Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2025/00126

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

          Нэхэмжлэгч: “Төрийн банк” ХК-ний нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, Их шарнууд овогтой ******* *******

          Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, Их шарнууд овогт *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,123,070.83 /арван зургаан сая нэг зуун хорин гурван мянга далан төгрөг наян гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Бандийн *******, *******гийн ******* нар нь 2023 оны 6-р сарын 15-ны өдөр Төрийн банкны Ховд салбар Булган тооцооны төв MN600034110201859757 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулан, 462 толгой мал, 6 ханатай бариа гэр, хөлдөөгч, эзэмших газар итгэмжлэлээр барьцаалан 17,500,000 /Арван долоон сая таван зуун мянган / төгрөгийн малчны зээлийг жилийн 19.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан.

2024 оны 09-р сарын 28-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ/цаашид нэмэлт гэрээ/-г Монгол улсын иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 451-453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, 4 дүгээр бүлэг, Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2024 оны 106 дугаар тогтоол, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-60 дугаар тушаал, 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн Төрийн банкны Зээлийн ерөнхий хорооны хурлын 26/02 тоот шийдвэр, Зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн,

зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ байгуулж зээлийн үлдэгдэл 14,999,843.29/арван дөрвөн сая есөн зуун ерөн есөн мянга найман зуун дөчин гурван төгрөг хорин есөн мөнгө мөнгийг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэг жилийн хугацаанд хойшлуулсан.

Зээлдэгч Б.*******, И.******* нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 2,500,156.71 төгрөгийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн.

Хариуцагч Б.*******, И.******* нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй 44 хоног хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 заалтад заасан үүргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд Б.*******, И.******* нартай байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 заалтад заасныг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 14,999,843.29 төгрөг, зээл хүүгийн төлбөр 1,090,614.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 32,612.95 төгрөг, нийт зээлийн хүүний төлбөр 16,123,070 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б.*******, И.******* нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 16,123,070.83 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 238,565.35 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.          

Хариуцагч Б.*******, И.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******, И.******* бид Төрийн банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Үндсэн зээл 14,999,843.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,090,614.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 32,612.95, нийт 16,123,070.83 төгрөгөөс 5,532,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны дотор, үлдэгдэл 10,591,070.83 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний дотор тус тус төлж барагдуулах болно.

Улсын тэмдэгтийн хураамж 238,565.35 төгрөгөөс Улсын тэмдэгтийн тухай хуульд зааснаар 50 хувь болох 119,282.675 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 11- ний дотор төлж барагдуулах болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь хариуцагч Б.*******, И.******* нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 16,123,070.83 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 238,565.35 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, И.******* нь Үндсэн зээл 14,999,843.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,090,614.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 32,612.95, нийт 16,123,070.83 төгрөгөөс 5,532,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны дотор, үлдэгдэл 10,591,070.83 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

     Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д  заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ны нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 14,999,843.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,090,614.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 32,612.95, нийт 16,123,070.83 төгрөгөөс 5,532,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны дотор, үлдэгдэл 10,591,070.83 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний дотор эхлэн хуваарийн дагуу хариуцагч Б.*******, И.******* нар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ны  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,565.35 төгрөгийн 119,282.7 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 119,282.6 төгрөгийг хариуцагч  Б.*******, И.******* нараас гаргуулж нэхэмжлэгч  Төрийн банк” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                         ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ