Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/68

 

 

 

 

 

 

    2025           01            09                                        2025/ДШМ/68

 

 О.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч М.Т, Л.б, С.Б, А.Ц,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Б.Отгонцэцэг, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч С.Б, А.Ц нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч М.Тийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Гд холбогдох эрүүгийн 2310000001192 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн   О.Г, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Авто тээврийн үндэсний төвийн Драгон салбарт кассчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Шүүгдэгч О.Г нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Эрчим хотхоны 10/1 дүгээр байрны гадна хохирогч Х.Гийг “эцэг Ц.О-г цохиж зодсон хүн” гэх шалтгаанаар биед халдаж, цээж хэсэгт нэг удаа гараараа цохисны улмаас хохирогч Х.Г нь дагз хэсгээрээ унаж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Гы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Гыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд 09 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан 09 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гы шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 02 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 82.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Хд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээж, О.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр rapaxыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохыг шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эцэг Очирваань залгаж, намайг архи уусан хүмүүс зодож алах гээд байна, туслаарай гэж хэлсэн. Тэгээд ээжийн дүүгийн хамт очиход эцэг Очирваань ажлынхаа гаднах саравчнаас гүйж ирсэн. Түүний завжнаас цус гарсан, нүүр нь хөхрөлттэй байсан. Би тухайн үед маш их цочирдож, сэтгэл санаа тайван бус, айдастай болж юу болсон талаар асуухад аав “тэр хүнээс асуу” гэж заахад хамгийн ойр байсан хүнээс нь “та энэ хүнтэй архи уусан уу” гэж асуухад Х.Г амандаа үглээд над руу муухай хараад тулж ирсэн. Тэр үед тухайн хүнээс маш муухай архи, тамхины үнэр үнэртэж байсан. Тэгээд би жаахан зай барих гээд цээжин тусаа түлхэхэд хойшоо хөл алдаж унасан. Тэгээд би цагдаа эмнэлэг дуудсан. Түргэний машин удалгүй ирж, эмч нь үзээд “...эмнэлэг авч явах шаардлагагүй хүн байна, шаардлагатай гэвэл өөрсдөө авч явж үзүүл” гэж хэлээд явсан. Араас нь цагдаа ирээд “хоорондоо цохилцсон юм бол Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торголоо, 7 хоногтоо багтаагаад төлөөрэй.” гэж хэлээд явсан. Тухайн өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхээр очиход Х.Г нь аавтай хамт архи ууснаа яриад инээлдээд байсан. Тэгээд эмч нь томограф хийлгээд ир гэсэн. Бид Мөнгөн гүүр эмнэлэгт очиж томограф хийлгэх гэхэд согтуурлын хэмжээ их байна, архины эмчилгээ хийлгээд ир гэсэн тул зургийг нь авхуулж чадаагүй. Хүү нь гэх У “...маргааш архины хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаад үзүүлье” гэж тохироод 17 цагийн үед гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 09 цагт уулзахаар тохироод салсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед ээж рүү “аав нь 00-н өрөөнд уначихлаа” гээд залгасан, би тухайн үед очиж явсан ба гэрийнх нь гадаа очоод залгахад Х.Г нь хүргэн О, хүү У нарын хамт гарч ирсэн. Бид харьяа дүүргийн эмнэлэгт очиж, хордлого тайлах эмчилгээг би төлбөрийг нь төлж хийлгэсэн. Эмчилгээ хийлгэж дуусаад 16 цаг 40 минутын үед Мөнгөн гүүр эмнэлэгт очиж, толгойн томограф авхуулах гэтэл тоног төхөөрөмж нь эвдэрсэн, орой 21 цагийн үед ажиллана гэж хэлсэн. Хүү У нь орой үзүүлье гэж хэлэхээр нь би такси, унааны мөнгө, эмнэлгийн төлбөртэй нь өгөөд гэрт нь хүргэж өгөөд салсан. Тухайн өдрийн орой У нь залгаад зургийг нь авхуулсан, 23 цагт хариу нь гарна гэсэн. Дахин 23 цагийн үед залгаад эмнэлэгт яаралтай хэвт гэсэн талаар хэлсэн. Маргааш өглөө нь 07 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд ээжийнхээ хамт очиход хүү нь “... аавын бие муудсан, цагдаад өгсөн...” гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн газраас залгахад нь очиж мэдүүлэг өгсөн. Х.Гийг хэвтэн эмчлүүлсэн цагаас эхлэн хэрэгтэй эм тариа, бусад зардлыг өөрөөсөө гаргаж эмчлүүлсэн. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас дуудаж, Х.Гийг нас барсан талаар хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэхдээ мөрдөн шалгах хугацаанд ямар нэг хүндрэл гаргахгүй, дуудсан цагт очиж, мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Хохирогч Х.Гт эхнээс нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, цаг хугацаа алдалгүй эмчлүүлж байгаад хэрэг болсноос хойш 15 хоногийн дараа нас барсан. Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлж, өөрийн гэр бүлийн зүгээс буяны зардалд 16,000,000 төгрөг төлсөн. Иймд хэргийн зүйлчлэлийг хүн санаатайгаар алсан биш, хүнд гэмтэл учруулсан гэдгээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.  ...” гэв.

Шүүгдэгч О.Гы өмгөөлөгч М.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.1, 1.7.2, 1.7.3, Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн заалт зөрчигдсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл Шударга ёсны зарчим 1.3.1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, 1.3.3 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж хэрэглэж болохгүй гэж хуульчлагдсан байдаг. Талийгаач нь шүүгдэгч О.Гд нэг алгадуулснаас хойш 15 хоногийн дараа нас барсан анхны түргэн тусламж гайгүй байна гээд авч яваагүй орхисон хариуцлагагүй үйлдэл гаргасан. Бусад эмнэлгүүд ч ялгаагүй амь хохирогчийг аппарат байхгүй, ажиллахгүй байгаа, согтуу гэсэн шалтгаанаар удаа дараа буцааж хүнд өвчтэй, тархиндаа гэмтэлтэй хүнийг ийш тийш нь зөөж доргиож хүнд суртал гаргасан нь өвчтөн нас барахад нөлөөлсөн буюу цус харвалт өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй, тухайн үед үзсэн түргэний эмчээс эхлээд удаа дараа буцаасан Мөнгөн гүүр, Гэмтлийн эмч нар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. О.Гы мэдүүлэгтээ “Тухайн үйл явдал болсон дор нь би цагдаа түргэн дуудсан. Түргэн тусламж ирээд энэ хүнийг авч явах шаардлагагүй ар дагзандаа шалбархай төдий л юм байна, өөрсдөө хувийн машинаараа явж үзүүлж болно гээд орхиод явсан. Цагдаа ирээд та нар хоорондоо тохирсон бол Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торголоо гээд явсан. Тухайн өдөр эмнэлгээр авч явсан боловч Гэмтлийн эмнэлэг томограф яаралтай авхуул гэж хэлэхэд нь авхуулъя гэтэл авахгүй гэсэн, Мөнгөн гүүр согтуу гээд маргааш ир гэсэн. 2023 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад явж байхад ээж над руу залгаж Гийн хүү нь залгасан аавыгаа бие засах өрөөнд уначихлаа гээд хэллээ хүрээд ир гэсэн тэгээд тэднийд очоод Цэргийн төв эмнэлэг, Улсын төв 1 дүгээр эмнэлэг аль нь ч хордлого тайлах эмчилгээ хийхгүй гэж хэлсэн тул Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэгт 80,000 төгрөгөөр архины хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн, 17 цаг өнгөрч байхад Мөнгөн гүүр эмнэлэгт очиход томограф зураг авдаг аппарат эвдэрсэн, орой 22 цагаас хойш ир гэхэд нь хүргэн хүү хоёр нь такси бариад ирье гэхээр нь мөнгө шилжүүлсэн. 22 цаг өнгөрч байхад толгойн зургаа авхуулсан, 00 цаг өнгөрөөд хариу гарна гэж хэлсэн дараа нь залгаад хариу гарсан гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн толгой нь жаахан хавантай хэвтэж эмчлүүл хэрэгтэй гэсэн хэвтүүлчихлээ.” гэжээ. О.Гы мэдүүлгээс харахад оо буюу бие засах өрөөнд талийгаач халтирч унасан байна энэ үедээ тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй гэсэн эргэлзээ байна.

Гэрч Оийн “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын үед хадам аавындаа сууж байхад аавыг чинь гэрийн гадаа хүн шүргээд унагачихлаа гэж аавын найз хэлж эрж ирсэн, гарахад нэг залуу хүнтэй андуураад цохичихлоо уучлаарай гэхэд нь аав шигээ хүнийг яагаад цохиж унагааж байгаа юм гээд нүүрэн тус газар нь нэг алгадсан. Удалгүй түргэний эмч ирж үзээд гайгүй байна гэж хэлээд эм өгөөд явуулсан. Цагдаа ирээд та нар хоорондоо ойлголцчих гээд тэр залууг Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгосон. Шүүгдэгчийн хувьд хүнийг санаатай алах сэдэл байгаагүй аавыгаа хэдэн өдөр намайг хүмүүс зодоод байна, ирж ав гэж маш олон удаа залгасан тул авахаар очтол аав нь нүүр ам нь цус болчихсон гарч ирэхэд аавыг цохисон хүн байх гэж андуураад хохирогчийг түлхэж унагаасан гэдгээ тогтвортой хэлж ирсэн зэрэг нь хүн санаатай алах санаа зорилго байхгүй нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тодорхой нотлогддог.

Гэрч Г.Пгийн “...Манай найз Гийг барьж аваад толгой тус газар нь цохих гэснээ болиод цээжин тус газар нь нэг удаа цохих үед Г нь тархиараа газар саваад унасан.” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн тухайн үеийн үйлдлээс дүгнэхэд хүний толгой руу цохиж болохгүй аюултай гэсэн бодол төрж, сэтгэсэн учраас үйлдлээ хянаж толгой руу цохихгүйгээр цээж рүү нь түлхэх үйлдэл хийж унагаасан золгүй тохиолдол гарч хүнийг хүнд гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь О.Г нь хүн алах санаа бодол байгаагүй, харин түлхсэний улмаас тэнцвэр алдаж тархиндаа хүнд гэмтэл авсан нөхцөл байдал үүссэн харамсалтай зүйл болсон гэж үзэж байна. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд яаралтай томограф зураг авхуул гэсэн. Яагаад бүхэл бүтэн улсын Гэмтлийн эмнэлэг томограф зураг авдаг төхөөрөмж байсан ч авахгүй гээд явуулсан нь өвчтөнийг яаралтай зураг авч хөдөлгөхгүй шууд хэвтүүлсэн бол олон өдөр нааш цааш толгой нь гэмтсэн хүнийг явуулаагүй байсан бол өвчтөн аврагдах байсан ч байж магадгүй аливаа зүйл хоёр талтай байдаг.

 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Мөнгөн гүүр эмнэлэг рүү очтол согтуу хүнийг томограф зураг авахгүй маргааш ир гээд буцаасан. Маргааш нь Мөнгөн гүүр эмнэлэг дээр очиход компьютер алдаа заагаад байна та нар орой хүрээд ир гээд дахиад тархи нь цусан хураа үүссэн өвчтэй хүнийг 3 удаа буцааж эмнэлгийн байгууллагууд хүнд суртал гаргаж хүний амь нас аврах үүргээ биелүүлээгүй өвчнийг нь хүндрүүлж нас барахад нөлөөлсөн байж болзошгүй. Согтуу бол зураг авахгүй гэж буцаасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн амьд явах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж эмчлэх үүргээсээ няцаж хүнд өвчтэй хүнийг буцаасан нь эмч нарын буруутай үйлдэл гэж үзэж байна. Тархины цусан хураа үүссэн өвчтөнийг нааш цааш таван өөр эмнэлэг рүү машинаар хоёр өдөр зөөхгүй, тэр өдөр шууд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн ирж цаг тухайд нь эмнэлгийн тусламж авч эмчлүүлсэн бол өвчтөн аврагдах байсан эсэхийг хэрэг мөрдөн шалгах явцад цагдаа прокурор тогтоох ёстой боловч тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл Хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйл Нотолбол зохих байдал зэргийг эргэлзээгүй тогтоож чадаагүй. О.Гы хувьд талийгаачид хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, маш их гэмшиж харамсаж байгаа, анх удаагаа гэмт эрэг үйлдсэн, хохирлоо бүрэн барагдуулсан, шүүх хурал дээр төлөхөөр тогтоогдсон сэтгэл санааны хохирлоо төлөхөө илэрхийлсэн болно. Шийтгэх тогтоолын 9 дэх хуудсанд улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч О.Г гэмт хэргийн улмаас гаргасан хохирол 2,547,267 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс 16,000,000 төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна гэжээ. Иймд шүүгдэгч О.Гаас 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор заасан тул илүү төлсөн 3,452,733 төгрөгийг 82,500,000 хасаж тооцон шийтгэх тогтоолын 79,047,267 төгрөг болгож өөрчлөлт оруулж өгнө үү. Хувийн байдлын хувьд гэр бүл зохиож анхны хүүхдээ саяхан нэг сарын өмнө өлгийдөн авсан нялх нярай хүүхэдтэй, ээж аав нь тэтгэвэртээ гарсан хүмүүс байдаг. Иймд шүүгдэгч О.Гд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон 9 жилийн ялыг доод хэмжээ болох 8 жилийн ял болгон өөрчилж хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оноох” гэж зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Гы өмгөөлөгч А.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах эмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тус хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3-т “...Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтэд “Шүүгдэгч О.Г нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо Эрчим хотхоны 10/01 дүгээр байрны гадна хохирогч Х.Гийг “эцэг Очирваанийг цохиж зодсон” гэх шалтгаанаар биед нь халдаж цээж хэсэгт нэг удаа гараараа цохиж хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болсон үйл явдлын талаарх мэдүүлсэн мэдүүлэг, мөн энэ хэрэгт гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Цогцост шинжилгээ хийсэн 2020 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 12-ны хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1135 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9036 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост хийсэн гадна үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүний амь насыг хохироосон нь нотлогдон тогтоогдож байна...” гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад камерын бичлэгт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон гэрчийн мэдүүлгүүдээр тус хэрэг болсон гэх 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед шүүгдэгч О.Г нь амь хохирогч Х.Гийг зүүн гараараа хойш түлхэхэд амь хохирогч хойшоо нэг алхаад газарт унасан гэх үйл баримт тогтоогддог. Энэ талаараа шүүгдэгч О.Г нь хэд хэдэн удаагийн мэдүүлгээрээ тогтмол мэдүүлдэг. Гэхдээ шүүгдэгч О.Гы дээрх үйлдэл нь амь хохирогч Х.Гийг нас барахад хүргэсэн шалтгаан нөхцөл мөн болох нь зайлшгүй нягт тогтоох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ....” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй дээрх 3 шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй, шүүх аль шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь ойлгомжгүй, бусад зөрүүтэй дүгнэлтийн талаар үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бодит байдлаар хянаагүй гэж үзэхээр байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1-д “...Талийгаачийн цогцост их тархины орой, баруун зүүн чамархайн, суурийн хэсэг, бага тархины орой болон суурь хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт, цээж, баруун шуу, зүүн ташаа, гуя, зүүн тохой, зүүн бугалга, зүүн шилбэ, зуун гуяны цус хуралтууд, цээжний зүүн 7-р хавирга, 11-р хавирганы хугарал, бүсэлхийн L1-L3 нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо....” гэж, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9036 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1-д “...Х.Гийн биед хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн чамархай, дагзны дэлбэн, шулуун синус, хоёр хажуугийн ховдлын их бие, их тархины дагуу завсар хэсгийн corpus callosum, falx дагуух тархины эдийн няцрал, эдийн гүн дэх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, толгойн ар хэсгийн зулгаралт, бүсэлхийн 1-2-3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн 9,10-р хавирганы бороолж буй хугарал гэмтэл тогтоогдлоо...” гэж тус тус зөрүүтэй дүгнэсэн. Ингээд дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд дүгнэлт хийвэл амь хохирогч Х.Гийн тархинд үүссэн гэх цус харвалт, цусан хураа, хавирганы хугарлууд нь хоорондоо илэрхий зөрүүтэй байхад шүүх гэм буруугийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдалд анхаарч үзэлгүйгээр дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч О.Гыг гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 12-ны хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1135 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь тус тус талийгаачийг нас барахад хүргэсэн гэмтлүүд нь нэг удаагийн түлхэн унагахад үүсэх боломжгүй гэж дүгнэсэн байхад тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх шүүгдэгч О.Гы үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянасан гэж үзэх үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтүүдээс дурдвал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2-т “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ..." /1хх 84- 90/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1135 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2-т “...Хугарал байгаа хэсэгт цохих, өшиглөх, дэвсэх мөн ирмэгтэй зүйл дээр унах үед үүсэх боломжтой...” /2хх 25-26/ гэж тус тус дүгнэсэн. Шүүгдэгч О.Г нь амь хохирогчид биед үүссэн дээрх бүх гэмтлүүдийг учруулсан эсэх, мөн амь хохирогч нь тархинд үүссэн цус харвалт, эдийн гүн дэх цусан хураа гэх гэмтлийг аваад хэр хугацаанд амьд явах боломжтой эсэх гэх хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий асуудалд дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч О.Гыг буруутгасан нь үндэслэлгүй байна. Ингээд дээрх нөхцөл байдлуудаар анхан шатны шүүх шүүгдэгч О.Гы гэм буруугийн асуудлын дүгнэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хамаарч байна.

Хоёрт. Шүүгдэгч О.Гы үйлдэлд гэм буруугийн дүгнэлт хийх боломжтой эсэх. Мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр хэрэг учрал болсон гэх 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед цагдаа болон эмнэлгийн ажилтан ирсэн байдаг бөгөөд эмнэлгийн түргэн тусламжийн ажилтан нь амь хохирогчийг үзээд эмнэлэг рүү авч явах шаардлагагүй, биеийн байдал хэвийн гэж оношилсон байдаг. Үүнээс хойш 2023 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагт эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагатай гэж үзсэн. Тэгвэл эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмчийн оношилсон нь зөв, буруу эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай. Хэрвээ эмнэлгийн түргэн тусламжийн ажилтан нь зөв оношилсон бол өөр ямар нэгэн үйлчлэлийн улмаар амь хохирогч дээрх гэмтлүүдийг авсан байх боломжтой, харин буруу оношилсон гэж үзэж байгаа бол тухайн амь хохирогч нь тухайн цаг хугацаанд ямар байдалтай байсан талаар мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байсан. Энэ нь цаашлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь гэмт хэрэг нь хүний идэвхтэй, идэвхгүй зан үйлээр дамжин илэрдэг төдийгүй хор уршигт сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан буюу ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой бөгөөд энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлон хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргүүдийг ялган зүйлчлэх зэргийг шийдвэрлэхэд нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой болно. Энэхүү хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, хуулийг зөв оновчтой тайлбарлан хэрэглэхэд гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн авч хэрэгжүүлээгүй байна. Ийнхүү бидний үйлчлүүлэгч О.Гы үйлдэлд гэм буруугийн дүгнэлт хийхэд шаардагдах нотлох баримт цуглараагүй байх тул түүнийг Эрүүгийн хуульд заасан хүнийг алах эсвэл хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд өмгөөлөгчдийн зүгээс тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд давж заалдах гомдлоо дээрх гурван үндэслэлээр гаргаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Гы өмгөөлөгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хамтран ажиллаж буй өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг бүрэн дэмжин оролцож байна. Шүүгдэгч О.Гы гаргасан гомдолтой холбогдуулаад дараах 2 зүйлд тайлбар хийе. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүнийг алах” гэмт хэрэгтээ төсөөтэй гэмт хэрэг буюу шүүгдэгч О.Гы гомдолд дурдаад байгаа хүн санаатайгаар алах гэмт хэрэг биш, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг юм. Энэхүү хоёр гэмт хэргийн гол ялгагдах шинж нь тухайн үйлдэлд хандаж буй сэтгэл зүйн хандлага, харьцаа субьектив шинжээр ялгагдана. Бусад объект, обьектив шинж нь адил. Гол ялгагдаж байгаа шинж нь тухайн үйлдэлдээ хандаж буй шүүгдэгч О.Гы сэтгэл зүй, хандлага харьцаагаар илэрхийлэгдэнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дурдвал гэрч н.Оийн мэдүүлэг, гэрч  н.Уын мэдүүлэг, тухайн хэрэг болох үед харсан байрны оршин суугч нар болох н.Ц, н.Батчулуун, н.П нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн эсэхийг дүгнэх боломжтой нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч О.Г нь амь хохирогчийг түлхэн унагасны дараагаар цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаж, амь хохирогчийг нас барах хүртэл яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж байсан зэргээс үзэхэд хүнийг алах гэсэн субьектив шинж илэрхийлэгдээгүй. Иймд шүүгдэгч О.Гы гаргасан хэргийн зүйлчлэлийг хүн санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн биш, хүнд гэмтэл учруулсан гэдгээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх гомдлыг бүрэн дэмжин оролцож байна. Мөн өмгөөлөгч А.Цын гаргаж буй хүндэвтэр гэмтлийг хэн учруулсан, мөн ариун цэврийн өрөөнд халтирч унасан гэх асуудал яригддаг. Энэ уналтаас дээрх гэмтлүүд үүсэх боломжтой эсэх дээр шалган тогтоох ажиллагааг хийгээгүй байна. Дараагийн асуудал нь энэхүү хүнд гэмтлийг авснаас хойш амь хохирогч орчинтойгоо буюу гэр бүлийнхэнтэйгээ харьцаад яваад байдаг. Харьцаа үүсэх боломжтой эсэх дээр бид хуульч тул хэлж мэдэхгүй. Тиймээс энэ талаар шинжээч эмчээс тодруулах, дүгнэлт дээр тусгуулах байдлаар эргэлзээг тайлах бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн энэ хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой байна гэж үзвэл зүйлчлэлийг хөнгөрүүлж, түүнд нийцүүлэн оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Гы өмгөөлөгч Л.б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд М.Т өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх дээр миний үйлчлүүлэгч энэ зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн. Гэвч тодорхой хугацааны дараа бодлоосоо өөрчлөгдөн давж заалдах гомдлыг гаргасан байна. Өмгөөлөгч авах эрх нь нээлттэй тул тухайн үед гаргасан гомдлын хүрээнд тайлбарыг хэлье. Шүүгдэгч гэм буруугийн хувьд маргадаггүй. Гагцхүү ял шийтгэлийн хувьд хүндэдсэн гэж үзсэн. Хэргийн нөхцөл байдал, хувийн байдлаас шалтгаалан ялын доод хэмжээг өгөх боломжтой гэж үзэж байна. Учир нь тухайн гэмт хэргийг хуульч хүний нүдээр биш хувь хүний нүдээр харахад маш харамсалтай бөгөөд эмгэнэлтэй хэрэг болсон байдаг. Шалтгаан нөхцөл нь замбараагүй согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой юм. Амь хохирогч болон шүүгдэгчийн эцэг хоёр архины хамааралтай хүмүүс байсан нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас харагддаг. Шүүгдэгчийн аав олон хоногоор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, шүүгдэгчийн ээж рүү гурван өдөр тасралтгүй залгаж, “…би хүнд зодуулчихлаа...” гэхээр нь хоёр хүүхдээ дагуулаад очсон. Хүү аавыгаа хүнд зодуулсан гэдгийг сонсоод тодруулахаар очсон бөгөөд энэ үйл явдал камерын бичлэгээр баталгаажсан байдаг. Шүүгдэгчийн хувьд хүн алах санаа, сэдэл анхнаасаа байгаагүй. Хавтаст хэрэгт шүүгдэгч амь хохирогчийн толгой руу цохих гэж далайгаад больж, цээж рүү түлхсэн гэж байдаг. Түлхсэний улмаас буюу золгүй тохиолдлоос болоод амь хохирогч хүнд гэмтэл авч нас барсан. Шүүгдэгч О.Г хохирогчийг эвгүй унангуут нь мэдээд тухайн үед нь босгох арга хэмжээ аваад, улмаар шууд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандсан байдаг. Энэ нь шүүгдэгч хүний амь насанд халдах, гэмтэл учруулах сэдэл, зорилго байгаагүй гэдгийг нотолж байна. Хохирлын хувьд 12,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч 16,000,000 төгрөг болгож өгсөн. Шүүгдэгч нь анхнаасаа хохирлыг төлөх санаа бодолтой байсан. Харамсалтай нь хохирогч талаас хохирол төлбөр авахгүй нэг мөр шүүхээр хэргээ шийдвэрлүүлэн гэх байдлаар хохирлоо авахгүй яваад байсан тул миний бие хүчээр хүүхдийнх нь харилцах дансыг нь авч шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт тухайн үед прокуророос шаардсан хохирлыг барагдуулсан. Гагцхүү сэтгэцэд учирсан хохирлын хувьд шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн тул төлөх боломж үүсээгүй боловч анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Иймд 9 жилийн ялыг доод хэмжээ болох 8 жилийн ял болгон өөрчилж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Гы хувьд хэргийн зүйлчлэлийг хүн санаатайгаар алсан биш, хүнд гэмтэл учруулсан гэдгээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх гомдлуудыг гаргасан. Тухайн хэрэгт Сумъяабазар прокурор хяналт тавьж ажиллаж байгаад шилжин томилогдсонтой холбоотой миний бие уг хэрэгт хяналт тавьж ажиллаж байна. С.Б, А.Ц өмгөөлөгч нарын гаргасан шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байна. Тухайн зөрүүтэй шинжээчийн дүгнэлтэд үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэх тайлбарт тайлбар өгье. Хэрэгт гурван шинжээчийн дүгнэлт байдаг. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэн биш, хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар буюу хэрэг гарах үед байсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (анхан шатны шүүх хуралдаанаар хяналтын камерын бичлэгийг бүхэлд нь шинжлэн судалсан) зэрэг бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.Г нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Эрчим хотхоны 10/1 дүгээр байрны гадна хохирогч Х.Гийг “эцэг Ц.О-г цохиж зодсон хүн” гэх шалтгаанаар биед халдаж, цээж хэсэгт нэг удаа гараараа цохисны улмаас хохирогч Х.Г нь дагз хэсгээрээ унаж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Хгийн “...талийгаач 07 дугаар сарын 11-ний өдөр бэртчихээд томографт харуулж чадахгүй ирчхээд толгой өвдөөд байна гээд уруулаа хазаад ярьж чадахгүй байсан. Гэртээ ирээд хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй, хэвтээд байсан. Маргааш нь манай хүү авч яваад эмнэлэгт үзүүлж гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. ...Яаж байгаад бэртэж гэмтсэн талаар би мэдэхгүй. Би гэртээ байсан. Байрны Ц орж ирээд Гийг хүнд цохиулсан гэж хэлсэн чинь манай хүргэн О гарсан. Дараа нь манай том хүү У гарсан. ...” /1хх 40-42/,

хохирогч Г.Уын “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай ах У над руу залгаад манай аав гадаа хүнд цохиулчихжээ одоо ухаангүй байна гэж залгасан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан талаар хэлсэн. Түргэний эмч хүрч ирээд үзээд гайгүй байна, та нар өөрсдөө эмнэлгээр явж үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Би 12-ны орой Архангайгаас 18 цагийн үед ирсэн. Тэгээд тархины томограф яаралтай хийлгэхэд тархины хүнд гэмтэлтэй, тархиндаа гурван цус харвалттай байна гэж хэлсэн. Хагалгаа хийлгэхээр бие нь дийлэхгүй, хими эмчилгээ хийх талаар хэлсэн. ГССҮТ-ийн тархи гавлын тасагт яаралтай хэвтсэн. Одоо эмнэлэгт ухаан орж байгаа биеэ удирдах чадваргүй байгаа. Эмч нар нь 7 хоногийн хугацаанд хими эмчилгээ хийж эмчлүүлнэ гэдгийг хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад ирж хүргэн ах Оийн хамтаар өргөдөл гаргасан. ...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр тоглоомын саадаас наашаа орцны урд талын саад руу алхаж байхад нь нэг залуу цохисныг нь мэдэхгүй байна. Түлхэж унагаад аав минь тархиараа цемент нь шалан дээр савж унасан. Аавыг минь ийм байдалд хүргэсэнд гомдолтой байна. ...” /1хх 48-49/,

гэрч С.Оийн “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын үед би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хотхоны 10-35 тоот хадам аавындаа сууж байхад аавыг чинь гэрийн гадаа хүн шүргээд унгачихлаа гэж аавын найз нь орж ирж хэлсэн. Хэн цохисон бэ гэж асуухад нэг залуу би хүнтэй андуураад цохчихлоо ахаа уучлаарай гэж хэлсэн. Түргэн цагдаа дуудсан байгаа талаар хэлсэн. Аав шигээ хүнийг яагаад цохиж унагааж байгаа юм бэ гэж хэлээд нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. Удалгүй түргэний эмч ирж үзээд гайгүй байна гэж хэлээд эм өгөөд явуулсан. Цагдаа ирээд та нар хоорондоо ойлголцчих гэж хэлээд тэр залууг Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгосон. Бид нар өөрсдийнхөө саналаар шууд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ГССҮТ дээр очоод үзүүлэхэд гэмтлийн эмнэлгийн эмч нь яаралтайгаар томограф зураг авхуул гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгээс гараад Мөнгөн гүүр эмнэлэг рүү явсан. Согтуу хүнийг томограф зураг авахгүй. Архийг нь гаргаад маргааш ирж авхуулаарай гэж хэлсэн. 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр очоод сахар, даралт нэлээн хэдэн төрлийн шинжилгээ өгсөн. Хүлээж байгаад шинжилгээнийхээ хариуг аваад Мөнгөн гүүр эмнэлэг дээр ирсэн. Мөнгөн гүүр эмнэлэг нь компьютер нь алдаа заагаад байна, та нар орой хүрээд ир гэх тайлбарыг өгсөн. Гэртээ буцаж ирж байж байгаад 21 цаг 45 минутад Мөнгөн гүүр эмнэлэг дээрээ очиж томограф зургаа авхуулаад 22 цаг өнгөрөөгөөд гэртээ буцаж ирсэн. Гэртээ байж байхад 01 цаг өнгөрөөгөөд шинжилгээний хариу гарсан байна, ирж хариугаа аваарай гэж хэлсэн. Тэгээд шинжилгээний хариуг аваад шууд ГССҮТ- д ирээд бичгээ өгөхөд эмч эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагатай гэж хэлээд хадам аавыг хэвтүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан...” /1хх 58-59/,

гэрч Г.Уын “...биеийн байдал нь хүнд байна. Зүрхний хэмнэл нь тогтворгүй, үе үе таталт өгөөд байгаа. Хагас ухаантай, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байгаа. Эмч оройдоо хүндэрч магадгүй сайн хараарай гэж хэлсэн. ...Хүнд цохиулаад газар хэвтэж байна. Одоо ухаангүй байгаа талаар аавын танил нь надад хэлсэн. Тамхи татаад суух гэж байхад нь цохисон гэж хэлсэн. Одоо хийгдэж байгаа эмчилгээ нь тархины хаван буулгах, тархины дотуур цус алдалтыг тогтоох, унаж таталтаас сэргийлэх дусал эрчимт эмчилгээ хийлгэж байгаа. Аав минь эрүүл саруул байсан. Одоо ярьж, хөдөлж, хариу үйлдэл үзүүлж чадахгүй байна. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна...” /1хх 61-62/,

гэрч Х.Цийн “...Би байрныхаа орцны хаалгаар дөнгөж гарч ирээд байж байсан. Тэгсэн хүүхдийн тоглоомын талбайгаас Х.Г нь орцныхоо үүдэнд ирсэн. Цагаан машинаас 2 залуу, ээжтэйгээ гарч ирээд 1 залуу нь хүрч ирээд Гийг цохих шиг болсон. Г нь хүчтэй саваад ар дагзаараа цемент дээр савж унасан. Би дэргэдэх саравч дотор хараад сууж байсан. Тэгсэн цуг явж байсан эмэгтэй нь би эмч байна хөдөлгөж болохгүй талаар хэлээд байсан. Удалгүй түргэний эмч ирсэн. Араас нь гэрийн хүмүүс гарч ирж байсан. ...би Гтэй ДЦС-З-т олон жил насаараа хамт ажилласан. Өөр цехэд байсан. Г нь 2 чих нь юм дуулахгүй дүлий. Ёстой мөрөөрөө, гэм хоргүй инээгээд явж байдаг хүн. ...Гийг 2 хүүхдийн нэг нь нүүр хэсэг рүү нь цохисон уу, түлхсэн үү 2 хөлөө дээш нь саваад нисэлттэй цементэн шалан дээр маш хүчтэй унасан...” /1хх 64-65/,

гэрч Ж.Б-н “...Би гэрийнхээ гадаа саравчинд сууж байсан. 50 орчим насны эрэгтэй хүн завжнаас нь цус гарсан байдалтай саравчинд цуг сууж байсан. Тэр эрэгтэй би гэрийнхээ хүмүүсийг дуудчихсан хүүхдүүд ирж байгаа гэж ярьж байсан. Тэгээд удалгүй нөгөө эрэгтэй босоод тэндээс хүүхдүүд ирж байна гэж хэлээд гэрлийн шонгийн тийшээ явсан. Ц нь орцны хаалгаар гарч ирсэн. Би дуудаад гараараа далласан. Удалгүй нүдний буланд Г савж унаж байгаа харагдсан. Тэгээд би босож очоод 2 хүүхэд, 1 эмэгтэй зогсож байсан. Би яав ийв та нар хүн аллаа яагаад хүн цохиж байгаа талаар хэлж удалгүй, түргэн цагдаа хоёр ирсэн...” /1хх 67-68/,

гэрч Г.Пгийн “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 11/1 дүгээр байрнаас гараад машин руугаа алхаж явж байхад цагаан өнгийн машин маш хурдтай орж ирээд зогсоод ... саравчны хажууд манай найз Гийг барьж аваад толгой тус газар нь цохих гэснээ болиод цээжин тус газарт нь нэг удаа цохих үед Г нь тархиараа саваад газарт уначихсан. Газарт унахад нь би очсон бөгөөд ухаангүй байсан 3-4 минутын дараа ухаан орсон бөгөөд цохисон залуу эмнэлэг, цагдаа дуудсан. Би цохисон хүнд хандаж “чи чинь зүгээр явж байгаа хүнийг яагаад цохиж байгаа юм бэ” гэтэл манай аавыг зодсон гэж дайрахаар нь наад хүн чинь тийм зүйл байхгүй, мөрөөрөө хүн шүү гэхэд яана аа агаа би андуурчихлаа, хүн алчихлаа гээд орилоод байсан...” /1хх 70/,

насанд хүрээгүй гэрч О.Г “...Миний аав Очирваань миний 90773990 дугаар руу 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед залгаад “аавыг нь хүн зодоод аллаа, хүрээд ирээч миний хүү” гэж намайг дуудахаар нь тэгье гэж хэлээд утсаа салгасан. Миний аав Очирваань нь эхлээд ах О.Г, ээж Баярсайхан нар луу залгасан байсан. Бид 3 Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэрээсээ машин унаж гараад аавын ажлын газар буюу Эрчим цэцэрлэгт машинтай очоод зогсоход аав Очирваань бид нарыг хараад машин дээр ирсэн бөгөөд амнаас нь цус гарсан ханцуй нь цус болсон байдалтай ирээд салфетка байна уу гэж асуусан. Би ааваас аль хүн бэ гэж асуухад тэр хүнээс асуучих гээд хохирогч гээд байгаа хүн рүү гараараа заасан. ... ах О.Г тухайн хохирогч гэх хүнийг түлхэж харагдсан бөгөөд тухайн хохирогч гэх хүн газарт бөгсөөрөө зөөлөн унаж байгаа харагдсан. Тэгээд яана аа гээд тухайн хүний ар гэрийнхийг дуудаад мөн түргэн, цагдаа дуудсан. ...” /1хх 77-80/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Цогцост шинжилгээ хийсэн 2020 дугаартай “...Талийгаачийн цогцост тархины орой, баруун зүүн чамархай, суурийн хэсэг, бага тархины орой болон cyурь хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт, цээж, баруун шуу, зүүн ташаа, гуя, зүүн тохой, зүүн бугалга, зүүн шилбэ, зүүн гуяны цус хуралтууд, цээжний зүүн 7-р хавирга, 11-р хавирганы хугарал, бүсэлхийн L1-L3 нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь их тархины орой, баруун зүүн чамархай, суурийн хэсэг бага тархины орой болон суурь хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй, цээж, баруун шуу ташаа, гуя, зүүн тохой, зүүн бугалга, зүүн шилбэ, зүүн гуяны цус хуралтууд, цээжний зүүн 7-р хавирга, 11-р хавирганы хугарал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаачид ГССҮТ-д хийгдсэн эмчилгээ, оношилгоо, стандартын дагуу зөв хийгджээ. Талийгаач нь их тархины орой, баруун зүүн чамархай, суурийн хэсэг, бага тархины орой болон суурь хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” /1хх 84-90/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9036 дугаартай: “...Х.Гийн биед хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн зулай, чамархай, дагзны дэлбэн, шулуун синус, хоёр хажуугийн ховдлын их бие, их тархины дагуу завсар хэсгийн corpus callosum, falx дагуух тархины эдийн няцрал, эдийн гүн дэх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, толгойн ар хэсгийн зулгаралт, баруун бүсэлхийн 1,2,3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн 9, 10-р хавирганы бороолж буй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн зулай, чамархай, дагзны дэлбэн, шулуун синус, хоёр хажуугийн ховдлын их бие, их тархины дагуу завсар хэсгийн corpus callosum, falx дагуух тархины эдийн няцрал, эдийн гүн дэх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, толгойн ар хэсгийн зулгаралт, баруун бүсэлхийн 1,2,3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн 9, 10-р хавирганы бороолж буй хугарал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна. Дээрх хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн зулай, чамархай, дагзны дэлбэн, шулуун синус, хоёр хажуугийн ховдлын их бие, их тархины дагуу завсар хэсгийн corpus callosum, falx дагуух тархины эдийн няцрал, эдийн гүн дэх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, толгойн ар хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин 1,2,3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн 9, 10-р хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1хх 101-104/,

О.Г яллагдагчаар өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай аав Очирваань намай ажил дээр байхад согтуу байдалтай утсаар залгаад намайг хүн зодох гээд байна гээд яриад байсан. Би тухайн үед тоохгүй хаячихсан байсан. 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай ажил амраад би гэртээ амраад байж байхад аав Очирваань утсаар 3 удаа залгаад согтуу байдалтай уйлаад намайг одоо зодох гээд байна, би нуугдаад нойлд ороод дотроос нь түгжсэн байна гэж ярьсан. Хаана байгаа юм гэхэд өөрийн ажилдаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хотхонд байдаг Эрчим цэцэрлэгт байна гэсэн. Манай аав Очирваань архи уугаад байдаг юм. Тэгээд би, ээж Ц.Баярсайхан, дүү О.Ган-Очир нарын хамтаар аавын ажлын гадаа очиход аав ажилдаг цэцэрлэгийн гадна садад хүмүүстэй сууж байсан. Тэгээд бид нар машинаас буугаагүй, машинтайгаа зогсоход аав машин дээр хүрээд ирсэн. Аавын завж сэтэрч, цус гарсан байсан. ... нөгөө хүнийг хойшоо байгаач гээд цээж рүү нь баруун гараараа түлхсэн. Тэгсэн тэр хүн хойшоо бөгсөөрөө хойшоо унах шиг болсон. Би тухайн хүнийг санаатай түлхэж унгасан зүйл байхгүй. Тэр хүнээс зайгаа авах гээд холд гээд цээж рүү нь түлхсэн. Хүнийг санаатай алах болон гэмтэл учруулах санаа зорилго байхгүй байсан. Тэгсэн хажууд байсан хүмүүс над руу дайраад чи хүн цохиод унгаачихлаа гээд байсан. Тухайн хүн унасны дараа ээж араас ирээд юу болов гэж хэлэхээр нь би түлхсэн чинь уначихлаа гэсэн. Мөн аав бас ирээд яасан юу болов гээд, аав тэр хүнийг араас нь тэврээд босгосон цээжийг нь өндийлгөсөн чинь тэр хүн зүгээр зүгээр гээд толгой дохиод байсан. Ээж надаас юу болсон юм гэж асуухаар нь би түлхчихсэн чинь уначихлаа, арагшаа бөгсөөрөө суугаад уначихлаа гэж хэлсэн чинь ээж хөдөлгөж болохгүй түргэн тусламж дууд гэж хэлсэн. Тэгээд би түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж түрүүлж ирээд үзээд энэ хүнийг авч явах шаардлагагүй, бид нар ийм гэмтэлтэй хүний авч явдаггүй, ар дагзан дээр шалбарсан төдий л юм байна, өөрсдөө хувийн машинаараа авч явж үзүүл гэж хэлсэн. ...маргааш нь томографын зураг авхуулаад ирэхдээ толгой нь жаахан хавантай байна хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй гээд хэвтүүлчихлээ гэсэн. ...” /1хх 144-147/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1135 дугаартай: “...Амь хохирогчид ГССҮТ, Мөнгөнгүүр эмнэлэгт эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй тархины хүнд гэмтэлтэй байна. 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн цээжний хөндийн КТГ-н зургийг дүрс оношилгооны эмчээр уншуулахад цээжний зүүн талд 7, 11-р хавирганы хугарал тогтоогдоогүй бөгөөд зүүн 9, 10-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн L1-L3-p нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь хавтгай гадаргуу дээр унах үед үүсэх боломжгүй. Хугарал байгаа хэсэгт цохих, өшиглөх, дэвсэх мөн ирмэгтэй зүйл дээр унах үед үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх 25-26/,

ГССҮТ-ийн бүртгэл хуудас, өвчний түүх /2хх 32-41/, Мөнгөн гүүр эмнэлгийн томограф оношилгооны хуудас /хх 41-43/, Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-14/, Цогцост хийсэн гадна үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-20/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-35/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос О.Гы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Гыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гд 09 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Шүүгдэгч О.Гаас “... хэргийн зүйлчлэлийг хүн санаатайгаар алсан биш, хүнд гэмтэл учруулсан гэдгээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, А.Ц нараас “... Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй,

эмнэлгийн түргэн тусламжийн ажилтан зөв оношилсон эсэх талаар мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байх боломжтой эсэхийг шалгаагүй зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Тээс “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 8 жилийн ял болгон өөрчилж хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оноох” гэж зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Шүүгдэгч О.Г нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Х.Гийг “эцэг Ц.О-г цохиж зодсон хүн” гэх шалтгаанаар биед халдаж, цээж хэсэгт нэг удаа гараараа цохисны улмаас хохирогч Х.Г нь дагз хэсгээрээ унаж “...их тархины орой, баруун зүүн чамархай, суурийн хэсэг, бага тархины орой болон суурь хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт...” бүхий гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогджээ.

Тухайн үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, “хүнийг алах” гэмт хэрэгт яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүхээс О.Гыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго,  гэмт үйлдэлд нөлөөлсөн субьектив болон обьектив хүчин зүйл, хохирол, хор уршгийн шинж чанар, түүнд хүргэсэн шууд шалтгаант холбоо зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүндрүүлэх шинж болох “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх хууль зүйн ойлголт нь амь хохирогчийн үхлийн суурь шалтгаан нь хүнд гэмтэл мөн боловч зориуд нас барахад хүргээгүйгээс гадна өөр бусад шалтгааны улмаас гэмтэл нь хүндэрч үхэлд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүй, түүний шалтгаант холбооны хамаарлын тухай цогц ойлголт болно.

Амь хохирогч нь эмчлүүлж байгаад нас барсан, эсвэл яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан эсэх нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн үндсэн шинж биш бөгөөд хэргийг зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл байдал, гэмтэл учруулсан арга, хэлбэр, гэмт үйлдлийн шинж чанар, санаа зорилго, гэмт этгээдийн үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага зэргийг зайлшгүй харгалзан үзэх ёстой.  

Хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагддаг. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020 дугаартай “..амь хохирогч нь их тархины орой, баруун зүүн чамархай, суурийн хэсэг, бага тархины орой болон суурь хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаас болж нас барсан. ...” гэх, мөн газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1135 дугаартай “... амь хохирогчид ГССҮТ, Мөнгөнгүүр эмнэлэгт эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй тархины хүнд гэмтэлтэй байна.” гэх дүгнэлтүүдээр шүүгдэгч О.Гы амь хохирогчийг түлхсэн үйлдлийн улмаас тэрээр дагз хэсгээрээ хүчтэй унаж тархины хүнд гэмтэл авсан, уг гэмтлийн улмаас хохирогч Х.Г нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн О.Гд холбогдох хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25, 2023 оны 08 дугаар сарын 17, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус тус хийсэн 3 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан байна.

Дээрх дүгнэлтүүдийг хохирогч Х.Гийн толгойн болон цээжний компьютерт томографикийн оношилгоонд суурилж гаргасан байх бөгөөд цээжинд хийсэн оношилгоог шинжээчийн дүгнэлтүүдэд зөрүүтэй байдлаар бичсэн байгааг тодруулахаар дахин шинжээч томилж, хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээг гаргуулжээ.

Уг дүгнэлтэд “...2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн цээжний хөндийн КТГ-н зургийг дүрс оношилгооны эмчээр уншуулахад цээжний зүүн талд 7, 11-р хавирганы хугарал тогтоогдоогүй бөгөөд зүүн 9, 10-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн L1-L3-p нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь хавтгай гадаргуу дээр унах үед үүсэх боломжгүй. Хугарал байгаа хэсэгт цохих, өшиглөх, дэвсэх мөн ирмэгтэй зүйл дээр унах үед үүсэх боломжтой.” гэж өмнөх дүгнэлтүүдийг тодруулсан ба энэ талаар дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч Х.Г нь тархины орой, баруун чамархай, суурийн хэсэг, бага тархины орой болон суурь хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан ба түүний цээжинд учирсан гэмтлийг хэрхэн, ямар хүчний үйлчлэлээр учирсан талаар тодруулах нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж дүгнэв.     

Мөн түргэний эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, талийгаачийг үзэж, цаашид хувийн унаагаар очиж үзүүлэх талаар зөвлөсөн, шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1135 дугаар дүгнэлтэд “...Амь хохирогчид ГССҮТ, Мөнгөнгүүр эмнэлэгт эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй тархины хүнд гэмтэлтэй байна.” гэж дүгнэсэн зэрэг болон хэрэгт авагдсан тухайн үйл явдал болоход байсан, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нүдээр харсан гэрч нарын мэдүүлгээр О.Г амь хохирогчийг түлхэж, тэрээр унахдаа дагз хэсгээрээ маш эвгүй байдалтай савж унасан, унахдаа тархиндаа хүнд гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогдож байхад түргэн тусламжийн эмчийг эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, шалгуулахаар хэргийг прокурорт буцаах, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 12,547,267 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс 16,000,000 төгрөг хохиролд төлсөн тул зөрүү мөнгийг сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцуулахаар гаргасан гомдлыг мөн хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирол нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлоос тусдаа асуудал бөгөөд шүүгдэгч О.Гы сайн дураар барагдуулсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно.” гэж тус тус заасан ба уг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох заалт нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.

Шүүгдэгч О.Гы хувьд болон түүний өмгөөлөгч нараас зүйлчлэл өөрчлүүлэх, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах зэргээр давж заалдах гомдол гаргаж буй нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлага хангагдаагүй гэж дүгнэж, тэдгээрийн гомдлыг үндэслэн тухайн зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч О.Гы хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хамгийн бага буюу 8 жилийн хугацаагаар хорих ял болгон ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч С.Б, А.Ц нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Гы өмгөөлөгч М.Тийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.Гы 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд 09 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд 08 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэсэн,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан 09 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан 08 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Гы өмгөөлөгч М.Тийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, бусад хэсэг болон шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч С.Б, А.Ц нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гы цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

 

                       ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ