| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0514/Э |
| Дугаар | 514 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 514
2018 6 25 514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Т.От холбогдох эрүүгийн 1805 0153 80481 тоот дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,
2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 265 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 144 дугаар шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай праламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 10 сар 03 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан, Б. овогт Т.О.
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчим Хархорин захын урд талын автобусны буудлын харалдаа эмийн сан дотор үйлчлүүлж байсан иргэн Х.Нийн куртикний баруун халааснаас “Айфоне 6” загварын гар утсыг хулгайлж 472 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.О мэдүүлэхдээ:
2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19-ийн автобусны буудал дээр 13-14 цагийн үед 2 эмэгтэйгээс цайны газар хаана байдгийг асуухад эмийн сангийн 2 давхарт байгаа гэж хэлсэн. Тэгээд хоол идэхээр эмийн санд ороход үл таних 2 эмэгтэй байсан ба зүүн талын эмэгтэйн халаасанд нь байсан гар утас бараг унах шахам цухуйсан байсан болохоор би гар утсыг нь хулгайлж авсан. Хохирогч утсаа алдсаныхаа дараа өөрийнхөө утас руу залгахад нь сандарсандаа “халаасны хулгайтай тэмцэх тасгийн Ганбаяраас очиж аваарай” гэж хэлсэн нь үнэн. Тэгээд тэр гар утсыг танихгүй хүнд 30 000 төгрөгөөр зарсан. Би энэ гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө 5 сар гаруй хугацаанд барилгын ажил хийсэн боловч цалингаа авч чадаагүй. Надад мөнгөний хэрэг гарсан учраас энэ гэмт хэргийг үйлдсэн. Хохирогчид учирсан хохирлыг хийсэн ажлынхаа хөлсийг авч байгаад төлнө. Мөн манай урд талын айл байшин барьж байгаа бөгөөд намайг өдрийн 30 000 төгрөгөөөр 10 хоног ажил хийвэл 400 000 төгрөг өгнө гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хулгайн зөрчилд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 30 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн. Тэр үед яах аргагүй гэр хоолгүй хоосон байсан ба байцаагчид цагаа бүртгүүлчихээд харих замдаа хулгай хийсэн юм. Миний буруу гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Н мэдүүлэхдээ:
2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын урд талын эмийн сан дотор үйлчлүүлж байгаад куртикны баруун талын халааснаасаа гар утсаа хулгайд алдсанаа мэдээд өөрийн гар утас руугаа залгахад эрэгтэй хүн миний гар утсыг аваад “халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах дэслэгч Д.Г байна” гэж яриад тасалсан. Тэгээд би баруун дөрвөн замд байрлах Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр ирж ахлах дэслэгч Д.Гтай уулзахад “би тантай тэгж яриагүй, таны утсыг хулгайлж авсан хүн миний нэрийг барьж ярьсан байна” гэж хэлсэн. Надтай утсаар ярьсан хүн эрэгтэй хүн байсан. Надтай утсаар ярихдаа ээрээд, гацаж байсан. Миний алдсан гар утас 2016 онд Мобикомоос 1 300 000 төгрөгөөр худалдан авч байсан “Айфоне 6” загварын шаргал өнгийн 99100223 дугаартай гар утас байсан. Би алдсан утсаа авсан үнээр нь 1 300 000 төгрөгөөр үнэлнэ. Би гар утсаа төлүүлж авмаар байна. Миний гар утсыг хулгайлж авсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэжээ. ( хэргийн 8-9, 23 дугаар хуудас)
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:
...20180226_163028 гэсэн файлыг тоглуулахад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Торгон туул” ХХК-ийн эмийн сангийн лангуунуудын хоорондох үйлчлүүлэгчдийн зорчих хэсгийг харуулсан камерийн бичлэг байх бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 46 минутын нийт 31 секундын бичлэг байв. Уг бичлэгээр хохирогч Х.Н нь хар өнгийн урт загвартай юүдэнтэй куртик өмссөн, цүнхээ шилэн лангуун дээр тавьсан байсан ба бичлэгийн 10 секундэд лангууны хажууд махлаг биетэй хоёр ойролцоо насны эмэгтэй зогсож байх ба ард талд нь Т.О явж байгаа нь харагдаж байв. Бичлэгийн 20 секундэд хохирогч Х.Нийн ард Т.О нь хар малгайтай улаан цамцтай, саарал урт куртиктэй, хар өнгийн гуталтай араас нь дагаж очоод хохирогчийн зүүн талд нь шахаж зогсож байгаад зүүн талын халааснаас нь утас аваад, зүүн гарын куртикны ханцуйдаа гар утсыг нь хийгээд хаалгаар 29 секундэд гарч явж байгаа бичлэг байв гэжээ. ( хэргийн 20 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 265 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 144 дугаар шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай праламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 10 сар 03 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим Хархорин захын автобусны буудлын урд талд байрлах эмийн сан дотор үйлчлүүлж байсан хохирогч Х.Нийн куртикний баруун халааснаас нь “Айфоне 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 472 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Наранцэцэгийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгажээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Т.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж илэрхийлж байгааг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа.
“Айфоне 6” загварын гар утас 472 000 төгрөгийн үнэтэй болох нь “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Т.Оаас 472 000 төгрөг гаргуулан хохирогч Х.Нт олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Т.Оыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Оыг 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Т.Оын эдлэх 08 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Оын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Оаас 472 000 төгрөг гаргуулж хохирогч Х.Нт олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс түүний эдлэх ялыг тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,
яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН