| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0584/Э |
| Дугаар | 595 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 595
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч О.У, шүүгдэгч (хохирогч) М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас А овогт О.У, Х овогт М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808 02666 0796 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалm:
1. А овогт О.У, Монгол Улсын иргэн, ......................................регистрийн дугаартай.
2. Х овогт М.О, Монгол Улсын иргэн, ..................................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар
Шүүгдэгч О.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын эцэст байрлах “Хас өрнөх” нэртэй караокены гадна М.О нөхөртэйгөө хардаж нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж, М.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх,
Шүүгдэгч М.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын эцэст байрлах “Хас өрнөх” нэртэй караоке дотор Д.Н үсдэн зодож, Д.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
- О.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын эцэст байрлах “Хас өрнөх” нэртэй караокены гадна нөхөртэйгөө хардсаны улмаас М.О нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, түүний бие махбодод “баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,
- М.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын эцэст байрлах “Хас өрнөх” нэртэй караоке дотор Д.Н-г үсдэж маажсаны улмаас түүний бие махбодод “зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун, зүүн хуруунд зулгаралт, хүзүү, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч О.У шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
2. Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
3. Хохирогч М.О мөрдөн байцаалтад өгсөн ”...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Толгойтын урд талд караокед найз Д болон түүний танил 3 залуутай хамт байсан. Бид тэнд шар айраг ууж дуулсан. Би тухайн үед хоёр шар айраг уусан. Тэгээд үүдэнд нь тамхи татаад зогсож байтал нэг хүн араас “хөөе“ гэж дуудахаар нь би эргээд харсан чинь зүс таних Уранчимэг гэдэг эмэгтэй миний нүүр лүү цохисон. Энэ асуудал Уранчимэг намайг нөхөртэйгөө хардсанаас болсон...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 09-10 дугаар хуудас),
4. Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн ”...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Толгойтын эцэст байрлах “Хас өрнөх” нэртэй караокед У намайг дуудахаар нь очтол У, О бас танихгүй хэдэн хүмүүс байсан. Тэгсэн У-гийн нөхөр гаднаас орж иртэл О над руу шууд дайраад үсдээд авсан. О намайг үсдэж майжсанаасс миний биед гэмтэл учирсан. Би “О.У-ийн нөхөртэй сүүлэрч байгаад баригдсан” гэж сонссон. Тэрнээс болж маргаан эхэлсэн юм шиг байна лээ. Надад гомдол санал байхгүй...” мэдүүлэг (хх-ийн 5-6 дугаар хуудас),
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6661 дугаартай “...М.О биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Эдгээр гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн дүгнэлт (хх-ийн 19 дүгээр хуудас),
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6657 дугаартай “...Д.Н-гийн биед зулайн хуйханд зөөлөн эдийн нямцрал, хүзүү, баруун, зүүн хуруунд зулгаралт, хүзүү, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас),
7. Шүүгдэгч О.У, шүүгдэгч (хохирогч) М.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас),
8. Шүүгдэгч О.У, М.О нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаснууд (хх-ийн 59 дүгээр хуудас),
9. Шүүгдэгч О.У-ийн яллагдагчаар өгсөн: ”...2018 оны 5 дугаар сарын 23-ны оройн 17 цагийн үед ажлаа тараад автобусны буудал дээр байж байтал манай нөхрийн машин Толгойтын зүг өгсөж байхаар нь араас нь такси бариад очтол “Хас өрнөх” гэдэг караокед орсон. Араас нь ортол манай нөхөр, О, өөр танихгүй 3 залуу байсан. Нөхрөө хэд хэд цохиод, О толгой руу 2-3 удаа цохьсон. Тэгсэн тэр гурван залуу намайг салгахаар нь би Нарантуяаг дуудсан. Н ирэхэд Отгон, Н зодсон. О нь манай гэр бүлийг үймүүлсэн, манай нөхөртэй уулздаг байсан юм билээ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас),
10. Шүүгдэгч М.О яллагдагчаар өсгөн: ”...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас өрнөх караокед Д болон танихгүй гурван залуутай хамт архи уугаад дуулаад сууж байтал гэнэт Уранчимэг гарч ирсэн … Би Н-г үсдсэн, өөрөө гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.У, М.О нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Д.Н, М.О нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн хүрээтэй ойлголт тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсоныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Д.Н, М.О нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.У, М.Отгон нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч О.У, М.О нарын үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд хүний эрүүл мэндэд хохирол учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.У, М.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн харицулага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч О.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлснийг, шүүгдэгч М.Отгон нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн буюу бусдад төлөх төлбөргүйг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, М.О нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч О.У, М.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, М.О нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгч нарын хувийн байдал, тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хор уршигт тохирсон бөгөөд нийгэмшүүлэх болон цээрлүүлэх үр нөтөөэй гэж дүгнэв.
Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, тэтгэвэр, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг хүлээн авах боломжтой байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.У, М.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.А овогт О.У, Х овогт М.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, М.О тус бүрт нь таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, М.О нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч О.У, М.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.У, М.О нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.У, М.О нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА