| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2302007370272 |
| Дугаар | 2025/ДШМ/13 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/13
2024 12 24 2025/ДШМ/13
Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Улсболд,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/758 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Б-ын Б-, 1992 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч хоол зүйч мэргэжилтэй, “-” ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /PД: 00000000/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял шийтгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас 01 сар 12 хоногийн өмнө тэнсэн суллагдсан.
Б.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хажууд байрлуулсан өөрийн эзэмшлийн 00 УБИ улсын дугаартай “Toyota camry” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий цэвэр жин нь 13,8 грамм олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б.Б-ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа “ХУД-1 өвс” гэсэн хаягтай төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 0.5 литрийн хэмжээтэй “Соса cola” гэх бичиглэлтэй сав 1 ширхэг, бохирлогдсон зүү тариур 1 ширхэг, тулгалан цаас 1 ширхэг зэргийг устгах, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Саmry” загварын 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota саmry” загварын 00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. 3-т Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан байна. Б.Б- бусдад учруулсан хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Б.Б- гэмт хэрэг үйлдэхдээ “Toyota camry” загварын 00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан, ашиглахыг завдсан үйл баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад хэт яллах талыг барьж дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Б.Б- нь хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрдөг, оршин суух тодорхой хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр нь бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг, 2024 оны 7 сард төрсөн хүү нь эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан, эх нь элэгний хавдартай эрүүл мэндийн байдал нь хүнд байгаа зэрэг ар гэр болон хувийн байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болгон, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар “Toyota саmrу” загварын 00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шийтгэх тогтоолын 9 дүгээр талд анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт тусгагдсан байна. Ингэхдээ шүүгдэгч урьд нь 2019 онд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дуугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн болохыг дурдаж, “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасны дагуу шүүгдэгчид хорих ялын доод хэмжээ оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…н.А-г машин барьсан талаар ярьдаг. Гэрч н.Мн мэдүүлэгт “н.А-г мансуурсан, нүд нь гөлийсөн, машинаас буулгаж ирэхэд хөл дээрээ тогтож чадахгүй байсан” гэж тусгагдсан. Мөн хэрэгт надад хамаатуулж “1 миллиграмм хэрэглэсэн тариур, ороосон мөнгө, тугалган цааснууд” гэсэн байна. Энэ талаар миний бие яллагдагчаар татагдах үедээ “эдгээр зүйлс миний биш. Энэ 2 хүн надад худалдаж авах санал тавьж байсан. Ямар учраас миний машинд үлдсэн болохыг мэдэхгүй байна” гэж прокурорт хэлж байсан. Гэтэл миний тайлбарыг огт авч хэлэлцээгүй. Х- нар над дээр ирж, “дроп” худалдаж авах санал тавьсан. Дээрх хүмүүс нь 1 миллиграммын тариураар уг зүйлийг хэрэглээд миний машинд сууж байсан. Би эдгээр хүмүүсийг машиндаа үлдээсэн байсан. Миний бие ажил тарах үед хувцсаа сольчхоод буцаж ирэх үед тухайн хүмүүс миний машин дотор “дроп” хэрэглээд байж байсан. Үүнээс өмнө н.А- нь манай ажлын н.Х- гэх залууд “дроп”, “шавар” зардаг байсан. Миний бие 13,8 грамм өвс хадгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Нийслэлийн прокурорын газар Б.Б-ийн үйлдлийг олсны ургамал буюу “өвс” гэх нийтлэг нэршилтэй 13,8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ хадгалсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт н.А-, н.Х- нарын талаарх асуудал яригддаг. Цагдаагийн албан хаагчид эдгээр хүмүүсийг мансуурсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан. Гэвч тухайн хүмүүст шинжилгээ хийхэд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй. Тэдгээрийн зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь Б.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Иймээс Б.Б-ийг “өвс” гэх нийтлэг нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад Б.Б- өөрийн гэм буруугийн талаар маргаагүй. Гэвч прокуророос “Б.Б- урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд уг эрүүгийн хариуцлагыг бүрэн эдлэлгүй тэнсэж байсан. Хоёрдугаарт, эрүүгийн хуулийн цээрлүүлэх зарчим биелэх боломжгүй” гэж үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хадгалсан гэх сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүх хуралдаанд түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба анхан шатны шүүх прокурорын саналд үндэслэн шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд, Б.Б- нь “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг төмөр саванд хийж, тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсан болох нь тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүхийн “Б.Б- нь өөрийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хажууд байрлуулсан өөрийн эзэмшлийн 00 УБИ улсын дугаартай “Toyota camry” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий цэвэр жин нь 13,8 грамм олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, /хх 2/,
- 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “…жолооч талын хаалганы хавтсыг шалгахад номын хуудсанд ороосон ногоон өнгийн ургамал байсныг хураан авсан…кока кола ундааны хуванцар савны амсрыг мөнгөлөг цаасаар боож, хажуу талд нь цоолсон, мөн 100 төгрөгийн болон 50 төгрөг, 10 төгрөгийн дэвсгэр тус бүр 3 ширхгийг ороож хуйлсан, хүрэн өнгийн хуванцар тагтай төмөр саван дотор ногоон өнгө бүхий ургамал, мөн бохирлогдсон зүү, тариур 1 ширхэг, хүрэн өнгийн жижиг хурц үнэртэй тайрсан сав, мөнгөлөг өнгөтэй хөө мэт зүйл болж халтартсан тугалган цаасны өөдөс… зэрэг байсныг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан… нөөц дугуйны тагийг сөхөж үзэхэд үзүүр хэсэгтээ зангидаас бүхий модлог ургамал ууттай байсныг хураан авсан…”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/,
- 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх 18/,
- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай” 37 дугаартай прокурорын тогтоол /хх 10-11/,
- гэрч Н.Х-н: “…Тухайн өдөр би өөрийн найз А-тэй цахим тоглоомын газар тоглож байгаад...бид хоёр 21 цагийн орчим тогооч хийдэг Б- ахын ажил дээр очсон, А- гадаа хүлээгээд би дотогшоо орсон. Тэгээд Б- ах бид хоёр ажлын газраас нь гараад Б-ийн машинд гурвуулаа сууцгаасан. Суугаад удаагүй байтал Б- ах гэнэт бие нь муудаад таталт өгөөд эхэлсэн. А- бид хоёр Б- ахыг жолоочийн суудлаас өргөж, арын суудалд суулгаад эмнэлэг явахаар шийдсэн. Би жолооны эрхгүй тул А-ээр машиныг бариулаад эмнэлэг явсан. Замдаа явж байхад “Хүннү 2222” хорооллын орчим замын цагдаа зогсоосон бөгөөд тухайн үед Б- ах гэнэт зүгээр болчихсон. Тэгээд цагдаа нартай муудаад байх шиг байсан, бид нарыг саатуулаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр аваачаад машинд үзлэг хийхэд машинаас өвс гэх ургамал гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх 30/,
- гэрч А.А-гийн “...Найз Х-тай ПС тоглоомын газар тоглож байхад Х- манай ахын ажил дээр очиж хоол идье гэсэн. Тэгээд Гэрлэл ёслолын ордны тэнд Чойжин темпил гээд рестораны гадаа очсон…Удалгүй дотроос сахалтай залуу гарч ирээд 00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг онгойлгож өгсөн, ажил тарж байна би гарахдаа дотроос хоол аваад гараад ирье гэсэн. Машин дотор нь хүлээж байхад удалгүй нөгөө сахалтай залуу машинд орж ирээд, татаад байгаа юм шиг сонин болчихсон. Тэгэхээр нь Х- бид хоёр сандраад эмнэлэг орж үзүүлье гэж тохирсон...Тэгээд бид нарыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирч шалгасан бөгөөд тээврийн хэрэгслийг ачуулаад Хан-Уулын цагдаагийн хэлтсийн гадна авчраад нэгжлэг хийсэн. Тэгэхэд машинаас төмөр саванд хийсэн ургамал мэт зүйл, тариур, хуйлсан мөнгө зэрэг гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх 26/,
- шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлэг“...Миний тээврийн хэрэгслээс хураагдсан “өвс” гэх ургамал нь минийх...Би 2018 онд түүж байсан, энэ үйлдэл дээрээ би ял авч байсан, тэгээд 2023 оны 10 дугаар сард хуучин эд зүйлсээ ухаж байгаад цүнхээ олоод тухайн өвсийг олсон...” гэх мэдүүлэг /хх-136, 184/,
- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “… ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ХУД-1 гэсэн хаягтай төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ХУД-1 өвс” гэсэн хаягтай төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн савтай жин 124,9 грамм, цэвэр жин 13,8 грамм. “Б.Б-...гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 4971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...“гэх 5123 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-44/,
- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “… Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ-МШХ 0,5 литрийн хэмжээтэй “Coca cola” гэх бичиглэлтэй ундааны сав 1 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, бохирлогдсон зүү тариур 1 ширхэг” гэж хаягласан зиплок уутанд хийж ирүүлсэн “Cоса соlа” гэх бичиглэлтэй бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, Монгол Улсын АО0492022 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол Улсын АУ1326084 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс делта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно....гэх 3040 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 49- 53/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 38 дугаартай дүгнэлт /хх 57-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-139-160, 164/ байх ба шүүгдэгчээс “тухайн гэмт хэргийг үйлдсэн” гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-д сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэл нь хууль бусаар олж авсныг нэгэн зэрэг хангаж буй нотлох баримтын эх сурвалжтай байх боловч тухайн олж авсан үйлдлийг орхигдуулсан нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
Хэргийн үйл баримтуудаас үзэхэд, Н.Х-, А.А- нарыг тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон, мөн тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх ба харин шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн ”...өмнө А- нь Х- гэх залууд “дроп, шавар” зардаг байсан...” гэх мэдээллийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг жич явуулах шаардлага үүсэж буй болохыг прокурор анхаарах нь зүйтэй гэж үзнэ.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн гэж үзэхээр байх тул түүнд оногдуулсан хорих ял, түүний хэмжээ тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
4. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн “Toyota camry” загварын 00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:
- шүүгдэгч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг шүүгдэгч өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамлыг өөрт хадгалж байсан нь тухайн цаг үед цагдаа нарт баригдаж, автомашиныг нь зогсоох арга хэмжээний үед хожим илэрсэн, мөн тухайн бодисыг жин хэмжээ, бусад байдлаар зөвхөн тээврийн хэрэгсэлд хадгалах, тээвэрлэхээс өөр боломжгүй нөхцөл байдлууд илрээгүй, түүнчлэн
- тээврийн хэрэгслийг анхнаасаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авах, хадгалах, өөрийн гэмт үйлдлийг хөнгөвчлөх, учрах саадыг арилгах зорилго, зориулалтаар буюу гэмт хэрэг үйлдэх “арга хэрэгсэл, агуулах, нуувч” байдлаар эзэмшсэн, ашигласан гэж үзэх үндэслэл, баримтгүй байх тул тээврийн хэрэгслийг хураах эсхүл үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох боломжгүй гэж үзэв.
5. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоос “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-ийн “Toyota camry” загварын 00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдлыг хангаж, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/758 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтыг хүчингүй болгож, “Toyota camry” загварын 00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 55 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР