хуулийн 48.3-д ... дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.. гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 84.3-д заасан агуулгатай нийцэж байгаа буюу ашиглаж болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгөд хамааруулна гэж заасантай тохирч байна. Өөрөөр хэлбэл дуусаагүй барилгыг ашиглахыг хуулиар хориглосон байх тул Иргэний хуулийн дагуу дээрх заалтаар уг үл хөдлөх хөрөнгөд татвар ногдох үндэслэлгүй нь тогтоогдож байна.

5. Улсын бүртгэлийн тухай хуулийн 10.10-д Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ. гэж заасан байдаг. Уг заалтаас харахад дуусаагүй барилга дээр хэдэн ч хувийн гүйцэтгэлтэй байсан өмчлөх эрхийн гэрчилгээ авч болох хуулийн зохицуулалттай бөгөөд зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар татварын харилцаа үүснэ гэж үзэж байгаа нь буруу байна.

6. Б.О гэх иргэний өмчлөлийн уг үл хөдлөх хөрөнгийг Б.Э******* гэгч иргэн итгэмжлэл аван 2014 оны 10-р сарын 22-ны өдөр тус ББСБ-д барьцаалж зээл авсан бөгөөд 80%-ийн гүйцэтгэлтэй уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 оны 11-р сарын 19-ний өдөр УБЕГ-аас Б.От олгосон байдаг. Уг үл хөдлөх хөрөнгө нь Шүүх болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаар 5 жилийн турш ажиллагаа хийлгэсний эцэст тус ББСБ-ын өмчлөлд шилжиж ирсэн. Гэтэл үүнээс өмнөх хугацаа буюу 2012-2019 оны хооронд Б.О гэх иргэний нэр дээр байхад нь 7 жилийн хугацаанд нэг ч удаа Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж байгаагүй болно. /Шаардлагатай тохиолдолд Шүүхээр дамжуулан холбогдох байгууллагаас нь татвар төлж байгаагүй талаарх мэдээллийг нь нотлох баримтаар гаргуулах боломжтой гэж үзэж байна/ Татварын ерөнхий хуулийн 5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална. гэж заасан бөгөөд 5.1.2-д тодорхой байх, 5.1.3-д шударга байх гэсэн байна. Гэтэл эдгээр зарчим алдагдаж байна. Иргэний нэр дээр байхад нь татвар аваагүй атлаа аж ахуйн нэгжийн нэр дээр шилжихээр нь татвар авдаг ийм ялгаатай, тодорхойгүй, шударга бус байдал байж болохгүй гэж тус ББСБ үзэж байна.

7. Нийслэлийн Татварын Газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс үл хөдлөх хөрөнгө нь 80%-ийн гүйцэтгэлтэй байдалтайгаар өмчлөх эрхийн бүртгэлд Ү-******* дугаарт бүртгэгдсэн гэх үндэслэлээр нөхөн татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтын дагуу барилга байгууламж нь бүрэн ашиглалтад орж, холбогдох комиссын акт, улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар эрх зүйн хувьд бүрэн утгаараа үл хөдлөх хөрөнгөд тооцогддог. Гэтэл тухайн тохиолдолд барилгын гүйцэтгэл 80 хувьтай, өөрөөр хэлбэл дутуу баригдсан, ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөөгүй байхад өмчлөх эрхийг бүртгэсэн гэх үндэслэлээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна. Ийм нөхцөлд өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэх шалтгаанаар тухайн хөрөнгийг шууд татвар ногдох бүрэн хэмжээний үл хөдлөх хөрөнгө гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд татвар төлөгчийн эрх, ашигт сөргөөр нөлөөлж байна. Иймд зөвлөлийн дээрх дүгнэлт нь хууль зүйн болон бодит нөхцөл байдлын аль алинд нийцээгүй гэж үзэж байна.

Үүнээс гадна практикт барилгын дутуу гүйцэтгэлтэй буюу 20,30%-ийн л гүйцэтгэлтэй объектыг барьцаалан банк, санхүүгийн байгууллагаас зээл авч, санхүүжилт босгон барилгын ажлыг үргэлжлүүлэх тохиолдол элбэг байдаг ба манай байгууллагаас ч ийм Компаниуд зээл авдаг тул үүнийг бид сайн мэдэж байгаа юм. Дутуу гүйцэтгэлтэй гэрчилгээ аваад олон жил болдог барилгууд ч бий, тэд бүгд татвар төлдөггүй шүү дээ. Учир нь хуулиараа зөвхөн ашиглагдах боломжтой тохиолдолд үл хөдлөх хөрөнгө гэж үзэж татвар ногдуулдаг болно.

8. Мөн дээрх зөвлөлөөс ... гэрээний үүргийн гүйцэтгэл хангаж зээлийн төлбөрт тооцон өмчлөх эрх шилжсэн байгаагаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн шинж чанараараа эдийн засгийн эргэлтэнд орж байгааг илтгэж байна. хэмээн дүгнэсэн нь мөн хуулийн ямар ч үндэслэлгүй байна. Учир нь эдийн засгийн эргэлтэд орсон эсэхийг зөвхөн өмчлөх эрх тус ББСБ-д шилжсэн байдлаар бус, тухайн хөрөнгийн ашиглалт, орлого бий болгож байгаа эсэх, бодит үйл ажиллагаанд оролцож байгаа байдал зэрэг олон хүчин зүйлсээр цогцоор нь үнэлэх шаардлагатай. Барилга байгууламж нь бүрэн гүйцэд баригдаж, ашиглалтад орж, зах зээл дээр бодит хэрэглээ, ашиглалт бий болсон тохиолдолд л эдийн засгийн эргэлтэд орсон гэж үзэх нь зүйтэй. Харин дутуу гүйцэтгэлтэй, ашиглалтанд ороогүй, орлого үүсгэх боломжгүй байдалтай байгаа хөрөнгийг зөвхөн өмчлөх эрх шилжсэн гэх шалтгаанаар эдийн засгийн эргэлтэд орсон гэж дүгнэх нь учир дутагдалтай, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Иймд уг үндэслэлээр татвар ногдуулах нь хууль зүйн хувьд хангалттай нотолгоонд тулгуурлаагүй бөгөөд татварын маргааныг шийдвэрлэхдээ бодит байдал, эдийн засгийн агуулгыг илүү нарийвчлан харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Барьцаанд тавигдснаар эдийн засгийн эргэлтэнд орж байгаа гэж үзэх нь учир дутагдалтай дүгнэлт байна. Эцэст нь тус ББСБ-ын нэхэмжлэл гаргаж буй уг маргаантай ижил төстэй байдал бүхий дуусаагүй үл хөдлөх хөрөнгөнд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан актыг хүчингүй болгуулахаар нэг хуулийн этгээд Танай шүүхэд хандаж байсан ба Шүүхээс Иргэний хуулийн 84.3 дах заалтыг үндэслэн татварын актыг хүчингүй болгон шийдвэрлэж 2024 оны 10-р сарын 10-ны өдөр 128/ШШ2024/0801 дугаартай Шүүхийн шийдвэр гарсан нь Шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй байршиж байна. Уг Шийдвэрт хариуцагч буюу СБД-ийн Татварын хэлтэс гомдол гаргасан ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн үндэслэл бүхий байна гэж үзэж хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь мөн Шүүхийн шийдвэрийн цахим санд 221/МА2025/0078 дугаартайгаар байршиж байна.

Монгол Улсад хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс шүүхийн тогтсон практикийг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд дээрх шийдвэрүүд нь ижил төрлийн маргаанд баримтлах эрх зүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Иймд энэхүү маргааныг шийдвэрлэхдээ дээрх шүүхийн практикийг харгалзан үзэхийг Шүүхээс хүсэж байна.

Дээрх үндэслэлүүдээр тус ББСБ нь 2025 оны 10-р сарын 31-ний өдрийн НА тоот ... хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөн ногдуулалтын актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тус үл хөдлөх хөрөнгө нь ямар ч ашиглах боломжгүй, тог, цахилгаан татагдаагүй, цэвэр бохир усны системд холбогдоогүй, дотор тасагт болон дулаалах ажил нь бүрэн дуусаагүй барилга байгаа.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-д заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөд тодорхойлогдсон хөрөнгөд албан татвар ноогдуулна гэж заасан байдаг, Иргэний хуулийн 84.3-д нь газар, түүнээс салгамагц ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх хөрөнгөд хамруулна гэж заасан байгаа. Тэгэхээр тус банк бус санхүүгийн байгууллага нь уг үл хөдлөх хөрөнгийг ашиглах боломжгүй учраас акт тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Дараагийн үндэслэл нь Барилгын тухай хуулийн 37.6-д дуусаагүй, дууссан боловч ашиглалтад ороогүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн заалт байдаг. Мөн хуулийн 48.3-д дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан байгаа. Тэгэхээр уг үл хөдлөх хөрөнгө нь ашиглах боломжгүй эд хөрөнгө учраас акт тавьсан нь хуулийн нь үндэслэлгүй юм гэдэг үндэслэлээр эс зөвшөөрч байгаа гэв.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллага нь зээл болон валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй санхүү, аж ахуй үйлчилгээгээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгаа. Тухайн этгээд нь барьцаа хөрөнгөө барьж дуусгана гэж зээл аваад барьж дуусгаагүй. Энэ барилга нь аялал жуулчлалын зориулалттай 12 ширхэг таун хаус байгаа. Энэ барилга нь дан ганцаар цахилгааны асуудал, бохирын асуудал, цэврийн асуудлаа шийдэх боломжгүй өөр хүмүүсийн өмчлөл. Банк бус санхүүгийн байгууллагын эрх зүйн байдлын тухай хуульд заасан 7 төрлийн үйл ажиллагааг явуулахыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Энэ 7 төрлийн 2-ыг нь авдаг. Тэгэхээр тус банк бус санхүүгийн байгууллага нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдож байгаа. 2 дугаарт биеэ даасан объект биш зөвхөн таун хаусын нэг хэсэг. Тухайн хөрөнгө нь ашиглах боломжгүй гэдгийг фото зургаар баталгаажуулаад өгсөн байгаа. Мөн дээвэр дээр мод ургачихсан.

Манай зүгээс зээл төлөхөөс бусад үл хөдлөх хөрөнгийг зарах хориотой учраас худалдан борлуулах, хөрөнгө оруулалт хийгээд засах гэхээр бусад барилгатай нь нийлүүлэн цогцоор нь шийдэж байж шийдэгдэхээр байгаа. Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь тухайн хөрөнгөд үйл ажиллагаа явуулаад 100% гэрчилгээ гарчихсан байсан бол маргах зүйл байхгүй. Гэтэл дутуу баригдсан хэр нь 100% гэсэн гэрчилгээтэй байгаа. Тэгэхээр тухайн этгээд нь хөрөнгийг дуусгаж бариулахын тулд тухайн хөрөнгөө эргэлтэд оруулаад дуусаагүй байхад нь гэрчилгээ гаргаад барьцаанд тавиад зээл авсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжаад манай банк бусад ирсэн асуудал байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэв.

4. Хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй Дүүргийн Татварын Хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нар тоот регистрийн дугаартай О******* ББСБ-ийн 2021-2023 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн дагуу 3525802199 тоот томилолтоор Эрсдэлд суурилсан-бүрэн хяналтыг шалгалтыг хийж, нийт 1,356,000,000.00 төгрөгийн зөрчилд 10,848,000 төгрөгийн нөхөн татвар, 4,339,200 төгрөгийн торгууль, 4,572,612.8 төгрөгийн алданги, нийт 19,759,812.8 төгрөгийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч, НТГ-ын дэргэдэх МТЗ-д зөвлөлд гомдол гаргасны дагуу НТГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026.03.25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тус нөхөн ногдуулалтын актыг хууль тогтоомжид нийцэж байна гэж үзэн хэвээр баталсан байна. Тус компанийн гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Татварын удирдлагын нэгдсэн системийн хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн санд тус ББСБ-тай холбоотой хуулийн этгээдийн лавлагааны мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар 196 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбар бүхий барьцааны гэрээний мэдээлэл, 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл бүртгэлтэй. О ХХК нь хяналт шалгалтад хамрагдах хугацаанд иргэн болон аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн барьцаат зээл олгосон.

Үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар 2019.03.19-ны өдөр Аялал жуулчлалын зориулалт бүхий, Улаанбаатар Х******* дүүрэг ******* хороо Н // Н, тоот, 437.2 м.кв үл хөдлөх хөрөнгийг Албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөгдөх үйлчилгээний төрлөөр бүртгэсэн мэдээлэлтэй.

2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд ХУД-ийн 15-р хороо 60 байр 25 тоот орон сууцыг 224,048,700.00 төгрөгийн, ХУД-ийн 0******* хороо, Нанд байрлах үл хөдлөх хөрөнгийг 452,000,000.00 төгрөгийн, СХД-ийн 21-р хороо Их булагт байрлах газрыг 401,200,000.00 төгрөгийн, нийт 1,077,248,700.00 төгрөгийн хөрөнгийн үнийн дүн бүхий хөрөнгүүдэд 100%-иар зээлийн эрсдэл тооцож, Чанаргүй өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө дансанд бүртгэсэн.

Үүнээс Х******* дүүрэг, ******* хороо, Н, Н тоот хаягт байрлах, 437.2 м.кв аялал жуулчлалын зориулалт бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй, 2019.03.19-ны Өдрийн Ү-******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд ХШ-ын томилолтын хугацаанд (2021-2023 онд) албан татвар ногдуулан, төлж тайлагнаагүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно, 6 дугаар зүйлийн 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна, Иргэний хуулийн 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хооронд зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ, гэж заасан заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж ННА-аар төлбөр ногдуулсан.

Тус хөрөнгө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдох, ашигласан эсэхээс үл хамаарч, Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т зааснаар газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий 2019.03.19-ны өдрийн Албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөгдсөн лавлагаа бүхий, ҮХХАТ-аас татвараас чөлөөлөх, хөнгөлөх заалтад хамрагдахааргүй, Ү-******* дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө гэж үзэж байна.

1. Тус хөрөнгө нь 2019 онд баригдсан 12 ширхэг таун хаус бөгөөд бүгд дуусаагүй барилга гэж тайлбартаа бичжээ. Тус хөрөнгийг өнөөдрийг хүртэл дуусаагүй барилгын гэрчилгээтэй байлгаж, Зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үзсэн нь санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийж байна гэж үзэж байна.

2. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 80%-ийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн улсын бүртгэлд Ү-******* дугаарт бүртгэгдсэн, гэрээний үүргийн гүйцэтгэл хангаж зээлийн төлбөрт тооцож өмчлөх эрх шилжсэн нь үл хөдлөх хөрөнгийн шинж чанараараа эдийн засгийн эргэлтэнд орж байгааг илтгэж байна.

3. ТЕХ-ийн 5.1.2-д тодорхой байх, 5.1.3-д шударга байх гэсэн зарчмын дагуу ҮХХАТ-аас татвараас чөлөөлөх, хөнгөлөх заалтад хамрагдахааргүй, Ү-******* дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө гэж үзэж байна.

4. Шүүхийн шийдвэрийн цахим санд 221/МА2025/0078 дугаар бүхий уг маргаантай ижил төстэй нэхэмжлэлийг дурьджээ. Тус өр барагдуулах нэхэмжлэл нь 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулж, татварыг төлүүлэхээр нэхэмжлэх хүргүүлсэн, татварын улсын байцаагчийн акт биш, зориулалтын дагуу өмчилж ашиглах боломжгүй /тухайн барилга нь карказ байсан гэх/ үл хөдлөх хөрөнгөнд албан татвар ногдуулж нэхэмжлэх хүргүүлсэн нь хууль бус гэж үзсэн байгаа нэхэмжлэгчийн гомдолтой адилтгах шинжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

1. Нэхэмжлэгч О ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарт холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

2. Хэрэгт авагдсан баримтуудаар

2.1. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 000 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр О ХХК /Регистр №/ нь Нийслэлийн Х******* дүүргийн ******* хороо, Н // Н, тоот хаягт байршилтай 437.2 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон,

2.2. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдааны гэрээгээр О ХХК болон Ганрикайнднесс девелопмент ХХК нарын хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгийн үнээр эсхүл тухайн үед тохиролцосн үнээр худалдан авагч олоход хамтран ажиллах үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болохоор байгуулсан,

2.3. 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн ГД/24-2903 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээ-гээр О ХХК болон С******* ХХК нарын хооронд мөн дээрх үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр зуучлуулан худалдан борлуулахаар тохиролцон 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдөр дуусгавар болохоор байгуулсан нь тус тус тогтоогдов,

2.4. Чингэлтэй Дүүргийн Татварын Хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №НА- дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актаар ...2021 онд 452,000,000.00 төгрөгийн, 2022 онд 452,000,000.00 төгрөгийн, 2023 онд 452,000,000.00 төгрөгийн, нийт 1,356,000,000.00 төгрөгийн Х******* дүүрэг, ******* хороо, Н, Н тоот хаягт байрлах, 437.2 м.кв аялал жуулчлалын зориулалт бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй, Ү-******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулан, төлж тайлагнаагүй зөрчилд Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2., 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн 10,848,000 төгрөгийн нөхөн татвар, 4,339,200 төгрөгийн торгууль, 4,572,612.8 төгрөгийн алданги, нийт 19,758,812.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар О ХХК-ийн гомдлын тухай тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдов.

3.1. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй, 4.1.1-д хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн тогтворжуулах татварын орчныг Хөрөнгө оруулалтын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу тогтоох, 4.1.2-т чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг татварын холбогдох хуулиар зохицуулах, 5 дугаар зүйлийн 5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 5.1.2-т тодорхой байх, 9 дүгээр зүйлийн 9.2-т Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно гэж,

3.2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна, 4.1.1-д өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар гэж,

3.3. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. гэж,

3.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заажээ.

4. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 001/ХТ2026/0040 дугаар тогтоолоор ...14...хуулийн төслийг боловсруулсан үзэл баримтлал, УИХ-ын холбогдох байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хууль тогтоогчоос 2000 онд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг батлах хэлэлцүүлгийн явцад баригдаж дуусаагүй барилга (ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй)-д татвар ногдуулах асуудлыг тусгайлан зохицуулах талаар хэлэлцэж батлаагүй буюу дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах хууль тогтоогчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна. 15. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд баригдаж дуусаагүй буюу барих явц дундаа буй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах талаар тодорхой үзэл баримтлалыг тусгаагүй байна гэж дүгнэжээ.

5. Дээрхи хуулийн зохицуулалтууд, Улсын дээд шүүхийн тогтоолоор татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй бөгөөд Улсын Их хурлаас ийнхүү баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд хэргийн оролцогчдын маргааны зүйл болж буй бүрэн баригдаж дуусаагүй барилгад татвар ногдуулах асуудал тусгагдаагүй буюу хуульд энэ талын ойлголт зохицуулалт байхгүй гэж үзэхээр байна.

6. Энэ тохиолдолд татварын улсын байцаагч нараас гаргасан ...80%-ийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн улсын бүртгэлд Ү-******* дугаарт бүртгэгдсэн, гэрээний үүргийн гүйцэтгэл хангаж зээлийн төлбөрт тооцож өмчлөх эрх шилжсэн нь үл хөдлөх хөрөнгийн шинж чанараараа эдийн засгийн эргэлтэнд орж байна гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

7. Учир нь, хариуцагчийн татвар ногдуулах үндэслэл болгож буй Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1-д заасан Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь заалт нь иргэний эрх зүйн харилцаан дахь үл хөдлөх эд хөрөнгөд хамруулах суурь ойлголтыг тогтоосон, харин татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн ойлголтын хүрээг тогтоогоогүй байна.

8. Түүнчлэн хэргийн материалд авагдсан Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тус барилга нь 80 хувийн гүйцэтгэлтэй байхад гэрчилгээ гаргаж улсын бүртгэлд бүртгэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д зааснаар баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх журмын дагуу олгогдсон, нөгөө талаар уг үл хөдлөх эд хөрөнгөд гэрчилгээ олгогдсон нь тухайн төрлийн татварыг шууд тогтоох болон эдийн засгийн эргэлтэнд орж байгааг илтгэхгүй.

9. Иймд баригдаж дуусаагүй барилгыг дууссан барилгатай адилтган үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй атал хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн 80 хувийн гүйцэтгэлтэй баригдаж буй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан нөхөн ногдуулалтын акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасанд хамаарч байна.

10. Нэгэнт маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 8-д ...Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн-д хамаарахгүй гэж заасан тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарын гаргасан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

11. Шүүх хуралдааны ирцийн тухайд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн туслахын утсаар холбогдсон тухай тэмдэглэлд дурдсанаар хариуцагч Ц.Ц нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт өгөх тухай дурдсан байх боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******ын утас холбогдох боломжгүй байсан, мөн тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарын, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН