Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 596

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Ж овогт О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1808027040758 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овогт О.Б, Монгол Улсын иргэн, .......... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хангамжийн 12-03 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.З-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч О.Б нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хангамжийн 12-03 тоотод “чи дандаа үгэлж байх юм, унтаач” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.З-г зодож, түүний бие махбодод баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хэргийн үйл баримт, зүйл анги, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Хохирогч Т.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хангамжийн 12-03 тоотод ээж Тамара болон хоёр охины хамт байж байтал нөхөр Б 21 цаг 35 минутын үед гаднаас согтуу орж ирэхээр нь ор засаж өгсөн. Гэтэл унтахгүй агсамнаад, намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “чи дандаа үгэлж байх юм, унтаач” гэж хэлсэн чинь хэвтэж байснаа гэнэт босож ирээд миний үснээс зулгаагаад чирсэн. Тэр үед гуталтай хөлөөрөө миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хоёр охинтойгоо нийлж байгаад нөхөр Бөхбатыг хүлээд цагдаад дуудлага өгч саатуулсан.  ...архи уугаад намайг зодчихоор нь цагдаад дуудлага өгсөн. Үүнээс өмнө намайг зодож, гэмтэл учруулж байгаагүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6837 дугаартай “...Т.З-гийн биед баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 21 дүгээр хуудас),

4. Шүүгдэгч О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 36 дугаар хуудас),

5. Шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатайг нотлох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас),

6. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 58-59 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шалгах хуудас (хх-ийн 62 дугаар хуудас),

8. Шүүгдэгч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны орой хөрш Төмөртэй хамт нэг шил архи хувааж уугаад, гэртээ орж ирэхэд манай том охин ой гарантай хүүхдээ уйлуулж, орилуулж байхаар нь загнасан чинь эхнэр З хүүхдээ өмөөрч надтай хэрэлдээд байхаар нь би эхнэр Золзаяагийн үснээс зулгааж байгаад гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо эвлэрсэн, одоо ямар нэгэн маргаангүй амьдрах болсон тул хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Т.Золзаяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Т.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.З-гийн эрүүл мэндэд хохирол учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Б-д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, тэтгэвэр, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг хүлээн авах боломжтой байна. 

Шүүгдэгч О.Б энэ хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 3 (гурав) хоног цагдан хоригдсон байх тул нэг хоногийг арван таван нэгжээр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцлоо.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 угаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ж овогт О.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-ын цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжээр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг дөрвөн зуун арван таван нэгж буюу дөрвөн зуун арван таван мянган төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА