| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2405031660712 |
| Дугаар | 2024/ДШМ/1308 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1308
2024 12 05 2024/ДШМ/1308
С.Мад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгчС.М, түүний өмгөөлөгч Б.Д,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/785 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчС.М, түүний өмгөөлөгч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэнС.Мад холбогдох эрүүгийн 2405031660712 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн С.М, 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, “Од байгууламж” ХХК-д ажилладаг гэх, ам бүл 5, эх, дүү нарын хамт ......... тоотод оршин суух,
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД: ................... /;
ШүүгдэгчС.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 05:00 цагийн үед “Toyota Pruis” маркийн 39-71 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас:С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ШүүгдэгчС.Мыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчС.Мад оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчС.М цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчС.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хорих” ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, шүүгдэгчС.М бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолоочС.Мын гэх “Жолооны үнэмлэх” шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
ШүүгдэгчС.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн Орбит 80-35-д оршин суудаг. Эх Сувдаа нь бага насны дүү нарыг маань сургууль, цэцэрлэгт хүргэж өгч хардаг учраас тогтсон ажил эрхэлдэггүй. Том дүү С.Амарзаяа нь оюутан бөгөөд мөн ажил эрхэлдэггүй. Миний бие бетон арматурчин мэргэжлээрээ бүтэн цагийн ажил хийдэг ба амралтын өдрүүдэд машин угаалгын газар угаагчаар ажил хийж цалингаараа ар гэрээ тэжээдэг болно. Мөн автомашины лизинг, утасны лизинг, цалингийн зээлийг сар бүр тогтмол төлдөг бөгөөд том дүү Амарзаяагийн сургалтын төлбөр, гэрийнхээ урсгал зардлуудыг төлдөг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдаагаа бүрэн ухамсарлаж гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж, ажлаа хийж ар гэрээ асрах боломж олгож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
ШүүгдэгчС.Мын өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээсС.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй өөрөөр хэлбэл шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Үйлчлүүлэгчийн хувьд холбогдсон гэмт хэрэг дээрээ маргадаггүй, хувийн байдлын тухайд ээж, гурван дүүгийн хамт амьдардаг, том дүү С.Амарзаяагийнхаа сургалтын төлбөрийг төлөхийн хажуугаар ар гэрээ тэжээн тэтгэж, “Од байгууламж” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж амьдардаг хүн юм. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээсС.Мыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн бүсчлэлээс гарахгүй байх ялын санал гаргасан байдаг. ИймдС.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан 1 жилийн хорих ял оногдуулсан тул энэ талаар хэлэх саналгүй. Шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
ШүүгдэгчС.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 05:00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, “Toyota Pruis” маркийн 39-71 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
СМ.няллагдагчаар өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар сургуулийн зогсоолд “Тоёота Приус” маркийн 39-71 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор найзын хамт 2, 2 ширхэг 0.5 литрийн пиво уучихаад машиндаа унтсан. Өглөө эрт ажилтай болохоор ажилтай ойрхон очъё гэж бодоод машинаа асаагаад Нарны гүүрэн дээр явж байгаад цагдаад баригдсан. ... би урьд нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багаж үлээхэд 0.559 хувийн согтолттой гарсан. ...” /хх 25-26/ гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/,С.Мын 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаарх жолоодох эрхийн лавлагаа /хх 7/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/884 дүгээр шийтгэвэр /хх 55-56/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгчС.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчС.Мыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Учир нь, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тус тус Эрүүгийн хуульд тайлбарласан.
ШүүгдэгчС.Мын хувьд урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж /амьсгал дахь спиртийн агууламж 0.599 промиль/ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан, дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
ШүүгдэгчС.М болон түүний өмгөөлөгч Б.Д нараас “... шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ялаар оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хэмжээтэй юм.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба ийнхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчС.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Мад тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/785 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчС.М болон түүний өмгөөлөгч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгчС.Мын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/785 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,
5 дахь заалтад “шүүгдэгчС.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хорих” ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг,
“шүүгдэгчС.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчС.Мад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэсэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчС.Мын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон хорих ялын нэг хоногийг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, ялаас хасаж тооцсугай.” гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчС.Мыг нэн даруй сулласугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ