| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00481/И |
| Дугаар | 157/ШШ2025/00417 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2025/00417
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ............. хаягтай, “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч .................тоотод оршин суух Г.Г холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,908,235,63 (найман сая есөн зуун найман мянга хоёр зуун гучин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банк ХК-тай ЗГ-ROO1547195 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 (арван сая) төгрөгийг жилийн 21% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан болно. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан зээл төлөх үүргээ, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хэтрүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 8,072,392.51 төгрөг, хүү 821,568.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,274.91 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 8,908,235.63 төгрөг болжээ. Банкны зүгээс зээлдэгч *******г зээлийн үлдэгдлээ төлөхийг утсаар холбогдож шаардсан боловч зөрчлөө арилгахгүй өдийг хүрсэн байна. Хариуцагч *******той байгуулсан дижитал зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар 15-ны өдөр дуусах боловч зээлийн гэрээнд зааснаар банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд хандаж байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Үндсэн зээлийн төлбөрт 8,072,392,51 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 821,568,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 14,274,91 төгрөг, нийт 8,908,235.63 төгрөгийг хариуцагч *******гоос гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...миний бие дижитал зээл болох 8,908,235.63 төгрөгийг 2026 оны 01 сарын 15-наас эхэлж сар бүр 200,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******д холбогдуулан холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,908,235,63 (найман сая есөн зуун найман мянга хоёр зуун гучин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* банк” ХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,908,235,63 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,908,235,63 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,908,235,63 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,482 төгрөгийн тал хувь болох 78,741 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 78,741 төгрөгийг, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамж 78,741 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,908,235,63 (найман сая есөн зуун найман мянга хоёр зуун гучин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,482 төгрөгийн тал хувь болох 78,741 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 78,741 төгрөгийг, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамж 78,741 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ