Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 102/2016/07484/И |
Дугаар | 210/МА2017/00802 |
Огноо | 2017-03-28 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2017/00802
2017 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2017/00802 |
Т.Анхбилэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00024 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Т.Анхбилэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Чингисийн отог ХХК-д холбогдох
Гэм хорын төлбөрт 3 368 100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Анхбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Боловсролын яамны хойд талын төлбөртэй зогсоол дээр 2012 онд үйлдвэрлэгдсэн 64-49 УНЭ дугаартай Волкс Ваген Поло маркийн автомашиныг 1000 төгрөгийн төлбөртэйгээр тавьсан. Улмаар 11 цагийн үед ажлаасаа гарч ирэхэд тус машины дээрээс 20 литрийн бүтэн лаазтай дээврийн хар будаг машины урд копуд хэсэг дээр унасан байсан. Тус үйл явдал болсон газар "Чингисийн отог" ХХК нь Боловсролын яамны дээврийн засварын ажил хийж байсан бөгөөд барилгын засварын ажил гүйцэтгэж байсан компаний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, хийж буй ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас 5 давхар барилгын дээврийн захад хураалттай байсан лаазтай будаг унаж осол гарсан. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр автомашин техникийн үнэлгээний "Итгэлт Эстимэйт" ХХК-аар дээрхи машины эвдрэл, гэмтлийн үнэлгээг хийлгэхэд 2 988 100 төгрөгийн үнэлгээ гарсан. Тодруулбал, Машины урд буфер тогтоогчууд хугарсан, капот чихэгдэж радиаторын суурь хагарч нүүрний хөндөл чихэгдсэн, баруун урд их гэрэл хагарсан, машин хэвийн үүрэг гүйцэтгэх боломжгүй болж зогссон. Мөн тус осол гарсан өдрөөс хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд машиныг нэг сарын 150 000 төгрөгийн түрээстэйгээр гражинд тавьсан. Тус гражийг 2 сарын хугацаанд нийт 300 000 төгрөгөөр түрээсэлсэн болно. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зааж өгсөн ба тус зүйлийн 40.1.5-д "Барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах" гэж барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг тодорхой заажээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасны дагуу "Чингисийн отог" ХХК-аас эд хөрөнгийн хохирол болох 2 988 100 төгрөг, машины гражийн 2 сарын түрээсийн төлбөр болох 300 000 төгрөг, автомашины үнэлгээний хураамжинд төлсөн 80000 төгрөг, нийт 3 368 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Я.Батханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэм хор учруулсан иргэн П.Гансүх нь манай компанитай гэрээ байгуулан хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг өөрөө хариуцах үүрэгтэй байсан. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Иймд уг хэргийн хариуцагч нь иргэн П.Гансүх байх ёстой гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч "Чингисийн отог" ХХК-аас 2 569 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Анхбилэгт олгон нэхэмжлэлийн шаардлагаас 798 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Чингисийн отог" ХХК-аас 56064 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэн зөв үнэлэлт өгч, дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т.Анхбилэг нь машин тавихыг хориглосон газар барилгын ажил явагдаж байгааг өөрөө мэдсээр байж автомашинаа удаан хугацаагаар тавьсан нь түүний буруу үйлдлээс уг хэрэг гарах үндэс болсон. Мөн тухайн ажлыг хөлсөөр гүйцэтгэж байсан, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаагаа гэрээгээр өөрөө хариуцахаар үүрэг хүлээсэн П.Гансүхийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан, савтай тосыг машин дээр унагаасан П.Гансүх нь хамтран хариуцагчаар орох ёстой байсан. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнэлт хийхдээ зарим тодорхой зүйлүүдэд үндэслэл муутай дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий шударга байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.Анхбилэг нь хариуцагч Чингисийн отог ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3 368 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Анхбилэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Анхбилэг нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлж гарын үсгээ зурсан бичгийн баримтыг ирүүлсэн нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар буцаан олгохгүй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Анхбилэг нь хариуцагч Чингисийн отог ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 3 368 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Чингисийн отог ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51471 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО