Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02276

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02276

 

 

 

 

Ш.Батнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02935 дугаар шийдвэртэй Ш.Батнасангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 12 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Есүхэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Батнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 5280 дугаар шийдвэрээр Ш.Батнасангаас 6 949 234 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Ш.Батнасан нь тогтсон ажил хөдөлмөргүй түрээсийн орон сууцанд эхнэр хүүхдүүдийн хамт эдийн засгийн хувьд хүнд нөхцөлтэй амьдардаг бөгөөд төлбөрийг хараахан барагдуулаагүй. Тэрээр өөрийн эзэмшлийн битүүмжлэн хураагдсан ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 15 000 000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 3 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийгдэхээр 12 тоот тогтоолоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл тухайн байгууллага нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 7 385 673 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 1 645 997 төгрөгөөр, нийт 9 031 671 төгрөгөөр үнэлж, зөвхөн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор эд хөрөнгийг үнэгүйдүүлж буйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Ш.Батнасан нь дээрх тоног төхөөрөмжүүдийг 17 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг хүргүүлсэн байхад Дамно ХХК нь хэт доогуур үнэлсэн. Үнэлгээ хийсэн тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан ба уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ хийсэн тухай мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж байна. Иймд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 12 тоот шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 5280 дугаар шийдвэрээр Ш.Батнасангаас 6 949 234 төгрөгийг гаргуулж Т.Батмөнхөд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Ш.Батнасанд удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгч байсан боловч төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгч Ш.Батнасан нь төлбөрөө ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмж, Хятад Улсад үйлдвэрлэсэн Т503 загварын зоруулт машин зэрэг хөдлөх хөрөнгийг санал болгож дээрх хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг хуулийн дагуу хийж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь дээрх санал болгосон хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан. Төхөөрөмжийг нийт 9 031 671 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4/9349 дүгээр албан бичгээр мэдэгдсэн болно. Иймд шүүхийн гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 12 тоот Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу хийгдсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Есүхэй давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан ба дор дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх тус хүсэлттэй холбоотой хариуцагч талын гаргасан шүүхэд гомдол гаргасан учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон байгаа бид ажиллагаа явуулахгүй гэсэн тайлбарыг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Энэ хуулийн 27.1, 27.2 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно гэж заасан атал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу түдгэлзээгүй байгаа бөгөөд хариуцагч тал уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хэргийг шийдвэрлэж байх явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой, цаашилбал төлбөр төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байна.

Мөн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгаар сарын 14-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамждаа нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тусгаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ш.Батнасан нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 12 тоот Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу хийгдсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 5280 дугаар шийдвэрээр Ш.Батнасангаас 6 832 170 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 117 064 төгрөгийг тус тус гаргуулан Т.Батмөнхөд олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16261725 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 20-23 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ш.Батнасангийн Samsung маркийн хар өнгийн 42 инчийн LCD телевизор, Dell маркийн суурин компьютер, процессорын хамт, саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч, Samsung маркийн хар саарал өнгийн печь, ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус тус битүүмжилж, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна. /хх-ийн 52-55 дугаар тал/

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасанд нийцэх ба шийдвэр гүйцэтгэгч нь түүнээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ш.Батнасан нь ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 15 000 000 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 3 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах саналыг хүргүүлсэн ба төлбөр авагч нь уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлжээ. /хх-ийн 58-59 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх-ийн 60 дугаар тал/

Дамно ХХК-ийн шинжээч 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 7 385 673.55 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 1 645 997.30 төгрөг, нийт 9 031 671 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 63-74 дүгээр тал/

Төлбөр төлөгч Ш.Батсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийн зах зээлийн үнэ ханш 15 000 000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машины зах зээлийн үнэ ханш 3 000 000 төгрөг байхад зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарласан боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасны дагуу гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хүсэлтэд гомдол гаргах эрхээр хангахгүй хэргийг шийдвэрлэсэн гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсхүл түдгэлзүүлэхгүй байх талаар зохицуулсан байх ба анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд түүний хүсэлтийг шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Б.НАРМАНДАХ