| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2026/0018/З |
| Дугаар | 118/ШШ2026/0023 |
| Огноо | 2026-08-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 118/ШШ2026/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: гийн
Хариуцагч: Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга хоорондын төрийн албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ц., гэрч В. нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баяр******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Ургамал сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” 1/23 дугаартай мэдэгдэл болон 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дүгээр захирамж, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, хууль бус захирамжийн улмаас ажилгүй байсан 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нэхэмжлэгчийг Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд жинхлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд жинхлэн томилохыг даалгах.
2. Хэргийн нөхцөл байдал: Хариуцагч Ургамал сумын Засаг даргаас нэхэмжлэгч Ургамал сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.ийг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлагнаагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, иргэд, албан хаагчдаас гомдол мэдээлэл ирсэн гэх үндэслэл, үйл баримтыг дурдаж 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах 1/23 дугаартай мэдэгдэл, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/01 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б/03 дүгээр захирамжаар эрхлэгч эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн ба Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтад тэнцэж нэр дэвшсэн нэхэмжлэгч С.ийг уг албан тушаалд жинхлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасан байна.
3. Маргаж буй үндэслэл: Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс ёс зүйн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа шалгаж тогтоох, сонсох ажиллагаа явуулаагүй, ур чадварын хувьд ажлаа хэвийн гүйцэтгэж байсан гэж, хариуцагч болон түүний төлөөлөгч нараас ёс зүй, сахилгын зөрчил ногдуулах үйлдэл удаа дараа гаргасан, сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тайлагнаагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдад эрх мэдлээ шилжүүлж шийдвэр гаргуулсан учир сахилгын шийтгэл ногдуулсан, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, цаашид ******* *******ийн төвийн даргын албан үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн учир жинхлэн томилоогүй гэж маргаж байна.
4. Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сумъяа овогтой миний бие Завхан аймгийн Идэр суманд төрж өссөн. 2022 онд аймаг дахь салбар анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг хүний эмчээр төгссөн. Ажил хөдөлмөрийн гараагаа 2022 оны 08 сараас Завхан аймгийн сумын ******* *******ийн төвд хүний их эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Дөрвөлжин сумын ******* *******ийн төвд эмчлэгч эмчээр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 02 сард тус сумын ******* *******ийн төвд эрхлэгч эмчийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон 2025 оны 08 сар хүртэл ажиллаж, дүрс оношилгооны эмчээр нарийсан мэргэшихээр ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Намайг чөлөөлөгдөхөөс өмнө Ургамал сумын Засаг дарга Г.******* гэдэг хүн над руу утсаар залгаад “… чамайг ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгааг мэдлээ. Манай суманд ирж ажиллах уу, нийгмийн баталгааг чинь бүрэн хангана, орон байраар хангана, манай сум эмчгүй байна гэхээр нь би нарийн мэргэжлээр сурах гэж байгаа мэргэшлээ дээшлүүлэх гэж байгаа гэж хэлээд татгалзсан. 2025 оны 09 сарын сүүлээр дахин холбогдож манайх 2 сар гаран эмчгүй байлаа, чи манайд ирж ажиллаач орон байраар, нийгмийн баталгаагаар бүрэн хангана, малжуулах төсөл хэрэгжиж байгаа малжуулна, эмчийн байрыг янзалж өгнө, дулааны шугамд холбоно, бусад нэмэгдэл үр дүн урамшууллыг хангалттай өгнө гээд залгаад байсан учир үнэхээр байр саваар хангах юм бол гэж хэлээд орон байр болон ажлын нөхцөл байдалтай танилцаж очсон. Очиход эмнэлгээ болон эмчийн байраа үзүүлж, хурлын дарга н.*******тайгаа нийлж манай орон нутагт ирж ажиллах юм бол нэгдэж эмчийн байрыг засвар үйлчилгээ хийж дулаан шугамд холбоно, амьдрах орчныг чинь сайжруулна, малжуулна, малжуулахдаа бол үе шаттайгаар малжуулна. Үр дүн урамшууллыг хангалттай олгож өгнө, ар гэрийн чинь хүнийг ажлын байраар хангана, хамтарч ажиллаач гээд гуйгаад байсан”. Тэгээд яах ч аргагүй эмчгүй байгааг нь хараад буцаж аймаг яваад хүүхэд гэр бүлээ аваад нүүж очоод 2025 оны 10 сарын 01-ний өдрөөс эмчлэгч эмчээр ажиллаж эхэлсэн. 2025 оны 11 сарын 04-нд тус төвийн эрхлэгч эмчийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2025 оны 12 сард Ургамал сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийн ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаж, 2025 оны 12 сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Улмаар Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор намайг Завхан аймгийн Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснийг, уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай тус зөвлөлийн 164 дүгээр албан тоотыг 2026 оны 01 сарын 20-ны өдөр биелүүлэхийг шаардсан байна. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил хүлээж авахад надад ямар ч ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө хүлээлгэж өгөөгүй, мөн Ургамал сумын Засаг даргад тайлагнасан хагас жилийн тайланг ч үзүүлж харуулаагүй. Миний бие тухайн хүлээж авсан ажлын чиг үүрэгт заасан ажлыг гүйцэтгэж ажилласан. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2025 оны Сумын Засаг даргатай байгуулсан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй нь Төрийн албаны тухай хууль болон эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй тул Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулсан. Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга Г.******* нь удаа дараа намайг хясан боогдуулсан эс үйлдэхүй гаргаж байгаа нь миний Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг цаг хугацаанд нь багтаан хэрэгжүүлэхэд саад учирч байна. 2026 оны Сумын Засаг даргатай байгуулах байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлахдаа надад мэдэгдэж оролцуулаагүй байсан учраас миний бие 2026 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөөг батлуулахаар 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр очиход надтай гэрээ байгуулж төлөвлөгөө батлахгүй гэж хэлээд төлөвлөгөөг маань баталж өгөөгүй. 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай “Эрх хязгаарлах" шийтгэл оногдуулсан захирамжаар эрх хязгаарласан. Гэтэл 2026 оны 04 дүгээр сарын 17-нд Б/03 дугаар "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/87 дугаартай "Эрхлэгч эмчийг түр томилох тухай" захирамжид түр орлон гүйцэтгэх хугацааг заагаагүй. Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үндсэн ажилтан ажилдаа эргэн орсон эсхүл тухайн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтныг томилох хүртэл гэж заасан байдаг. Мөн одоог хүртэл намайг жинхлэн томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа тул тус зөвлөлийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 74 тоот нэр дэвшүүлж, санал болгох тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулж, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Сахилгын шийтгэл ноогдуулсан" 1/23 дугаар тоот мэдэгдэлтэй Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр захирамж, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандахад 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаартай шийдвэрээр томилгоотой холбоотой асуудлаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Миний бие Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан 1/23 дугаартай мэдэгдэл болон 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр захирамж, Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Завхан аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөлд 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр гомдол гаргасан. Тус салбар зөвлөлөөс эхний гомдолд 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар албан бичгээр "Томилгоотой холбоотой асуудлаа холбогдох хууль шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү" гэх агуулга бүхий бичиг хүргүүлсэн. Үүний дараа 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай албан бичиг нь миний мэйл хаягт 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Уг 60 дугаартай албан бичигт "Мөн сумын Засаг даргын шийдвэр захирамжийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгох эрх зүйн зохицуулалтгүй болно" гэх агуулгатайгаар ирүүлсэн байна...Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөнийхөө дараа эмчлэгч эмчээр ажиллах боломжтой байсан гэж тайлбарлаж байна. Надад ийм санал гаргаагүй. Багийн эмчээр ажил гэж байсан. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлууд бол над дээр ирээгүй. Эмнэлэг дээр ирсэн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлууд. Дуудлагуудыг эрэмбэлэн ангилах журам байдаг. Сувилагч түрүүлж очсон ч гэсэн араас нь очиж өвчтөнөө үзэж байсан. Би ажиллаж байх хугацаандаа ур чадварын ямар нэгэн алдаа гаргаагүй. Эмнэлгийн ажилчдаас гомдол санал гаргаж байгаагүй. 04 сарын 17-ны өдрөөс хойш ******* сумд ажиллах хүртэл хугацаанд ажилгүй байсан. Ургамал сумын Засаг дарга ар гэрийг нь ажлаар хангах, нийгмийн баталгаагаар хангана гэж Ургамал сумд ажиллуулахаар болсон. Түлээ мод болон бусад нийгмийн баталгаагаар хангана гээд хангасан зүйл байхгүй. Эмчлэгч эмчээр ажиллах байсан ч үүрэгт ажлаа орхиж явсан гэж яриад байгааг нь ойлгохгүй байгаа гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй нь хууль бус гэж үзэж байна. Тогтоолын биелэлтийг хангаж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тогтоол очиход сахилгын шийтгэл ярих боломжгүй. Хууль бус эс үйлдэхүй байгаад байна. Гэрчээр оролцсон этгээд хүн томилсон нь миний эрх хэмжээний асуудал гэж ярьж байна. Гэрч ажлыг нь хүлээлцээгүй байна. Сонсох ажиллагаа хийгдээгүй байна. Тухайн жилийн төлөвлөгөө батлагдаагүй учраас гүйцэтгэлийн тайлан гэж яригдахгүй гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч нар ажил хийж байгаа хүнд яагаад цалин өгөх ёстой юм бэ? гэж ярьж байна. Энэ нь захиргааны байгууллагын хууль бус акттай холбоотой асуудал яригдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэв.
6. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: … Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмч, эмчлэгч эмч шилжсэнтэй холбогдуулан сумын ******* *******ийн төвийг эмчтэй байлгах үүднээс их эмчээр ажиллах боломжтой хүнийг сураглаж, үүний хүрээнд С.тэй холбогдож сумдаа ажиллуулахаар болсон. Сумд их эмч байхгүй байсан тул ******* *******ийн даатгалын сантай холбоотой үзлэг, шинжилгээ, хөнгөлөлттэй эм гэх мэт хүлээгдсэн ажлууд их байсан. Тухайн эмчийн саналыг үндэслэж өмнө нь сумд эрхлэгч эмчээр ажиллаж байсан туршлагатай, ажиллах арга барилаа мэднэ гэсэн тул өөрөөс нь боломжтой хугацааг нь асууж ярилцаад 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б\21 дүгээр захирамжаар үүрэг гүйцэтгэгчээр түр томилж цалин олгогдож эхэлсэн. Ингээд ажиллах явцад иргэдээс эмчийн ёс зүйтэй холбогдуулж тавьсан шаардлага, гомдол зэргүүд нь багийн дарга нараар болон утсаар аман байдлаар удаа дараа ирдэг байсан. Үүнийг нь багийн хурлууд дээр иргэдэд ойлгуулж, учирлаж өмгөөлж байсан. Үүнийг өөрөө мэднэ, Өөрийнх нь хүсэлтийг дэмжиж эмчлэгч эмчийн 40 хувийн нэмэгдлийг хүртэл олгож өөрийнх нь саналаар 2025 оны 11 сард А/87 захирамж гаргаж байсан. Гэвч Төрийн албанд ажиллаж байсан туршлагатай хүн өөрт хамаарах хууль журамд заасан үүргээ биелүүлэхгүй, тайлагнахгүй, төрийн албанд хүндэтгэлгүй хандаж байсан тул сахилгын шийтгэл оногдуулсан. Цаашид сумын ******* *******ийн төвийн даргын үүргийг гүйцэтгэхэд хангалтгүй байна гэдгийг өөрт нь удаа дараа сануулж хэлж байсан. Холбогдох хуулийн хүрээнд томилохоос татгалзаж байгаагаа Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Ингээд тухайн асуудлуудыг харгалзан түр үүрэг гүйцэтгэгчээс нь чөлөөлж сумын эрүүл *******ийн төвд баг хариуцсан эмчээр ажиллахад нээлттэйг дурдаж захирамж гаргасан. Сумд үргэлжлүүлж ажиллах талаар асуухад энд би баг хариуцсан эмч хийхгүй гэдгээ хэлээд гарсан. Үүний дараа өөр сумд эмчээр ажиллаж байгаа талаар сонссон. Иймд С. эмчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлье. Холбогдох материалыг шүүх хурал дээр гаргаж өгнө гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариу тайлбарыг бичгээр гаргаж өгсөн. Маргаан бүхий захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэй. Үүнтэй холбоотой баримтууд нь хэрэгт авагдсан. Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан 1/23 дугаартай мэдэгдэл болон 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч 4 сард Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан байдаг. Яг гомдлоо хэдэн сарын хэдний өдөр гаргасан огноо байдаггүй. Салбар зөвлөлөөс 5 сард ирүүлсэн хариунаас харахад 2026 оны 02 сарын 16-ны өдөр гаргасан захирамжтай холбоотойгоор 4 сард буюу хуульд заасан 30 хоногийг хэтрүүлсэн болох нь харагдаж байна. Нэхэмжлэлд 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль бус болох талаарх үндэслэл харагдахгүй байна. Захирамжид заасан зөрчлүүд гаргасан болох нь нотлогддог. Эмнэлгийн ажилчид болон иргэдээс гаргасан гомдол санал болон Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орсон талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Сахилгын шийтгэлд цалин хөлс хасах нөхцөл байдал байхгүй. Нээлттэй сануулах байдлаар арга хэмжээг авч ажилласан. Хариу тайлбар ирүүлэх мэдэгдлийг Ургамал сумын Засаг дарга хүргүүлсэн байдаг. Энэхүү зөрчилтэйгөө холбоотойгоор нэхэмжлэгч хариу тайлбар ирүүлээгүй, үүнтэй холбоотой гомдол ч Засаг даргад ирээгүй. Иймд энэхүү захиргааны актад гомдол гаргаагүй захиргааны акт байна гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлагыг хангах боломжгүй байна. Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагад хариу тайлбар гаргая гээд, ажлаас халах болсон 3-н шалтгааныг Засаг дарга салбар зөвлөлд хүргүүлсэн байдаг. Энэхүү нөхцөл байдлууд нь хэргийн материалд баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгаад байгаа Засаг дарга хясан боогдуулсан зүйл байхгүй байна. Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 2025 оны тайлант хугацаанд тайланг ирүүлээгүй. Ургамал сумын Засаг даргаас Аймгийн Засаг даргад гаргаж өгөх ёстой байсан тайлан тооцоо хоцорсон, тайлангаа өгөөгүй нөхцөл байдал байдаг. Иргэд болон эмнэлгийн ажилчдаас нэхэмжлэгчийн ёс зүй, эрхлэгч эмчийн ажлыг гүйцэтгэж чадахгүй байгаа талаарх гомдлууд гарч байсан. Уг зөрчлүүд илэрсэн учраас түр орлон гүйцэтгэж байсан ажлаас нь чөлөөлсөн Засаг даргын захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж харж байна. Нэхэмжлэлд ямар үүргийг зөрчсөн яагаад хууль бус болох талаарх нөхцөл байдал харагдахгүй байна. Болсон нөхцөл байдлын үйл баримтыг нэхэмжлэгч талаас дурдсан нөхцөл байдал байна. Иймд хоёрдугаар шаардлагыг хангах боломжгүй гэж харж байна. Дараагийн шаардлага хууль бус захирамжийн улмаас ажилгүй байсан гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн энэ шаардлага тодорхойгүй. 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 дугаар захирамж нь эрхлэгч эмчийн түр орон тоон дээрээс чөлөөлсөн болохоос биш үндсэн орон тоо буюу эмчлэгч эмчийн орон тооноос чөлөөлсөн асуудал биш. Яагаад энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны тэтгэмж гаргуулъя гээд байгаа юм бэ? Нийгмийн даатгал болон Татварын газраас ирүүлсэн баримтуудаас харахад нэхэмжлэгч нь 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас гарснаасаа хойш эмчлэгч эмчээр ажиллаж байгаа. Эмчлэгч эмчийн цалин хөлс авч байгаа нь Ургамал сумд ажилласнаас дордоогүй харагдаж байна. Захирамж үндэслэл бүхий байна. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна гэж харж байна. Захирамжид эмчлэгч эмчээр ажиллах нь нээлттэй гэсэн байсан. Хариуцагч нь цалин хөлсний болон нийгмийн даатгал, эрүүл *******ийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгч нь төрийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж байгаа учраас нийгмийн даатгал, эрүүл *******ийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бичилт хийх боломжгүй нөхцөл байдал байгааг шүүхийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж нэхэмжлэгч С.ийг Ургамал сумын ******* *******ийн даргын албан тушаалд жинхлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Төрийн албаны салбар зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж нэхэмжлэгч С.ийг Ургамал сумын ******* *******ийн даргын албан тушаалд жинхлэн томилохыг Ургамал сумын Засаг даргад даалгах шаардлагатай холбоотой хариу тайлбарыг хариуцагч салбар зөвлөлд хүргүүлсэн. Үүнээс харахад зөрчлүүд гаргаж байсан. Эрхлэгч эмчийн ажлыг хийж боломжгүй нөхцөл байдалтай. Зан суртахууны болоод чадваргүй учраас эрхлэгч эмчээр ажиллуулах, эрхлэгч эмчээр томилох боломжгүй. Тогтоолын зүйл заалтыг уншиж үзэх юм бол санал л хүргүүлж байгаа болохоос биш Засаг даргыг заавал биелүүлэх үүргийг Засаг дарга хүлээхгүй гэдийг шүүх анхаарч үзээсэй. Засаг дарга хууль зөрчөөгүй. Иргэд болон эмнэлгийн ажилтнуудаас ирсэн гомдол болон бусад баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч эмчлэгч эмчээр ажиллах талаар санал гаргасан талаар мэдээгүй гэж ярьж байна. Нэхэмжлэгч дээд боловсролтой хүн. Маргаан бүхий захиргааны актад дурдагдсан байдаг. Иймд энэ тайлбар үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 3-т Ургамал сумын ******* *******ийн төвийн баг хариуцсан их эмчээр ажиллахыг нээлттэй орхисон байдаг. Сахилгын шийтгэлтэй холбоотой тайлбар ирүүлэхийг хариуцагч албан бичгээр хүргүүлсэн байдаг. Засаг даргын орлогч Ц.Мягмар гэсэн гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн байдаг. Тайлбарыг ирүүлээгүй байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргад холбогдуулан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” 1/23 дугаартай мэдэгдэл болон 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дүгээр захирамж, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, хууль бус захирамжийн улмаас ажилгүй байсан 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нэхэмжлэгчийг Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд жинхлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд жинхлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийн тухайд: Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 25 дугаар “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын, тайлбарын дэлгэрэнгүй үндэслэлийн 5.1.1.1 “... төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд, мөн нийтийн сан хөмрөг болох төсвийн хөрөнгийг ерөнхийлөн захирагчийн хувьд бусад нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор тусгайлсан эрх, үүрэг хүлээдгээс гадна төрийн албаны сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа дүгнүүлэх зэргээр төрийн жинхэнэ албан хаагчтай адилтгахуйц эрх зүйн байдалтай байх нь нийтлэг байна”. Уг тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1.1 “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй” гэсний дагуу шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлд холбогдох үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон зохицуулалт болон Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” 1/23 дугаартай мэдэгдэл, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчээс хэтрүүлсэн гэж маргаж байх ба хариуцагч нь маргаан бүхий Б/01 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар мэдэгдсэнээ нотлоогүй ба нэхэмжлэгчээс дээрх 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 8.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж хариу авснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
4.1 Нэхэмжлэгч нь 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргаж 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар албан бичгээр хариу авч 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй ба хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас маргаан бүхий Б/03 дугаар захирамжийн үндэслэл, үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанаас халах аль зүйл, заалтыг хэрэглэж гаргасан нь тодорхойгүй ба дээрх үндэслэлүүд тодорхой тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацаа өөрөөр хэрэглэгдэхээр байсан байна.
4.2 Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд жинхлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд жинхлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргаж тус салбар зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 18-ны 56 дугаар албан бичгээр хариу авч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
5. Ургамал сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 1/23 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагчаас 1/23 дугаартай мэдэгдлээр тус сумын ******* *******ийн төвийн эрхлэгч С.т сахилгын шийтгэл ногдуулах болсныг мэдэгдсэн байна. Гэвч энэхүү мэдэгдэл нь сахилгын шийтгэл ногдуулах ажиллагааны бэлтгэл үе шатны санал ба нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захиргааны актын шинжийг агуулахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1 “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1 “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
5.1 Ургамал сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Уг захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “... энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн ... хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.1 “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” заалтыг үндэслэсэн байна. Хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл, үйл баримтыг “ажлын байрны тодорхойлолтод заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй” гэж тайлбарлаж байна.
5.2 Хариуцагчаас нэхэмжлэгчийг 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Ургамал сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд түр, 2025 оны 11 дүгээр сарын 4-ний А/87 дугаар захирамжаар дахин түр томилохдоо нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг батлах үүргээ биелүүлээгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 5.3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална” гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр “ажлын байрны тодорхойлолтод заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй” гэх үндэслэл, үйл баримт дурдаж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
5.3 Тодруулбал, хариуцагч сумын Засаг даргаас 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр сумын ******* *******ийн төвийн эрхлэгч /түр орлон гүйцэтгэгч/ Б.*******тэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба нэхэмжлэгч С.тэй уг гэрээг шинэчилж байгуулаагүй. Түүнчлэн тус гэрээний 5.1, 5.2, 5.3-т заасан гэрээний хавсралт болох байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Ургамал сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчээр өмнө нь түр томилогдсон Б.******* боловсруулж, батлуулсан ба С. нь уг төлөвлөгөөний гүйцэтгэлийг тайлагнах үүрэгтэй хэдий ч хариуцагчаас ажлын байрны тодорхойлолтод заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тайлагнах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэх үндэслэлээр маргаж сахилгын шийтгэл ногдуулсан энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг батлах үүргээ хэрэгжүүлээгүй сумын Засаг даргаас уг үндэслэлээр С.т сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.
6. Ургамал сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ургамал сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.ийг ажлаас чөлөөлсөн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлээр төрийн албанаас халсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
6.1 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг тодорхойлсон ба 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8 “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд төрийн албан хаагчид хориглох үйлдлийг зохицуулсан ба 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1 “... энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн ... албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4 “төрийн албанаас халах” гэжээ.
6.2 Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг Ургамал сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчээс сахилгын шийтгэлээр халах болсон үйл баримтын хувьд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн буюу өөрийн нөхөр сувилагч мэргэжилтэй Т.*******ийг багийн бага эмчээр, Б.*******ыг батлагдаагүй бүтэц, орон тоонд томилуулахад нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
6.3 Ургамал сумын Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийг жинхлэн томилогдох хүртэл хугацаагаар эх баригч их эмч В.******* эрхлэгч эмчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон ба С.ийг 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Ургамал сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд түр, 2025 оны 11 дүгээр сарын 4-ний А/87 дугаар захирамжаар дахин түр томилсон ба энэхүү томилогдсон хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б/34 дүгээр тушаалаар Т.*******ийг багийн бага эмч, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Б.*******ыг нийгмийн эрүүл *******ийн арга зүйчээр ******* *******ийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В. томилсон байна.
6.4 В. шүүхэд гэрчээр гаргасан мэдүүлэгтээ “... С.Ууганжаргал нь 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Ургамал сумын ******* *******ийн эрхлэгч эмчийн албан тушаалд түр томилогдсон хэдий ч Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж ирээгүй байсан. Түүнчлэн сумын Засаг даргаас В. намайг ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлсөн шийдвэр гаргаагүй байсан тул нэхэмжлэгч С.ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг Авлигатай тэмцэх газраас хянагдаж ирээд сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/87 дугаар захирамжаар С. Ургамал сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчээр түр томилогдох хүртэл хугацаанд эрхлэгч эмчийн чиг үүргийг хэрэгжүүлж эдгээр хүмүүсийг томилсон. Томилох ажиллагаанд С. нөлөөлсөн зүйлгүй” гэж мэдүүлж байна.
6.5 Дээрхээс дүгнэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн буюу эрх мэдлээ В.д шилжүүлэх замаар Б.*******, Т.******* нарыг томилуулсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байх ба учир нь сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь сумын Засаг дарга өөрөө байна. Түүнчлэн батлагдаагүй орон тоонд Б.*******ыг, бага эмчийн албан тушаалд сувилагч мэргэжилтэй Т.*******ийг томилсон этгээд нь В. ба түүнд нэхэмжлэгч С. нөлөөлсөн, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үйл баримтыг хариуцагч Засаг даргаас шалгаж тогтоогоогүй байна.
6.6 Мөн С.тэй холбоотой гомдол мэдээлэл сумын иргэд, эрүүл *******ийн төвийн алба хаагч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн гэх үйл баримтыг хариуцагч дурддаг ба энэхүү гомдол мэдээлэлтэй холбоотойгоор шалгаж тогтоох, сонсох ажиллагааг хийлгүйгээр сахилгын шийтгэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заажээ.
6.7 Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар тушаалаар хамтран баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, ... шалган тогтооно”, 2.6 “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана”, 2.7 “Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан ба энэхүү ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэгч С.ийг сахилгын шийтгэлээр ажлаас халсан нь буруу байна.
7. Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд нэхэмжлэгч С.ийг жинхлэн томилохгүй байгаа Ургамал сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд жинхлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ургамал сумын Засаг даргаас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/177 дугаар албан бичгээр Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга өгснөөр тус салбар зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд нийтлүүлсэн байна. Улмаар тухайн орон тоонд тусгай шалгалт зарлаж нэхэмжлэгч С. 70.6 оноогоор тэнцэж Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшсэн байна.
7.1 Хариуцагч Ургамал сумын Засаг даргаас нэхэмжлэгч С.ийг Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйд хамаарах үйл баримтыг 1. ... 2025 оны эцэст Засаг даргатай байгуулсан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнаагүй. 2. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сумын Хурлын өргөдөл гомдол хариуцсан салбар хороонд С. эмчтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хэлэлцсэн байдал. 3. С. өөрийн эрх хэмжээгээ бусдад шилжүүлэн өөр хүнээр 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тушаал гаргуулж гэр бүлийн хүн болох уламжлалтын сувилагчийн эрхтэй Т.*******ийг бага эмчээр томилуулсан. 4. 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр С.тэй холбоотой ******* *******ийн төвийн албан хаагчдаас сумын Засаг даргад ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн томилохоос татгалзсан гэж тайлбарлаж байна.
7.2 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан ба хуульд заасан үндэслэлээр татгалзах гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага, 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 31 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчөөгүй тохиолдолд томилох зохицуулалттай байна.
7.3 Ургамал сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэж байгаа үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамж буюу ажлаас халах сахилгын шийтгэл үндэслэлгүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч өөрийн эрх хэмжээгээ В.д шилжүүлэн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тушаал гаргуулж гэр бүлийн хүн Т.*******ийг бага эмчээр томилуулсан, сумын Засаг даргаас албан тушаалын тодорхойлолт батлах үүргээ биелүүлээгүй атлаа албан тушаалын тодорхойлолтод заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тайлагнаагүй зэрэг үйл баримт нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон, С.т холбогдох өргөдөл, гомдлын дагуу томилох эрх бүхий этгээд болох сумын Засаг даргаас шалгаж тогтоох, сонсох ажиллагаа хийлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийг жинхлэн томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.
7.4 Иймд Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд нэхэмжлэгч С.ийг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2026 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж С.ийг Ургамал сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд жинхлэн томилохыг Ургамал сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтээ байна.
8. Хууль бус захирамжийн улмаас ажилгүй байсан 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Ургамал сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд түр томилогдохдоо Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын ТҮЭМ-5 зэрэглэлээр 1.484.000 төгрөгийн цалинтай, 2026 оны 2 дугаар сараас 2.026.700 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан цалингийн картаар тогтоогдож байна. Сумын ******* *******ийн төвийн эрхлэгч эмч нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан албан тушаалын тодорхойлолтоор ТҮЭМ-6 зэрэглэлээр цалинжиж ажиллахаар байна.
8.1 Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн одоо эрхэлж буй их эмчийн албан тушаал нь ТҮЭМ-5 зэрэглэл 1.929.000 төгрөг, ТҮЭМ-6 зэрэглэл 2.027.000 төгрөгийн цалинтай байхаар тогтоож уг тогтоол 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн байна. Нэхэмжлэгч нь 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан ба 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс ******* сумын ******* *******ийн төвийн даргын Б/07 дугаар тушаалаар их эмчээр түр томилогдон ТҮЭМ-5 зэрэглэлээр 1.929.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна.
8.2 Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41.4 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
8.3 Иймд С.ийн ажилгүй байсан хугацааны буюу 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх цалинг 2.026.700 төгрөгөөс, 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2.027.000 төгрөгийн цалингаас ажилгүй байсан дээрх хугацаагаар тооцон олгож, 2026 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгчийг ажилдаа эгүүлэн тогтоогдох хүртэлх хугацааны цалинг ТҮЭМ-6-д заасан 2.027.000 төгрөгөөр тооцон одоо эрхэлж буй ТҮЭМ-5-д заасан 1.929.000 төгрөгийн цалингийн зөрүү 98.000 төгрөгөөр тооцон олгохыг хариуцагч Ургамал сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтээ байна.
9. Шүүхээс хариуцагч Ургамал сумын Засаг даргад хандан маргаан бүхий захирамжуудын үндэслэл, үйл баримтад холбогдох, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч “... холбогдох материалыг шүүх хуралдаанд гаргаж өгнө” гэж тайлбарлаад шүүх хуралдаанд ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” болохыг дурдах нь зүйтээ байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ургамал сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 1/23 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.1.4, 48.10 дахь хэсэгт заасныг баримтлан “******* *******ийн төвийн эрхлэгч эмчийг түр орлон гүйцэтгэгч С.т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Ургамал сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр захирамж, “******* *******ийн төвийн эрхлэгч эмчийг түр орлон гүйцэтгэгч С.ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Ургамал сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсгийг баримтлан С.ийг Ургамал сумын ******* *******ийн төвийн даргаар томилохгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.ийг сумын ******* *******ийн төвийн даргын албан тушаалд томилохыг хариуцагч Ургамал сумын Засаг даргад даалгасугай.
4. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.ийн ажилгүй байсан хугацааны буюу 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх цалинг 2.026.700 төгрөгөөс, 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2.027.000 төгрөгийн цалингаас ажилгүй байсан дээрх хугацаагаар тооцон олгож, 2026 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгчийг ажилдаа эгүүлэн тогтоогдох хүртэлх хугацааны цалинг 2.027.000 төгрөгөөр тооцон одоо авч буй 1.929.000 төгрөгийн цалингийн зөрүү 98.000 төгрөгөөр тооцон олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх зөрүүнээс тооцож нөхөн төлөхийг хариуцагч Ургамал сумын Засаг даргад даалгасугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР