Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02195

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02195

 

 

Ч.Октябрийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 24ий өдрийн 101З2017/02410 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Октябрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтунгалаг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Октябрь нь тус байгууллагад ачигчаар ажилладаг бөгөөд энэ салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан ба бага зэрэг хэл ярианы бэрхшээлтэй, бусдад өөрийгөө илэрхийлэхдээ муу. Ажил дээрээ бусад руу дайрч доромжлох үйлдэл гаргаж байгаагүй ба хэл ярианы бэрхшээлээс болоод хүмүүс буруугаар ойлгохыг үгүйсгэхгүй. Мөн Ч.Октябрь нь ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. Зөрчил гаргасан гээд байгаа 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улиастайд хог ачиж явахад нэг айл хашааныхаа гадаа хогоо гаргаагүй байсан ба хогоо гаргаагүй талаар хэлэхэд чи надад хог гаргаж тавь гэж хэлдэг хэн бэ гээд тухайн хүн өөрийнхөө түрж явсан усны тэргээр Ч.Октябрийг түлхсэн асуудал болсон. Үүнд нь Ч.Октябрь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Үүнээс болоод Ч.Октябрийг зүй бусаар бусадтай харьцсан үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлаас нь халсан. Ч.Октябрь бусадтай зүй бус харьцсан, бусдад гэмтэл учруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тогтоогдохгүй байгаа. Иймд Ч.Октябрийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 80 хоногийн цалин нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би энэ байгууллагын даргаар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр томилогдсон бөгөөд тус байгууллагад ачигчаар ажиллаж байсан Ч.Октябрьт иргэдтэй зүй бус харьцсан үндэслэлээр байгууллагын өмнөх даргын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ж.Энх-Амгалангийн гаргасан гомдол түүнийг ажлаас халах үндэслэл болсон. Ч.Октябрь нь иргэн Ж.Энх-Амгалангийн биед гэмтэл учруулж, хэл амаар доромжилсон бөгөөд тэрээр харилцааны доголдолтой, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, манай удирдлагууд түүнд амаар байнга сануулга өгч байсан байдаг ба цаашид ажилд нь эргүүлэн авах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Чулуунбаатарын Октябрийг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын авто хэсгийн ачигчын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ч.Октябрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.867.968 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ч.Октябрт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Октябрийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 44.837 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Ч.Октябрьт 3 удаа аман сануулга өгч байсан гэж шүүх хуралдаан дээр хэлсэн ч шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Ч.Октябрь нь ажиллаж байх хугацаандаа нийт 5 удаа сахилгын зөрчил гаргаж, гуравт нь амаар сануулга өгч, хоёрт нь бичгээр оногдуулсан. Н.0ктябрийг иргэдтэй бүдүүлэг, ёс зүйгүй харилцсан гэх гомдол удаа дараа манай байгууллагад ирж байсан нь баримтуудаар тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлэхдээ анхаарч үзээгүй. Мөн Ч.Октябрь нь урьд оноож байсан 4 удаагийн сахилгын шийтгэлтэй маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа /2 дээш/ зөрчсөн нь хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар шууд цуцлах үндэслэл болж байгаа. Эдгээр үйл баримтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлд аль алинд нь хамаарч байхад шүүх үүнийг огт үнэлээгүй.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд хариуцагч нь "Иргэн өөрөө гомдол гаргаж өгсөн гэмтэл учирсан гэдгээ бичиж өгсөн. Энэ хүндээ арга хэмжээ авч өгөөч ээ гэж өөрийн биеэр ирж уулзсан байдаг. 2017 оны 1 дүгээр сард авсан сахилгын шийтгэл дээр иргэний гомдлыг хавсаргах боломж байгаа гэж бодож байна" гэж хэлсэн боловч шүүхээс үүнийг нягталж шалгалгүй, шүүх хуралдааныг хаасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох" ажиллагааг явуулна гэж заасан байдаг.

Шүүхээс "хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бүрдсэн" гэж үзэх үндэслэл гэдэгт "Зохигчид хангалттай баримт бүрдүүлсэн бөгөөд өөр гаргах баримтгүй болохоо илэрхийлсэн, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд гаргах хүсэлтгүй болохоо илэрхийлсэн, тухайн төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд бүрддэг нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэх үндэслэл байгаа, цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг тодорхойлох боломжтой болсон зэрэг" нөхцөл тогтоогдсон байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл хариуцагчаас Ж.Энх-Амгалангийн өгсөн гомдлыг өгье гэж хэлж байхад шүүхээс түүнийг огт анхаарч үзэлгүй, шүүх хуралдааныг дуусгасан нь хэргийг үнэн зөв, бодитоор шийдвэрлэхэд саад болж байгаа төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй болгосон. Мөн гэрч Л.Өсөхгэрэлийн мэдүүлгийг эх сурвалжаа заагаагүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй. Хуулиар гэрч заавал мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой гэсэн зохицуулалт байхгүй.

Ч.Октябрь нь Хөдөлмөрийн гэрээний 6.1.Е болон Хөдөлмөрийн дотоод журмын 7.7, 7.10 дах заалтыг зөрчсөн. Энэ үйлдлээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Ийм байтал шүүхээс ажилтны гаргасан зөрчил гэдгийг зөв дүгнэсэн хэдий ч Ч.Октябрийн гаргасан зөрчилд ямар нэг дүгнэлт хийгээгүй. Ч.Октябрийг ажлаас халсан тушаал гарсан буюу 2017.05.12-ны өдрөөс 2017.07.24-ний өдрийг хүртэл хуанлийн 73 өдөр бөгөөд ажлын 46 хоног байна. Манай байгууллага 7 хоногийн 5 өдөр ажиллаж, хуульд зааснаар нийтээр амрах баяр ёслолын өдрүүдээр амардаг. Шүүхийн шийдвэрт заасан 1 867 968 төгрөгийг нэг рейсний 14 000 төгрөгт тооцвол Ч.Октябрь нь 134 рейсийг хийсэн болж байгаа. Энэ хугацаанд 134 рейс хийх нь бодитой эсэхийг шүүх зөв дүгнээгүй бөгөөд Ч.Октябрь энэ хугацаанд хэдэн удаа рейс хийх нь тодорхойгүй, нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд амрах тохиолдлыг тооцоогүй, юуг үндэслэж сүүлийн 3 сарын цалингийн дунджаар бодсон нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Октябрь нь Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-ын ачигчаар ажиллаж байгаад тус газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/61 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/61 тоот тушаалаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хийж байхдаа иргэнд гэмтэл учруулсан, бусдыг хэл амаар доромжилсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тушаалаар сануулах шийтгэл хүлээсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Октябрьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээ зүйлийн 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.6.7е, 7.7, 7.10, Хөдөлмөрийн гэрээний 6.1е-д тус тус заасныг баримталжээ.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ч.Октябрьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ ...2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Ч.Октябрьт ажлын байранд иргэдтэй ёс бус харьцаж, иргэдийг хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан гэх шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.Энх-Амгалангийн гаргасан гомдол нь ажлаас халах үндэслэл болсон бөгөөд урьд гаргасан зөрчлөө давтан гаргасан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хариуцагч байгууллагын даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар нэхэмжлэгч Ч.Октябрьт сахилгын шийтгэл ногдуулж байсан үйл баримт тогтоогдож /хэргийн 18/ байх боловч мөн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/61 тоот тушаалын үндэслэл буюу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа иргэнд гэмтэл учруулсан, бусдыг хэл амаар доромжилсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч байгууллагын даргын Б/61 тоот тушаалаар ачигч Ч.Октябрьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн боловч ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Октябрийг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 1 867 968 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт ...анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй... гэж заасан тул ...Ж.Энх-Амгалангийн өгсөн гомдлыг өгье гэхэд шүүхээс түүнийг огт анхаарч үзэлгүй, шүүх хуралдааныг дуусгасан, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч байгууллагад гардуулснаас хойш хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч татгалзлаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/02410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 100 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ