Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1333

 

 

 

 

 

 

     2024         12             10                                        2024/ДШМ/1333

 

 П.Өт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч З.Х,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1061 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч З.Хийн гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор З.Өлзийхүүгийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 58 дугаар эсэргүүцлийг тус тус үндэслэн П.Өт холбогдох эрүүгийн 2206031360592 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн П.Ө, 1982 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш-орчуулагч, судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .................... тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 426 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 100,000 төгрөгийн хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 7,560,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 540,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нийт 8,100,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ................................/;

Шүүгдэгч П.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө, гар цайлгах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, хохирогч А.Аээс 1,500,000 төгрөгийг өөрийн охин З.Эгийн Хаан банкны 5037767855 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Өыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил, 1 cap, 1 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 9 cap 1 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 164 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 хохирогчтой, 1,500,000 төгрөгийн хохиролтой хэрэгт хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй, уучлалт гуйж оролцсон билээ. Надад шүүхээс 8 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Учир нь, миний 2019-2022 оны хооронд үйлдэгдсэн хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ялаа эдэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн, хаалттай /тусгай гэгдэх/ 407 дугаар хорих ангийн хүнд нөхцөлд санкцийн дээд хэмжээтэй суудаг залилангийн хэрэгтээ цор ганц хүн билээ. Онц хүнд, хэрцгий хүн амины хэрэгтээ 5 хүнтэй зэрэгцэн байдаг. Надад цаг мөч бүхэн маш үнэ цэнтэй, харамсалтай байдаг болохоор тэр үеийн буюу 2022 оны 07 дугаар сарын гомдол бүхий 1,500,000 төгрөгийн 1 үйлдэл 2024 онд шүүхээр тусдаа орж, 8 сар хаалттай хорих байгууллагад ял нэмж, 12 жил 8 сар хаалттай хорих ял болж хуулийн санкци давсан, эрх зүйн байдал дордуулсан шийдвэр гарсанд гомдолтой байна. Хэдийгээр маргаж болох зүйл байсан боловч өөрийн зүгээс улсынхаа хуулийг зөрчсөн буруутай үйлдэлдээ гэмшиж, өөрийгөө өмөөрч хамгаалан тайлбар хийж, хуулийн байгууллагын ажлыг сунжруулахгүйг хичээн ганц үйлдлийг нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор шийтгэж өгөхийг хүсэж байсан. Энэ үйлдэл дундаас нь үлдэж, хожим гарч ирсэнд харамсаж байна. Миний буруугаас болоогүйг дурдах нь зүйтэй. Надад өндөр настай, элэгний хорт хавдартай эх, ганц охин минь энэ урт 12 жилийг хэзээ дуусахыг мэдэхгүй бүлтийн хүлээж байгаа болохоор дахин 8 сар нэмүүлэх үнэхээр хүнд туслаа. Хүн шударгаар хөдөлмөрлөөд олж болдог мөнгөний төлөө хууль зөрчин алдаа хийж амьдралын хамаг сайхныг торны цаана өнгөрүүлж байгаадаа дэндүү их харамсдаг. Дахин хүн хохироох үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ амлая. Би 42 настай, бамбайн дутмагшил өвчтэй. Надад оногдуулсан 8 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Өын өмгөөлөгч З.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн 2206031360592 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд П.Өыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн хорих ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 9 cap 1 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 164 хоногийг эдлэх ялд оруулж тооцох, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн шүүгдэгчийн хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байхад хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргалаа.

Учир нь, шүүгдэгч урьд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолоор 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаа эдэлж байх үед 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн А.Аийг залилж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан улмаар шүүхээр шийтгүүллээ. Шинээр шийтгүүлсэн гэмт хэрэг нь өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон үйлдлүүдтэй нэг цаг хугацаанд боловч тухайн үед шалгаагүй учир хожим ийнхүү яллаж шийтгэсэн. Гэхдээ уг үйлдлийг нэгтгэн шалгаагүй, шалгуулаагүй гэхээс илүүтэй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлд заасан хорихоос өөр ялын төрөл, хэмжээг сонгох боломжтой, харгалзан үзэх нөхцөл байдлууд ч хангагдсан гэж үзэж байна.

Иймд хаалттай хорих байгууллагын тусгай зэрэглэлд буюу хамгийн хүнд нөхцөлд ял эдэлж, цээрлэл амсаж яваа өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд П.Ө нь иргэн А.Аийг хохироосон үйлдэлдээ туйлын гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж тусад нь эдлүүлэхээр тогтоож өгөхийг хүсье. ...” гэв.

Прокурор З.Өлзийхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч П.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Харин шийтгэх тогтоолын УДИРТГАЛ хэсэгт “...Шүүгдэгч П.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө, гар цайлгах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч А.Аээс 1,500,000 төгрөгийг өөрийн охин З.Эгийн Хаан банкны 5037767855 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгах асуудлуудыг нэг бүрчлэн нэрлэн заасан байх ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д "шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад хамаарах” гэжээ.

Гэтэл шийтгэх тогтоолын УДИРТГАЛ хэсэгт шүүгдэгчийн холбогдсон залилсан гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь үндсэн бүрэлдэхүүнээс гадна хэд хэдэн хүндрүүлэх шинжтэй, мөн тухайн зүйлд заасан гэмт хэрэг нь зүйлийн доторх хэсэг, хэсгийн доторх заалттай байна. Мөн шүүх шүүгдэгч П.Өт хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталсан, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дангаар нь баримталсан зэргээр хууль хэрэглээний алдаа гаргасан буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд шүүгдэгч П.Өт хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг, мөн цагдан хоригдсон хугацааг тооцохдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс гадна мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталсан талаарх өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн “ТОДОРХОЙЛОХ” болон “ТОГТООХ” хэсэгт оруулах шаардлагатай байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1061 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Өт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй; Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Тодруулбал;

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, П.Ө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байхад нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЦХШЗ/359 дүгээр шүүгчийн захирамжаар түүнийг энэ хэрэгтээ нь холбогдуулан яллагдагчаар цагдан хорих тухай шийдвэр гарчээ.

Шүүгдэгч П.Ө нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас 9 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хорих байгууллагын ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгч П.Өын эдлээгүй үлдэж байгаа ялын талаар олон янзаар зөрүүтэй дүгнэлт хийж, тогтоох хэсэгтээ түүний үлдэгдэл ялыг 8 жил 1 сар 1 хоног гэж ялыг буруу тогтоосон нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.  

Мөн шүүх шүүгдэгч П.Өт хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталсан, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дангаар нь баримталсан зэргээр хууль хэрэглээний алдаа гаргасан буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаж гарч чадаагүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэхдээ, мөн энэ хэрэгт холбогдуулан хоригдсон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохдоо шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байгааг зөвтгөж шийдвэрлэх шаардлагатай.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1061 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч З.Х нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч П.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1061 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ГАНБААТАР

 

                       ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ