| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00172/И |
| Дугаар | 154/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 154/ШШ2025/00184
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд Булган тооцооны төвийн захирал ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой *******д холбогдох зээл зээлийн хүү 3,429,748.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд Булган тооцооны төвийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ5635110606 тоот малчны зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 19,2 (Арван ёс аравны хоёр) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. ******* овогтой ******* нь ЗГ5635110606 тоот зээлийн гэрээний хавсралт №1 -ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 190 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн зээлийн төлбөрт 2,999,462.66 төгрөг
Үндсэн хүүний төлбөрт 390,834.68 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39,451.32 төгрөг
Нийт 3,429,748.66 /Гурван сая дөрвөн зуун хорин есөн мянга долоон зуун дөчин найман төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Зээлдэгч ******* овогтой *******аас Голомт банктай байгуулсан ЗГ5635110606 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,429,748.66 (Гурван сая дөрвөн зуун хорин есөн мянга долоон зуун дөчин найман төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж Г оломт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй танилцаа. Нэхэмжлэлийн шаардлага 3,429,748.66 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,429,748.66 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд Булган тооцооны төвийн захирал ******* нь хариуцагч Б.******* 3,429,748.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батзул нь 3,429,748.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд Булган тооцооны төвийн захирал ******* нэхэмжлэлтэй Б.Батзулд холбогдох 3,429,748.66 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батзул нь 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,429,748.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,752 төгрөгийн 71,876 төгрөгийг улсын орлогоос, 71,876 төгрөгийг хариуцагч Б.Батзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банканд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ