Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2025/00089

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Нарийн гол багт оршин суух, РД:*******, ******* овогт *******ийн ******* холбогдох гэм хорын хохирол 3,321,000 / гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт хохирогч ын хөлийг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 14 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг" үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч *******ын учруулсан хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогч нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд:

Амбулаторийн үзлэг,

оношилгоо, шинжилгээний багц

Ховд аймгийн Булган сумын НЭ

57,000

Эмийн эмчилгээ

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг

1,354,000

Эмийн эмчилгээ

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг

1,354,000

Амбулаторийн үзлэг

Ховд аймгийн БОЭТ

15,000

Эмийн эмчилгээ

Ховд аймгийн БОЭТ

541,000

нийт 3,321,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой. Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

А.******* холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан "...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах" тухай хүсэлтийг ирүүлсэн. Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.

Иймд *******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 3,321,000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь дугаартай дансанд оруулахаар прокурорын нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие мал маллаж амьдардаг, малын үр шимээр амьдралаа залгуулдаг болохоор шууд төлөхөд хүндрэлтэй байна.

Иймд гэм хорын хохирол 3,321,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны дотор Төрийн сангийн тоот данс руу төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар нь хариуцагч А.******* холбогдуулан гэм хорын хохирол 3,321,000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохирол 3,321,000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг Төрийн сан дахь тоот дансанд төлөхөөр, хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 3,321,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 68,086 төгрөгийн тал хувь 34,043 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй 3,321,000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах шаардлагаас 3,321,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны дотор Төрийн сан дахь тоот дансанд хариуцагч ******* төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 3,321,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 68,086 төгрөгийн тал хувь 34,043 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Ц.ЭНХЖАРГАЛ