| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2408033561334 |
| Дугаар | 2025/ДШМ/66 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/66
2025 01 09 2025/ДШМ/66
М.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
хохирогч Л.С,
шүүгдэгч М.Д,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Дд холбогдох эрүүгийн 2408033561334 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ё овгийн М.Д, 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;
Шүүгдэгч М.Д нь 2024 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лорд нэртэй бааранд хуурай ах Б.Б-г бусадтай маргалдаж байхад нь маргаан, зодооныг салгах зорилгоор хохирогч Л.Сын уруул хэсэгт 1 удаа цохиж биед нь баруун дээд үүдэн 1-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстад шарх, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дгөөс 196,380 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Л.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр баруун урд талын үүдэн шүдээ булга цохиулсан юм. Энэ нь миний гоо сайханд ноцтой хохирол учруулсан болно. Шүүгдэгч М.Д нь 1,500,000 төгрөг өгсөн боловч энэ нь миний үндсэн шүдийг орлох боломжгүй, шүд хийлгэхэд хүрэлцэхгүй байгаа. Мөн М.Д нь одоо утсаа авахгүй алга болсон тул гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлыг барагдуулах талаар харилцан тохиролцсон боловч тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул эхний ээлжид 1,500,000 төгрөгийг хохиролд төлсөн. ...” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч О.С мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримт ирүүлээгүй тул шүүгдэгч М.Дг бусдад төлөх төлбөргүй гэж прокурорын зүгээс үзэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч М.Д 1,500,000 төгрөг хохиролд төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй хэмээн шийтгэх тогтоолд нээлттэйгээр үлдээсэн байдаг. Иймд хохирогч О.С нь шийтгэх тогтоолд дурдсанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх бүрэн эрхтэй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1210 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч М.Д нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Лорд нэртэй бааранд хуурай ах Б.Б-г бусадтай маргалдаж байхад нь маргаан, зодооныг салгах зорилгоор хохирогч Л.Сын уруул хэсэгт 1 удаа цохиж биед нь баруун дээд үүдэн 1-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстад шарх, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Л.Сын “...Би 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгаас манай дүү Т ирж Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байх Жавхлант төвийн Лорд нэртэй бааранд орсон. Манай дүү Т нь шөнө 01 цагийн үед нэг залуутай ариун цэврийн өрөөний хажууд муудалцаад барилцаж байхаар нь салгах гээд гарыг нь цохисон чинь хажууд байсан цагаан фудволктой залуу нь миний нүүр лүү нэг удаа цохиж миний шүдийг хугалсан. Миний шүд хугарчихлаа гэж хэлээд цагдаа дуудсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн залууг би огт танихгүй. ...Намайг цохисон залуугийн найзтай нь маргалдаж байсан. Тэгэхэд хажуугаас нэг хүн орж ирээд миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Өөр зодож цохиогүй. Би тэр хүнийг мөн зодож цохиогүй. Би эмнэлгээр явж эмчилгээ хийлгээгүй. Надад өгөх зарлагын баримт байхгүй. Миний сэтгэл санаа зүгээр байгаа тул шүүх шинжилгээний ерөнхий газарт сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Миний шүдийг хугалсан залууд гомдолтой байна...” /хх 7-8, 9-10/,
гэрч Б.Б-н “...Би 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лорд нэртэй баарны гадна найз Н-той уулзсан. Тэгээд тус бааранд орж үйлчлүүлсэн ба тус газраас 1 шил, 1 литрийн Эдэн нэртэй архи авч бид хоёр хувааж уусан. Ингээд архи ууж байхдаа хуурай дүү М.Дтэй чатаар харилцаж байгаад гэртээ байна гэж хэлэхээр нь хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд тэр газрын 00 орох гэж яваад 00-н өрөөнд М.Дд зодуулдаг залуугийн дүүтэй нь маргалдсан. Бид хоёрын маргалдсан шалтгаан нь намайг өөрөө эхэлж мөрлөж авсан. Тухайн үед согтуу байсан болохоор тэр залуутай маргалдаад зогсож байхад хамт явсан залуу нь хажуугаас намайг цохиж авах гэж байхад нь цаанаас М.Д ирж таарсан. Тэгээд М.Д тэр залуугийн уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Бид нарыг маргалдаад байж байхад цаанаас хүмүүс ирээд салгасан...” /хх 14/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11339 дугаартай шинжээчийн “...Л.Сын биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, доод уруулын дотор салстад шарх, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэх дүгнэлт /хх 19-20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
М.Дгийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч Л.Саас “... М.Д 1,500,000 төгрөг өгсөн боловч энэ нь имплант хийлгэхэд хүрэлцэхгүй байх тул бодит хохирлыг шүүхээр гаргуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварт хохирогч Л.С нь “...сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй.” гэж гарын үсэг зурсан байх ба анхан шатны шүүхээс түүнийг сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй талаар дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан.
Гэтэл хэрэгт хохирогчид учирсан бодит хохирлыг тооцож тогтоосон баримт авагдаагүй байх ба хохирогч Л.Сын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа гаргаж өгөөгүй тул шүүхээс энэ талаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуулийн шаардлага хангасан, хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй байна.
Тодруулбал, хохирогч Л.Сын хувьд имплант хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд тэрээр шүүгдэгч М.Дтэй анхан шатны шүүхэд хохирол төлбөрийг харилцан тохиролцсон асуудал нь шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүргээс чөлөөлөхгүй юм.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ