Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0748

 

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***** /цахим/ нарыг оролцуулан, “*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*****аас шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: “…Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, SU-003602 дугаарт бүртгэгдсэн буцаах өргөдлийн дагуу шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “…нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно…” 66.2 дахь хэсэгт “…нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж тус тус заасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*****аас нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсанаа шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, “*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, SU-003602 дугаарт бүртгэгдсэн буцаах өргөдлийн дагуу шийдвэр гаргуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б***** нь нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*****” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “…Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, SU-003602 дугаарт бүртгэгдсэн буцаах өргөдлийн дагуу шийдвэр гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.МӨНХ-ЭРДЭНЭ