| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00447/И |
| Дугаар | 157/ШШ2025/00401 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2025/00401
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ... тоотод хаягтай, “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ...тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 9,182,348,02 (есөн сая нэг зуун наян хоёр мянга гурван зуун дөчин найман төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* овогтой ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* банктай ЗГ-R001317664-2024/11/15 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 5505103448 тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21% (хорин нэгэн хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч С.******* нь ЗГ- R001317664-2024/11/15 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 146 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Зээлдэгч ******* овогтой *******гаас ******* банктай байгуулсан ЗГ-R001317664-2024/11/15 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,182,348.02 (есөн сая нэг зуун наян хоёр мянга гурван зуун дөчин найман төгрөг хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү. гэжээ.
Үндсэн зээлийн төлбөрт 11,708,648,02 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,526,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1180,83 төгрөг, нийт 9,182,348,02 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “9.182.348,02 төгрөгийн зээлийг 2025 оны 11 сарын 10-ны өдөр цалин дээрээс хэвийн төлж эхэлнэ. 146 хоногийн хураагдсан төлөөгүй зээлээ 2025 оны 12 сарын 31-ний өдрөөс өмнө төлж дуусгана.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч С.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 9,182,348,02 (есөн сая нэг зуун наян хоёр мянга гурван зуун дөчин найман төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* банк” ХК, хариуцагч С.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,182,348,02 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,182,348,02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,182,348,02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,868 төгрөгийн тал хувь болох 80,934 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 80,934 төгрөгийг, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 80,934 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 9,182,348,02 (есөн сая нэг зуун наян хоёр мянга гурван зуун дөчин найман төгрөг хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч С.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,868 төгрөгийн тал хувь болох 80,934 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 80,934 төгрөгийг, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 80,934 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ