Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00774

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/00774

 

 

Ремон ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00328 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ремон ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Уянгад холбогдох

 

Сургалтын зардал 6 211 755 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, дутуу олгосон цалин хөлс 4 384 448 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Ремон ХХК-ийн захирал Б.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо шүүхэд гаргасан тайлбартаа:

"Ремон ХХК С.Уянгатай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 тоот тушаал гарган сургалтын администраторын албан тушаалд томилон ажилуулсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сургалтын гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үр дүнгийн гэрээг тус тус байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ажилтны сахилга, хариуцлага, нууцын баталгааны талаарх хэлцэлд ажилтан гарын үсэг зурсан. Ажилтан С.Уянга нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Ремон ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн албанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд тэр өдрөө дур мэдэн ажлын байраа орхин явсан. Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар "Ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхино" мөн Ремон ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1 дэх заалт "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд ажилтантай тойрох хуудсаар тооцоо хийсний дараа нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж өгнө", мөн 6.2.3 дахь заалтад "Ажлаас чөлөөлөгдөж буй ажилтан хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичиг, тоног төхөөрөмжийг ажлын байрны шууд удирдлагад тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгөх үүрэгтэй" гэсэн заалтуудын дагуу ажлаа хүлээлгэн өгч, сургалтын болон үр дүнгийн гэрээгээ харилцан дүгнэх тапаар 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр тус тус бичгээр мэдэгдсэн боловч ажилтан ажил үүргээ хүлээлцээгүй болно. Ажилтан С.Уянгыг ажиллах хугацаанд нь хоёр удаа Сингапур улс руу сургалтанд хамруулж, уг сургалттай холбоотой бүхий л зардлыг онгоцны тийзний зардал,

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ремон ХХК-ийн С.Уянгад холбогдуулан гаргасан сургалтын зардал 6 211 775 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Уянгын Ремон ХХК-д холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин хөлс 4 384 448 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ремон ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 340 төгрөгийн 114 338 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 2 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ремон ХХК-д, хариуцагч С.Уянгаас 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 110 төгрөгийн 85 101 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч С.Уянгад тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь хэргийн талаар дүгнэхдээ "...талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах гэдэгт ажилтан, ажил олгогч хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцсны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдлыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд тухайн шаардлага шалтгааныг мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байх шаардлагатай" гэж хууль зүйн илэрхий алдаатай дүгнэлт гаргасан. Учир нь эрх зүйн бүрэн чадамжтай ажилтан, ажил олгогч нар нь харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн нэг болох гэрээг хугацаатай байгуулахыг хүлээн зөвшөөрч, талууд гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх заалтанд "Энэхүү гэрээг 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар байгуулав. Хугацааг ажилтан ажил үүргээ бодитой хийж эхэлсэн өдрөөс эхлэн тоолно" гэж заасны дагуу хэн алины санаачлагаар тодорхой үндэслэлтэй буюу 3 жилийн хугацаанд ажилтан С.Уянга нь тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллавал ажилтанд гэрээний 5.3 дахь заалтанд зааснаар компаниас тухайн хугацаанд ажилтанд олгосон бонус, сургалтын зардал, бусад материалын зардлыг буцаан төлүүлэхгүй байх үндэслэлтэйгээр уг хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Мөн ажилтан С.Уянгатай байгуулсан Үр дүнгийн гэрээний 4.10 дахь хэсэгт "Хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас гарвал гэрээний хугацаанд сурсан сургалтын зардлыг 100 хувь эргүүлэн төлөх үүрэгтэй" гэж заасан нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тодорхой үндэслэл шаардлагын нэг хэсэг болно. Сургалтын гэрээний 4.11 дэх хэсэгт "Хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргавал сургалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасан нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болно. Хэрэв ажилтан С.Уянга хөдөлмөрийн гэрээнд заасан 3 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан бол компанийн зүгээс ажилтны хөгжүүлэх, сурч мэдэхэд нь зориулан гаргасан зардал болох Сингапур улс руу 2 удаа явуулсан онгоцны зардал, сургалтын зардал, бусад /хоол, хүнс, тээврийн, даатгалын зардал гэх мэт/ зардлыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байсан болно. Гэтэл ажилтан С.Уянга нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр буюу хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 5 cap ажиллаад ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ өгсөн өдрөө ажлын байраа дур мэдэн орхин явсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж манай компанийн зүгээс үзэж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн агуулгыг заана гэж хуульчилсан байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00328 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн тайлбар татгалзал дутуу бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дутуу авагдсан шийдвэрийн эхний нүүр зардал гэсэн үгээр төгссөн байх бөгөөд нэхэмжлэгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлага, тайлбар бүрэн тусгагдаагүй, хариуцагчийн тайлбар бичигдээгүй, шийдвэрийн эхний нүүрийн ард хэсэгт Үндэслэх нь гээд эрх зүйн дүгнэлтийн хэсэг шууд бичигджээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэээс үзэхэд тухайн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Оюунзул оролцож тайлбар гарган мэтгэлцсэн байна.

 

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тусгаагүй, шийдвэрийг дутуу бичсэн байгаа нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ремон ХХК-ийн төлсөн 114 340 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО