| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2026/0020/з |
| Дугаар | 124/ШШ2026/0026 |
| Огноо | 2026-08-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 124/ШШ2026/0026
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг би, И.Өын нэхэмжлэлтэй Улаангом сумын Засаг даргад холбогдох “Улаангом сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээд Ч.Б нар 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэгч И.Ө, гуравдагч этгээд Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З бид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр дараах нөхцөлтэйгөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Хэргийн нөхцөл байдал: 1.Нэхэмжлэгч И.Өод Увс аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаартай захирамжаар үйлчилгээний хороонд 1513,4 м2 газрыг өмчлүүлсэн ба кадастрын мэдээллийн санд 691м2 хэмжээтэй орсон.
2. Гуравдагч этгээд Ч.Бд Улаангом сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/115 дугаар захирамжаар 814м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг газрууд нэг хашаатай ба бүхэлдээ давхцалтай байна.Давхцал бүхий газарт Ч.Бгийн байшин баригдсан.
Эвлэрсэн нөхцөл: Нэхэмжлэгч И.Ө, гуравдагч этгээд Ч.Б нар Ч.Бгийн үл хөдлөх хөрөнгө болох орон сууцаа ашиглах боломжийг олгож Ч.Бгийн эзэмших газрын хэмжээ 524 м2, , И.Өын өмчлөх газрын хэмжээ 982м2 байхаар буюу газрын албаны мэргэжилтнээр хэмжүүлсэн хэмжилтийн зургаар тохиролцов.
Тохиролцсон газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд И.Ө, Ч.Б нарын эзэмших, өмчлөх газрыг өөрчлөн бүртгэх,Ч.Бд газар эзэмшүүлэх сумын Засаг даргын шийдвэрт өөрчлөлт оруулах төсөл бэлтгэх, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэн байгуулахыг Улаангом сумын газрын даамал хариуцахаар тохиролцов.
Өмчлөх эрхийг олгох эрх аймгийн Засаг даргад хадгалагдах тул өмчлөх эрхийг олгосон шийдвэрт газрын хэмжээний талаар өөрчлөлт оруулах шийдвэр гаргуулах тухай өргөдөл хүсэлтийг И.Ө холбогдох байгууллагад хүсэлт гаргана.
Хэргийн оролцогчид эвлэрлийн гэрээг байгуулснаар газрын маргаанаа дуусгавар болгож байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Өоос Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Улаангом сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Улаангом сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/115 дугаартай захирамжаар 814м2 газрыг Ч.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Увс аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаар захирамжаар И.Өод өмчлүүлсэн 1513,4м2 газартай бүхэлдээ давхцалтай байна.
Нэхэмжлэгч И.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээд Ч.Б нар нь 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгохоор тохиролцсон байх ба энэхүү эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байх ба мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно “гэж, мөн зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрэл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар талуудын эвлэрлийг батлах үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч И.Өын урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зд Улаангом сумын Засаг даргаас 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэлээр хэргийн оролцогчтой эвлэрэх эрхийг олгосон байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээд Ч.Б нарын хооронд байгуулагдсан нэхэмжлэгч И.Өын өмчлөх эрхийн газрын хэмжээг 982м2 байхаар, гуравдагч этгээд Ч.Бгийн эзэмших эрхийн газрын хэмжээг 524м2 байхаар тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ