| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2408000000894 |
| Дугаар | 2025/ДШМ/67 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/67
2025 01 09 2025/ДШМ/67
Н.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч А.О,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Н.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Мт холбогдох эрүүгийн 2408000000894 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Н.М, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ..................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;
Шүүгдэгч Н.М нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 35 дугаар гудамжны задгай тоотод хохирогч Г.Дтай таарамжгүй харьцаа үүсгэн, хэвлий, зүүн шуунд хутгалж, эрүүл мэндэд “хэвлийн хөндийд нэвтэрч элэг, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шууны хураагуур, тараагуур судасны тасрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Мыг 6 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт урт 30 см, ажлын хэсгийн урт 17 см, ажлын хэсгийн өргөн 3,5 см, бариул 13 см, шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1,511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Моос нийт 3,411,628 төгрөг гаргуулж, хохирогч Г.Дд олгох, хохирогч Г.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Н.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.М гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г.Дтай таарамжгүй харьцааны улмаас хүнд бэртэл учруулсан буруутай үйлдэл хийсэн билээ. Г.Д намайг согтууруулах ундаа хэрэглээд гэртээ амарч байхад гэнэт цохиж сэрээж, сэтгэлийн тавгүй байдлыг үүсгэж, үл ойлголцол эхлүүлсэн. Би урьд ийм огцом цочролд орж байгаагүй юм. Тэр цочролоос болж өөрийгөө хамгаалахаар хүний биед хүнд хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Өөрөөс шаардагдах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг бүрэн гаргаж өгсөн. Би иргэний эрх, үүргээ ухамсарлаж явдаг хүн юм. Би согтуурсан үедээ ийм алдаа гаргасандаа үнэхээр харамсаж байна. Иймд намайг гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа, хохирогчид эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.М нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгч, хохирогч 2 нэг айлын хүргэн юм. Сүүлд энэ айлын хүргэн болсон гэдэг байдлаар хохирогч Г.Д нь маргаан үүсгэж, шүүгдэгчийг орон дээрээ байхад нь цохисон байдаг. Улмаар хоорондоо маргалдаж, шүүгээнд байсан зэвсгийн чанартай хутгыг хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулсан. Гэм буруу дээр маргадаггүй. Анхан шатын шүүхийн шийтгэл тогтоол гарахад 3,411,628 төгрөгийг төлөөгүй байсан. Шүүх хуралдааны дараа зарим эд зүйлээ худалдан борлуулж, хохирлыг барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалаад гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэх 2 хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчийн буруутай үйлдэл, хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлуудыг бүхэлд нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсгээр 6 жилийн хорих ял шийтгэсэн. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “Улсын яллагчаас гаргасан хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан 3,261,600 төгрөгийг шүүгдэгч Н.Моос гаргуулах нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу прокурор төрд учирсан дээрх иргэний нэхэмжлэлтэй холбоотой холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах нь зүйтэйг тэмдэглэж байна” гэж дүгнэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” болохыг тусгаагүй орхигдуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” тогтоох хэсэгтээ тусгана, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,261,600 төгрөгийг прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх талаар нэхэмжилсэн байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох нь буюу шийдвэр хэсэгт дан ганц хохирогчид учирсан хохирлыг шийдвэрлэж, прокурорын гаргасан нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх заалтыг тусгуулан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1248 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 35 дугаар гудамжны задгай тоотод хохирогч Г.Дтай таарамжгүй харьцаа үүсгэн, хэвлий, зүүн шуунд хутгалж, эрүүл мэндэд “хэвлийн хөндийд нэвтэрч элэг, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шууны хураагуур, тараагуур судасны тасрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Дгийн “...2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чинбат түүний ажлын газрын хүний хамт ...Г гээд базынхаа хашаанд байх явдаггүй машиныг задлах гээд очсон чинь Г согтуу байсан. Биднийг машин дээр юм хийж байхад хүрээд ирсэн. Би гэр лүү нь оруулж унтаж амар гэчхээд буцаад машин дээрээ юм хийж байгаад гэрээс нь бахь авах гээд орсон чинь Г зүүн талын орон дээрээ хэвтэж байгаад надтай хамт явсан дүү, нөгөө хүнийг “хаанахын пизда нар вэ” гэхээр нь би “унтаж амар” гэсэн чинь босоод ирсэн. Би ор луу нь түлхээд унагаасан чинь босож ирээд намайг цохиод авахаар нь би зөрүүлж цохиод бид 2 барьцалдаад байж байсан чинь Гын эхнэр Бадам дундуур ороод салгасан. Гэрээс нь гараад явж байхад Г араас хутга аваад ирсэн. Миний зүүн хэвлий хэсэг рүү хутгалсан, дахиад хутгалах гэхээр нь би зүүн гараараа хаасан чинь шуу хэсэгт хутгалчихсан. Тухайн үед би Н.Мт “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд “хутгалахад яадаг юм” гэж хэлсэн. Миний гараас цус гараад, би хараад ухаан алдаад уначихсан байсан. Эмчилгээний зардал 5,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөгийг барагдуулж өгөх юм бол өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /хх 13-14, 18/,
гэрч Б.Бын “...2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ...гэртээ хамтран амьдрагч Н.Мын хамт амарч байхад хүргэн Г.Д, дүү Чинзориг, танихгүй нэг залуугийн хамт согтуу, манай хашаанд байх машинаа задлах гээд ирсэн. Н.М амарч байгаа юм чинь гээд архи уучихсан байсан. Гэрээс Н.М гараад нөгөө машин дээр очоод юм хийж байгаад гэнэт Чинзоригтой маргалдаад гэртээ орж ирээд унтах гээд зүүн орон дээрээ хэвтэж байсан чинь хүргэн ах Г.Д орж ирээд “чи манай дүүд томорлоо” гээд Н.Мыг хэвтэж байхад нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохиод гэрээс гарсан. Араас нь удалгүй Н.М гараад явах шиг болсон чинь гадна Г.Д “хутгалчихлаа” гээд орилохоор нь би гараад харсан чинь Г.Дгийн зүүн гар, гэдэс хэсгээс цус гарсан, Н.М хутга барьсан байхаар нь би хутгыг булааж аваад холдуулсан...” /хх 20/,
гэрч Д.Агийн: “...2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай ээж 14 цаг өнгөрч байхад над руу залгаад “аав чинь Чтай Гынд очсон. Гтой маргалдаад байна гэнэ, аав руугаа залгаад харь” гэж хэлэхээр нь би Бадам эгч рүү залгахад “гялс хурдан хүрээд ир, аав чинь цус алдаад байна. Г хутгалчихлаа” гэхээр нь ...103-р шууд ГССҮТ-д хүргэгдэн ирсэн...” /хх 22-23/ гэсэн мэдүүлгүүд,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6788 дугаар шинжилгээний “...Г.Дгийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элэг, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шууны хураагуур, тараагуур судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх 30-32/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 767 дугаар шинжилгээний “...Г.Дгийн сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн зэрэг тогтоогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Г.Дгийн сэтгэцэд учирсан өөрчлөлт нь түр зуурын шинжтэй. Хохирогчийн сэтгэцэд хэрхэн нөлөөлөх, нөлөөлөх бол үргэлжлэх цаг хугацаа нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, биеийн эмчилгээ эдгэрэлт, цаашид сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авах эсэхээс хамаарна. Г.Дд тогтоогдсон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөөр үнэлэн тооцон гаргах боломжтой. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно” /хх 48-50/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6725 дугаар шинжилгээний “...Н.Мын биед гэмтэл тогтоогдсонгүй” /хх 26-27/ гэсэн дүгнэлтүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн: “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 35 дугаар гудамж задгай тоот уулын өндөрлөг хэсэгт 2 монгол гэр ...тус гэрийн үүдний довжоо хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд тус гэрийн үүдний зүүн хэсэгт улаан өнгийн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хувцас байв. ...гэрийн үүднээс ертөнцийн зүгээр баруун талд 20 см зайд газарт ажлын хэсэг нь 17 см, шар өнгийн бариул хэсэг нь 13 см, ажлын хэсгийн өргөн нь 3,5 см, нийт урт нь 30 см урттай ажлын хэсэг нь цайвар мөнгөлөг өнгийн үзүүр хэсэг цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга байсныг...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Н.Мын зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.
Шүүгдэгч Н.Моос “... намайг гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа, хохирогчид эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно.” гэж тус тус заасан нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Шүүгдэгч Н.Мын тухайд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэж, түүний гомдлыг үндэслэн тухайн зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Н.Мын хувьд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 5 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.
Мөн прокурор Н.Ундрахаас “... эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох гэмт хэргийн улмаас хохирогчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал 3,261,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичжээ.
Анхан шатны шүүх “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 3,261,600 төгрөгийн төлбөрийн баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор төрд учирсан дээрх иргэний нэхэмжлэлтэй холбоотой холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй” гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт тусгаагүй орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хуульд заасан ажиллагааг хийгээгүй тул прокурорын гаргасан иргэний нэхэмжлэлийг энэ хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1248 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Мын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Мын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээ сарын 09-ний өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1248 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Мыг 6 жилийн хорих ял шийтгэсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Мыг 5 жилийн хорих ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ