Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 511

 

 

 

 

 

 

 

 

    2018         6            22                                      511

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Одончимэг,

хохирогч: Б.У, түүний өмгөөлөгч А.Ариунаа /1869/,

гэрч: Н.У,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан /1766/,

шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү /1964/,

шүүгдэгч: Э.М.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /0170/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тумад овогт Бүүвэйбаатарын Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О.Б, Б.Э.М.О нарт холбогдох эрүүгийн 2017 2602 0513 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208-Ө тоот шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай праламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 17 хоногийн хорих ялыг  өршөөн хасаж суллагдсан,

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй,.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын урд талд согтуугаар, Б.Угийн толгойн тус газарт гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз, зүүн дагз, чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б, О.Б, Э.М.О нар нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын урд талд байх нийтийн эзэмшлийн талбайд согтуугаар, бүлэглэн, нийтийн хэв журмыг зөрчиж, Б.Уг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь духны зулгаралт, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Би хохирогч Улаанхүүг цохисон нь үнэн. Миний үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан. Би эхлээд нэг удаа цохиод, хоёр дахь удаагаа цохиход хохирогч газар унасан. Би гэмт хэргийн улмаас хохирогчид 1 000 000 төгрөг төлсөн. Түүний нийгмийн даалтгалтай холбоотой хохирлыг шүүхээс гаргуулахаар шийдвэрлэвэл Б.С, М.О нартай хамтран төлнө. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Б мэдүүлэхдээ:

Би прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн гэм бурууг хүлээж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1 000 000 төгрөг төлсөн. Би сард 800 000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа тул хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг Б, М.О нартай хамтран төлнө гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.М.О мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 980 000 төгрөг төлсөн. Түүний нэхэмжилж байгаа хохирлоос өөрт ногдох хэсгийг төлөхөд татгалзахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.У мэдүүлэхдээ:

Би урьд нь “Замбуулин гоёл” ХХК-д алт мөнгөний дарханаар ажиллаж байсан ба цалингаа хийснээрээ авдаг байсан.  Цагаан сар, наадмын баярын ачаалалтай үеэр 2 000 000 төгрөгийн цалин авч, энгийн үед сард ойролцоогоор 800 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Гэмтэл авснаас хойш хүнд лантуугаар юм цохиж чадахгүйгээс хөнгөн ажил хийж байна. Би ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж авах хүсэлтэй байна. 2017 оны 2-8 дугаар саруудад би хувиараа нийгмийн даатгалаа өөрөө төлсөн. Иймд 2017 оны 2 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд 4 800 000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нараас эмчилгээний зардалд 2 900 000 төгрөг авсан. Үүнээс гадна эмчилгээ хийлгэсэн боловч баримт цуглуулаагүй. Гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч: Н.У мэдүүлэхдээ:

Манай нөхөр Улаанхүүг энэ гурван хүн гурвуулаа нийлж зодсон. Хамгийн сүүлд Б нөхрийг маань цохисноос тэр газар унаж, босоогүй, ухаан алдсан. Тэгээд хүнд гэмтэл авч, эмчилгээ хийлгэсэн. Жилийн өмнө Багшийн дээдийн хажуу талд байдаг хувийн эмнэлэгт үзүүлэхэд духны зүүн, баруун талд жижиг цус хуралт үүссэн учраас тэндээсээ үхжилт явагдаж байна гэсэн. Өмгөөлөгч нар зөвхөн хүнд гэмтлийн талаар ярьж байна. Гэтэл манай нөхрийн духны 2 тал, чихний ар талд хөхөрсөн, уруул нь язарсан гэх зэрэг жижиг гэмтэл олон байсан. Нөхөр маань гэмтэл авснаас хойш 12 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй өвчтэй байсан. Эмнэлэг эхлээд 3 сарын лист өгсөн. Дараа нь лист сунгах боломжгүй амралтаа ав гэж хэлсэн. Гэтэл хувийн байгууллага учраас амралт өгөхгүй байсан. Тэгж явсаар групп хөөцөлдсөн боловч группэд орж чадаагүй гэв. Нийгмийн даатгалыг нь хувиараа төлсөн. Мөн 1 020 000 төгрөгийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- У.у мэдүүлэхдээ:

“...2017 оны 02 дугаар 06-ны орой...бид хоёр хажуугаар нь гарах гэтэл нөгөө “Приус 20” маркийн автомашины зүүн хойд талын хаалгыг дотроос нь гэнэт хүчтэй савж онгойлгосон. Тэгээд нөхөр машинаа зогсоогоод би ганцаараа машинаас түрүүлж буугаад машинаа харахад нөгөө автомашины жолооч нь машинаасаа бууж ирсэн санагдаж байна. Бид хоёрыг машиндаа сууж байхад цагаан өнгийн кепкэн малгайтай залуу манай нөхрийг машинаас чирч буулгаад, зодож эхэлсэн. 3 залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн архи үнэртэж байсан. Цагаан өнгийн малгайтай залуу миний  зүүн шанаа руу гараараа алгадсан. Тэр үед би эрчиндээ эргэж хараад буцаад нөхөр рүүгээ харахад миний нөхөр газарт тэрийгээд уначихсан босож ирэхгүй хэвтээд байсан. /цагаан малгайтай залуу цохиж унагаасан байсан/. Тэр гурван залуу 3-уулаа цохиж зодсон. Намайг харж байхад дандаа толгой руу нь цохиод байсан” гэжээ. (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-С.Э мэдүүлэхдээ:

Би оройн цагаар өөрийн хувийн 38-97 УНВ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн автомашинтайгаа таксинд явдаг юм. 2017 оны 02 дугаар сарын 6-ны орой 21 цагийн үед санагдаж байна, бичил хороололд зүүнээсээ баруун чиглэлд үйлчлүүлэгчгүй явж байхад “Эрхэс” нэртэй зочид буудлын гадна 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн такси барих гээд зогсож байсан. Тэгээд би дээрх хүмүүсийг авах гээд зогссон чинь 2 эрэгтэй, 1 эмэгтэй нь ард суугаад нэг эмэгтэй нь урд суудал дээр суух гээд авто машины хойгуур тойроод явж байхад зүүн хойд талд суусан залуу гэнэт миний автомашины хаалгыг нь савж онгойлгосон. Энэ үед 2 дугаар эгнээнд явж байсан “Тоёота королла” маркийн автомашины урд крылог шүргээд зурчихсан. Тэгэхээр нь би сандраад миний автомашины ард сууж байсан хаалга онгойлгосон залууд хандаж “чи яагаад хаалга онгойлгож байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь хойно сууж байсан 2 залуу үгийн зөрөөгүй гадагшаа цувраад буусан. Тэгээд намайг машинаас буухын завдалгүй миний машинаас буусан 2 залуу нөгөө “Тоёота королла” маркийн автомашины жолооч залууг машинаас нь гаргаж ирээд тал талаас нь цохиж зодож байгаа харагдсан. Энэ үед “Эрхэс” зочид буудлаас нэг нүдний шилтэй туранхай өндөр залуу гарч ирээд тэд 3 уулаа болоод нөгөө “Королла” маркийн автомашины жолооч залууг тал талаас нь цохиж зодож байхыг нь би харсан. Тэд нарын дундуур салгах гээд орвол дээрх 3 залууд зодуулахаар байсан тул би ойртож чадахгүй “та 3 болиочээ, би цагдаа дуудлаа шүү” гэж хэд хэдэн удаа орилсон. Энэ үед тэд нар арай гайгүй болоод салцгаасан юм. Тэгэхэд жижиг туранхай бор өнгийн кепкэн малгай өмссөн залуу нь зугтаагаад алга болчихсон байсан. Өндөр туранхай нүдний шилтэй залуу нь надтай хэрэлдээд “чи эр хүн мөн үү? цагдаа дууддаг хэн бэ?” гэж хэлчихээд алга болчихсон. Тэр хооронд “Королла” маркийн автомашин дотроос гарч ирсэн эмэгтэй, нөгөө хэдэн залуучуудтай хамт явж байсан 2 эмэгтэйн нэгэнтэй нь 2 биенийгээ янхан, гичийгээрээ дуудаад хэрэлдээд байсан. Тэгэхэд нөгөө залуучуудын цагаан өнгийн кепкэн малгайтай жижигхэн биетэй залуу “Королла” автомашин дотроос гарч ирсэн эмэгтэйг нэг удаа нүүрэн хэсэг рүү алгадсан. Энэ үед “Королла” маркийн автомашины жолооч /зодуулсан залуу/ хамт явсан эмэгтэйгээ алгадуулахыг хараад гүйж ирээд дээрх цагаан өнгийн кепкэн малгайтай намхан залууг цохих гэхэд нь нөгөө залуу хойшоо бултаад, эргүүлээд нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа их хүчтэй цохисон. Тэр үед “Королла” маркийн автомашины жолооч залуу хойшоо тархиараа савж унасан. Тэгээд тэр залуу босч ирэхгүй хэвтээд байсан, Удалгүй цагдаа нар ирээд нөгөө залууг авч явсан юм. Тэр 3 залуу 3 уулаа нийлээд “Королла” маркийн автомашины жолоочийг тал талаас нь хөл гараараа цохиж зодож байсан. /би дээрх залуучуудыг “Королла” маркийн автомашины жолооч залуугийн биеийнх нь аль хэсэгт цохисныг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 3 уулаа нийлээд цохиж зодож байсан/. Тэр үед би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь хүрэн өнгийн кепкэн малгайтай залуу нь нэг эмэгтэйгээ дагуулаад алга болчихсон, нүдний шилтэй өндөр залуу надтай хэрэлдэж байгаад бас байхгүй болчихсон. Цагаан өнгийн кепкэн малгайтай залуу, нэг эмэгтэйтэй үлдсэн байсан. Дээрх эмэгтэй нь “Королла” маркийн автомашинаас гарч ирсэн эмэгтэйтэй хэрэлдээд байсан. Тэгэхэд нөгөө цагаан өнгийн кепкэн малгайтай залуу “Королла” маркийн автомашинаас гарч ирсэн эмэгтэйг нэг удаа алгадсан. Тэгэхэд “Королла” маркийн автомашины жолооч цагаан өнгийн кепкэн малгайтай залууг очоод цохих гэсэн чинь хойшоо бултаад, зөрүүлээд “Королла” маркийн автомашины жолооч залуугийн нүүрэн хэсэг рүү их хүчтэй цохиж газар унагаасан. Тэрнээс хойш “Королла” маркийн автомашины жолооч босч ирэхгүй нилээн удаан газар хэвтсэн гэжээ. (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч- Э.Б мэдүүлэхдээ:

“...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нөхрийн найз М.О манай гэрт согтуу ирсэн. Тухайн үед их согтуу болохоор нь би М.Оийг гэртээ унтуулсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа манай нөхөр Б.С гэртээ ирээд найз М.Оийгоо сэрээгээд, босгоод аваад гарсан. Тэр үед би “хаачих гэж байгаа юм” гэж асуухад “ М.Оийг доошоо бичил хороололд хүргэж өгчихөөд ирье” гээд 17 цагийн үед гараад явсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад гэртээ эргэж ирэхгүй болохоор би нөхөр рүүгээ залгасан чинь бичил хороололд “Эрхэс” нэртэй зочид буудалд найзуудтайгаа байна, их согтуу байна, ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарах гээд байж байхад манай нөхөр Б.Сгийн найз Бийн эхнэр У над руу залгаад “би чиний очих гэж байгаа газар руу явж, нөхрөө олж ирэх гэж байна, 2-уулаа цуг явъя”гэж хэлсэн. Тэгээд би Бийн эхнэр Утай уулзаад бид 2-уулаа “Эрхэс” зочид буудлын гадна очоод Б, Б.С нарыг гараад ир гэж хэлсэн. Тэгээд тэр 2 удалгүй гарч ирээд, бид 4 үүлээ 1 таксигаар гэр, гэр рүүгээ явах гэж ярьсан юм. Тэгээд такси барих гээд зогсож байхад “Приус-20” маркийн автомашин биднийг авах гээд зогссон. Дээрх машины ар талд нь Б, Самбуу бид 3 суугаад Бийн эхнэр У араар нь тойроод урд суух гээд явж байхад нь Б хажуудаа суух гэж байна гэж бодоод гэнэт хойд хаалга онгойлгосон. Энэ үед 2 дугаар эгнээнд явж байсан саарал өнгийн “Тоёота королла” маркийн автомашины урд крилог Бийн онгойлгосон хаалга зурчихсан. Тэгээд бидний сууж явсан таксины жолооч, “Королла” маркийн автомашины жолооч нар машинаасаа бууж ирээд хоорондоо хэрэлдсэн. Энэ үед “Королла” маркийн автомашинаас нэг эмэгтэй бууж ирээд манай нөхөр мөн Б нар руу хандаж “муусайн архичид” гэж хэлээд, мөн У бид 2 руу заагаад  “2 гичий дагуулчихаад” гэж хэлж байсан. Энэ үед Б дээрх эмэгтэйтэй хамт явж байсан жолооч залуутай муудалцаад нүүрэн хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж байсан. Тэгэхэд миний нөхөр Б.С гүйж “Королла” маркийн автомашины жолооч залууг түлхэж байсан. Тэгэхээр нь би тэд нар дээр очоод өөрийнхөө нөхрийг татаж аваад, цаана машины араар орж зогсож байгаад такси аваад явах гэсэн чинь манай нөхөр гар утсаа буудалд үлдээчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 эргээд нөгөө “Эрхэс” зочид буудал руу нь хамт орж, гар утсыг нь авчихаад буцаж гараад гэр рүүгээ явсан. Буудлаас гарч ирэхэд нөгөө хэрүүл маргаан хийгээд үлдсэн хүмүүс бүгд байхгүй болсон байсан. Ямар ч гэсэн Б хохирогч залуугийн нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж байхыг нь би харсан. Мөн манай нөхөр очоод нэг түлхэж байгаа харагдсан, өөр хэн, хэн биеийнх нь хэсэгт яаж цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн М.О буудлаасаа гараад маргалдаад л зогсож байсан гэжээ. (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад шинжээч-Н.Эн мэдүүлэхдээ:

2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-ийн гавал тархины тасагт  эмчлүүлж байсан иргэн Б.Угийн биед үзлэгийг хийхэд биед нь тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз, зүүн дагз, чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, духны зулгаралт, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдсон. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Угийн биед учирсан дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2501 тоот дүгнэлтэд:

1. Б.Угийн биед тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз, зүүн дагз, чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, духны зулгаралт, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. (хавтаст хэргийн 45 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б нь 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж,  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208-Ө тоот шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай праламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 17 хоногийн хорих ялыг  өршөөн хасаж суллагдсан гэжээ. (хэргийн 86, 88-89 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.Б ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.М.О ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 97 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Б.Б, О.Б, Э.М.О нар нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын урд талд байх нийтийн эзэмшлийн талбайд согтуурсан үедээ бүлэглэн, нийтийн хэв журмыг зөрчиж, хохирогч Б.Уг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь духны зулгаралт, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

улмаар  Б.Б нь хохирогч Б.Угийн толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз, зүүн дагз, чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.У, гэрч У.у,  С.Э,  Э.Б, шинжээч Н.Эн нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2501 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгасан, Баянгол дүүргийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлээс хохирогчид Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2501 тоот дүгнэлтэд дурдсан тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз, зүүн дагз, чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, О.Б, Э.М.О нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогчид 2 978 115 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд Б.Б 1 000 000 төгрөг, О.Б 1 000 000 төгрөг, Э.М.О 980 000 төгрөг тус тус төлжээ.

 

Хохирогч нь хүнд гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинд 4 800 000 төгрөг гаргуулахыг хүсэж байна.  

Улаанхүү нь 2016 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Замбуулан гоёл” ХХК-д дарханаар ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. Тэр хүнд гэмтлийн улмаас ажилгүй байсан тул сард 400 000 төгрөгийн цалинтай байсан гэж нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сараас 8 дугаар саруудад нийт 7 сарын шимтгэлийг өөрөө  төлсөн нь  нотлогдож байх тул 400 000 төгрөг х 7 сар = 2 800 000 төгрөгийг түүнд хүнд хохирол учруулсан шүүгдэгч Б.Баас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Аlivemax-ийн 1 020 000 төгрөгийн хоолны нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэсэн гэж зарлагын баримтыг хэрэгт хавсаргасан боловч уг хоолны нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн заалтаар зайлшгүй хэрэглэсэн нь нотлогдоогүй тул энэ шаардлагыг шүүх хангах боломжгүй байна.

Хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгч О.Б, Э.М.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан О.Б, Э.М.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Б нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208-Ө тоот шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай праламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 17 хоногийн хорих ялыг  өршөөн хасаж суллажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй тул шүүгдэгч Б.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан гэмт хэргийн хор уршигийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Б.Бид  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  3  жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан 1 жилийн  хорих  ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж, нэгтгэн  түүний биечлэн эдлэх хорих ялыг  тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.С, Э.М.О нар  бусдад төлөх төлбөргүй, хохирогчид Б.Б 1 000 000 төгрөг, О.Б 1 000 000 төгрөг, Э.М.О 980 000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Б, Э.М.О нар нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 205 хоног цагдан хоригдсоныг дурдаж,

Б.Бийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 205 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцлоо.  

 

Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.Б, Э.М.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх  нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тумад овогт Бүүвэйбаатарын Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Тумад овогт Бүүвэйбаатарын Б, Б.О.Б, Б.Э.М.О нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил /гурав/ хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар  1 жил /нэг/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бид  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  3  жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан 1 жилийн  хорих  ялыг нэмж, нэгтгэн  түүний биечлэн эдлэх хорих ялыг  4  жилээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Бид  оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б, Э.М.О нарт хорих ялыг оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар О.Б, Э.М.О нар нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэдэнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох  хязгаарлалтыг тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар О.Б, Э.М.О нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял  оногдуулахыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 205 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Баас 2 700 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уд олгосугай.

 

10. Хохирогч Б.У нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

11. О.Б, Э.М.О, Б.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, О.Б, Э.М.О нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид Б.Б 1 000 000 төгрөг, О.Б 1 000 000 төгрөг, Э.М.О 980 000 төгрөг төлсөн, О.Б, Э.М.О нар нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 205 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.  

 

13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Э.М.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг тоолсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бид авсан цагдан хорих, О.Б, Э.М.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН