Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

 

 2018          06           13                                         473

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч: М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Б.М.Гд холбогдох эрүүгийн 1805 0235 20525 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чулуун хороот суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 2018 оны 4 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүрэн” нэртэй пабад иргэн А.П шаардлагыг эсэргүүцэж, улмаар нуруу хэсэгт хутгаар хатгаж, бие махбодид нь бүсэлхийд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Г мэдүүлэхдээ:

Би тухайн үед “Гүрэн” пабад 8 шил пиво уугаад, “Мичид” караоке орж хамт ажилладаг хүнтэйгээ маргалдсан. Тэгээд манай эхнэр ирэхээр нь эхнэртэйгээ бас маргалдсан. Тэгтэл П.Д ах эхнэр бид хоёрын дундуур орж ирээд “боль” гэхээр нь би текны араас хутга аваад П.Д ахыг айлгах гэтэл түүнийг хутгалсан байсан. Тэр урт хутга байсан болохоор санаандгүй хохирогчид хүрсэн байна. Би хүнээс мөнгө зээлж, хохирогчид 800 000 төгрөг төлсөн. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас санал болгосон ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.П.Д мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудалд ажлаа хийж байтал Г.Ж хамт ажилладаг залуутай маргалдаж, зодолдсон. Би очиж тэднийг салгаж, хоёр тийшээ явуулсан. Мөн удалгүй Г.Жын эхнэр гэх жирэмсэн эмэгтэй ирсэн байсан. Гэтэл Г.Ж түүнтэй маргаад байсан. Би “одоо болно, битгий маргалд” гэж хэлсэн чинь Г.Ж хутга авчирч, миний баруун хажуу талд нэг удаа хутгалсан. Тэр нилээн согтуу байсан. Би хувийн эмнэлэгт үзүүлж, боолт хийлгэж байгаа. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эмчилгээний зардалд 800 000 төгрөг хүлээж авсан. Г.Жтай эвлэрсэн, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 10, 35, 37 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Нандин мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө гэртээ унтаж байтал шөнийн 05 цагийн үед манай нөхөр Г.Жын хамж ажилладаг зөөгч У.У гэх охин утсаар залгаад, “таны нөхөр Г.Ж согтуу, хүнтэй маргалдаад байна, ирж ав” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Г.Жыг авах гээд иртэл ажил дээрээ Э.С гэх залуутай Г.Ж маргалдаад зогсож байсан. Хамгаалагч П.Д ах салгаж байсан. П.Д ах “та нар одоо болно, ажил дээрээ маргалдаж, зодоон хийлээ” гэж хэлсэн. Г.Жыг аваад явах гэсэн боловч үгэнд орохгүй байсан болохоор би урагдсан байсан гадуур хувцасыг нь аваад нэг давхар руу гарсан. Араас удалгүй П.Д ах гарч ирээд “миний нурууг хар” гэж хэлсэн. Гэтэл нуруунаас нь цус гарч байсан гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5453 тоот дүгнэлтэд:

1. А.П биед бүсэлхийд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвууны 2, 3 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун сарвууны 2, 3 дугаар хуруунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг саринулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Г нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө архи ууж, согтуурсан үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүрэн” пабад хохирогч А.П “та ажил дээрээ хүнтэй маргалдаж, зодоон хийж болохгүй” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, түүнийг хутгаар хатгаж, бүсэлхийд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвууны 2, 3 дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.П.Д, гэрч Нандин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5453 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч А.П.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж, хохирол нэхэмжлээгүй, боловч “2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эмчилгээний зардалд 800 000 төгрөг хүлээж авсан. Г.Жтай эвлэрсэн, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй, бариулын нэг тал нь цуурсан, 18 см урттай хутга нэг ширхэгийг устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Б.М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Г нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

           

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.П.Дид 800 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй, бариулын нэг тал нь цуурсан, 18 см урттай хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН