Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0212

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-ын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн Т.О-т холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б-ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: Ц овогтой Б миний бие нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 540 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон боловч уг захирамжтай холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхэд үүсч, улмаар бусдын орц, гарцыг хаасан гэх үндэслэлээр 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 шийдвэрээр хүчингүй болсон.

Тухайн үед захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авто ослын улмаас миний биеийн байдал хүнд байсан тул нөхцөл байдлыг сайн ухамсарлаж ойлгож чадаагүй.

Нийслэлийн газрын албаны зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон газрын төлбөрийг надаар 2015 он хүртэл шаардаж төлүүлж байснаас гадна миний бие удаа дараа өөр байршилд дахин газар олгох хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасны эцэст 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр анхны дуудлага худалдааны төлбөр болох 15,906,000 төгрөгийг төлж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжинд амины сууцны зориулалтаар 1610 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон.

Нийслэлийн газрын албанаас нийслэлийн Засаг даргын 2015 оны А/246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт 1610 м.кв газрын байршил өөрчлөгдсөнийг мэдээллийн санд 1863306020977 нэгж талбараар бүртгэж, кадастрын зургийг олгож, мэдээллийн санд хадгалсан бөгөөд нэгж талбарын дугаар олгогдсон тохиолдолд шууд мэдээллийн санд хадгалагддаг.

Миний бие амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газрыг өмчлөх хүсэлт гаргасан боловч Нийслэлийн газрын албаны зүгээс хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар өмчлөх боломжгүй гэх тайлбарыг өгч байсан тул газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай болгон өөрчилсөн.

Гэтэл миний эзэмшиж байсан газарт Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг санаатайгаар зөрчин 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийг гаргаж, О.Э, Т.О нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 700 м.кв, Э.М-т 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.

Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн нь Ц.Б миний Хан-Уул дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт 1610 м.кв газрын кадастрын зургийн мэдээллийг санаатай устгасны дараа О.Э, Т.О, Э.М нарын газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18639306007973, 18639306025988, 18639307053002 нэгж талбараар бүртгэж авсан байна.

Учир нь газар эзэмших захирамж гарсан тохиолдолд газар эзэмших гэрээг байгуулж, газрын албаны мэргэжилтэн нэгж талбарын бүртгэлийн дугаар олгож, мэдээллийн санд бүртгэж хадгалдаг болно. Түүнчлэн Хан-Уул дүүрэг 4 хороо, Арцатын 17-03 тоот, 17-04 тоот гэх хаягийг бүртгэсэн байдаг бөгөөд одоо ч уг газарт ямар нэгэн хашаа, байшин огт баригдаагүй.

Иргэн О.Э, Т.О, Э.М нар 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэгж талбарын мэдээллийг хадгалуулсны дараа 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр газар өмчлөх өргөдлөө гаргасны маргааш нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын "Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх ажлын хэсэг" 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн баталж, улмаар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар тус иргэдэд газрыг өмчлүүлсэн байна.

Энэ талаар миний гаргасан гомдлын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсээс О овогтой Э, Т овогтой О, Э овогтой М нарт олгосон газрыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох шаардлагыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2/6418 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч ямар ч хариу өгөөгүй болно.

Энэхүү нөхцөл байдлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс шалгаж, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Илтгэх хуудас гаргаж, дүгнэлт хүртэл гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0002 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар 563 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлсний дотор Т.О, О.Э нарт тус бүр 700 м.кв газрыг өмчлөх эрх олгожээ.

Нэхэмжлэгч Ц.Б-оос дээрх захирамжийн Т.О, О.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Т.О-ын өмгөөлөгч А.М-өөс “Т.О нь ...зуурдаар таалал төгссөн тул өв нээгдэж, эрх залгамжлагч тогтоогдох хүртэл хугацаанд Ц.Б-ын “нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжийн Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг О.Э-д холбогдох шаардлагаас тусгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлт гаргажээ.

Дээрх хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9697 дугаар захирамжаар Ц.Б-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргээс гуравдагч этгээд Т.О-т холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж, мөн өдрийн 9700 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 131 дүгээр захирамжаар 24 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосны дотор нэхэмжлэгч Ц.Б-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 540 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Улмаар дээрх захирамжаас үүдэлтэй нийслэлийн Засаг даргын Ц.Б-д 540 м.кв газрын эзэмших хугацааг 15 жилээр сунгасан 2014 оны А/968 дугаар, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилж, 1610 м.кв эзэмшүүлсэн 2015 оны А/246, А/722 дугаар захирамжууд гарсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Б-ын “нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар, Хан-уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн О.Э, Н.М нарт холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд О.Э-ийн “нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудын иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан үзээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 433 дугаар магадлалаар “анх Ц.Б-д 540 м.кв газрыг эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 311 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 46 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байхад Ц.Б-ын 540 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 15 жилийн хугацаатай дахин эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2-т заасныг зөрчсөн, түүнчлэн уг хууль бус захирамжийг үндэслэн, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан газар эзэмших хүсэлтийг тухайн шатны Засаг даргад хандан нэхэмжлэгч гаргаагүй байхад нийслэлийн Засаг дарга 2015 оны А/246 дугаар, А/722 дугаар захирамжуудаар газрын байршил, зориулалт, хэмжээг өөрчлөн нэхэмжлэгчид 1610 м.кв газар эзэмших эрх олгосон нь илт хууль бус” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 338 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Өвлөх эрхийн 12 дугаар гэрчилгээгээр гуравдагч этгээд Т.О-ын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18639306025988 дугаартай 700 м.кв газрыг өвлөх эрх О.Э-д шилжсэн байх бөгөөд түүнээс шүүхэд хандан гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээх хүсэлтийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 7688 дугаар захирамжаар Ц.Б-ын “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжийн Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ц.Б-д анх 540 м.кв газар эзэмших эрх олгосон боловч шүүхээр хүчингүй болсон нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийг үндэслэн гарсан дараа дараагийн захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоосон хуулийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн магадлал, тогтоол байх тул “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг хариуцагчийн зүгээс гаргаагүй, нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар, нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн Т.О-т холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад энэ талаар дүгнэлт хийж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн Т.О-т холбогдох хэсгийг хассан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0002 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт ”Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар” гэсэн хэсгийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН