| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00108/И |
| Дугаар | 154/ШШ2025/00108 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 154/ШШ2025/00108
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэм хорын хохирол болох 1,459,900 /нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”... “Д.******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт хохирогч *******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 08 дугаартай шийтгэх тогтоолоор Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг" үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Д.*******ийн учруулсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогч ******* нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд:
| эмийн эмчилгээ өндөр өртөгтэй | Ач заяа эмнэлэг | 1,150,900 | 11/30/2022 |
| оношилгоо, шинжилгээ | Ховд аймгийн БОЭТ | 84,000 | 11/29/2022 |
| амбулаторийн хяналтын үзлэг | Ховд аймгийн БОЭТ | 11,000 | 11/30/2022 |
| амбулаторийн үзлэг | Ховд аймгийн БОЭТ | 15,000 | 11/29/2022 |
| амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц | Ховд аймгийн БОЭТ | 57,000 | 11/29/2022 |
| амбулаторийн хяналтын үзлэг | Ховд аймгийн БОЭТ | 11,000 | 11/29/2022 |
| Амбулаторийн үзлэг | Ховд аймгийн БОЭТ | 15,000 | 11/30/2022 |
| Гэмтлийн яаралтай тусламж | Ховд аймгийн БОЭТ | 0 | 11/30/2022 |
| Ойрын | ******* сумын ЭМТ | 86,000 | 11/27/2022 |
| Амбулаторийн үзлэг | Ховд аймгийн БОЭТ | 15,000 | 12/12/2022 |
| Амбулаторийн үзлэг | Ховд аймгийн БОЭТ | 15,000 | 12/12/2022 |
нийт 1,459,900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой.
Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй".
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Д.*******ид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан "...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах" тухай хүсэлтийг ирүүлсэн.
Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.
Д.*******оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 1,459,900 /нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь ******* дугаартай дансанд оруулахаар прокурорын нэхэмжлэлийн шаардлага гаргав.
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* миний бие Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 1,459,900 төгрөгөөс 291,980 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны дотор, 291,980 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны дотор, 291,980 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны дотор, 291,980 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 22-ны дотор, 291,980 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны дотор Төрийн сан дахь ******* тоот дансанд төлж барагдуулах болно. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар Д.*******оос гэм хорын хохирол 1459900 /нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь гэм хорын хохирол 1,459,900 төгрөгөөс 291,980 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны дотор, 291,980 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны дотор, 291,980 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны дотор, 291,980 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 22-ны дотор, 291,980 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны дотор Төрийн сан дахь ******* тоот дансанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлага болох 145,9900 /нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөгийг хариуцагч Д.******* нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 14768 төгрөгийн тал хувь болох 7384 төгрөгийг хариуцагч Д.*******оос гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ