Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1307

 

 

 

 

 

 

    2024          12             05                                       2024/ДШМ/1307

 

М.М, С.Днарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч С.М,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.М, түүний өмгөөлөгч Б.Н,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Ц,

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч А.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/846 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.М, С.Днарт холбогдох эрүүгийн 201625021996 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. З овгийн М.М, 1980 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, “Мөнх тамир анд соёл трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, / РД: ............/;

2. Х овгийн С С.Д, 1979 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /РД: ................../;

Шүүгдэгч М.М С.Днар бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр С.Дгээс “манай компани нь гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн, гааль дээр бараа гацчихаад байна, мөнгө хэрэгтэй байна, чи байрныхаа ордерыг түр хэрэглүүлээч түр хугацаагаар барьцаанд тавиад буцаагаад өгнө” гэж М.М нь С.Дгээр дамжуулж санаа зорилгоо илэрхийлж худал хэлж, итгэл үнэмшил төрүүлэн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт Д.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 174 тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрыг барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэлийг М.Мд хийлгэн авч улмаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш.Мэд барьцаалан байрыг чөлөөлөлгүй Д.Гийн 118.370.000 төгрөгийн буюу их хэмжээний эд хөрөнгийн эрхэд хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.М, С.Днарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.М, С.Днарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мын урьд цагдан хоригдсон 143 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.145.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож, эдлэх ялаас хасаж М.Мын нийт эдлэх ялыг 32.855 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 32.855.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 32.855.000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Д.Гийн гаргасан “өмгөөллийн зардал 8,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг тогтоогдсон хэмжээнд нь шүүгдэгч нараас гаргуулах" тухай, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.Мийн гаргасан “өмгөөллийн зардал 7,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 232 дугаар зүйлийн 232.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М, С.Днараас тус бүр 11.500.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ш.М /ХП71092911/-д олгож, хохирогч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас гарсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо (шинэчилсэн бүртгэлээр 36-р хороо), “Баянмонгол” хороолол, Их Монгол Улсын гудамж, 414 дүгээр байрны 174 тоотод байрлах 58.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Днь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030102 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо (шинэчилсэн бүртгэлээр 36-р хороо), “Баянмонгол” хороолол, Их Монгол Улсын гудамж, 414 дүгээр байрны 174 тоотод байрлах 58.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалбарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...М нь С.Дтэй урьдаас санаа зорилго, цаашид үйлдлээрээ нэгдэн /чухамхүү Д.Гийн эд хөрөнгийн эрхийг олж авах/, С.Дгийн Д.Гт гаалиар бараа орж ирэх гэж байгаа талаар хэлснийг мэдэж байсан бөгөөд хэлэлцэн тохирсноор 14 хоногийн хугацаанд /итгэмжлэл 2 сарын хугацаатай боловч хэрэгжүүлснээс хойш 14 хоног/ барьцааг чөлөөлөх бодит нөхцөл боломж байхгүй байхад итгэмжлэлийг ашиглан С.Дтэй хамтарч Ш.Мээс их хэмжээний мөнгө зээлж, орон сууцыг барьцаалсан, улмаар зээлсэн мөнгийг С.Дгээр дамжуулан цааш Б.Батбаатарт зээлүүлж /бодит байдалд худалдан авах хэлцлийн урьдчилгаа болгосон гэх/, Д.Г /шууд бус замаар/ болон Ш.М нарт тайлбарлаж байснаас өөр зорилгод буюу үр шим гарах эсэх, эсхүл хэзээ гарах нь тодорхойгүй хэлцэлд зарцуулж, улмаар тодорхой хугацаанд зээлийг буцаан төлөх идэвхтэй үйлдэл хийгээгүй, Б.Батбаатараас шалтгаалж хугацаа алдсан, төлж чадаагүй гэх боловч Б.Батбаатараас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр М.Мд 75,000,000 төгрөгийг буцаан төлсөн байхад үүнийг Ш.Мэд төллөлгүй өөр бусад өр, зээл, цалин хөлсөнд зарцуулсан, үүний улмаас Д.Гийн өмчлөх эрх ноцтой зөрчигдсөн нь хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ... гэж шүүх үзэв.” гэж буруутгасан. Гэтэл бодит байдал дээр М.М нь С.Дгийн Д.Гт гаалиар бараа орж ирэх гэж байгаа талаар хэлснийг мэдэж байсан бөгөөд хэлэлцэн тохирсноор 14 хоногийн хугацаанд гэж мөн хохирогчийн байрыг түр хугацаагаар зээлийн барьцаанд тавиад буцаагаад өгнө гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдыг санаатайгаар, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь залилан авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн шиг урьдаас төлөвлөсөн асуудал байгаагүй ба Д.Гийн байрыг барьцаанд тавьж мөнгө авах гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй, энэ талаар С.Дл манай дүүгийн байр байгаа үүнийг барьцаанаас чөлөөлөөд барьцаанд тавьж болно гэж хэлсэн, харин 14 хоног гэх хоног хугацаа болон бусад хэлсэн зүйлийг нь мэдээгүй, Д.Гтэй уулзаагүй харилцан ярилцаагүй байсан, өөрөөр хэлбэл анхнаасаа хэн нэгнийг залилах хэн нэгнээс мөнгө болон хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг авах гэсэн санаа зорилго байгаагүй ба тэрээр тэр тухайн үед компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөх улмаар санхүүгийнхээ асуудлыг бататгах үүднээс л Төмөрсүхээс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээл авсан. Тэгтэл тухайн үед түүний төлөвлөсөн бизнесийн ажилд эрсдэл үүсэж зээлээ гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлж чадахгүй нөхцөл байдал бий болж зээлийн гэрээгээ сунгах асуудал яригдсан ч зээлдэгч Төмөрсүх нь нэг л сараар сунгана цаашаа сунгахгүй гэснээс үүдээд тэдний хооронд үл ойлголцол болоод Төмөрсүх нь иргэний шүүхэд хандсан асуудал болсон. Гэвч М.М нь Төмөрсүхтэй байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу гэрээгээр тохирсон хүүг гэрээний хугацаанд хүүгээ төлж байсан байдаг. Үүнийг зээлдэгч Ш.М нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан хэргийг хэлэлцэх хуралдаанд гаргасан тайлбартаа М.М, С.Днар нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 9 cap, 10 сарын зээлийн хүү төлсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан ба 11 сард төлөх хүүгээ төлснөөс хойш үндсэн зээлийн хүү төлөлт хийгдээгүй гэсэн нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлд байдаг. 4 дүгээр хавтаст хэргийн 83-87 талд авагдсан баримтаар 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг гэж эхлээд нийт 14 удаагийн гүйлгээгээр нийт 23,600,000 төгрөгийг Ш.Мэд анх гэрээ байгуулж хүүг төлж байсан хийгээд Ш.М нь иргэний шүүхэд хандаж шүүгчийн захирамж гаргуулж шийдвэр гүйцэтгэлд өгч ажиллагаа хийлгэн гүйцэтгэх ажиллагаа явуулсан цаг хугацаанд дээрх мөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд Ш.Мэд гэсэн утгатай хийсэн нь Хаан банкны дансны хуулга болон бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдоно. Эндээс үзэхэд С.М нь үнэхээр бусдыг залилан мэхлэх хохироох гэсэн санаа зорилго байхгүй байсан гэдэг нь харагдана. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг гэж Улсын Дээд Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №661 дугаартай тогтоолд заажээ. Мөн гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй хэмээн Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаартай тогтоолд тус тус заасан байна. Тэгтэл М.Мын хувьд Ганчимэг болон Төмөрсүх нарыг хохироох гэсэн санаа зорилго байгаагүй бөгөөд тэрээр Төмөрсүхтэй байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу зээлээ төлж Ганчимэгийн байрыг чөлөөлүүлэх гэсэн хүсэл зорилго байсан ба өөрийн болгох гэсэн улмаар буцааж өгөхгүй байх гэсэн санаа зорилго байгаагүй байхад шүүх түүнийг урьдаас С.Дтэй тохирч залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэхээр байгаа юм.

Шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт: "... Иргэний нэхэмжлэгч Ш.Мээс шүүгдэгч нараас үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, анз буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл буюу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хийт 1335 хоногийн алданги буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн хийт 75,000,000 төгрөг, үүнээс шүүгдэгч М.Мын буцаан төлсөн 52,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 23,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хүрээнд нэхэмжилсэн. Иргэний хуульд зааснаар үүрэг бүхий этгээд нь бодит хохирол болон олох ёстой байсан орлого, гэрээнд зааснаар төлөх ёстой мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирол, хор уршиг гэх ойлголтод хамаарахгүй бөгөөд шүүх иргэний нэхэмжлэгчийн тухайд гагцхүү гэрээний нөхцөл, түүнийг зөрчсөнөөс үүсэх үүргийн хэмжээг тогтоо, гэм буруутай этгээд нараас гаргуулах нь хуульд нийцнэ. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 23,000,000 төгрөгийг М.М, С.Днараас хувь тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 11,500,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ш.Мэд олгож шийдвэрлэлээ” гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус заасан байна. Дээрх хуулиас харахад Ш.М нь нь хохирогч биш, иргэний нэхэмжлэгч болохгүй байхад шүүх Ш.Мэд 50,000,000 төгрөгийн үндсэн зээл алдангийг гаргаж шийдвэрлэсэн нь тодорхой хууль зүйн үндэслэл заалгүй дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хангасан нь мөн л хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугар зүйлийн 232.1-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэх ба иргэний хуулийн зорилго нь бол эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулдаг. Шүүхийн алданги тооцож гаргасан нь иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь давхар нотлогдож байна. Хуульд хууль зөрчсөн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн байх ба Ш.М нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч байгаад М.М нь иргэний хариуцагчаар тогтоосон байсан бол шүүх тэрхүү нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх боломжтой ч харин алдангийг гарган шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж хууль зөрчсөн байна.

Энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлтэй оролцогч бид огт танилцаагүй байгаа ба өнөөдрийн өдрийг хүртэл буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэсэн үг юм. Яагаад үүнийг бичиж байгаа нь өмгөөлөгч надад болон М.М бидэнд шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан бөгөөд давж заалдах гомдол гаргах сүүлийн хугацаа буюу хуульд заасан 14 хоног нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусаж байгаа юм. Тэгтэл энэ өдрөөс өмнө өмгөөлөгч би болон миний үйлчлүүлэгч бид хуралдааны тэмдэглэлтэй танилцъя гэсэн боловч нарийн бичиг нь өвчтэй улмаар тэмдэглэлээ шүүгчид өгч танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулна гэсээр байгаад танилцуулаагүй бөгөөд энэ танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байхгүй байна гэж үзэж байгаа тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа болно. Эцэст нь М.Мыг холбогдуулаад байгаа асуудал нь эрүүгийн хэрэг мөн үү гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудаар эргэлзээтэй гэж үзэж байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзвэл түүнд оногдуулсан 35,000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ялын хэмжээг хуульд зааснаар багасгаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийг төлөх хугацааг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болох талаар хуульд заасан байх тул торгох ялыг төлөх хугацааг уртасган тогтоож өгнө үү. Иймд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар 2024/ШЦТ/846 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрч байна. Энэ хэрэг үүсээд 9 жил болж байхад шүүгдэгч нарын зүгээс маш их арга хэрэглэж, аргацааж, өмгөөлөгч нараараа дамжуулж шүүх хурлыг байнга хойшлуулж байсан. Тийм болохоор одоо цаг хугацаа нь болсон гэж бодож байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Гийн өмгөөлөгч С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Харин өмгөөлөгч Б.Ц гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний эрх зүйн харилцаа гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Залилж байгаа гол санаа нь аль хэдийнээ ирээд борлуулагдсан байсан барааны талаар Д.Гт ойлгуулахдаа гааль дээр бараа ирсэн байгаа гэж итгэл үнэмшил төрүүлж, 3 хоногийн дотор мөнгийг нь буцааж өгнө гэж авсан явдал юм. С.ДМ.Мын оронд Мөнхдаваа гэх нэртэй өөр хүн дагуулж ирээд Д.Гтэй уулзуулсан байсан. Тиймээс М.М, Д.Г хоёр бие биеэ таньдаггүй, огт уулзаж байгаагүй, анхан шатны шүүх хуралдаанд л анх харсан байдаг. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж, хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг 10 жил болох гэж байна. Энэ хугацаанд мөнгийг төлөхгүй гэсэн байдалтай дүр зураг харагддаг. Залилсан, хэргээс мултрах гэсэн санаа харагддаг тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.Мийн өмгөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй, бодитой, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, М.М нь Ш.Мтэй 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д.Гээс авсан итгэмжлэлийн дагуу зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөг авсан. Үүнээс хойш тасралтгүй эрүү, иргэн, захиргааны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явж, 10 жилийн хугацаанд маш олон шүүх хурлаар орсон. Энэ хэргийг үйлдсэн бодит байдал, шүүгдэгчийн гаргаж байгаа санаа зорилгод анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Өмгөөлөгч Б.Ц эрүүгийн хэрэг биш, иргэний эрх зүйн харилцаа гээд энэ хэргийг гэмт хэрэг биш гэж байна уу, эсхүл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна уу, түүний гомдол ойлгомжгүй байна. Өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Учир нь, анхнаасаа энэ хэрэгт бүх гэрчүүд мэдүүлдэг бөгөөд “Газар худалдаж авах гэж байгаа, мөнгө зээлээч” гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. “М гадаадаас оливын тос оруулж ирж худалддаг, гааль дээр мөнгөө төлж чадахгүй гацчихаад байгаа учир зардлыг нь өгнө” гэдэг тайлбарыг хүн болгон хэлдэг. Хэрэв газар худалдаж авч, хөрөнгөтэй болох гэж байгаа гэвэл нэг ч хүн мөнгө зээлэхгүй. Тийм учраас мөнгийг авсан зорилгоосоо огт өөр зорилгод ашигласан.  Алдангийг хууль зөрчсөн гээд зээлийн гэрээ, итгэмжлэлийг иргэд хооронд байгуулдаг, хууль зүйн баримт бичгүүд. Үүнийг эрүү, иргэн, захиргааны бүх шатны шүүх авч хэлэлцээд хууль зүйн дагуу үйл баримт байна гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэнгүүт уг гэрээ, итгэмжлэл хүчин төгөлдөр бус болох уу. Шударга өмчлөгч Ш.М 10 жилийн дараа 50.000.000 төгрөгөө аваад баярлалаа, баяртай гээд явахгүй. Энэ хүний эрх ашиг хохирч байна гэж үзэхгүй, ямар үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Түүнчлэн М.М гаалийн бүрдүүлэлт хийсэн баримт бичиг хэрэгт байдаггүй. Анхнаасаа гаалиас бараа авах гээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын яриад байгаа шиг 10 жилийн хугацаа өнгөрсөн тухайд, би огт гомдол гаргаж, мэдүүлээгүй. Өөрсдөө гомдол гаргаж, намайг шүүхэд өгч, иргэн, захиргааны бүх шатны шүүхүүдээр шийдвэрлүүлснээр олон жил болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш би шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож график байгуулан төлөхөө илэрхийлж байсан. Анхан шатны шүүх иргэний хэрэгт торгох ял оногдуулж, дээр нь хүү, алданги нэмж төлүүлэхээр тогтоосныг би гайхаж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Дтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ш.Мэд 50.000.000 төгрөгийг алдангийн хамт хувааж төлнө гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Хэрэв М.М авсан мөнгөө цаг тухайд нь хүмүүст нь буцааж өгсөн бол өдий хүртэл ийм олон шүүх хуралдаан болохгүй байсан байх гэж харамсаж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Дгийн өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Ш.Мэд 11.500.000 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл С.Дд залилж мэхлэх санаа зорилго огт байгаагүй, М.Мтой үгсэн тохиролцож Д.Гийн орон сууцыг барьцаанд тавьсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. С.Дгийн хувьд дүүдээ туслах, компанийнхаа хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор энэ хоёр хүнийг хооронд нь холбож өгсөн. Гагцхүү гэрээ байгуулах үед нотариат дээр батлан даагч байх шаардлагатай гэсэн тул гарын үсэг зурсан. Д.Гийн орон сууцыг барьцаанд тавьж Ш.Мээс авсан 50.000.000  төгрөгийг М.М авсан бөгөөд мөнгөө хугацаанд нь эргүүлж төлөөгүй. Гэрээ байгуулахдаа 1 сар дээр нэмэх нь 1 сар байсан. Хэрэв алданги тооцно гэвэл цаасаар хийсэн гэрээний дагуу 2 сарын хугацааны хүү төлөх байсан. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодит байдалд цугларсан нотлох баримтуудад үндэслэж, үнэн зөв дүгнэлт хийж, үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. М.М нь компанийн гүйцэтгэх захирлаар, С.Днь нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайн компани нь санхүүгийн хувьд ямар чадвар, чадамжтай байсан, хаанаас, ямар бараа бүтээгдэхүүн орж ирдэг болон орж ирсэн, одоо ямар нөхцөл байдалтай байгааг С.Дмэдэж байсан. Хохирогчтой ураг садангийн холбоо, хамаарлаа ашиглаж өмчлөх эрхийг барьцаанд тавьж, шилжүүлэн авч, өмчлөгчийн өмчлөх эрхэд халдаж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгч Б.Цын гомдлын тухайд, өмгөөлөгч аз үзсэн байдалтай буюу иргэний эрх зүйн маргаан, маргаан биш бол ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Энэ хэргийн хувьд 3 удаа анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж, Ш.Мийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоо гэж прокурорт буцсан байдаг.  Мөрдөн шалгах ажиллагаагаар уг ажиллагааг хийж гүйцэтгээд шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч М.М С.Днар бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр С.Дгээс “манай компани нь гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн, гааль дээр бараа гацчихаад байна, мөнгө хэрэгтэй байна, чи байрныхаа ордерыг түр хэрэглүүлээч түр хугацаагаар барьцаанд тавиад буцаагаад өгнө” гэж М.М нь С.Дгээр дамжуулж санаа зорилгоо илэрхийлж худал хэлж, итгэл үнэмшил төрүүлэн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт Д.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 174 тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрыг барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэлийг М.Мд хийлгэн авч улмаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш.Мэд барьцаалан байрыг чөлөөлөлгүй Д.Гийн 118.370.000 төгрөгийн буюу их хэмжээний эд хөрөнгийн эрхэд хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Гийн “...С.Дуулзаад “манай компани гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн ба гааль дээр бараа гацчихаад байна, мөнгө хэрэгтэй байна, чи байрныхаа ордерыг түр хэрэглүүлээч, гааль дээр ирсэн бараа Монгол руу орох юм бол ашиг олно, би дүүгээ байранд оруулчихмаар байна, мөн чамд мөнгө төгрөг илүү гарвал 4-5 сая төгрөг өгмөөр байна” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спортын төв ордон дотор байрлах нотариатын газар М.Мд өөрийнхөө эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 414-174 тоот орон сууцыг итгэмжлэл хийж өгсөн. Мөн М.М, С.Днар миний орон сууцыг 5.000.000 төгрөгийн барьцаанаас чөлөөлсөн. Би С.Дрүү залгаад “нөгөө байрыг 14 хоногийг дотор чөлөөлж өгнө гэсэн яасан бэ” гэхэд “би хашаа байшингаа барьцаанд тавья" гэж хэлээд “Капитал” банкнаас 4.000.000 төгрөгийн зээл аваад 3.000.000 төгрөг надад өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч манай орон сууцыг битүүмжилсэн. Би юу болоод байгааг асуухад М.М, С.Днар нь Ш.М гэх хүнээс 50.000.000 төгрөг зээлж авчхаад буцааж өгөхгүй удсан байна, мөн Ш.М нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад шүүхийн шийдвэр гарсан, энэ байрыг битүүмжилнэ гэж хэлсэн.” /1хх 54-55/,

 “...Хамгийн анх байрыг чинь барьцаалж зээл авъя, гааль дээр бараа ирчихсэн байгаа, тухайн бараануудыг зараад байрыг чинь буцаагаад өгчихнө, 14 хоног л болно гэж надад хэлэхдээ “Ариг” банканд зээлийн барьцаанд байрыг чинь тавих гэж байгаа гэсэн. Хамгийн анх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний байрыг битүүмжилсэн өдрөөс эхлэн ийм асуудал үүссэн байгааг мэдсэн.” /1хх 191-192/,

Ш.Мийн гэрчээр өгсөн “...Манай нягтлан бодогч надаас “та богино хугацаанд мөнгө зээлэх үү, нэг хүн мөнгө зээлэх хүн хайгаад байна, барьцаанд нь байр тавина” гэж надад хэлэхээр нь би тэр хүнтэй нь уулзахад С.Д, М.М гэх хүмүүстэй уулзсан. Эдгээр хүмүүс нь “Италиас тос, бараа оруулж ирдэг компанитай, бараа бүтээгдэхүүн гадаадаас татах гэсэн мөнгө хэрэг болчхоод байна, та 70.000.000 төгрөг зээлээч, барьцаанд нь энэ байрыг тавина” гэж хэлээд байрны гэрчилгээг М.М надад харуулсан. Би “70.000.000 төгрөг өгөх боломж байхгүй байгаа, 50.000.000 төгрөг байна” гэж хэлэхэд М.М нь “болно, болно” гэж хэлээд зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг нь барьцаанд авч, 50.000.000 төгрөгийг М.М, С.Днарт дансаар өгсөн. Гэрээний хугацаа дуусахаар нь М.М, С.Днарт мөнгөө өгөх боломжгүй бол гэрээгээ сунга гэж хэлээд 1 сарын хугацаатай сунгасан. Энэ цагаас хойш утасны дугаар нь холбогдохгүй, эсхүл миний ажил бүтэхгүй байна гэх зэргээр худал зүйл ярьсаар байгаад олон cap, өдөр өнгөрсөн. Тэгээд би 2016 оны 11 дүгээр сард иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж байсан. Иргэний хэргийн шүүхийн захирамж эвлэрлээр гарч, М.М, С.Днар нь надад 68.500.000 төгрөг өгөхөөр болсон.” /1хх 58/,

гэрч Д.О-гийн “...С.Днь манай дүү Д.Гийн эзэмшлийн “Баянмонгол” хороололд байх 2 өрөө орон сууцыг гааль дээр бараа ирчихсэн байна, удахгүй бараагаа оруулж ирээд мөнгөтэй болно, тэр болтол арваад хоног байрны ордерыг чинь ашиглаад эргүүлээд өгчихье гэж хэлээд байрны ордерыг авч яваад одоог хүртэл байрны ордерыг буцааж өгөөгүй.” /1хх 194/,

гэрч Б.Ба-ын “...Н.Э нь надаас мөнгө нэхээд эхэлсэн. Тэгэхээр нь би М.Мыг “чи надад өгсөн 75.000.000 төгрөгөө буцааж ав, газрын наймаагаа больё" гэж хэлсэн. Тэгтэл М.М нь газраа авах гээд цагдаад гомдол гаргасан байсан бөгөөд намайг өөрийнх нь 75.000.000 төгрөгийг авч залилсан гээд гомдол гаргасан байсан. М.Мын санаа нь бол анх өгсөн 75.000. 000 төгрөгөөрөө түрий бариад миний 5 га газрыг өөрийн болгох гээд байсан. Энэ явдал даамжраад байхаар нь би М.Моос авсан 75.000.000 төгрөгөө буцааж өгсөн. Мөнгийг Б.Ариунболдоор дамжуулж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр М.Мын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн байдаг юм.” /1хх 224-225/,

гэрч Н.Бийн “...М.М С.Дгээр хэлүүлж манай захирал болох Ш.М гэдэг хүнээс 50.000.000 төгрөг 2 сарын хугацаатай зээлж авч байсан юм. Зээлийн барьцаанд С.Дгийн бэр дүү болох Д.Г гэх хүний байрыг барьцаалсан. Тухайн үед М.Мд Д.Г гэх хүн байрныхаа итгэмжлэл хийж өгсөн байсан.” /2хх 40-41/,

шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн “...Хамгийн анх 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С.Дгийн дүү нь гэх Д.Г гэдэг хүний байрыг барьцаалж зээл авах зорилгоор итгэмжлэл хийлгүүлэн авсан байдаг юм. ...байрны ордерыг богино хугацаанд зээлд тавиад ашиглаад өгье л гэж хэлж байсан. ...тухайн үед Д.Гийн байр 5.120.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг С.Дд мөнгө өгч, барьцаанд байсан газарт нь төлбөрийг нь төлүүлж авч байсан. Тэгээд Д.Гийн итгэмжлэл хийж өгсөн Баянмонгол хороололд байх орон сууцыг Ш.М гэж хүнд 50.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, би тухайн мөнгөөр Батбаатар гэх хүнээс газар худалдан авч, дээр нь модны үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр ярилцсан байсан тэгээд би Б.Батбаатар гэдэг хүнд 75.000.000 төгрөг өгсөн. ...нийт 68.000.000 төгрөгийг Ш.Мэд надаас гаргуулахаар мөн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. ...Батбаатар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надаас авсан 75.000.000 төгрөгөө буцааж өгсөн... би тухайн авсан 75.000.000 төгрөгөөс Төмөрсүхийн зээлд шүүхийн шийдвэр рүү 18.000.000 орчим төгрөг, Худалдаа хөгжлийн банканд зээлийн төлбөр 9 гаран сая төгрөг, 25.000.000 төгрөгийг хувь хүнээс авсан зээлийнхээ төлбөрт өгсөн. Ариунболд 5.000.000 төгрөгийг надаас зээлж авсан, машины засварт 2.000.000 төгрөг төлсөн, өөрийнхөө компанийн ажилчдын цалинд 6.000.000 төгрөг зарцуулсан, намайг өмгөөлж байсан өмгөөлөгчийн хөлсөнд 10.000.000 төгрөг төлсөн, ингээд л зарцуулаад дууссан...” /2хх 16-17/,

шүүгдэгч С.Дгийн яллагдагчаар өгсөн “...М.Мд Д.Гийн байрны ордерыг авах талаар хэлэхэд М.М зөвшөөрөөд Д.Гийн орон сууцны банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан төлбөр буюу 5.120.000 төгрөгийг төлж барьцаанаас гаргаж аваад Д.Гийн байрыг итгэмжлэл  хийлгүүлэн авахаар болсон. ...Ингээд Д.Гийн орон сууцыг М.М нь захиран зарцуулах эрхтэй болж, М.М нь манай танил найзын компанийн захирал Ш.Мэд барьцаалан 50.000.000 төгрөгийг авсан. Ш.Мээс авсан 50.000.000 төгрөгөөс надад авсан мөнгө огт байхгүй...” /2хх 201-203/ гэсэн мэдүүлгүүд,

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Д.Г Б.М нарын хооронд “....Д.Г нь 2 өрөө байрыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг М.Мд итгэмжлэн олгож байна...” гэх итгэмжлэлийн баталгаажуулсан хуулбар /2хх 42-43/,

Зээлийн гэрээ (Ш.Мээс М.М, С.Днарт 50.000.000 төгрөг зээлсэн тухай) /1хх 18/,

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээ /Ш.Мээс М.М, С.Днарт 50.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний барьцаанд 80.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөд иргэн Д.Гийн өмчлөлийн байрыг барьцаалсан тухай/ /2хх 58/,

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 332Ш/24 дугаартай “...үнэлгээ хийсэн орон сууцны зах зээлийн үнийн баримжаа 114.860.000-118.370.000 төгрөг байх боломжтой.” гэх дүгнэлт /4хх 133-151/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч М.М, С.Днарын бүлэглэн бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.М, С.Днарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь 2015 оны 08 дугаар сарын 18, 24-ны өдөр тус тус үйлдэгдсэн нь тогтоогдож 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн”,

2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж тус тус заасан.

 Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба М.М, С.Днарын  гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөхөөр зохицуулагджээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, М.М, С.Днар нь 2015 оны 08 дугаар сарын 18, 24-ний өдөр залилах гэмт хэргийг үйлдсэн байх ба прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж заасныг баримтлан С.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Цаас “... М.Мд холбогдох хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр буцаах, эсхүл торгох ялын хэмжээг багасгаж, торгууль төлөх хугацааг 3 жил болгож уртасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг нь хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдлээр илрэх ба бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилгоор үйлдлээ хэрэгжүүлж эхэлдэг нийгмийн хор уршиг ихтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч нарын хувьд үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн, гааль дээр гацчихсан, мөнгө хэрэгтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэрээгээр халхавчилж, Ц.Ганчимэгийн эзэмшлийн байрыг барьцаанд тавиулсан, Ш.Мээс бэлэн мөнгө авсан, уг мөнгөөрөө газар худалдаж авах санаа зорилготой байсан атлаа уг байдлаа нууж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авсан, газар авах ажиллагаа нь бүтэмжгүй болоод мөнгөө буцааж авсан атлаа хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа үйлдэл, санаа сэдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийн шаардлага хангасан шийдвэр болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба торгох ялын хэмжээг 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь гэм бурууд нь тохирсон, өөрчлөх, хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/846 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/846 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ