Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ20176/00095

 

“ЭДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00658 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1869 дүгээр магадлалтай,

“ЭДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Цогтгарамгай” ХХК-д холбогдох,

61.707.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Энхмандах, Н.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар  оролцов.

Нэхэмжлэгч “ЭДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь гэрээний дагуу чанарын түвшинд нийцсэн бетон зуурмагийг цаг хугацаанд нь нийлүүлсэн. “Цогтгарамгай” ХХК нь урьдчилгаа 24.270.000 төгрөгийг өгсөн боловч үлдэх төлбөрийг янз бүрийн шалтаг, шалтгаан хэлж төлөөгүй. Хоёр тал гэрээ байгуулаад бетон зуурмагийг нийлүүлж байхад чанарын талаар ямар нэгэн зүйл яригдаагүй. Бетон зуурмагийн чанарыг тухайн марканд хүрсэн эсэхийг 28 хоног дээр нь барилга корпорациар баталгаажуулан өөрийн архивт хадгалан, тухайн худалдан авагч талд өгсөн. Мөн захирал Чин-Эрдэнэ  2013 оны 12 дугаар сард 02-ны өдөр 15/150 тоот бичгээр Ж.Одончимэгийг 3 жилийн хугацаатайгаар “ЭДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн бүх эрх мэдлийг шилжүүлсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 41.138.000 төгрөг, алданги 20.569.000 төгрөг, нийт 61.707.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Цогтгарамгай” ХХК-ийн захирал Б.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь “ЭДТ” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15/12 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч “ЭДТ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж гэрээг байгуулсан. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/150 итгэмжлэлд Ж.Одончимэг нь “ЭДТ” ХХК-ийг төлөөлөн гэрээ хэлэлцээр хийх, компанийн дансан дахь мөнгийг захиран зарцуулах, бусад тооцооны баримтууд дээр гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосныг харахад Ж.Одончимэг нь “ЭДТ” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. “Цогтгарамгай” ХХК-д 41.138.000 төгрөгийн үнэтэй чанарын баталгаа хангасан бетон зуурмаг нийлүүлсэн гэдгийг нотолсон баримт байхгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15/12 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах тээвэрлэх гэрээг “ЭДТ” ХХК-иас төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан учир хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон итгэмжлэл олгосон боловч мөн хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар бичгээр гаргах итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Энэхүү итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр байх чадамжаа алдсан учраас 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15/12 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэх гэрээнд гарын үсэг зурсан Ж.Одончимэг нь төлөөлөх эрхгүй этгээд юм. Төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчингүй болдог. “Цогтгарамгай” ХХК нь “ЭДТ” ХХК-иас бетон зуурмаг авсан. Гэхдээ 41.138.000 төгрөгийн бетон зуурмагийг “Цогтгарамгай” ХХК-д нийлүүлсэн талаарх нотлох баримт хэргийн материалд байдаггүй. Мөн уг хэрэг маргаанд нэхэмжлэгч “ЭДТ” ХХК-ийг төлөөлж Ж.Чин-Эрдэнэ захирал шүүгчийн захирамжийн дагуу хэргийн оролцогчоор оролцож байгаа боловч Ж.Одончимэгт олгосон итгэмжлэл хэргийн материалд байхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00658 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “Цогтгарамгай” ХХК-иас 61.707.000 төгрөг гаргуулж “ЭДТ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Цогтгарамгай” ХХК-иас 466.485 төгрөг гаргуулж “ЭДТ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.485 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1869 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00658 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...232.4...” гэснийг “...232.8...” гэж, “...61.707.000 төгрөг...” гэснийг “...51.731.035 төгрөг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...466.485 төгрөг...” гэснийг “...416.605 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Цогтгарамгай” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.485 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1869 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “талуудын хоорондын гэрээгээр тохиролцсон анз хуулийн шаардлагад нийцсэн байх боловч алдангийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн холбоотойгоор нэмсэн байх бөгөөд гэж тайлбарлан гэрээгээр тохиролцсоны дагуу төлөх нийт алданги болох 20.569.000 төгрөгөөс 9.975.965 төгрөгийг хасч 10.593.035 төгрөг гаргуулах нь зүйтэй” гэжээ.  Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр 41.138.000 төгрөг алданги 20.569.000 төгрөг нийт 61.707.000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцүүлж байгуулсан гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчин хуулийн энэхүү заалтыг хэрэглээгүй. Мөн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцүүлж хийсэн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан 50 хувиас хэтрүүлээгүй өөрөөр хэлбэл алданги хуульд бүрэн нийцсэн байхад давж заалдах шатны Иргэний хуулийн 232 дугээр зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж гэрээний талуудын чөлөөт байдалд халдсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан илт их хэмжээ гэдэг нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан 50 хувиас хэтэрснийг ойлгох бөгөөд хуулинд заасан хувь хэмжээ нь илт их хэмжээ биш юм. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлбөр төлөх чадвар талуудын хооронд гэрээгээр тохиролцсон алданги хуулинд заасан хэмжээнээс хэтэрсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх нь хуульд нийцнэ. Бодит байдал дээр хариуцагч үндсэн төлбөр алдангийг төлөх бүрэн боломжтой, алданги хуулинд заасан хэмжээнээс хэтрээгүй юм.

Иймд нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ЭДТ” ХХК нь хариуцагч “Цогтгарамгай” ХХК-с бетон зуурмагийн үнэ 41.138.000 төгрөг, алданги 20.569.000 төгрөг нийт 61.707.000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан, ...бетон зуурмагийг өөр этгээд авсан” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу “ЭДТ” ХХК нь чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлэх, “Цогтгарамгай” ХХК нь гэрээ байгуулахад 10.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөх, бетон зуурмагийг аваад 10 хоногийн дараа үнийн дүнгийн 80 хувийг төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохирчээ.

Хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авсан ба 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар төлөх ёстой 41.138.000 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийн 50 хувийг хасахдаа “...алдангийн хэмжээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн...” гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслээгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа алданги шаардсан, ингэхдээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарласан байх бөгөөд анзын хэмжээ илт их гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-т “гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан бетон зуурмагийг өөр этгээдэд шилжүүлсэн нь “ЭДТ” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1869 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 174.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ