Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 662

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Ундраххэрлэн,   

Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн эрүүгийн 1806002130654 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 24-534 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Н.Г,

 

    Үйлдсэн хэргийн талаар:

Н.Г нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүрүгийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Итгэл худалдааны төвийн 1-р лангуун дээрээс хохирогч Н.Аюурзаны Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар хулгайлан картнаас 2.000.000 төгрөг авч хохирогч Н.Аюурзанад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806002130654 угаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Н.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.Аюурзанын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  "...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би Итгэл төвийн хаан банкны АТМ-ээс өөрийн охин Энхтуяагийн дансруу 2.600.000 шилжүүлэхэд миний дансанд 2.053.000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд би картаа цүнхэндээ хийчхээд ажлаа хийсэн... Би наймаа хийж олсон мөнгөө аваад, цүнхээ лангууны доор орхиод гарсан... намайг буцаад ороход хаалган дээр махны худалгдагч Алтан надтай зөрсөн бөгөөд намайг “та чинь хаачаад ирвээ” гэж хэлсэн. Би лангуун дээрх махаа доош нь хураачхаад гарах гэтэл мах зардаг Ганбаа гэдэг залуу надад “таны лангуун дээрээс 1200 төгрөгийн хонины сүүл зарсан гээд 1200 төгрөг өгсөн. Тэгээд намайг машинаар гэрт хүргэж өгсөн... Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө мах авахаар болоод картанд үлдсэн мөнгөө аавх гэтэл карт олдоогүй. Тэгээд тэр дор нь утасаа Ганбаатарт үзүүлээд миний утасанд зарлага гарсан мессеж ирсэн байна уу үзээд өгөөч гэхэд Ганбаатар “ямар нэгэн мессеж ирээгүй байна” гэж хэлсэн. Би ойролцоо байдаг Хаан банкны салбар дээр очоод дансны лавлагаа шалгуулахад миний мөнгөнөөс 2.000.000 төгрөгийн зарлага гарсан талаар мэдэж авсан. Хаан банкны АТМ-ын камерын бичлэг дээр миний мөнгийг авсан гэх хүн нь надтай хамт наймаа хийдэг Ганбаа байсан. Би урьд нь Ганбаатараар картнаасаа мөнгө авахуулж байсан юм. Би картны нууц үгийг мэддэг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/

 

            -Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 31-32, 35-36/

            -Хаан банкны АТМ-ын камерын бичлэг бүхий СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40/

 

Шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Аюурзана 2017 оны 11 дүгээр сард надад картаа өгч мөнгө шилжүүлж байсан юм. Тэр үед би Аюурзана эгчийн Хаан банкны картны нууц кодыг мэддэг болсон юм. 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой ажил тарах үед Аюурзана эгч өөрийнхөө Хаан банкны виза картыг лангуун дээр орхиод гарсан байхаар нь би картыг нь аваад явчихсан юм. Тэгээд тэр оройноо Чингэлтэй дүүргийн 7-н буудлын эцсийн Хаан банкны АТМ орж 2.000.000 төгрөг авсан...”  гэх мэдүүлэг /хх-н 46-47 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, Н.Гын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 48-52/, шүүгдэгч Н.Г, хохирогч Н.Аюурзана нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Н.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн Н.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Н.Гын хохирогч Н.Аюурзанын Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч улмаар бэлэн мөнгөний машинд уншуулан 2.000.000 төгрөгийг тус картнаас авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаж, тодорхой хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн АТМ-ийн камерийн бичлэг бүхий сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 240 цагийн нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Гт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор хорих ялаар солихыг Н.Гт мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ