Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 158/ШШ2026/0034

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.*******жаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХКомпани

Хариуцагч: Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.*******, Б.******* нарын хоорондын “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Ц.*******, Б.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, А.*******, С.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.*******-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХКомпаниас Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.*******, Б.******* нарт холбогдуулан “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
    1. 2023-2024 оны усны төлбөр тогтоосон тайлан мэдээ, жишиг үнэ зөрүүтэй,
    2. 2023-2024 онд ус ашиглалтыг төлбөрт нийт 159,075,705.00 төгрөг төлсөн ба илүү төлсөн төгрөгийг акт үйлдэхдээ анхаараагүй,
    3. Актад зөвхөн 2024 онд олборлосон металд шууд жишиж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэж,   
  3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1. Нэхэмжлэгчийн 2021-2024 оны газрын төлбөр болон ус ашигласны төлбөрийн ногдол төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх томилолт үүсэж, удирдамжийн дагуу шалгалт хийсэн,
    2. Хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай тайлан мэдээг удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй тул жишиг үнийн аргаар өөрт байгаа баримтад үндэслэж татварын тооцооллыг гаргасан,
    3. Нэхэмжлэгч 2023 онд тайлагнасан төлбөрөөсөө төсөвт төвлөрүүлэхдээ 10 сая төгрөгийн дутуу төлөлттэй байсан ба үүнийгээ 2025 онд төлж барагдуулсан, илүү төлөлт байхгүй тул шилжүүлэн тооцох боломжгүй,
    4. Нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Хариуцагч Ц.******* тайлбартаа: “Татвар төлөгч маань Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн дагуу төлбөл зохих төлбөрийг өөрөө хуулийн хугацаанд тодорхойлж төлсөн эсэхэд хяналт шалгалт хийсэн. “******* ******* *******” ХХК-ийн 2021-2024 оны газрын төлбөр болон ус ашиглалтын төлбөрийн ногдол төлөлтөд хяналт шалгалтын ажил хийсэн. Энэ хугацаанд тухайн татвар төлөгчид удаа дараа татварын хяналт шалгалт хийгдэхэд шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлэх талаар хүсэлт хүргүүлсэн. 06 дугаар сарын 09-ний өдөр тухайн хуулийн этгээдийн нягтлан бодогч н.Шинэбаярт баримт бичгийн хүсэлтийг биеэр гардуулсан. Мөн 08 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Бүрэгхангай, Дашинчилэн сумуудад хяналт шалгалтын ажлаар ажиллахдаа тухайн хуулийн этгээдэд биечлэн очиж ХАБ-ын мэргэжилтэн Сумъяабазарт баримт бичгийн хүсэлтийг дахин гардуулсан. Тухайн үед байсан шаардлагатай баримт бичгүүдээс баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр тодорхой хэмжээний 2023, 2024 онд холбогдох баримтуудыг авсан. Үлдсэн бичиг баримтыг хугацаа зааж буюу 09 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн байна гэж мэдэгдсэн боловч тухайн хугацаанд ирүүлээгүй. Ийм учраас хяналт шалгалтыг жишиг үнийн аргаар буюу өөрсдөд байгаа материалдаа тулгуурлан тухайн татварт төлөгчийн 2022 онд ногдох ус ашигласан төлбөрийг тодорхойлон нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Жишиг үнийн аргаар тодорхойлохдоо ойролцоо буюу ижил үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдтэй жиших боломжгүй тул тухай хуулийн этгээдийн 2024 оны үйл ажиллагааны орлоготой ойролцоо учраас 2024 оны орлоготой дүйцүүлж жишиг үнийн аргаар 2022 оны ногдлыг тодорхойлсон. Тухайн жилийн борлуулалтын орлогыг алт тушаасан мэдээнээс үндэслэн тодорхойлж, тухайн онд ногдох ус ашигласны төлбөрийг тодорхойлсон” гэв.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* тайлбартаа: “Бид 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг баримтлан хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалт хийгдэх явцад тухайн аж ахуйн нэгж 2022 оны усны төлбөр төлөөгүй зөрчил илэрсэн. Иймд бид Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д заасны дагуу "жишиг үнийн арга" ашиглан хяналт шалгалт хийж усны төлбөрийг нөхөн ногдуулсан. Мөн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д хөөн хэлэлцэх хугацааг 4 жил гэж заасан. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Энэ талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй байна. Нөхөн ногдуулалтын акт дээр нэхэмжлэгчийн дурдсан Сангийн сайдын журмыг баримтлаагүй. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д заасныг баримтлан жишиг үнийг тодорхойлж акт бичигдсэн. Жишиг үнийг яаж тооцсон талаар хариуцагч Ц.******* тодорхой тайлбарласан” гэв.
  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* тайлбартаа: “Ерөнхийдөө акттай холбоотой тайлбарыг хариуцагч болон төлөөлөгч маань тайлбарлалаа. Үүн дээр нэмж хэлэхэд “******* ******* *******” ХХК анхнаасаа эрхлэх ёсгүй байсан үйл ажиллагаа эрхэлж үйл ажиллагаа явуулсан. Энэ нь ямар хуулийн заалтыг зөрчиж байгаа вэ гэхээр Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчиж байна. Ус ашиглах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт гаргана гэж заасан. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.18-д ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно гэж заасан. Энэ заалтыг мөн зөрчсөн. Тэгэхээр анхнаасаа ийм үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэв.  
  4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* тайлбартаа: “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа орон нутаг болон орон нутагт байгаа төрийн захиргааны байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй. “******* ******* *******” ХХК нь хариуцагч нарын хэлсэнчлэн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн ус ашиглах зөвшөөрөл аваагүй. Дээр нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Ус бохирдуулж байгаа этгээд нь төлбөр төлөх, тайлагнах зохицуулалттай. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ гэж заасны дагуу тайлан өгч байх ёстой. “******* ******* *******” ХХК ус бохирдуулсан талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй, тайлагнаагүй учраас анхнаасаа хууль зөрчсөн үйл ажиллагаа байна. Иймд давхардуулахгүйгээр хэлэхэд хариуцагч нарын нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХКомпаниас Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ц.******* нарт холбогдуулан “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “

2.1. Булган аймгийн Татварын газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 тоот нөхөн ногдуулалтын актыг манай компанид хамаарах усны төлбөрийн тооцооллын хамт ирүүлсэн нь 2023-2024 оны усны төлбөр тооцоолсон тайлан мэдээ, жишиг үнэтэй зөрүүтэй,  

2.2. Хяналт шалгалт явуулахдаа "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын холбогдох заалтуудыг зөрчсөн,   

2.3. Татварын ерөнхий хууль, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-д заасныг буруу хэрэгжүүлсэн буюу татвар төлөгчийн өөрийнх нь ус ашигласан 2 жилийг хооронд нь жишиж гаргасан нь маргаан бүхий захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй” гэж, 

3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”

3.1 Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж заасны дагуу 2021-2024 оны Газрын төлбөрийн болон ус ашигласны төлбөрийн ногдол төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх томилолт үүсэж хяналт шалгалтыг явуулсан,

3.2 Татварын ерөнхий газраас “Газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах"-аар 2025 оны 02 дугаар сарын 28-ны 01 тоот ажлын удирдамжийн дагуу баримт бичгийн хүсэлтийг нягтлан бодогч Ж.Шинэбаярт 6 дугаар сарын 09-ны өдөр гардуулсан, Булган аймгийн Татварын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 02 тоот тусгай удирдамжаар Дашинчилэн, Бүрэгхангай суманд 8 сарын 21, 22-ны өдрүүдэд хийгдсэн хяналт шалгалтаар ХАБ-ын мэргэжилтэн Сумъяабазарт баримт бичгийн хүсэлтийг дахин гардуулсан ч баримт материал дутуу шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлээгүй тул дахин 99049529 дугаараар холбогдож нягтлан бодогчийн [email protected] цахим хаягаар баримт бичгийн хүсэлтийг 12 дугаар сарын 19-нд Ж.Шинэбаярт удаа дараа хүргүүлсэн, 

3.3 Нэхэмжлэгч тус компани нь шаардлагатай баримт бичгийг хугацаанд нь ирүүлээгүй учир Татварын ерөнхий хуульд заасан “жишиг үнийн арга"-ыг ашиглан хяналт шалгалт явуулсан ба мөн хуулийн ... зааснаар Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж холбогдох татварыг ногдуулна” гэж, 36 дугаар зүйлийн 36.1-д “Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” гэж тус тус заасны дагуу цахим тайлангийн e-tax.mta.mn систем болон хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн нөхөн ногдуулалтын акт тогтоосон ба энэ нь хууль зүйн үндэслэлтэй ба нөхөн ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

4. Маргааны үйл баримтын талаар:

   4.1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХКомпани нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд Булган аймгийн Татварын хэлтэст “цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар, газрын төлбөр, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлөгч” буюу татвар төлөгчөөр бүртгэлтэй хуулийн этгээд байна. /хэргийн 13 -17 дугаар тал/

4.2. Иймд тухайн татвар төлөгчийн татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг Булган аймгийн Татварын хэлтэс хянан шалгах, хяналт тавих харьяалалтай ба хариуцагч татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газрын даргын “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Булган аймгийн Татварын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “тусгай удирдамж”, томилолтын дагуу нэхэмжлэгч байгууллагын 2021 оны 01 сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийжээ. /хэргийн 36-37, 39-40, 42 дугаар талууд/

4.3. Шалгалтын явцад нэхэмжлэгчийг 2022 онд 19,521.30 грамм алт тушаасан боловч  Туул голын сав газартай хийсэн ус ашиглах гэрээ байгуулаагүй, Усны газраас ус ашиглуулах дүгнэлт гаргуулаагүй, ус ашигласан төлбөр төлөхөөр тайлагнаагүй, төсөвт төлбөр төлөөгүй нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын акт /шийдвэр/-ыг гаргасан.

4.4. Нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий актыг хянуулахаар Булган аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандаж, тус зөвлөлөөс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулан 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хэргийн 10-12 дугаар тал/    

4.5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.  

5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 14 цаг 49 минутад түүний 88109256 дугаарын утсанд холбогдож мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.

 Хариуцагч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

6. Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль болон холбогдох журамд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.

7. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэж гаргасан хариуцагчийн  2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.  

8. Нэхэмжлэл үндэслэлгүй.

9. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэжээ.

10. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтын дагуу гүйцэтгэсэн байна. /хэргийн 36-37, 39-40, 42 дугаар талууд/ 

11. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, ...үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх ...” гэж тус тус хуульчилсан.

12. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-т зааснаар Нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

13. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д "Төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.25-д “усны нөөц ашигласны төлбөр” нь Монгол Улсын татварын нэг төрөл байхаар хуульд заасан.

14.  Мөн дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна”, 9.2-т “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно” гэж тус тус зааснаар ус ашигласны төлбөр төлөгч, уг татвар ногдох зүйл, татварын хувь хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.  

15. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл”-ийг тодорхойлж, 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна” гээд 6.1.2-д “уул, уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус”, Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1.1-д “Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлнө” гэжээ.

16. Нэхэмжлэгч нь 2023, 2024 онуудад “Ус ашиглах гэрээ”-г байгуулж, зохих зөвшөөрөл авсан талаарх мэдээллийг Туул голын сав газрын захиргаанаас хяналт шалгалт хийгдэх явцад хариуцагчид хүргүүлсэн байна. /хэргийн 51 дүгээр хуудас/

17.   Нэхэмжлэгч нь дурдагдсан онуудад зөвшөөрөл авч гэрээ байгуулан, эрх бүхий байгууллагаас 2024 онд дүгнэлт гаргасан үйл баримтуудаас дүгнэхэд тэрээр тодорхой зориулалт, хугацаа, болзол заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглаж байгаа нь нотлогдож байна.

18. Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага... нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна”, 26.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан ... “ус хэрэглэгч”, “ус ашиглагч” гэж ангилах”-аар заасны зэрэгцээ уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “"ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ойлгоно” гэж заажээ. 

19. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд “...Тус компани нь ...Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт “Туул” нэртэй ашигт малтмалын ашиглалтын ...тусгай зөвшөөрөлтэй талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг 2022-2025 онуудад явуулж ирсэн...” гэж дурдсан байх ба дээрх үйл ажиллагааг ус ашиглан явуулдаг гэдгээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлон тайландаа тусгасан зэргээс харахад нэхэмжлэгч нь “ус ашиглагч” байна.

20. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нар журамд заасныг буруу хэрэгжүүлж, “жишиг үнийн арга”-аар 2022 оны усны төлбөрийг 2024 оны төлбөртэй дүйцүүлж тооцсон нь үндэслэлгүй ” гэж тодорхойлсон,

хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нөхөн төлбөрийн актыг Татварын ерөнхий хуульд заасны дагуу тооцож тогтоосон ба маргаан бүхий актын үндэслэлд “журам”-ын зохицуулалтыг ашиглаагүй, хуульд заасны дагуу төлбөрийн акт гаргасан” гэж тайлбарлав.

21. Нэхэмжлэгч нь уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлсэн талаараа нэхэмжлэлд дурдсан байх боловч харьяа татварын хэлтэст “усны төлбөр төлөгч”-өөр 2023 онд бүртгүүлсэн. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн 2022 онд ус ашиглах талаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, харьяа татварын албанд бүртгүүлж, тайлан гаргаагүй зэрэг нь холбогдох баримтаар тогтоогдсон байх тул хариуцагчаас үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласан гэж үзэн усны нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан нь үндэслэлтэй.

22.  Маргаан бүхий төлбөрийн актаар нэхэмжлэгчийн 2022 онд ашигласан усны тооцооллыг гаргахдаа нэхэмжлэгч байгууллагын тайлан, мэдээнд үндэслэсэн байх ба хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч нь 2022 онд ус ашигласан талаарх болон татвар ногдуулалтын хяналт шалгалтад хамрагдах хугацааны тайлан, холбогдох баримтаа хариуцагчид ирүүлээгүй байна. Хариуцагчаас “******* ******* *******” ХХКомпаниас холбогдох баримтыг ирүүлэхийг шаардан мэдэгдэх хуудас 2 удаа цахим шуудангаар, биечлэн 1 удаа мэдэгдлийг хүргүүлжээ. /хэргийн 43, 48-49 дүгээр тал/  

23. Нэхэмжлэгчийн 2021-2024 онуудад уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулсан эсэх болон ус ашигласны төлбөр төлсөн байдлын судалгааг хариуцагч дараах байдлаар гаргажээ. Үүнд: 1. Алт тушаасан байдал /олборлолт/ :2021 онд-0, 2022 онд -19,521.30, 2023 онд 60,179.12, 2024 онд -16,391.30 грамм алт тус тус тушаасан мэдээлэл,

Ус ашигласан төлбөрт : 2021 онд -0, 2022 онд -0, 2023 онд “гэрээгээр ногдсон -159,075,706.00, ногдсон -159,075,705.60, төлсөн -159,075,705.60”, 2024 онд “гэрээгээр ногдсон -132,574,598.00, ногдсон -132,674,598.00, төлсөн -132,674,598.00” гэж тусгагдсан.

24. Дээрх тооцооллоос харахад хяналт шалгалтад хамрагдсан 2021-2024 оны 2022, 2023, 2024 онуудад нэхэмжлэгч нь ашигт малтмалын олборлолт хийж, усыг тодорхой хэмжээгээр ашигласан болох нь тогтоогдож байна.

 25. 2022 онд нэхэмжлэгч нь тодорхой хэмжээний алтыг холбогдох байгууллагад тушаасан нь ус ашиглан үйл ажиллагаа явуулж олборлолт хийснийг нотолж байх бөгөөд уг олборлолтын үйл ажиллагааг явуулахад тодорхой хэмжээний ус ашигласан байтал ус ашигласан тайлан гаргаагүй, усны төлбөр төлөөгүй болох тогтоогдлоо.

26. Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч хуулийн этгээд ба усны нөөц ашигласан тооцооллоо үнэн зөв тайлагнан төлбөрийг төлөх үүргийг хуулиар хүлээсэн.

27. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2022 онд ус ашигласны төлбөрийг өөрөө тодорхойлж тайлагнаагүй тул түүний ус ашигласны төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо мөн хуулийн 6.1.11 /"жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг ойлгоно”/-т заасны дагуу өөрт байгаа мэдээлэлд үндэслэн татварын хэмжээг тодорхойлсныг буруутгах боломжгүй.

28. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг зөрчиж бидний эрх зүйн байдлыг д*******уулсан. Энэ тухай шүүхээс тухайлан нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгэх хүсэлттэй” гэж дурдсан байх боловч хариуцагч нар ямар хууль, эрх зүйн баримт бичгийг буцаан хэрэглэсэн нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхээс нотлох баримт цуглуулах ямар ажиллагаа хийлгэх хүсэлтэй байгаагаа тодруулаагүй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөн нотлох баримтын эх сурвалжийг заагаагүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. 

29. Татварын улсын байцаагч нар нь шийдвэр гаргах ажиллагааны журам болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг зарчмуудыг зөрчөөгүй, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан “Татвар зайлшгүй байх”, “шударга байх” зарчимд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХКомпанийн Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-04250000023 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108, 114 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.МӨНХЖАРГАЛ