Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 490

 

 

 

 

 

 

 

 

  2018          6            18                                       490

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхзул,

шүүгдэгч, хохирогч: Р.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/,

шүүгдэгч, хохирогч: Д.О, түүний өмгөөлөгч А.Бүдханд /1289/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Р.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар,

 

 О.Д.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705 0105 80375 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй,

Монгол Улсын иргэн, 1960 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,

Шүүгдэгч Р.Ц, Д.О нар нь 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Тэмүүлэл хотхоны 7 давхарт маргалдан, харилцан зодолдож, Р.Ц нь Д.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Д.О нь Р.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Р.Ц мэдүүлэхдээ:  

2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянбүрдийн ойролцоо караокед бид орсон. Би багын найзтайгаа яриад сууж байтал СС яриан дундуур ороод байсан ба ер нь надад дээрэнгүй хандаад байсан нь надад таалагдаагүй.  Бид тэндээсээ гараад Батцэцэгийн гэрт ирж, архи ууж, хоол идсэн. Би ССтай маргасан нь үнэн. Гэтэл СС, О.б 2 гэртээ харина гээд тэднийхээс гарч, би хол гэртээ болохоор Батцэцэгийн гэрт хонохоор үлдсэн. Би амрах гэж байтал СС гарч явснаа “утсаа орхичихсон байна” гэж эргэж орж ирэхэд би хаалга тайлж өгсөн. Би түүнийг “явна гэчихээд юу ийж байгаа юм бэ” гэхэд намайг “явдаг жорлон минь дуугай бай” гэж хэлээд айлын хаалга нааш цааш нь татаад байхаар нь би кордиорт гараад гарын араараа түүнийг нэг удаа цохисон.Түүний биед үүсэн гэмтэл нь миний үйлдлээс болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. ССгийн надаас нэхэмжилсэн мөнгийг төлнө. Ноднин жил манай охин Солонгос улс руу хорт хавдрын эмчилгээнд явахад нь би тэтгэврийн зээл авсан тул боломж муу байна. Гэхдээ нэхэмжилж байгаа мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрнө. Хойшид гарах эмчилгээний зардлыг ч төлнө. Би ССгаас уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.О мэдүүлэхдээ:

           Би ангийнхаа Батцэцэг, О.б хоёрыг караокед урихад Р.Ц хамт ирсэн байсан. Би түүнтэй гар бариад, бусдыг нь үнсэхэд Р.Ц намайг “хэнтэй нь мэндлээд, хэнтэй нь мэндэлдэггүй юм” гээд байсан. Караокенээс гараад Батцэцэгийн гэрт очиж бид юм ярьж, хоол идэж, архи уусан. Би тэр үед архи уусан ч бага зэргийн согтолттой, өөрийн хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан. Р.Ц намайг ногоон гэж доромжилсон болохоор би өөдөөс нь жоохон сарвагнахдаа түүний биед хөнгөн гэмтэл учруулснаа ойлгож, гэмшиж байна. Одоо Ц.цгээс уучлалт хүсье. Өдий насандаа гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.О мэдүүлэхдээ:

Надад хүндэвтэр гэмтэл учирснаас би эмнэлэгт хэвтэн, хагалгаанд орж, эмчилгээ хийлгэхтэй холбоотой эм тариа авах, эмчийн үзлэг, зөвлөгөө авах, лабраторын шинжилгээ хийлгэх, шүүх эмнэлэгт үзүүлэх, эрүү, нүүрний мэс засалд орох, хагалгааны рентгэн зураг авахуулах, өрөвслийн эсрэг эм авах, хагалгааны багаж хэрэгсэл авах, толгойн компьютерийн зураг авахуулах зэрэгт 1 625 000 төгрөгийн зардал гарсан ба цаашид дахин шүд хийлгэх, нүдний имплант суулгах, хамрын таславчаа эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэмж гаргуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Р.Ц мэдүүлэхдээ:

           СС нь надад хөнгөн гэмтэл учруулснаас би эмчилгээ хийлгэсэн боловч энэ талаарх баримтаа бүрдүүлээгүй тул ССгаас нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.О.б мэдүүлэхдээ:

2017 оны 9 дүгээр сарын 24-ний үед байх. Баянбүрдийн ойролцоо нэг караокед Ц.ц, Батцэцэг, СС, Батцэцэгийн нөхөр бид 5 нийлээд 2 шил архи хувааж ууж дуусаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Тэмүүлэл хотхонд Батцэцэгийнд бид 5 ирээд байж байтал би нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ц.ц СС хоёр жоохон таарамжгүй байсан юм. Батцэцэгийн гэрээс эхлээд СС бид хоёр гарсан. Гэтэл СС гар утсаа үлдээсэн байна гэсэн. Тэгээд СС бид хоёр буцаад Батцэцэгийн гэр рүү орох гээд явсан. Батцэцэгийн гэрт ССгийн гар утсыг авахаар би ороод СС үүдэнд үлдсэн. Тухайн үед Ц.ц Батцэцэгийн гэрт хонохоор үлдсэн юм. Тэгээд Батцэцэгийн үүдэнд СС байхдаа Ц.цг ариун цэврийн өрөө рүү орох гэхэд нь “явдаг жорлон” гээд хэлчихсэн гэсэн. Тэгээд Ц.ц, СС хоёр маргалдаад ССгийн хамраас цус гарчихсан байсан. Би СС Ц.ц хоёрын маргалдах, нэгнийгээ цохих үед хажууд нь байгаагүй гэжээ.  (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Ундармаа мэдүүлэхдээ:

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан шинжээчийн №12283 дугаартай дүгнэлтэд Р.Цгийн биед тархи доргилттой байна гэж тогтоосон. Гэмтлийг тогтоохдоо тухайн хүний зовиур, клиник үзлэгийг үндэслэсэн. Тархи доргилт шинжүүд энэ хүнд байсан. Р.Цгийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Шинэ гэмтэл гэдэг нь 1-5 хоногийн дотор үүссэн гэмтлийг хэлнэ. Яг 2017 оны 9 дүгээр сарын 24 эсвэл 27-ны өдөр гэж ялгаж хэлэхэд асуудалтай. Р.Цгийн биед учирсан тархи доргилт, цус хуралт, хөхрөлт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.  (хавтаст хэргийн 86 дүгээр хуудас)

 

      Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 12395 тоот шинжээчийн дүгнэлтэд:

      1. Д.Огийн биед зүүн хацар яс, хамрын зүүн баруун дээвэр яс, ухархайн доод ханын хугарал, дээд зовхи, хамар, хацар, эрүү, зүүн нүдний алимд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12283 тоот шинжээчийн дүгнэлтэд:

      1. Р.Цгийн биед тархи доргилт, зүүн бугалага, зүүн суга, баруун шуу, дал, хэвлий, баруун гуяны цус хуралт, зүүн далны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 48 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Р.Ц ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.О ял шийтгэлгүй гэжээ.

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Р.Ц, Д.О нар согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 7 давхарт маргалдан, харилцан зодолдож, шүүгдэгч Р.Ц нь хохирогч Д.Огийн эрүүл мэндэд зүүн хацар яс, хамрын зүүн баруун дээвэр яс, ухархайн доод ханын хугарал, дээд зовхи, хамар, хацар, эрүү, зүүн нүдний алимд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Д.О нь хохирогч Р.Цгийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалага, зүүн суга, баруун шуу, дал, хэвлий, баруун гуяны цус хуралт, зүүн далны зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.О.б, шинжээч Б.Ундармаа нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 12395 тоот, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12283 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Р.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар,

Д.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд Р.Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,

Д.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр  гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор 1 249 608 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж  өгсөн ба шүүгдэгч хохирлыг төлөхөө илэрхийлж байна.

Хохирогч Д.О нь шүд дахин хийлгэх, нүдний имплант суулгах, хамрын таславчаа эмчлүүлэх эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Харин хохирогч Р.Ц нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотойгоор гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ж.Р.Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.Д.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Цг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр, 

Д.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Р.Ц нь торгох ялыг 3 сар,

Д.О нь торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Р.Ц, Д.О нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч СС төлөх төлбөргүй, Р.Ц өөрт учирсан хөнгөн хохиролыг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Р.Цгээс 1 249 608 төгрөг гаргуулж хохирогч Д.Од олгосугай.  

 

7. Хохирогч Д.О нь шүд янзлуулах, нүдний имплант суулгах, хамрын таславчийн хагалгаанд орсон зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Ц, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Ц, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН