Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 112/ШШ2026/0036

 

 


                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Энхцэцэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
   Нэхэмжлэгч: “******” ХХК
   Хариуцагч: Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар 
   Худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Миний компанийн тендерийн үнэлгээг дахин үнэлүүлэхийг хариуцагчид даалгах, Тендер шалгаруулалтын ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг даалгах шийдвэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.


                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:


Нэг. Нэхэмжлэлийн шаардлага 
1.1.Худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах; Миний компанийн тендерийн үнэлгээг дахин үнэлүүлэхийг хариуцагчид даалгах; Тендер шалгаруулалтын ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг даалгах тухай. 
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын тухайд: 
2.1.Говь-Алтай аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/26 дугаартай захирамжаар аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэгдэх “Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг засвар”-ын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. 
2.2.Тус аймгийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зарлагдсан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг засвар ГААХААГ/20260101030 дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “******” ХХК оролцсон. 
2.3.Тус аймгийн худалдан авах ажиллагааны газраас тендер нээгдсэн өдрийн байдлаар 192,000 төгрөгийн нийгмийн даатгалын өртэй, 5-с доошгүй туслах ажилчид шаардсан боловч оролцогч 1 туслах ажилтан санал болгосон, батлагдсан хүүхэд хамгааллын бодлого ирүүлсэн боловч хэрэгжилт ирүүлээгүй гэх үндэслэлийг тус тус зааж, шаардлага хангаагүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар татгалзсан гэх хариуг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай албан бичгээр мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
2.4.Аймгийн худалдан авах ажиллагааны газраас хүргүүлсэн 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай албан бичгийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 
гаргасан гомдлыг Монгол Улсын сангийн яамны 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 03/7931 дугаартай албан бичгээр Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д “Санхүүгийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалтай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасны дагуу гомдлыг буцааж шийдвэрлэсэн байна. 
2.5.Нэхэмжлэгчээс 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ. 
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэх үндэслэлийн тухай: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гаргах, шимтгэл төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Тухайн үед дурдагдсан 192,000 төгрөгийн дүн нь тайлант хугацааны хүрээнд төлөгдөх боломжтой байсан бөгөөд нийгмийн даатгалын байгууллагаас өр төлбөртэй болохыг тогтоосон улсын байцаагчийн акт, дүгнэлт байхгүй байсан. Иймд зөвхөн системд бүртгэгдсэн үлдэгдэл мэдээллийг үндэслэн намайг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хүний нөөцийн шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухай: Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд тендерийн материал бэлтгэх явцад хүний нөөцийн мэдээлэл оруулахад техникийн доголдол гарсан. Компанийн зүгээс нийлүүлэгчийн удирдлагын хэсэгт нийт 21 ажилтны мэдээллийг бүртгэсэн боловч тендерийн хүний нөөцийн хэсэгт зөвхөн нэг ажилтны мэдээлэл татагдсан. Мөн тендерийг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 10 минутад нээхээр товлосон боловч системийн ажиллагааны саатлын улмаас 12 цаг 10 минут хүртэл хойшлуулсан нь цахим систем хэвийн ажиллаагүй болохыг нотолж байна. Иймд системийн техникийн доголдлоос үүдэлтэй асуудлыг тендерт оролцогчийн буруутай үйлдэл мэтээр үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хүүхэд хамгааллын бодлогын шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухай: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.10-т: Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд ерөнхий шаардлага хангаагүйд тооцогдоно гэж заасан. Манай компани хүүхэд хамгааллын бодлого баталсан бөгөөд уг бодлогоо тендерийн баримт бичгийн хамт хүргүүлсэн. Мөн тендерийн маягт 1-д хуульд заасан ерөнхий шаардлага хангасан тухайгаа эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгаар баталгаажуулан мэдүүлсэн байхад ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ. 
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь тус шүүхэд “*******” ХХК-ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тендер шалгаруулалтыг захиалагч хуульд нийцүүлэн зохион байгуулж, оролцогчдын ирүүлсэн материалыг тендерийн баримт бичигт заасан шаардлагатай харьцуулан үнэлсэн болно. Нэхэмжлэгч нийгмийн даатгалын тодорхойлолт, батлагдсан хүүхэд хамгааллын бодлого түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл болон ажил гүйцэтгэх хүний нөөцийн хувьд тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангаагүй тул татгалзсан шийдвэр гаргасан. Нэгдүгээрт Нийгмийн даатгалын тодорхойлолтын шаардлага хангаагүй талаар: Тендерийн баримт бичгийн ТШЗ 15.2-т ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой нийгмийн даатгалын тодорхойлолт шаардсан. Тендер нээсэн өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн талаарх мэдээллийг шалгахад 192,000 төгрөгийн өр төлбөртэй байгаа нь ерөнхий шаардлагыг хангахгүй байна. Хоёрдугаарт батлагдсан хүүхэд хамгааллын бодлого ирүүлнэ. /Хүүхэд хамгааллын бодлогогүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл  болно./ Иймд тендерт оролцогч нь хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийн мэдээлэл ирүүлэх шаардлагатай гэж тусгасныг хангаагүй талаар: Нэхэмжлэгч нь батлагдсан хүүхэд хамгааллын бодлого ирүүлсэн боловч бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагыг хангахгүй байна. Гуравдугаарт хүний нөөцийн шаардлага хангаагүй талаар: Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1-д ажил гүйцэтгэх хүний нөөцөд барилгын инженер 1, цахилгааны инженер 1, сантехникч 1, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан 1, туслах ажилчид 5 гэж тус тус шаардсан. Нэхэмжлэгч нь 1 туслах ажилтан санал болгосон нь хүний нөөцийн шаардлагыг хангахгүй байна” гэжээ. 
                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:
        Дөрөв. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
        4.1.Тус аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зарласан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн засвар ГААХААГ/20260101030 дугаартай тендер хүлээн авалтын эцсийн хугацааг 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаар, тендер нээх огноог 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 10 минутаар тус тус тогтоожээ. 
        4.2.Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн засварын ГААХААГ/2026/0101030 дугаартай тендер шалгаруулалтын баримт бичгийн 12 дугаар хэсгийн 12.2.4-д оролцогч ТШЗ-ны 15 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасан болохыг нотлох баримт, 12.2.6-д оролцогчийн чадавх, туршлага ТШЗ-ны 17, 18, 19 дүгээр зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахыг нотлох баримт бичиг гэж, Тендер шалгаруулах зааварчилгаа (цаашид ТШЗ)-ны 15.2-т ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой хуулийн 15.2-т зааснаас бусад нотлох баримт ирүүлэх эсэх гээд тийм гээд нийгмийн даатгалын тодорхойлолтыг тендер шалгаруулалт зарласнаас хойш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг цахим системд холбогдох талбараар зааварчилгааны дагуу ирүүлнэ. Энэхүү тодорхойлолтыг ирүүлээгүй тохиолдолд тендер нээсэн өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн талаарх мэдээллийг шалгана; Батлагдсан хүүхэд хамгааллын бодлогыг ирүүлнэ. Иймд тендерт оролцогч нь хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийн мэдээлэл ирүүлэх шаардлагатай гэж, 17.1-д ажил гүйцэтгэх хүний нөөц шаардана гээд ... туслах ажилчид 5-с доошгүй байх гэж заажээ. 
        4.3.Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, 7.1.2-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд хууль, ТШЗ-нд заасан ерөнхий болон бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримтыг тендерт оролцогчийн зүгээс тендерийн хугацаанд, цахим системд байршуулж оролцохыг хариуцагч байгууллагаас шаардсан. 
        4.4.Маргааны үйл баримтаас үзэхэд хууль болон ТШЗ-нд заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримтыг цахимаар ирүүлэхийг тендерт оролцогчдоос шаардсан байхад нэхэмжлэгч “***********” ХХК-иас 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай тушаалаар баталсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн зааврын хэрэгжилтийн мэдээлэл, 5 туслах ажилтны талаарх мэдээллийг цахим системээр хүргүүлээгүй болох хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна. 
         4.5.Мөн нэхэмжлэгч компаниас тендер шалгаруулалтад оролцохоор цахим системд нийгмийн даатгалын тодорхойлолтыг байршуулахад өр төлбөргүй байсан, хариуцагч талаас тендер нээх үеийн лавлагаагаар 192,000 төгрөгийн өртэй болчихсон байсныг бид мэдээгүй учраас энэ үндэслэлээр ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэж манай компанид татгалзсан мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй гэж маргасан. 
          4.6.Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 4.5-д Аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж тус тус заажээ. 
          4.7.Дээрх хууль, журмын зохицуулалт нь тендерт оролцогч этгээд нь тендерт хүргүүлсэн баримтынхаа үнэн зөв эсэхийг өөрөө хариуцах үүрэгтэй бөгөөд алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө залруулж, засах боломжийг тендерт оролцогчид олгосон агуулгатай юм.
          4.8.Хариуцагч аймгийн худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцохоор ирүүлсэн оролцогч этгээдийн алдаатай, дутуу ирүүлсэн материал эсхүл татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй байгаа гэх “ХУР” системээс татагдсан тодорхойлолтыг тендерт оролцогчтой болон бусад этгээдтэй холбогдож лавлах, алдааг засуулах зэрэг эрхийг хуулиар олгоогүй юм.
           4.9.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “************” ХХК-ийг тендерт оролцохоор цахим системд нийгмийн даатгалын тодорхойлолтыг байршуулах үед нийгмийн даатгалын байгууллагаас өр, төлбөртэй болохыг тогтоосон улсын байцаагчийн акт, дүгнэлт байхгүй байсан, ...хариуцагч талаас энэ өр төлбөртэй талаар тодруулж болох байсан... гэх тайлбараар хариуцагчийн 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 
            4.10.Нэхэмжлэгч “***********” ХХК-ийн захирал С.М-аас шүүх хуралдааны эхэнд хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх санал гаргасан бөгөөд хариуцагч аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, гардаж авахдаа гадаад улсад томилолтоор явах, Улаанбаатар хотод хүндэтгэн үзэх шалтгааны улмаас удаан хугацаагаар байх тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулах, эвлэрэн хэлэлцэх болон шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох боломжгүй тул хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх талаарх саналаа шүүгчийн туслахаар дамжуулан илэрхийлсэн. 
             4.11.Мөн хариуцагч тус аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Б-аас Д.М-т 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгоогүй, талуудаас эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 
              4.12.Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хийгдэх засвар нь аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэгдэх бөгөөд санхүүжилт нь өнөөдрийн байдлаар татагдаагүй, шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин тус тендерийг зарлах боломжтой талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд тайлбарласан. Шүүхийн энэхүү шийдвэр нь маргаан бүхий тендер дахин зарлагдсан тохиолдолд тус тендерт нэхэмжлэгч “************” ХХК-ийн оролцох эрхийг хязгаарлахгүй болохыг дурдаж, оролцогчдод тайлбарласан болно. 
           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.4, 28 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ***** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Миний компанийн тендерийн үнэлгээг дахин үнэлүүлэхийг хариуцагчид даалгах, Тендер шалгаруулалтын ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг даалгах шийдвэр гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 
         3.Хэрэгт нотлох баримтаар хавсаргасан 61.8 mb багтаамж бүхий 1 ширхэг сидиг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивт шилжүүлсүгэй. 
         4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                           

 

                                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ЭНХЦЭЦЭГ