Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00909

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00909

 

 

Бат холбоо нягт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2017/00399 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Бат холбоо нягт ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК-д холбогдох

 

Агуулах түрээслэх гэрээний үүрэгт 52 307 280 төгрөг, тээврийн хөлс 16 542 960 төгрөг, нийт 68 832 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Бат холбоо нягт ХХК-ийн захирал П.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн игэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах өөрийн агуулахаа 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл cap тутам 600 ам.долларын төлбөртэйгөөр Петрочайна дачин тамсаг ХХК-д түрээслүүлэхээр гэрээ байгуулсан юм. Гэрээний хугацаанд тус компани зохих журмын дагуу түрээсийн төлбөрөө төлж байсан ба гэрээний хугацаа дуусахад уг компани агуулахыг суллаж өгөлгүй, үргэлжлүүлэн 6 cap түрээсийн төлбөрөө төлж, түүнээс хойш түрээсийн төлбөрөө огт  төлөөгүй юм. Гэрээний хугацаа дууссан үеэс эхлэн гэрээг сунгах эсвэл агуулахыг суллаж өгөх талаар тухайн ажлыг хариуцсан Хангамжийн хэлтсийн дарга Х.Өлзийбаярт удаа дараа хэлсэн боловч гэрээг сунгана, төлбөрийг ч төлнө гэсээр байгаад ажил нь өөрчлөгдөж явсан бөгөөд тэр үедээ одоо наадахыг чинь үйлдвэрлэлийн бааз хариуцна гэсэн, тэд нь тодорхой хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн. Одоо ч агуулахад Петрочайна дачин тамсаг ХХК-ийн бараа хадгалагдаж байна. Петрочайна дачин тамсаг ХХК нь агуулахыг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл ашиглаж, гэрээний дагуу 15 сарын түрээсийн төлбөр хөлсийг төлсөн. Одоо 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 52 307 280 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тус компанитай хийсэн тээврийн гэрээний дагуу тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж тээврийн хөлсийг цаг тухайд нь авч байсан боловч 2013 оны 6 дугаар сард Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд хийсэн 2 удаагийн тээврийн хөлсийг одоо хүртэл аваагүй. Манайх тухайн үед нь уг тээврийн хөлсний үнэ болох /10 502 560 + 6 022 400= 16 524 960/ 16 524 960 төгрөгийн 2 нэхэмжлэхийг холбогдох баримтын хамт тус хэлтсийн ажилтан Г.Төмөрт өгсөн юм. Уг мөнгийг удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Энэ нь Г.Төмөрт өгсөн 2 нэхэмжлэх, холбогдох материалын хамт алга болсонтой холбоотой гэж үздэг. Учир нь тус хэлтсийн ажилтан О.Наранцацрал надад Төмөр ах: Чулуунбаатар гуайн өгсөн материал нь олдохгүй байна. Уг нь захирлаар цохуулчихсан юм, компьютерт авагдсан тээврийн хөлс төлөлтийн материал дээр уг 2 рейс төлөгдөөгүй гэж тэмдэглэгдсэн байсан. Даан ч компьютер вирустээд алга болчихож, учрыг нь олоод өгчих юмсан гэж ярьж хэлж байсан. Энэ асуудлыг хөөцөлдсөөр байтал хэлтсийн дарга Х.Өлзийбаяр 2013 оны 8 дугаар сард өөр ажилд томилогдож, Г.Төмөр мөн оны 11 дүгээр сард Япон улсад суралцахаар явж, 2014 оны 4 дүгээр сард О.Наранцацрал жирэмсний амралтаа авснаар хариуцах эзэнгүй болсон. Тус компанийн Үйлдвэрлэлийн бааз, Хангамжийн хэлтэс хоёр бие бие рүүгээ түлхсээр хариуцах эзэн нь олддоггүй. 2015 оны 11 дүгээр сард О.Наранцацралыг ажилдаа орохоор нь уг асуудлыг шийдэж өгөхийг хүсэхэд танай материалыг архиваас үзэж өгье гэсэн боловч үзээд олдсонгүй гэсэн. Г.Төмөр сургуульд явахдаа шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлын жагсаалт гарган О.Наранцацралд 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ажил хүлээлцэх хуудас-аар хүлээлгэн өгсөн бөгөөд уг жагсаалтын 6-д Бат холбоо нягт ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тээвэр хийсэн. Үүнийг Өлзийд хэлж 21 дүгээр талбайгаар шийдүүлэх гэж бичсэн байна. Үүнээс үзэхэд Г.Төмөр манай нэхэмжлэхийг хүлээн аваад хариуцлагагүйгээсээ алга болгосон байдал харагдаж байгаа юм. Дээрх 2 асуудлыг Х.Өлзийбаяр тодорхой сайн мэдэх бөгөөд одоо тус компанид дэд бүтцийн ажилтан, орчуулагчаар ажиллаж байгаа. Иймд Петрочайна дачин тамсаг" ХХК-аас агуулахын түрээсийн төлбөр 52 307 280 төгрөг, тээврийн хөлс 16 542 960 төгрөг, бүгд 68 832 240 төгрөгийн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК-ийн захирал Зянь Вэйдун шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Бат холбоо нягт ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг ННI /Эйс Эйч Ай/ компани хариуцах ёстой. 2012 онд ННI /Эйс Эйч Ай/ компани нь бараа материалыг Бат холбоо нягт ХХК-ийн агуулахад хүргэсэн байсан. ННI /Эйс Эйч Ай/ компани нь Петрочайна дачин тамсаг ХХК-ийн захиалсан бараанаас өөр, захиалаагүй бараа авч ирсэн. Петрочайна дачин тамсаг ХХК- нь ННI /Эйс Эйч Ай/ компанитай 2011 оноос худалдах-худалдан авах гэрээний дагуу хамтран ажиллаж ирсэн. Энэ талаарх маргаан өөр шүүхэд хянагдаж байгаа. Манай компани Бат холбоо нягт ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул ННI /Эйс Эйч Ай/ компанийг агуулахад хадгалсан бараа материалаа авахыг мэдэгдсэн боловч аваагүй юм. Түрээсийн гэрээ дуусгавар болсон, Петрочайна дачин тамсаг ХХК нь агуулахыг ашиглаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сард хийгдсэн тээврийн зардал нэхэмжилдэг. Энэ тухай Наранцацралт, Өлзийбаяр нараас гэрчийн мэдүүлэг авахад мэдэхгүй гэдэг. Нэхэмжлэгч нь энэ тухай Г.Төмөрийн ажил хүлээлцэх хуудас дээр бичигдсэн байгаа гэдэг ч өөр нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 395 дугаар зүйлд зааснаар тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар Петрочайна дачин тамсаг Монгол ХХК-аас агуулах ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 46 475 642 төгрөг, тээврийн хөлс 16 542 960 төгрөг, нийт 63 000 602 төгрөгийг гаргуулж Батхолбоо нягт ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 831 638 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар; зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Батхолбоо нягт ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 646 474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Петрочайна дачин тамсаг Монгол ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 472 953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Батхолбоо нягт ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг давж заалдах гомдолдоо: ..."Петрочайна дачин тамсаг" ХХК нь "Бат холбоо нягт" ХХК-тай агуулах түрээслэх гэрээг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 9 сарын хугацаатай байгуулсан боловч гэрээг талууд цааш сунгаагүй, гэрээний хугацаа дууссан, тухайн агуулахад хадгалсан бараа материал нь "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн эзэмшлийн өмч хөрөнгө биш, тухайн бараа материал нь "HHI" компаниас ирсэн бараа бөгөөд уг барааг "Бат холбоо нягт" ХХК нь "HHI" компаниас шууд агуулахдаа хүлээн авсан бараа байдаг талаар хариуцагч тал удаа дараа тайлбартаа тайлбарласан. Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

Петрочайна дачин тамсаг ХХК нь 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Бат Холбоо нягт ХХК-тай тээврийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч уг тээврийн гэрээний хөлсийг аваагүй талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхдөө хавсаргасан мөнгөний баримтууд нь он cap засвартай байсан бөгөөд уг тээврийн гэрээний хөлсийг аваагүй талаараа нотолж чадаагүй, мөн Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлттэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байна гэж зааснаар хугацаа өнгөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч энэ талаар маргасан байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч тал 2013 оноос хойш 2014, 2015 онуудад тээврийн хөлсийг шаардаж байсан талаар шүүх дүгнэсэн нь буруу байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч О.Наранцацрал, Х.Өлзийбаяр нарын мэдүүлэгт тухайн тээврийн хөлсийг шаардаж байсан, түүнийг авах ёстой талаар ганц ч мэдүүлэг байдаггүй, харин ч тэдгээр гэрч нар тээврийн хөлсний талаар мэдэхгүй байгаа тухайгаа тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан Г.Төмөрийн ажил хүлээлцэх хуудас гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтыг шүүх үнэлсэн нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Бат холбоо нягт ХХК нь хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний болон тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 68 832 240 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эд хөрөнгө түрээслэх гэрээний үүрэгт 52 307 280 төрөг, тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 16 542 960 төгрөг нийт 68 832 240 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Талууд 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Агуулах түрээсийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч байгуулага хариуцагч байгууллагад өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах агуулахыг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хөлслүүлэх, хариуцагч байгууллага нэг сарын 600 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болсон бөгөөд нэхэмжлэгч Бат холбоо нягт ХХК нь хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК-аас Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хөлсөө шаардах эрхтэй.

 

Хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан, хариуцагч байгууллагын захиалаагүй өөр байгууллага болох HHI /Эйс Эйч Ай / компанийн бараа материал хадгалж байгаа гэсэн тайлбар гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 15 сарын хөлс төлсөн асуудлаар зохигчид маргаагүй байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Петрочайна дачин тамсаг ХХК-ийн дэд бүтцийн инженер орчуулагч Х.Өлзийбаярыг гэрчээр асуусан байх бөгөөд гэрч нь HHI /Эйс Эйч Ай / ХХК-ийн барааг шууд нэхэмжлэгчийн агуулахад буулгасан талаар мэдүүлсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь 2012 оны 12 дугаар сарын 31 өдөр дууссан уг хугацаа дууссан өдрөөс хойшхи 6 сарын хугацаанд буюу 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хөлсийг хариуцагч төлсөн, уг хугацаанаас хойшхи хугацаанд хөлслөгч нь хөлслүүлэгчийн агуулахад эд хөрөнгөө хадгалуулж байгаа үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээ сунгагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх заалттай нийцжээ.

 

Түүнчлэн хариуцагч нь гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа тохиолдолд хөлсөлсөн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй бол буцаан өгөх хүртэлх хугацааны турш төлбөл зохих хөлсийг хохиролд тооцон шаардах эрхтэй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Бат холбоо нягт ХХК нь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нэхэмжилсэн шаардлагаа 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн байна. /хэргийн 140-141 дүгээр тал /

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Бат холбоо нягт ХХК-ийн хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2013 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрт 46 475 642 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй.

 

Мөн талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тээвэрлэгч Бат холбоо нягт ХХК нь бараа материалыг Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах тээвэрлүүлэгч Петрочайна дачин тамсаг ХХК-ийн үйлдвэрлэлийн баазад хүргэхээр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу тээвэрлэгч байгууллага нь 2 удаа Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр дэх газрын тосны Тамсагийн үйлдвэрлэлийн 21 дүгээр бааз руу 2 удаа тээвэрлэлт хийсэн үйл баримт нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагаас 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Тээвэрлэлтийн гэрээний үүргийг шаардахдаа нэхэмжлэгч талаас дээрх гэрээний дагуу тээврийн хөлсийг 2014, 2015 онуудад шаардаж байсан бөгөөд зохих хүмүүстэй уулзахад баримтыг шалгаад хариу өгнө гэдэг байсан гэсэн тайлбар гаргахын зэрэгцээ О.Наранцацрал, Х.Өлзийбаяр нарыг гэрчээр асуулгаж, тээвэрлэлтийн хөлс шаардсан нэхэмжлэхийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

/хэргийн 3-4, 76-77, 96-97 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага тэвэрлэлтийн гэрээний үүрэгт шаардсан хөлсийг эс зөвшөөрч, уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн тайлбар гарган маргажээ.

 

Гэрч О.Наранцацрал... Г.Төмөр надад гараар бичсэн ажил хүлээлцэх хуудас өгсөн. 2015 оны 11 дүгээр сард Бат холбоо нягт ХХК-ийн захирал Н.Чулуунбаатар гуай ирж надтай уулзсан. Би туслах зорилгоор тээвэрлэлтийн талаарх баримтуудыг хайгаад олоогүй... гэсэн, гэрч Н.Оюунтуяа нэхэмжлэгч байгууллагын захирал надтай маш олон удаа ирж уулзсан. Г.Төмөр надад тээвэрлэлтийн баримтыг алга болгосон талаараа ярьж байсан. Тэгэхээр нь би 21 дүгээр талбайн хүмүүстэй яриад шийдэж өг гэж хэлсэн... гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд гэрээний 6 дугаар зүйлд тээврийн хөлсийг тээвэрлэлт хийгдсэнээс хойш ажлын 14 хоногт багтаан олгохоор тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Бат Холбоо Нягт ХХК нь 2014, 2015 онуудад тээвэрлэлтийн хөлсийг шаардаж, хариуцагч байгууллагын зохих албан тушаал эрхэлж байсан хүмүүстэй уулзаж, хариуцагч байгууллагын зүгээс баримтыг шалгаж хариу өгөхөөр шаардлагыг хүлээж авч байсан болох нь нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК давж заалдах гомдолдоо тээвэрлэлтийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрч Төмөрийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн нэхэмжлэгч байгууллага нь HHI /Эйс Эйч Ай / ХХК-ийн барааг өөрөө хүлээж авсан гэсэн үндэслэл заажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний хөлсийг төлөхийг удаа дараа шаардаж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн нь зөв болжээ. / хэргийн 96-97 дугаар тал/

 

Мөн хэргийн 19-22 дүгээр талд Г.Төмөр гэсэн хүний бичсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр боловч шүүх хэргийн үйл баримтыг дүгнэж шийдэл гаргахдаа дан ганц Г.Төмөрийн бичсэн баримтад үндэслээгүй, хэрэгт авагдсан бусад баримтыг үнэлж харьцуулан дүгнэсэн байх тул уг бичгийн баримт хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч байгууллага нь өөрийн бланк дээр албан ёсны нэрээ Петрочайна дачин тамсаг Монгол ХХК гэж бичиж, шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг мөн Петрочайна дачин тамсаг Монгол ХХК-аас мөнгө гаргуулахаар шийдвэрлэж байгаа боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд Петрочайна дачин тамсаг ХХК гэж бичсэн байх тул хариуцагч байгууллагыг улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн нэрээр ойлгохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2017/00399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Петрочайна дачин тамсаг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 935 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО