| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2026/0483/З |
| Дугаар | 128/ШШ2026/0707 |
| Огноо | 2026-07-31 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2026/0707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: ..Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хоёр.Маргааны үйл баримтын талаар:
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр Г ХХК-д аймгийн У сумын нутаг дахь Хар гозгор нэртэй газарт орших 4001.49 гектар талбайд хайгуулын XV- тусгай зөвшөөрлийг анх олгосон.
2.2. Нэхэмжлэгч С******* ХХК-иас Г ХХК-ийн хайгуул хийх зөвшөөрөл бүхий аймгийн Угтаалцайдам сумын Хар горзгор нэртэй газарт орших 4001.49 гектар талбайгаас 2326.92 гектар талбайг ... юаньаар тохиролцон шилжүүлэн авахаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хэсэгчлэн шилжүүлэх гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулжээ.
2.3. Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 679 дугаар Тусгай зөвшөөрөл хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрийн 1 дэх заалтаар Г ХХК-ийн тусгай зөвшөөрөл аймгийн У сумын нутаг дахь Хар гозгор нэртэй 4001.49 гектар талбай бүхий XV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Хар горзор нэртэй 2326.92 гектар талбайг С******* ХХК-д хэсэгчлэн шилжүүлж, шинээр XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгосон байна.
2.4. Дээрх тусгай зөвшөөрөл шилжүүлсэнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн аймгийн У сумын Хар гозгор нэртэй газарт орших 2326.92 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2028 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаатайгаар олгосон байна.
2.5. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 10/1398 дугаар албан бичгээр ...тусгай зөвшөөлийн ээлжит 5 дахь жилийн төлбөр төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдэж байна гэх албан бичгийг нэхэмжлэгч С******* ХХК-д Улаанбаатар хот, Б*******, 1 дүгээр хороо, Б, Замчид, утас ... гэх хаягаар хүргүүлсэн боловч 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудангаас утас биш гэх тайлбартайгаар буцаагдсан байна.
2.6. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрээр С******* ХХК аймгийн У сумын Хар гозгор нэртэй газарт орших 2326.92 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.
2.7. Ашигт малтмал газрын тосны газраас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/1814 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...танай компани нь дараах тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр цуцалсныг... мэдэгдсэн байна.
2.8. Нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр ....... төгрөг, алданги ............. төгрөгийг төрийн сангийн дансанд төлсөн байна.
2.9. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлээр 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...С******* ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 679 дүгээр шийдвэрээр аймгийн Угтаалцайдам сумын нутагт орших Хар гозгор нэртэй газарт байрлах 2326.92 гектар талбай бүхий XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Г ХХК-иас шилжүүлэн авсан.
Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2028 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусах байсан бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн аваад ердөө 3 сарын хугацаа өнгөрч байтал Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан болохыг Ашигт малтмал газрын тосны газрын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/1814 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6- д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд багтаан төлөх эрхтэй.
Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 12-т Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жил дуусгавар болох өдөр хүртэлх хугацааны дотор төлснийг дараа жилийн төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзнэ, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 217, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 240, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 63, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 69 дүгээр тогтоолуудад ... Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх олгосон шийдвэр тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болготол эрх зүйн үйлчлэлтэй байх бөгөөд зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх эрхийг хуулиар олгосон гэж тайлбарласан байдаг бөгөөд манай компани нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт ...... төгрөгийг алданги ......... төгрөгийн хамт төлсөн.
Хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх мэдэгдлийг манай компанид огт ирүүлээгүй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчиж мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулалгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэх тухай 679 дугаартай шийдвэрээр Г ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-******* дугаартай өргөдлийн дагуу аймгийн Угтаалцайдам сумын нутаг дахь Хар гозгор нэртэй 4001,49 гектар бүхий XV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Хар гозгор нэртэй 2326,92 гектар талбайг С******* ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж шинээр ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Нэхэмжлэгч С******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 10/1398 дугаартай албан бичгээр ...танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 5 дахь жилийн төлбөр төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдэж байна... бичгээр нэхэмжлэгч компанид Монгол шуудан ХК-иар мэдэгдэл хүргүүлсэн.
Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй тул С******* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 10/1814 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн нь нийцэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэрийг эс зөвшөөрч ...манай компани 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлж авсан 2326.92 гектар талбайд хэдэн төгрөгийн төлбөр төлөх ёстой талаараа мэдээгүй, манай компани 2022 оноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани биш, тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх мэдэгдэл манай компанид ирүүлээгүй, ирүүлсэн бол төлбөрийг төлөх боломжтой байсан, мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй гэж, хариуцагчаас ... 5 дахь жилийн төлбөрийг төлсөн талаар баримтаа ирүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг хүргүүлсэн. Тухайн хугацаанд холбогдох баримтаа ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцалсан гэж тус тус тайлбарлан маргаж байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т ...Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна, 34 дүгээр зүйлийн 34.1-т ...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө, 49 дүгээр зүйлийн 49.9-т ...Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан этгээдийн энэ хуулийн 32.2, 32.3, 33.1-д заасан төлбөр, зардлыг тодорхойлохдоо урьд ногдуулж ирснийг үргэлжлүүлэн тооцож тусгай зөвшөөрөл шилжүүлсний дараагийн жилээс эхлэн тогтооно гэж зааснаас дүгнэхэд хариуцагч тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тусгай зөвшөөрөл шилжүүлсний дараагийн жилээс нь шинээр тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлсэн тохиолдолд төлбөрийг үргэлжлүүлэн тооцохоор зохицуулсан байна.
3. С******* ХХК нь Г ХХК-ийн хайгуул хийх зөвшөөрөл бүхий аймгийн Угтаалцайдам сумын Хар горзгор нэртэй газарт орших 4001.49 гектар талбайгаас 2326.92 гектар талбайг ........ юаньаар тохиролцон хэсэгчлэн шилжүүлэн авахаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хэсэгчлэн шилжүүлэх гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 679 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын ХV-******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байна.
4. Үүнээс 3 сар гаруйн дараа буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1398 дугаар албан бичгээр төлбөр төлөх талаар мэдэгдсэн гэж тайлбарлан маргаж байх боловч утас биш гэх тайлбартайгаар буцаагдсан болох нь Монгол шуудангийн баримт, хариуцагч байгууллагын явуулсан бичгийн бүртгэл зэргээр тус тус тогтоогдсон.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан мэдэгдэнэ гэдгийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж тайлбарласнаас үзэхэд дээрх мэдэгдэл буцаагдсан байхад нэхэмжлэгчид мэдэгдсэн, гардуулсан, хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
7. Мөн нэхэмжлэгчийн хаяг, утасны дугаар өөрчлөгдөөгүй болох нь хариуцагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1398 дугаар албан бичгийг хүргүүлсэн нэхэмжлэгчийн хаягаар дахин Ашигт малтмал, газрын тосны газраас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/1814 дугаар тусгай зөвшөөрөл цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь Монгол шуудангийн баримт, төлбөр төлсөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ...тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх мэдэгдэл манай компанид ирүүлээгүй, ирүүлсэн бол төлбөрийг төлөх боломжтой байсан, мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
8. Хариуцагч нь С******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсны дараагийн жилээс шинээр тогтоож, хэдий хугацааны дотор төлж барагдуулахыг мэдэгдэх нь төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байхад энэхүү үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид хүргүүлсэн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1398 дугаар албан бичиг нэхэмжлэгчид хүргэгдээгүй буцаагдсан байхад дахин мэдэгдэх, утсаар холбогдох ажиллагааг бүрэн хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
9. Түүнчлэн маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д ...Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56.1-т ...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална, 56.1.2-т ..тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг үндэслэж нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байх бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг шилжүүлэн авсны дараагийн жилээс тооцож, хэдий хугацаанд төлбөрийг төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хариуцагч бүрэн хэрэгжүүлээгүй атлаа хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй.
10. Мөн нэхэмжлэгч С******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас хүргүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/1814 дугаар албан бичгийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаар мэдсэн даруйдаа буюу 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр ..... төгрөг, алданги ...... төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан болох нь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийн үндэслэл арилсан байна.
11. Иймд дээр дүгнэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12. Маргаан бүхий актаар Ю******* ХХК, С******* ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
13. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор ...Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй, хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх гэсэн хуулийн зохицуулалтууд нь ne ultra petita гэх эрх зүйн зарчим, ухагдахуунаас улбаатай. Энэ нь шүүхэд хандсан этгээдийн гаргасан хүсэлт (шүүхээр хамгаалуулахыг хүссэн зүйл)-ээс хэтэрсэн шийдвэр гаргахыг шүүхэд хориглосон агуулгатай бөгөөд субьектив эрхийн маргааны хувьд хөдөлбөргүй мөрдөгдөнө. Гэхдээ шүүх зөвхөн нэхэмжлэлд сонгож гаргасан шаардлагын төрөлд (үгчлэн) баригдах биш, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлах нь зүйтэй гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгчийн эцсийн зорилго нь өөрийн компанийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх зорилготой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 34.1, 49.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР