| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0520/Э |
| Дугаар | 520 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 520
2018 6 25 520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,
хохирогч: Э.Э,
шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Н.Банзрагч /1880/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж. овоогт А.Бд холбогдох эрүүгийн 1803 0000 10135 тоот дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , Ж. овоогт А.Б.
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 50 километрийн зайд буюу Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлийн, хатуу хучилттай замд Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна.
а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3-д заасан жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчин, Б.Лын эзэмшлийн “Ssangyong Istana” маркийн, 13-33 ГАҮ улсын дугаартай машины зүүн хойд талын дугуй нь 3 шифилктэй, техникийн эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодон явснаас онхолдож, зорчигч Л.С, Г.А нарын эрүүл мэндэд хүнд, О.Б, Э.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Б мэдүүлэхдээ:
Би Говь-Алтай аймагт амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй учраас өөрийн машинаараа хотод ирж, Өмнөговь аймаг руу хүн тээвэрлэж явсан. Өмнөговь аймаг явахаасаа өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замд гарахаасаа өмнө 2 хоног засвар хийсэн. Машин маань Улаанбаатараас замд гарахад зүгээр байсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 50 километрийн зайд машин маань онхолдож, осол гарсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл эвдрэл, гэмтэлтэй байсныг шинжээчийн дүгнэлт гарсны дараа мэдсэн. Манай эгч, бэр, дүү нар хохирогч нарыг эргэж тойрч, эмнэлэгт хэвтэж байсан хугацааны зардлыг төлж, эм тариаг нь авч өгч байсан. Тэдний хэнд нь хэдэн төгрөг төлсөн талаар би сайн мэдэхгүй, харин манай дүү Батсайхан мэднэ. Хохирогч нарын зарим нь хөдөө орон нутагт байдаг юм. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Эрдэнэбаатарт 250 000 төгрөг, хохирогч Батдоржид 2 400 000 төгрөгийн эмчилгээ, хохирогч Ад 1 000 000 төгрөг өгсөн. Нийт 3 600 000 төлсөн байх. Хохирогч Ст эмчилгээний зардлыг төлсөн. Одоо хохирогч Батдоржид 200 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хохирогч Эрдэнэбаатарт 546 000 төгрөг төлөхөөс 250 000 төгрөг төлсөн тул үлдсэн 286 000 төгрөгийг төлж, түүний цаашид аарцагны үе солиулах хагалгааны төлбөрийг төлнө. Хувийн эмнэлэгт хагалгаа хийлгэвэл төлбөр нь өндөр гарах байх. Улсын эмнэлэгт хагалгаа хийлгэвэл сайн байна. Гэхдээ төлбөрийг нь төлнө. Миний буруутай үйл ажиллагаанаас осол гарсныг ойлгож байна. Надад хэдэн мал байгаа, түүнийгээ зарж хохирогч нарын хохирлыг төлнө. Мөн осол болох үед хүмүүсийн авч явсан ус ундаа, гурил будаа асгарч, гэмтсэнээс үүссэн хохирлыг мөн төлсөн. Энэ машин өөр хүний нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн машин юм. Өөрийн гэм бурууг ойлгож байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.Э мэдүүлэхдээ:
Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос 18 цагийн үед Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар руу очихоор “Istana” маркийн машинд суусан. Замдаа бүгдээрээ замын хажууд байх цайны газарт хоол идсэн. Хоол идсэний дараа дахин замдаа гарахад би унтсан. Унтаж байтал осол болсон байсан. Энэ ослын улмаас миний аарцагны яс хугарч, гэмтсэн. Одоо биеийн байдал дээрдэж, 4 сарын өмнөөс сууж, 2 сарын өмнөөс 2 суга таягтай явж эхэлсэн. Харин 1 сарын өмнөөс 1 суга таягтай явж байна. Би өөрөө Баатархүүтэй харьцаж байгаагүй. Надад 250 000 төгрөгийн төлбөр төлсөн байсан. Би жилийн дараа аарцагны үе солиулах хагалгаанд орно. Энэ хагалгааг хийлгэх шаардлагатай, хагалгааны зардал 8 000 000 төгрөг болно гэж гэмтлийн эмч надад хэлсэн юм. Энэ зардлыг Баатархүүгээр төлүүлнэ. Мөн эм, тариа авсан төлбөрийн үлдэгдлийг төлүүлэх хүсэлтэй байна. Би Өмнөговь аймгийн Цагаан хаданд том машин барьж, сард 1 200 000 төгрөгийн орлого олдог байсан гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-О.Б мэдүүлэхдээ:
Би Улаанбаатар хотоос 18 цаг өнгөрөөгөөд Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар очих гэж явсан. Тэгээд замдаа хоол идсэн. Тэгээд хоол идсэн газраасаа хөдлөөд хотоос 187 км орчим газарт явж байхад машин зүүн гар тал руугаа хазайгаад засмал замын зүүн тал руу замын далан руу онхолдсон. Тэгээд түргэний машинаар Дэлгэрцогт сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Осол болох үед машин нилээн хурдтай явж байсан. Би машинд ард талын суудалд хамгийн баруун талд сууж явсан. Миний хажууд нэг эмэгтэй, нэг эрэгтэй, урд талын дунд суудалд нэг эмэгтэй, хоёр захад нь эрэгтэй, цаашаа харж суудаг суудал дээр гурван эрэгтэй, жолоочийн хажууд нэг эрэгтэй, нэг эмэгтэй сууж явсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний цээж хөндүүрлэн өвдөж, дал цуурсан, хоёр чихний хэнгэрэг хагарсан гэж эмч хэлсэн. Толгойн дагзны хэсэг мэдээгүй байна. Ослоос хойш бие өвдөж, нурууны орчим мэдээгүй байна. Би гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн. Жолооч талаас эмчилгээний зардлыг даасан. Би өөрөөсөө 300 000 гаруй төгрөгөөр эм, тариа авсан. Түүний мөнгийг жолооч өгсөн. Жолоочийн зүгээс надад ойролцоогоор 2 400 000 төгрөгийн эмчилгээ хийлгэж өгсөн. Жолоочтой ярилцаж байгаад хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлыг гаргаад өгвөл гомдолтой эсэх асуудлаа шийдвэрлэнэ гэжээ. (хэргийн 14, 125 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад хохирогч-Г.А мэдүүлэхдээ:
Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18-19 цагийн хооронд Нарантуул захыг хааж байхад Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цагаан хад гэх чиглэлийн цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй, Стана маркийн машинд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Оюутолгой ХХК-ийн уурхай хүртэл явахаар суусан. Тэгээд замдаа явж байгаад 22 цагийн үед Довын гуанз дээр зогсож хоолонд орцгоогоод гарч ирээд нилээн явж байгаад гэнэт машин хоёр тал руугаа дайвалзаж байгаад замын эсрэг урсгал руу ороод замын зүүн тийшээ далан руу унасан. Тэгээд нэг сэрэхэд толгойноос цус гоожиж, ам руу урссан байсан. Тэгээд гарах гээд юунаас самардсанаа мэдээгүй. /дараа нь цонхны хагарсан шилнээс маажсан байсан/ Гарч чадахгүй болохоор орилсон чинь жолооч ирж машинаас гаргаж өгсөн. Тэгээд зам дээр цуг явсан хүмүүсийн нэг нь явж байсан машин зогсоосон байсан. Яваад очиход жолооч нь бид нар хойшоо Улаанбаатар хот руу явж байна. Та нар урагшаа явж байгаа машин зогсоо гэж хэлсэн. Тэгээд намайг хараад “чиний толгойноос цус чинь дээшээ олгойдож гоожоод байна” гэж хэлээд машиныхаа багажнаас даавуу гаргаж ирээд миний толгойг бооход цус нэвтэрч гарч ирээд байсан болохоор дээрээс нь дараад яв гээд дарах даавуу өгсөн. Тэгээд байж байхад эмнэлгийн шинэ фургон эмчтэйгээ явж таараад надтай хамт нэг өвгөн, нэг залуу суугаад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын эмнэлэг дээр ирж анхан шатны тусламж авсан. Улаанбаатар хотод ирээд Гэмтэл согог судлалын төвийн эмнэлэгт 13-14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн осол болох үед би жолоочийн хажуу талын суудалд жолоочийн туслах гэх залуугийн хамт сууж явсан. Хойно сууж явсан хүмүүсийг танихгүй, хаана, хэн сууж явсныг мэдээгүй. Тухайн осол болох үед жолоочоос гадна 11 хүн сууж явсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрийн зардлаар нийт 1 000 000 төгрөг орчим эмчилгээ хийлгэсэн. Энэ зардлаа нэхэмжилнэ.
Би ослын улмаас толгойдоо хүнд гэмтэл авч, улмаар Улаанбаатар хот дахь гэмтлийн эмнэлэгт 14 хоногийн хугацаанд хэвтэж эмчлүүлсэн. Түүнээс хойш гэрээр эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн 7 хоногт Ханбогд сумын эмнэлэгтээ 7 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Би Ханбогд сумын төвд “Өлзийт Мөнх Овоо” ХХК-д сарын 900 000 төгрөгийн цалинтай оёдолчны ажил хийж байсан. Даатгал шимтгэлээ төлөөд гар дээр 700 000 төгрөг авдаг. Гэмтлийн улмаас би ажлаа өнөөг хүртэл хийж чадаагүй байна. Оношлогоо, шинжилгээ, ор хоног, эмчилгээний зардалд 1 000 000 орчим төгрөгийн зардал гарсан. Би бүх баримтаа цуглуулж өгч чадаагүй ч 600 000 орчим төгрөгийн баримтыг өмнөх мэдүүлэг өгөхдөө гаргаж өгсөн. Одоо надад нэмж өгөх баримт байхгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад шаардлагатай Актовегин тариаг жолоочийн ар гэр надад авч өгч байсан. Түүнээс өөрөөр надад хохирол мөнгө өгөөгүй байна. Миний эмчилгээний зардалд гарсан 1 000 000 төгрөгийг болон гурван сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй үеийн цалингийн нийлбэр 2 100 000 төгрөг гээд нийтдээ 3 100 000 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийг шийдэж хохирол мөнгө өгвөл би өөр гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 18, 133-134 дүгээр хуудас)
Мөрдөн байцаалтад хохирогч-А.С мэдүүлэхдээ:
Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цагаан хад руу явах зорилгоор Улаанбаатар хотын Нарантуул зах дээр очиход нэг залуу Цагаан хад явна гэхээр нь “би явъя” гэж хэлээд машинд нь суусан. Замдаа машиныг нь харсан чинь Истана маркийн, 15-33 серийг нь мэдэхгүй дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Машинд нь ороход 5-6 хүн сууж байсан ба баахан бараа ачсан байхаар нь би хамгийн арын суудлын баруун талд суусан. Надаас хойш 5 хүн ирсэн байх. 11 хүнтэй байсан. Хүмүүс сууж дуусаад Улаанбаатар хотоос 19 цагийн үед гарсан. Явж байгаад зогсохоор нь буугаад харсан чинь нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг зоогийн газрын урд ирчихсэн байсан. Тэр газарт хэсэг байж байгаад цаашаа хөдөлсөн ба би унтаж явсан. Түүнээс цааш юу болсныг, осол болсон үеийг санахгүй байна. Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ослын улмаас миний зүүн талын 11 дүгээр хавирга хугарсан, зүүн талын сүүжний яс цуурсан, уушиг руу хавирга хугарч гэмтээсэн, зүүн далны мөгөөрс хугарсан, нурууны сэртэнгүүд хугарсан одоо бол явж чадахгүй биеийн байдал муу байна. Би хөдөлмөрийн чадвараа алдсан, ажил хийж чадахгүй байгаа. Эмчилгээний зардал, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-П.Б мэдүүлэхдээ:
...13-33 ГАҮ улсын дугаартай, цагаан өнгийн Истана маркийн машинд суугаад 18 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн “Цагаан хад”-ын чиглэлд засмал замаар хөдөлж явсан. Тэгээд замдаа хотоос 120 км байх замын гуанзанд хоол идээд хөдлөөд би зүүрмэглэх маягтай явж байгаад унтаад өгсөн. Тэгсэн гэнэт хүмүүс хашгираад хаая, хүүе болоод явсан. Би машин өнхөрч байгааг мэдсэн. Тэгсэн засмал замын зүүн тал руу далангийн уруу онхолдсон. Би машины арын хагархай цонхоор мөлхөж гарсан. Тэгэхэд зарим хүмүүс гарсан, гадаа ёолж орилолдоод жолооч залуу нь хүмүүсээ гаргаж байсан. Осол 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн үед болсон. Харин ямар нэртэй газар машин онхолдсоныг мэдэхгүй. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний сууж явсан машинд жолоочийн хажууд 1 эрэгтэй, нэг эмэгтэй явсан. Хойшоо харсан суудал дээр гурван эрэгтэй хүн, би өөдөөс харсан суудал дээр зүүн гар талд Дулмаа, баруун гар талд туранхай залуу, хойд талын суудал дээр хоёр эрэгтэй, нэг эмэгтэй сууж явсан. Машинд нийт 12 хүн явсан. Бидний сууж явсан машин хүч муутай болохоор их хурдтай яваагүй, боломжийн хурдтай явсан. Осол болох үед би унтаж явсан. Миний зүүн талын өвдөг хөндүүр, өөр гэмтэл байхгүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Н.Д мэдүүлэхдээ:
...Тэгээд замдаа гуанзанд хоол идээд явж байхад машин дайвалзах шиг болоод засмал замын зүүн талын зорчих хэсэгт орж байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би доошоо суусан. Ямар ч байсан 2 удаа өнхөрсөн. Тэгээд онхолдсон машинаас намайг хүмүүс татаж гаргасан. Би Бадралын хамт замын унаагаар шууд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлээд тэндээ хоносон. Миний зүүн талын түнх хөндүүр өөр гэмтэл байхгүй. (хэргийн 32 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад шинжээч-Н.Б мэдүүлэхдээ:
13-33 ГАҮ улсын дугаартай машины зүүн хойд талын дугуйны шифилкний 3 боолт дараалж тасарсан. Тэр боолт тасарсан хэсэгтээ зэв идсэн байсан учраас хуучин тасарсан байсан гэж үзсэн. Зүүн хойд талын дугуйны нэг боолт байхгүй гэж бичсэн учир нь стүцерних дээр шифилк байхгүй явж байсан байх магадлалтай, хэзээ хаягдсаныг мэдэх боломжгүй. Хэрвээ шифилк гайжтай байсан бол тасрах магадлалтай. Тухайн шифилкний муруйсан нь дугуй салах, ойчих мөчид барбаны нүхэнд хөшигдөж муруйсан байх боломжтой. Истана маркийн тээврийн хэрэгсэл нь дугуйнд өгөх ачааллыг 5 шифилк дээр өгөхөөр тооцож хийгдсэн байдаг. Тухайн 13-33 ГАҮ улсын дугаартай машинд үзлэг хийхэд машины зүүн хойд талын дугуй нь 3 шифилктэй явж байсан нь тогтоогдож байгаа учраас тэр гурван ширхэг шифилк дээр даац өгч тасарсны улмаас дугуй салж, осол болсон байна гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Б.Л мэдүүлэхдээ:
Ssangyong маркийн, 13-33 ГАҮ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг боловч 2012 оны намар манай хүргэн ах Б.Балган /А.Б ахын төрсөн эгч А.Ууганцэцэгтэй суусан хүн/ Солонгос улсаас орж ирсэн Ssangyong маркийн машиныг бусдаас худалдаж аваад тухайн үед түүний биед иргэний үнэмлэх байхгүй, Говь-Алтайн аймгийн иргэнд ГАҮ улсын дугаарыг өгнө гэж Улаанбаатар хотын Автотээврийн газрын ажилтан хэлсэн. Тэгээд тухайн үед нь би Улаанбаатар хотод сурч байсан тул миний нэр дээр манай ах машинаа аваад 13-33 ГАҮ улсын дугаартай болсон. Түүнээс хойш хүргэн ах Б.Балган нь манай үеэл ах Баатархүүд зарсан байсан. Би хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй. Улсын бүртгэл дээр миний нэр дээр тухайн машины бүртгэл байдаг учраас намайг уг хэрэгт оролцуулж байгааг ойлгож байна. Иргэний хариуцагчийн хувьд бусдад учруулсан хохирлыг төлөх эсэх асуудлын хувьд Баатархүү ах өөрөө төлнө. Миний хувьд шүүхийн шийдвэрийг дагана гэжээ. (хэргийн 170 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1387 тоот дүгнэлтэд:
1. Л.Сын биед зүүн 1-11 дүгээр хавирга суганы арын шугамаар, зүүн 4-8 дугаар хавирга суганы урд шугамаар хугарсан, сээрний 5-8 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал, сээрний 12, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, 2 хөндийд хий, шингэн хуралт, хэвлийн баруун доод хажуу хана болон бүсэлхий нурууны баруун доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ард шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1327 тоот дүгнэлтэд:
1. Ан биед баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, баруун чамархай, зулайн хуйх, дух, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1386 тоот дүгнэлтэд:
1. Л.Батдоржийн биед сээрний 4, 5 дугаар нугалмын биеийн шахагдсан хугарал, өвчүү ясны бүдэрхий, баруун далны ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1328 тоот дүгнэлтэд:
1. Эрдэнэбаатарын биед зүүн сүүжний дэлбээ, ууцны сүүжний үе дайрсан хугарал, суудал ясны хугарал, үелэмжийн салалт, бага аарцагны хөндийн голомтлог цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1326 тоот дүгнэлтэд:
1. Ариунжаргалын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)
Дундговь аймгийн Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд:
1. “Истана” маркийн, 13-33 ГАҮ улсын дугаартай авто машины жолооч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Зам тээврийн осол нь 13-33 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасныг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ. (хэргийн 94 дүгээр хуудас)
Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот нэмэлт дүгнэлтэд:
1. Урьд гаргасан техникийн шинжээчийн №5 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй бөгөөд жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /жолооны үнэмлэхийг биедээ авч яваагүй/ мөн дүрмийн 2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Ssangyong маркийн, 13-33 ГАҮ дугаартай автомашины техникийн байдал нь Дундговь аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн техникийн дүгнэлтээр “дээрх эвдрэл гэмтлүүд нь ослоос болж үүссэн гэмтэл бөгөөд зүүн гар талын хойд дугуйны 3 боолт тасарсанаас болж дугуй барбаны хамт салж ойчсон нь осол болоход нөлөөлсөн” гэх үндэстэй байна гэжээ. (хэргийн 179 дүгээр хуудас)
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 5-9, 91-92, 95 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
А.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 197 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 50 километрийн зайд Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлийн, хатуу хучилттай замд “Ssangyong Istana” маркийн, 13-33 ГАҮ улсын дугаартай машиныг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх,
2.3-д заасан жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсаралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчин, уг машины зүүн хойд талын дугуй нь 3 шифилктэй, техникийн эвдрэл, гэмтэлтэй байснаас машин онхолдож, хохирогч Л.Сын эрүүл мэндэд зүүн 1-11 дүгээр хавирга суганы арын шугамаар, зүүн 4-8 дугаар хавирга суганы урд шугамаар хугарсан, сээрний 5-8 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал, сээрний 12, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, 2 хөндийд хий, шингэн хуралт, хэвлийн баруун доод хажуу хана болон бүсэлхий нурууны баруун доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ард шарх гэмтэл бүхий хүнд хохирол,
хохирогч Г.Ан эрүүл мэндэд баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, баруун чамархай, зулайн хуйх, дух, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хүнд хохирол,
хохирогч О.Бийн эрүүл мэндэд сээрний 4, 5 дугаар нугалмын биеийн шахагдсан хугарал, өвчүү ясны бүдэрхий, баруун далны ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол,
хохирогч Э.Эын эрүүл мэндэд зүүн сүүжний дэлбээ, ууцны сүүжний үе дайрсан хугарал, суудал ясны хугарал, үелэмжийн салалт, бага аарцагны хөндийн голомтлог цус хуралт бүхий хүндэвтэр хохирол,
иргэний нэхэмжлэгч Ч.Аын эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С, Г.А, О.Б, Э.Э, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1328, 1326, 1387, 1327, 1386 тоот дүгнэлтүүд, Дундговь аймгийн Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай нэмэлтээр гаргасан дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нарын эмчилгээний зардлыг нотлох баримтаар нотлогдсон хэмжээнд төлсөн, тэдний эмчилгээнд цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
“Ssangyong Istana” маркийн, 13-33 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б.Лын эзэмшилд улсын бүртгэлд бүртгэлтэй байх тул түүнийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Хохирогч Л.С эм тарианы зардалд 416 990 төгрөг, шатахууны зардалд 340 000 төгрөг, цалин хөлс, орлогод 13 200 000 төгрөг, бусад зардалд 113 050 төгрөг, зээлд 20 000 000 төгрөг, нийт 34 070 040 төгрөг нэхэмжилж байгаа боловч эм тариа, шатахуун, хүнсний зүйл авсан гэж 1 537 780 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт гаргаж өгчээ. Мөрдөн байцаалтад шүүгдэгч түүнд 777 924 төгрөг төлсөн тул үлдэх 759 856 төгрөгийг иргэний хариуцагч Бүжинлхам, шүүгдэгч нараас адил хэмжээгээр гаргуулан олгохоор шүүх шийдвэрлэсний дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь дээрх хохирлыг түүнд төлөхөөр завсарлага авч төлсөн болно. Иймд хохирогч Л.С нь өөрт учирсан бусад хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч Эрдэнэбаатар нь хэрэгт 546 027 төгрөгийн эмчилгээний баримтыг гаргаж өгсөн ба мөрдөн байцаалтад шүүгдэгч 250 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 296 027 төгрөгийг иргэний хариуцагч Бүжинлхам, шүүгдэгч нараас адил хэмжээгээр гаргуулан түүнд олгохоор шүүх шийдвэрлэсний дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь дээрх хохирлыг төлөхөөр завсарлага авч төлсөн болно. Эрдэнэбаатар нь цаашид түнхний үе солиулах мэс засал хийлгэнэ гэж байх тул энэ талаар цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй.
Хохирогч Г.А нь эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг, 3 сар ажилгүй байсан хугацааны цалинд 2 100 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөгийг нэхэмжилж, эмчилгээний зардлын талаар 410 908 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч үүнийг шийдвэрлэх боломжгүй тул энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.
Хохирогч Батдорж өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримтыг хэргт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчийн ар гэр түүний эмчилгээний зардалд 2 457 366 төгрөг төлсөн нь нотлох баримтаар нотлогдож байна. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй.
Иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.
Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.С, Г.А нарын эрүүл мэндэд хүнд, О.Б, Э.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Ч.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
Шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн хохирогч Эрдэнэбаатар нь хойшид хагалгаа хийлгэнэ гэж байх тул эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирол арилсан гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ тогтоолоор шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааны товыг хохирогч Л.С, Г.А, О.Б, нарт мэдэгдсэн боловч хуралдаанд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж. овоогт А.Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч А.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар А.Баатарсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Эрдэнэбаатарт 300 000 төгрөг, хохирогч Ст 800 000 төгрөг төлсөн, түүний жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Эрдэнэбаатар, С, А, Батдорж нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН