Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 154/шш2025/00186

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 154/ШШ2025/00186

Ховд аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хүсэл гаргагчийн биеийн байцаалт: ******* харъяат, *******-нд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,******* мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган сумын Байтаг багт оршин суух, РД:*******111878, Баакаа овогт Тариваадайн Баатаржав.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг Булган сумын Байтаг багийн иргэн ******* миний бие 19******* онд төрөөд 8 нас хүртлээ эцэг эхийнхээ гарт хүмүүжиж 1972 онд тус сумын 10-н жилийн сургууль төгсөөд улмаар Улаанбатар хотод Хууль цаазын дунд сургууль төгсөж 1984 оны 12 дугаар сараас Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, Мөст сум дахь 3 дугаар шүүхэд шүүгчээр 1995 он хүртэл ажилласан билээ. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдэж алга болсон тул шүүхийн байгууллагад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү

...Би 1984 онд хууль цаазын дунд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаар анх ажилд орсон. 1986-1989 он хүртэл ******* 1 дүгээр шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгчээр хавсран ажиллаж байсан. 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн шүүхэд шүүгчээр томилогдон Ховд аймгийн Мөст сум дахь 3 дугаар шүүхэд шүүгчээр 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнээс хойш Булган суманд шилжиж ирээд байгаль хамгаалагч, хурлын нарийн бичгийн дарга зэрэг ажил хийж байсан.

Иймд миний шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн 1984-1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шүүхийн байгууллагад нарийн бичгийн дарга, шүүгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж хуульчилсан бөгөөд хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь дээрх үндэслэлээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхэд шүүгчээр ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1208 дугаартай лавлагаа,

- Ховд аймгийн шүүхийн даргын 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай тушаалын хуулбарт ...Аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар Булган сумын харъяат 1984 онд хууль цаазны дунд сургууль төгсгөж ирсэн Тариваадай овогтой Баатаржавыг 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түр ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн шүүхийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаартай тушаалын хуулбарт ...хууль цаазны дунд сургууль төгсгөж хувиарлагдан ирсэн Тариваадай овогтой Баатаржавыг 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон нэгдүгээр хэсгийн ардын шүүхийн тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар түр ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн шүүхийн даргын 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт ...нарийн бичгийн дарга *******... гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн шүүхийн даргын 1987 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай Зарим ажилтнуудад амралт олгох тухай тушаалын хуулбарт ...нарийн бичгийн дарга *******т 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын 26 хоног ... тус тус амралт олгосугай гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн шүүхийн даргын 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбарын хавсралт хэсгийн 13 дугаарт *******, нарийн бичгийн дарга гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн шүүхийн даргын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбарын хавсралт хэсэгт *******, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга гэж тэмдэглэгдсэн,

 

 

-- Ховд аймгийн шүүхийн даргын 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай Зарим түр ажилтанг ажлаас чөлөөлөх ба зарим хүнд арга хэмжээ авах тухай тушаалын хуулбарын тогтоох хэсэгт ...Нэгдүгээр шүүхийн ардын хэсгийн шүүхийн тогтоол гүйцэтгэгч-нарийн бичгийн дарга *******ын үндсэн цалинг 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5 хувиар хасаж цалинжуулсугай гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 659 дугаартай лавлагаа,

- Ховд аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарт ...нарийн бичгийн дарга ******* гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Шүүгчийн тогтоолын хуулбарт ...шүүхийн шүүгч ******* гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай Шүүгчийн тогтоолын хуулбарт ...шүүхийн шүүгч ******* гэж тэмдэглэгдсэн,

- БНМАУ-ын Шүүгчийн тангараг гэх хуулбар баримтад ...Тангараг өргөсөн Ховд аймгийн шүүхийн шүүгч Тарваадай овогтой Баатаржав 1991 оны 05 дугаар сарын 01-ны өдөр гэж тэмдэглэгдсэн,

- Хүсэлт гаргагч *******т Ховд аймгийн Шүүхээс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Баярын бичиг,

- Хүсэлт гаргагч *******т Ховд аймгийн Шүүхээс 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Гэрчилгээ-ны хуулбар,

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс *******д 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдөр олгосон Баярын бичиг,

- Гэрч *******гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1954 онд ******* 8-н жилийн сургуулийн 4 дүгээр анги төгсөж мал дээр гарсан. 1964 онд цэргийн албанд татагдаж яваад 1967 онд халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Булган суманд шууданд хэвлэлийн төлөөлөгчийн ажил хийж эхэлсэн. ******* Байтаг багт 1970-1976 оны хооронд няраваар ажиллаж байсан. 1976 оноос эхлэн Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар 2000 он хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. ******* нь сургуулиа төгсөж ирээд 1984 оноос эхлэн Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Би тухайн үед шүүхэд ардын төлөөлөгч 33 жил хийсэн. ******* нь 1990 оны 7 дугаар сараас эхлэн Мөст сумын 3 дугаар шүүхэд шүүгчээр ажиллаж эхэлсэн. Ажлаа сайн хийдэг, хариуцлагатай байсан. Хууль цаазын дунд сургуулийг төгссөн. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хоорондоо уялдаа холбоотой ажилдаг байсан тул би *******ыг нарийн бичгийн дарга, шүүгч хийж байсныг нь сайн мэдэж байна. Шагнал урамшуулал авч байсан. Хэдэн төгрөгний цалин авч байсныг сайн мэдэхгүй байна. Шүүх хуралдаанд оролцож тэмдэглэл хөтлөж, тогтоол гүйцэтгэгчийн ажлыг давхар хийж гүйцэтгэж байгаад Мөст сум руу шүүгчээр томилогдон ажилласан... гэх мэдүүлэг,

*******шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: ...Би 1982 онд цэргийн албанд татагдаж яваад 1985 онд халагдаж ирсэн. 1985 оноос 40 дүгээр баазад тээврийн жолоочоор ажиллаж эхэлсэн. 1995 онд Ховд аймгийн сум дундын шүүх байгуулагдаж жолоочоор 2006 он хүртэл ажилласан. ******* нь Мөст сумын 3 дугаар шүүхэд шүүгчээр ажиллаж эхэлсэн. Би тухайн үед шүүхийн жолоочоор шүүгч болон шийдвэр гүйцэтгэгч нартай байнга хамт ажлаар явдаг байсан тул сайн мэдэж байна. Намайг жолооч хийж байхад шүүгчээр гэр бүлээрээ ажиллаж амьдарч байсан. Алдаа зөрчил гаргадаггүй сайн шүүгч байсан. Шагнал урамшуулал авч байсан эсэх хэдэн төгрөгний цалин авч байсныг би сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч *******ын хүсэлтээр *******, Ц.Чулуунбат нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч *******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баакаа овогт Тариваадайн Баатаржавын 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхэд шүүгчээр ажиллаж байсан

байдлыг  тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ТҮВШИНЖАРГАЛ