| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2017/01434/И |
| Дугаар | 210/МА2017/02220 |
| Огноо | 2017-10-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2017/02220
| 2017 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2017/02220 |
Д.Ерэнбаатарын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02255 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Ерэнбаатарын нэхэмжлэлтэй
Хариуцагч С.Батбилэгт холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 59 271 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайжав
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ерэнбаатар миний бие 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр С.Батбилэгтэй түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 36-04 УБ улсын дугаартай экскаваторыг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээсэлсэн. Экскаваторын нэг сарын төлбөр 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 16 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 15 000 000 төгрөг байхаар тохиролцсон. С.Батбилэг дахин нэг экскаватор хэрэгтэй байна гэсний дагуу 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 20-54 УН улсын дугаартай экскаваторыг 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл түрээсэлсэн. Экскаваторын нэг сарын түрээсийн төлбөр 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 16 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны экскаваторын нэг сарын түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг байхаар тохиролцсон байсан.
С.Батбилэг нь түрээсийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд өгч байхаар тохирсон бөгөөд 36-04 УБ улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрт 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 68 000 000 төгрөг төлөх ёстой байтал 43 500 000 төгрөг төлсөн. Мөн 20-54 УН улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрт 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 34 166 650 төгрөг төлөх ёстой байсан ч түрээсийн төлбөрөө төлөхгүй, түрээсийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны болон 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээний дагуу Д.Ерэнбаатар нь өөрийн өмчлөлийн 3604 УБ, 2054 УН улсын дугаартай экскаваторыг С.Батбилэгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримт нь талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг нотолж байна. Гэрээнд зааснаар ажил дууссаны дараа экскаваторыг түрээслэгч тал өөрөө хөрөнгө гаргаж наашаа явуулах ёстой байсан ч хариуцагч талаас төлөөгүй учир бид өөрсдөө 605 000 төгрөг гаргаж 36-04 УБ дугаартай экскаваторыг авчирсан. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний төлбөр 58 666 650 төгрөг, трайлерийн төлбөрт 605 000 төгрөг нийт 59 271 650 төгрөгийг С.Батбилэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот гэрээг хариуцагч С.Батбилэг би нэхэмжлэгч Д.Ерэнбаатартай байгуулаагүй. Тухайн гэрээнд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Д.Ерэнбаатарын гарын үсэг биш. Иймд энэ гэрээний үүргийг Д.Ерэнбаатар надаас шаардах хууль зүйн үндэслэлгүй ба гэрээний үүрэг шаардах эрхгүй. Энэ гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 325 дугаартай нотариатч гэрээний хуулбар үнэн гэж баталсан байна. Гэрээний аль нэг тал байхгүй бол гэрээг ямар нэг байдлаар нотариат батлах эрхгүй гэж ойлгож байна. Иймд дээрх гэрээгээр түрээсийн төлбөрт 24 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот түрээсийн гэрээний үүрэгт 34 166 650 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээнд би гарын үсэг зурсан болохоос үүний цаана н.Батжаргал гэгч түрээсэлж ажиллаж байсан. Иймд төлбөр тооцооны асуудал надад огт хамааралгүй ба н.Баяржаргалтай түрээсийн төлбөр тооцооны асуудлаа шийдвэрлэх ёстой. Би хариуцагч биш учраас хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч С.Батбилэгээс 48,499,966 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ерэнбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,771,684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ерэнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 400,449 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч С.Батбилэг би 2014 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Д.Ерэнбаатартай ямар ч гэрээг байгуулаагүй ба хэрэгт нотлох баримтаар авагдсан түрээсийн гэрээнд Т.Мягмарсүрэн гэгч гарын үсэг зурсан байдаг. Хариуцагчийн зүгээс ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан эрхээ хэрэгжүүлж, гарын үсгийн баталгаан дээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч өөрөө миний гарын үсэг биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй тухайн цаг хугацаанд БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байснаа нотолдог. Гэтэл анхан шатны шүүх гэрээг Батбилэг, Ерэнбаатар нарын хооронд байгуулагдсан гэж бодит байдлаас эрс зөрүүтэй дүгнэлээ. Мөн энэхүү гэрээний шаардах эрхийг гэрээ байгуулаагүй Ерэнбаатар шаардах эрхгүй. Шүүх энэхүү шаардлагыг хүлээн авч хариуцагчаас 48 499 966 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа зохигчдын хооронд үүсээгүй болохыг анхаарч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шйидвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон байх тул шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар нь хариуцагч С.Батбилэгт холбогдуулж түрээсийн төлбөр, зардалд 59 271 650 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч Д.Ерэнбаатар нь 3604УБ улсын дугаартай Хюндай Робекс 2900ЛС-3 маркийн экскаваторыг түрээслэгч С.Батбилэгт 2014 оны 04 сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 16 000 000 төгрөгөөр, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 15 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон агуулга тусгагдсан боловч уг гэрээнд Д.Ерэнбаатар гарын үсэг зураагүй, түүний өмнөөс эхнэр Т.Мягмарсүрэн нь гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигддаг ба бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасан тул 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот Түрээсийн гэрээг хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч С.Батбилэг нь Д.Ерэнбаатарын 3604УБ улсын дугаартай Хюндай Робекс 2900ЛС-3 маркийн экскаваторыг 2014 оны 04 сарын 20-ны өдрөөс 7 сарын 31-нийг хүртэл, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 09 сарын 01-ний өдрийг хүртэл тус тус эзэмшиж, ашиглаж байсан тул түүнийг эзэмшиж, ашигласныхаа үнийг өгөх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэх юм.
3604УБ улсын дугаартай экскаватор хариуцагчийн эзэмшил ашиглалтад байсан дээрх хугацааг тодорхойлсон нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байна.
Хариуцагч дээрх экскаваторыг эзэмшиж, ашигласны үнийн зарим хэсгийг төлөөгүй байсан тул шүүх нийт төлөх 65 866 633 төгрөгөөс төлсөн 43 500 000 төгрөгийг хасч 22 366 633 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв байна.
Харин нэхэмжлэгчийн дээрх 08 тоот гэрээтэй холбоотой шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлтэй байхад мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10 тоот Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Ерэнбаатар нь 2054УН улсын дугаартай Хюндай Робекс 2900ЛС-7 маркийн экскаваторыг түрээслэгч С.Батбилэгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нь түрээсийн сарын төлбөрт 16 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон /хх 7-10/, түрээсийн гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч 34 166 650 төгрөгийн түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсныг хариуцагч тал 26 133 333 төгрөгийн төлбөрийн үүргийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.
Харин шүүх зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь талуудын тайлбар, мөн түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийн дагуу эрх, үүрэг үүсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь алдаатай болсныг залруулж өөрчлөлт оруулав.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02255 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Батбилэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Н.БАТЗОРИГ