Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 27

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга А.Батдорж, нэхэмжлэгч Б.Сэрдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нархүү нарыг оролцуулан, Б.Сэрдагвын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Сонгуулийн хороонд холбогдох “Хүрээмарал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэрдагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албанд Төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус байгууллагын даргад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, Орон нутгийн сонгуульд МАН-аас Хүрээмарал сумын 2 дугаар тойрогт нэр дэвшсэн юм.

Миний бие энэхүү албанд ажиллаж байхдаа төрийн албаны шалгалт өгч байгаагүй учир намайг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй. Мөн энэ ажлын байр нь сул орон тоо гэж олон нийтэд зарлагдсан байдаг юм.

Тус сумын сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг надад олгосон. Ардчилсан намаас гаргасан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 94 тоот хүсэлт, Аймгийн Сонгуулийн хорооны албан тоотын дагуу шалгаж төрийн жинхэнэ албан хаагч хуульд заасан хугацаанд ажил олгогчдоо хүсэлтээ гаргаагүй байна гэж үзээд нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан юм.

Иймд тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны 5 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хүрээмарал сумын Сонгуулийн хорооны дарга Б.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Ардын намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2 дугаар нэр дэвшигч Базаррагчаагийн Сэрдагвыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулж, тогтоол хүчингүй болгох тухай Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 094 дүгээр албан тоотыг аймгийн Сонгуулийн хорооны даргын цохолттой 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутад сумын сонгуулийн хороонд мэйл хаягаар ирүүлж 17 цаг гэхэд хариу шийдвэр гаргаж өг, саналын хуудас хэвлэгдэж байгаа тул яаралтай сонгуулийн хорооны шийдвэрээ гарга гэсэн шаардлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Ганбатад мэдэгдэл хүргүүлж холбогдох материалыг гаргуулан авч сумын сонгуулийн хорооны хурлаар хэлэлцсэн.

Нэр дэвшигч Б.Сэрдагвын өөрийн гаргасан өргөдөл нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтаар 3 сарын өмнө удирдах дээд байгууллагад хувийн өргөдлөө гаргана гэсэн заалтыг зөрчиж 2 сарын өмнө буюу 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хувийн өргөдлөө гаргасан байна гэж үзээд сумын сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар болж шийдвэрийг гаргаж мэйл хаягаар аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагт хүргүүлсэн болно.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудагдаж Б.Сэрдагвын хувийн нэхэмжлэхтэй танилцахад төрийн жинхэнэ албан хаагч биш түр албан тушаалаар ажиллаж байсан гэсэн нэхэмжлэл гаргажээ.

Сумын сонгуулийн хорооноос тухайн албан хаагчийг бүр болон түр ажиллаж байгааг шалгах эрх байхгүй тул сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэн шийдвэрээ гаргасан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэрдагва Хүрээмарал сумын Сонгуулийн хороонд холбогдуулан  “Хүрээмарал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүрээмарал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 05 дугаар тогтоолоор Б.Сэрдагвыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн байна. Учир нь Хүрээмарал сумын 2 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Сэрдагвыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ[1] эрх бүхий албан тушаалтанд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/06[2],  2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Санхүүгийн албан байгуулах тухай” 5[3], 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/13[4] дугаар тушаалуудаар нэхэмжлэгч Б.Сэрдагвыг тус сумын төрийн сангийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон болох нь тогтоогдож байх авч түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг зөрчих үндэслэл, нэхэмжлэгчид давуу байдал болохгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ.”, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.” гэж тус тус заасан атал нэхэмжлэгч Б.Сэрдагва өөрийгөө Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хамаарахгүй, сонгон шалгаруулалтад оролцоогүй, сумын Төрийн сангийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.” гэж хуульчилсан боловч тухайн төрийн албан хаагч мэргэшсэн, албан тушаалаа байнгын эрхэлж байгаа эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад захирагдах учиртай.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнг туслах түшмэлийн /ТЗ-3/ ангилалд хамруулсан, Б.Сэрдагва төрийн албан хаагчийн цалин хөлсийг авч, эрхийг нь хэрэгжүүлэн ажиллаж байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрийгөө төрийн албан хаагч гэж үзэн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдлаас үзвэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр төлөвлөсөн, нэрээ дэвшүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4-д заасан шаардлагыг хангах боломжтой байжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.”, Төрийн албаны тухай хуулийн 23.2-т “...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана.” гэж нэг харилцаанд өөр өөрөөр хугацааг хуульчилсан, нэр дэвшүүлэх нийтлэг журам, нэр дэвшигчийг бүртгэх, бүртгэхээс татгалзах зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь Сонгуулийн тухай хууль байна.

Тухайн тохиолдолд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн, Сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй этгээдийг бүртгэсэн, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д заасан нягтлан шалгах үүргээ бүрэн биелүүлээгүй зэрэг буруутай ч нэхэмжлэгч дээрх хуулиудын аль алинд хамаарахгүй буюу 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эрх бүхий албан тушаалд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, Хүрээмарал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 5 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, уг тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй байх тул Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу нэр дэвшигчийн бүртгэлээс хассаныг буруу биш гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сэрдагвын “Хүрээмарал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН


[1] Хавтаст хэргийн 5 дахь тал

[2] Хавтаст хэргийн 59 дэх тал

[3] Хавтаст хэргийн 29 дэх тал

[4] Хавтаст хэргийн 41 дэх тал