Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

     2024          12              24                                        2024/ДШМ/14

 

 

О.Зт холбогдох                                                                                                    

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/2575 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлийг үндэслэн О.Зт холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн О-ын З, 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “-”-д жолооч ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /PД: 00000000000/,

О.З нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 шарын замд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Toyota prius-20” загварын 00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхий хязгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хэр хэмжээг заавал тогтоох нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирогчийн эрхийг сэргээх онцгой ач холбогдолтой. Тухайлбал, О.Зын хэд хэдэн удаа өгсөн мэдүүлгүүдэд гэмт хэрэг гарах цаг хугацаанд Б- гэх хүнтэй хамт тээврийн хэрэгслээр зорчиж явсан, мөн осолд өртсөн 0000 тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Х нарын биед гэмтэл учирсан эсэхийг тодруулах ажиллагааг орхигдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтооход заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилсан ба Д.Х, Б- нарын биед гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх ёстой байсныг зөрчиж, тэдгээр нь гомдол саналгүй гэснээр шинжээч томилоогүй гэх прокурорын тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж зохицуулсан. Тодруулбал, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тайланд “…1,470,000…” гэсэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчжээ. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна.” гэж заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээ хийхийг хуульчилсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараах зүйлийг тусгана “...шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар, шинжилгээ хийх болсон үндэслэл, шинжилгээний төрөл, хэлбэр, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл, эцэг, /эх/, өөрийн нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэрэг шинжээчийн талаарх мэдээлэл, шинжилгээний объектын талаарх мэдээлэл, шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц, шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаарх мэдээлэл, шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл, тоон болон чанарын үзүүлэлт, бусад, гэж заасан боловч шинжээч Д.Баттулга, Э.Даваасүрэн хөрөнгийн үнэлгээний тайланд дээр дурдсан мэдээлэл, тусгай мэдлэг ашигласан, хөрөнгийн үнэлгээг хэрхэн харьцуулан шинжилсэн зэрэг ямар ч мэдээлэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар тогтоосон шинжилгээ хийлгэх журмыг зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлаар мэргэшсэн хувийн сонирхолгүй этгээд шинжилгээ хийсэн байх нь дүгнэлтийн хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлыг илэрхийлдэг тул түүнд онцгой анхаарвал зохино.

Цаашилбал, шинжилгээнд хэрэглэсэн арга зүй, гарсан үр дүн нь тухайн салбарын орчин үеийн чиг хандлага, хөгжлийн түвшинд тохирсон болон учир зүй, логикийн дараалалд нийцсэн төдийгүй хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн болон өртгийн, хандлагын үнэлгээний аль аргыг ашигласан, хөрөнгийн чанар, тоон үзүүлэлт зэргийг харгалзсан талаар мэдээлэл байхгүй, тусгай мэдлэг ашигласан эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн, Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийхэд тайлан гарсан байхаар хуульчилсан бөгөөд тайлан хэлбэртэй гараагүй, хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзнэ. Шинжээчийн дээрх дүгнэлтэд “...Эрүүгийн хуулийн 21.4-д зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан ойлгосон...” гэж тэмдэглэх ба шинжээчид хууль сануулсан болон шинжээч томилсон баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж, түүнийг хэргийн оролцогч нарт танилцуулах, оролцогч нараас шинжээчийг татгалзан гаргах, нэмэлт асуулт тавих хүсэлтийг гаргах зэрэг эрхийг хязгаарласан, мөн шинжээч зориуд худал дүгнэлт гаргахгүй байх, зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулах, дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тул дээрх ажиллагааг хуульд заасны дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргах нь хэрэгт ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн...” гэж гэмт хэргийн нөхцөлийг тогтоосон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан шийтгэлийн хуудасны он тодорхойгүй, шинжлэн судлах боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч О.3улбаяр нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхийг хасуулсан гэх үйл баримтыг тогтоох шийтгэлийн хуудасны “он” тодорхойгүй, дээрх хуульд зааснаар хуулбарлан авч байгаа тохиолдолд прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэж, тухайн байгууллагын “хуулбар үнэн” зөвийг баталгаажуулж ирүүлэх боловч нотлох баримтын шаардлага хангаагүй ирүүлсэн зөрчил үүсжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хүлээсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.3 нь н.Б-тай хамт согтууруулах ундаа хэрэглэж, хамт явсан талаар мэдүүлсэн бөгөөд түүнийг гэрчээр асуух /хэргийн үйл баримтыг тогтоох, ямар хэмжээний зам туулсан гэх мэт/, АСАП сангийн лавлагаа, мэдээлэл авагдаагүй /2020 оноос зөрчилд холбогдсон эсэх/, Д.Хын тээврийн хэрэгслийг мөргөсөн зөрчлийн хэрэг /хохирол төлбөр хэрхэн шийдвэрлэгдсэн байдал/ шийдвэрлэгдсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх баримт хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Долгорсүрэнгийн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн замын хөдөлгөөний заалтыг зөрчсөн эсэхэд магадалгааг гаргасан бөгөөд хэргийн оролцогч нарт танилцуулаагүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарт танилцуулах талаар хуульчилсныг зөрчсөн, цаашилбал, магадалгаа гаргасан эрх бүхий албан тушаалтан Н.Долгорсүрэн нь “эрх зүйч” мэргэжилтэй гэснээс үзвэл, түүний эзэмшсэн мэргэжлийг энэ төрлийн гэмт хэргийг шалгахад тусгай мэдлэгтэй гэж үзэх боломжгүй зэрэг зөрчлүүд үүссэн.  

Иймд яллагдагч О.3-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөл байдлыг хууль зүйн хувьд тодорхойлох учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, мөрдөгч, прокурорын шийдвэр заагдаагүй бусад ажиллагааны талаар шийдвэртээ нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй. Тус шийдвэрт дурдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарвал зохино.” гэж шийдвэрлэжээ.

 Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоосон байна… Хэрэгт яллагдагч О.3 нь Тоёота приус-20 маркийн 0000ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ н.Х жолоочтой 02-03 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэж зам тээврийн осол гаргасан үйлдэлд иргэн Д.Х болон Тоёота приус-20 маркийн 00000ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч н.Б- нараас эрүүл мэндэд нь учирсан гэмтлийн зэргийг тогтоолгох талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт, гомдол гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийг 2.2-д “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох., зорилгоор шинжээч томилохоор заасан бөгөөд энэ талаар иргэн хүсэлт гаргаагүй, биеийн эрүүл мэндэд нь илт харагдах гэмтэл шарх үүсээгүй нөхцөлд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээ томилох шаардлагагүй юм Түүнчлэн жолооч Д.Хын зүгээс гомдол саналгүй талаар мэдүүлэг өгсөн байна. 

Харин иргэний нэхэмжлэгч Д.Хын жолоодож явсан гэх 02-03 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ гаргуулсан бөгөөд уг үнэлгээ гаргуулах талаар шинжээч томилсон тогтоол нь байхгүй гэх шалтгаанаар шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгч н.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин хохирлын үнэлгээ гаргуулах талаар шинжээч томилох шаардлагагүй болсон байна.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан баримтууд буюу тээврийн хэрэгслийн лавлагаа болон яллагдагч О.3улбаярын мэдүүлэг зэргээр О.3-ын өмнө нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдсон боловч шүүхээс эрх бүхий албан тушаалтны шийтгэврийн хуудас дээр он сар тодорхойгүй байна гэх шалтгаанаар хэргийг шүүх буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргуулан авсан шийтгэврийн хуудсыг тухайн байгууллага албан бичгээр баталгаажуулан, хавсаргаж ирүүлсэн нь нотлох баримтыг шаардлага бүрэн хангасан бөгөөд мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх талаар прокурорын санал, оролцогчийн хүсэлт гаргаагүй болно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч О.3-ын жолоодож явсан “Тоёота приус 20” маркийн 21-92 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч н.Б-гаас мэдүүлэг авах ажиллагаа явуулах нь зайлшгүй шаардлагатай ажиллагаа биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хамаарахгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” байдлыг, мөн ”согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг” тус тус тогтоох ажиллагаа нь зайлшгүй нотлох ажиллагаа бөгөөд уг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолсон болно. Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Долгорсүрэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан магадалгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий албан тушаалтны гаргасан магадалгааг зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулах талаар зохицуулаагүй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн шалгаан нөхцөл, оролцогчдын эрхийг хангасан байдал зэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдал тогтоогдов. Үүнд :

1. Хэргийн үйл баримтуудыг харьцуулан шалгахад тус хэргийг прокурорт буцаах үндэслэл буюу шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.     

1.1. Яллагдагч О.Зт холбогдох гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд бодит хохирол учирсан гэх нөхцөл байдалгүй байжээ.  

Тодруулбал, хавтаст хэрэг дэх нотлох баримт, яллах дүгнэлтээс үзэхэд О.З нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт заасныг зөрчиж буюу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Toyota prius-20” загварын 00улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогдсон байна.

Мөн тус хэрэгт гаргасан Д.Хын “миний автомашиныг мөргөсөн” тухай гомдол /хх-5/, мөн хохирогчоор өгсөн “...ах машинаас буух гээд хойд хаалгаа бага зэрэг онгойлгож байхад нэг машин ирж мөргөөд зугтаасан...гэмтсэн хүн байхгүй, автомашины хохирлыг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-22/, иргэний нэхэмжлэгч Б.Дариймаагийн мэдүүлэг “...Охин Х болон зорчиж явсан хүмүүст ямар нэгэн гэмтэл учраагүй, харин тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан...” /хх-55/ гэх мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-6/, О.Зын өгсөн ”...тухайн үед 2 автомашин давхар зогссон байхаар нь хажуугаар нь өнгөрөх гэтэл зогсож байсан машины хойд хаалга гэнэт онгойж, жолоогоо дараад гарах гэтэл хаалгыг мөргөсөн...” тухай мэдүүлэг /хх-13-14, 63, 73/ зэргээс үзэхэд  О.Зын дээрх гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримт, үндэслэл байгаагүй гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй байна.

 1.2. Тухайн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг яллагдагч төлж барагдуулсан байх тул хөрөнгийн үнэлгээний баримт хууль бус эсэхийг шүүгч өөрийн санаачилгаар урьдчилан дүгнэснийг зөвтгөх боломжгүй.

1.3. О.З нь 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсанд хамаарах үйл баримтууд хэрэгт цугларч, бэхжигдсэн байгааг үгүйсгэх үндэслэлгүй.  

Тухайлбал, төрийн мэдээллийн сангаас авсан баримт /хх-16/, тухайн цаг үеийн хэрэг бүртгэлтийн хэргийн хамаарах баримтууд /хх-40-47, 50-51/-ыг хууль бус гэж таамаглах боломжгүй.    

1.4. Тус хэрэгт гаргасан мөрдөгчийн магадалгааг О.З нарт танилцуулж гарын үсэг зуруулсан /хх-32/, хэргийн материалтай танилцуулсан /хх-83-84/, оролцогч нар мөрдөгчийн магадалгааны талаар гомдол гаргаагүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ шүүх хуралдаанд оролцвол зохих тал, бусад оролцогчийг оролцуулж, улмаар нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах, харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэх замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.        

Хэрэв тус гэм буруугийн шүүх хуралдааны явцад “гэмт хэргийн зүйлчлэл” хүндрэн өөрчлөгдөх, эсхүл гэм буруу, хохирол, хор уршиг зэргийг хянан шийдвэрлэхэд шууд хамаарах нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үндэслэл, журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримт тогтоогдсон гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.    

Гэм буруугийн шүүх хуралдааны явцад өмнө гаргасан тусгай мэдлэгийн асуудлаарх шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэх тухайн тохиолдолд энэ нь “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх” үндэслэлд хамааралгүй, харин мөрдөгч, прокурорын хувьд хэргийн бодит байдлыг тогтоохдоо зөрчилгүй, зөрүүгүй байдлаар нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх улмаар шалгах үндэслэл, журмыг биелүүлээгүй, холбогдох зарим оролцогчийн эрхийг хязгаарласанд хамаарч болохыг тодотгох нь зүйтэй.  

3. Дээрх үндэслэлээс үзэхэд, хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж дүгнэв.            

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/2575 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.    

Яллагдагч О.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/2575 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч О.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                   Г.ГАНБААТАР