| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0480/Э |
| Дугаар | 480 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 480
2018 6 13 480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Уранбилэг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч, хохирогч: Э.Б,
шүүгдэгч: хохирогч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Б.Э.Э, Б.Э.Б нарт холбогдох эрүүгийн 1805 0276 70309 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийг хасаж, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б.Э.Э.
Монгол Улсын иргэн 1999 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 113 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б.Э.Б.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний орой Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Эыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний орой Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Бийн толгойн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Э.Э мэдүүлэхдээ:
Би Э.Бийг 5 настайгаасаа эхэлж танина, бид сайн найзын харилцаатай байдаг. 2018 оны 5 дугаар сарын 09-ний орой Билэгт бид нар пиво уусан. Тэр хүнтэй хэрэлдээд байхаар нь түүнийг салгатал миний нүүр рүү цохичихоод, гараад явсан. Би араас нь гарч, түүнтэй уулзаж, дахин маргалдаад толгой руу нь хутгаар хатгаж, гэмтэл учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж, гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Хорих ангиас суллагдсанаас хойш гэмт хэрэг болон захиргааны зөрчил гаргаагүй. Цаашид ажил хийж өөрийгөө зөв авч явна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Э.Б мэдүүлэхдээ:
Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би бага зэргийн согтуу байсан. Найз Э.Э миний толгой руу хутгаар цохисноос болж би нэг удаа түүний нүүр рүү цохиж, цээж рүү нь өшиглөсөн. Миний үйлдлээс Эрболдод хөнгөн гэмтэл учирсныг зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид сургуульд сурна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Э.Э мэдүүлэхдээ:
Билэгт бид 2 муудалцаж, тэр миний нүүр рүү цохисноос надад хамар ясны хугарал, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, баруун хацрын төвгөр, баруун нүдний дээд зовхи, хамрын зүүн хажуу, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан. Надад учирсан гэмтэл эдгэрсэн. Одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.Б мэдүүлэхдээ:
Надад учирсан хөнгөн гэмтлийн улмаас би толгойдоо оёдол тавиулсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтад гэрч-Г.Г мэдүүлэхдээ:
... Би 2018 оны 5 дугаар сарын 09-ний орой 22:00 цагийн үед ахын гэрт байхад манай найз Билэгт утсаар залгаад хүрээд ирээч гэсэн. Би гараад модны 2-ын тэнд байдаг нийтийн байранд очиход Билэгт, Э.Э хоёр зодоон болоод дууссан, хэрүүл хийгээд сууж байсан. Тэгээд би Э.Бийг аваад гарах гэхэд тэр 2 хоорондоо зууралдаад хэрэлдээд байсан. Тэгээд би Э.Эыг барьж байгаад Э.Бийг гаргаад араас нь гарсан. Бид 2 гадаа явж байхад Э.Э араас гарч ирээд хөөе гээд дагаад яваад байсан. Би очоод Э.Эыг болиулаад буцаад Э.Б дээр очоод дэлгүүр орж тамхи аваад гараад ирэхэд Э.Э газар унасан, Э.Б толгойгоо барьсан зогсож байсан. Би очоод харахад Э.Бийн толгойноос цус гарсан, хутга нь толгой дээр нь зоолттой байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг рүү Э.Б такси бариад явсан гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6087 тоот дүгнэлтэд:
1.Э.Бийн биед зулай, дагзны зүүн хэсэг, зүүн мөр, зүүн суганы доор шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
(хэргийн 31 дүгээр хуудас)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6095 тоот дүгнэлтэд:
1. Э.Эын биед хамар ясны хугарал, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, баруун хацрын төвгөр, баруун нүдний дээд зовхи, хамрын зүүн хажуу, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
(хэргийн 32 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Э.Э нь Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 38а тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн ялыг хасаж, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан гэжээ.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Э.Б нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 113 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 113 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Э.Э, Э.Б нар согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 09-ний орой Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдаж, харилцан зодолдож,
Э.Э нь Э.Бийн толгойн тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь зулай, дагзны зүүн хэсэг, зүүн мөр, зүүн суганы доор шарх бүхий хөнгөн хохирол,
Э.Б нь Э.Эыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, баруун хацрын төвгөр, баруун нүдний дээд зовхи, хамрын зүүн хажуу, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт тэдний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6087, 6095 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Э.Э, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.
Хохирогч Э.Э нь шүүгдэгч Билэгтээс, хохирогч Билэгт нь шүүгдэгч Э.Эоос өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй, хэн алиндаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос тэдэнд тус бүрт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэн алиндаа төлөх төлбөргүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Э.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Э, Э.Б нар нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э, Э.Б нар цагдан хоригдсон хоноггүй, Э.Б, Э.Э нар хэн алинаасаа эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй, иш нь хугарсан 2 хэсэг болсон хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН