Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ20176/00094

 

Ц.Бат-Оршихын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/05778 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1856 дугаар магадлалтай,

Ц.Бат-Оршихын нэхэмжлэлтэй,

“Есөн Шижир” ХХК-д холбогдох,

3.981.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Уянга, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Бат-Орших нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Есөн шижир” ХХК-иас 6.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан ба 99116652 дугаарын  эзэмших эрхээ  барьцаалсан. Зээлдүүлэгч нь зээлийн “гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор зээлдэгч барьцааны зүйлээ аваагүй тохиолдолд зээлдэгчид мэдэгдсэний үндсэн дээр барьцааны зүйлийг худалдан борлуулах ёстой байсан. Гэтэл “Есөн шижир” ХХК нь зээлдэгчид мэдэгдэлгүйгээр барьцааны зүйлийг худалдан борлуулж, мөн дуудлага худалдаа явуулах журмыг зөрчиж 99116652 дугаар эзэмших эрхийг бусдад худалдсан. Ц.Бат-Орших санхүүгийн боломжгүй байсан учир зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй юм. “Есөн Шижир” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр барьцааны 99116652 дугаарыг иргэн Д.Батбаярын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг “Мобиком корпораци” ХХК-д хүргүүлсэн байдаг. Уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэн авсан Д.Батбаяр нь 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Хариуцагч “Есөн Шижир” ХХК нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т зааснаар шаардах эрхээ тодорхойлж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул барьцааны зүйл болох 99116652 дугаар эзэмших эрхийг бусдад борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээгээр хангагдах шаардлага үндсэн зээл 6.500.000 төгрөг, хүү 260.000 төгрөг, гэрээний 3.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0.2% алданги 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 204 хоногийн 2.758.080 төгрөг, нийт 9.518.080 төгрөгийг Ц.Бат-Орших барагдуулах ёстой. “Есөн Шижир” ХХК-иас ирүүлсэн 10.010.000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэл хангасан гэх баримтууд нь санхүүгийн баримтад тавигдах шаардлагыг хангаагүй, албан ёсоор баталгаажуулаагүй байна. Үүнээс үзэхэд барьцааны зүйлийг бусдад худалдсан 13.500.000 төгрөгөөс гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг 9.518.080 төгрөгийг хасч тооцохоор 3.981.920 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө тооцооны алдаа гаргаж 3.482.000 төгрөг болгож нэхэмжилсэн.

Д.Бат-Оршиход барьцааны зүйлийг худалдан борлуулах болон худалдахад гарсан үйл ажиллагааны зардлын талаар мэдэгдээгүй бөгөөд “Есөн Шижир” ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзахад дугаарыг чинь бусдад худалдсан гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй бөгөөд тэрээр хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд “Есөн Шижир” ХХК-иас 3.981.920 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Есөн Шижир” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Бат-Орших нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 99116652 дугаарын эзэмших эрхийг барьцаалан өөрөө ярьж явах нөхцөлтэйгөөр 6.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцааны гэрээний 1.2-т “...барьцаанд тавих 99116652 дугаараа зээлийн барьцаанд байх хугацаанд “Есөн Шижир” ХХК-ийн нэр дээр барьцааны хамт шилжүүлнэ. Тохиролцсон хугацаанд төлбөрийг графикийн дагуу бүрэн төлж дуусгасны дараа барьцаалагчид дугаарыг нь шилжүүлэн өгнө гэж тохиролцсон. Ингээд дугаарын эзэмших эрх “Есөн Шижир” ХХК-ийн нэр дээр шилжсэн. Зээлийн гэрээний 3.6-д “хэрэв зээлдэгч нь зээлсэн мөнгөө, түүний хүү, алдангийн хамт зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор төлж барьцааны зүйлээ аваагүй тохиолдолд 15 дахь хоногоос зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлсэн мөнгөө, түүний хүү, алдангийн хамт гаргаж авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэв. Мэдэгдэлтэй танилцаж зөвшөөрсөн зээлдэгч гэж гарын үсэг зуруулж урьдчилан мэдэгдсэний дагуу 99116652 дугаарыг үндсэн зээл 6.500.000 төгрөг, хүү 260.000 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувь болох 3.250.000 төгрөг, ярианы төлбөр 178.200 төгрөг, үйл ажиллагааны зардалд 811.800 төгрөг, нийт 11.000.000 төгрөгөөр зарсан.  2013 оны  07  дугаар  сарын  31-ний өдөр дугаар зардаг ченж нь иргэн Д.Батбаярыг гаднаас дагуулж ирж манайд зээл, хүү, алдангийг төлж дугаарыг шилжүүлэх бичгийг авсан. Түүнээс биш нэхэмжлэгч нь дугаар эзэмших эрхийг худалддаг эрхтэй этгээд биш юм. Тухайн үед дагуулж ирсэн ченж залуу нь энэ дугаарыг 11.000.000 төгрөгөөр зарж байна гэж хэлж байсан. Д.Батбаяр гэгч нь 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж өөрөө тодорхойлолт бичиж шүүхэд өгсөн нь манай компанид 13.500.000 төгрөг төлснийг нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Гэрээний талууд барьцааны зүйлийг худалдах журмыг гэрээгээр тохиролцсон бөгөөд манайх барьцааны зүйл буюу 99116652 дугаар эзэмших эрхийг буцааж өгөх үүрэг хүлээгээгүй. Уг дугаар бол барьцааны зүйл бөгөөд Ц.Бат-Оршихын төлбөл зохих төгрөгийн үүргээс салгаж үл болох зүйл юм. Зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон барьцааны зүйлийг буцааж өгөх заалт Иргэний хуульд байхгүй. Барьцаалагч нь барьцааны зүйлийг буцааж өгөх бол зөвхөн зээл, түүний хүү, алданги төлсөн тохиолдолд буцааж өгөх үүрэгтэй. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдий хүрч зээлдүүлэгчийн эрх ашиг сонирхлыг ихээр хохироосон болохыг дурдах нь зүйтэй. Үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байтал 3 жил өнгөрчхөөд байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3.482.000 төгрөг болгож нэхэмжлэлийнхээ шаардлагыг шүүхэд ирүүлснийг бид хүлээн авч, тайлбар гаргасан бөгөөд 3.981.920 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээж аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/05778 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Есөн Шижир” ХХК-иас 3.482.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бат-Оршиход олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Есөн шижир” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.662 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1856 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/05778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Есөн шижир” ХХК-иас 3.918.920 төгрөг гаргуулах тухай Ц.Бат-Оршихын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1856 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Ц.Бат-Орших нь хариуцагч “Есөн шижир” ХХК-тай харилцан тохиролцож 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 6.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд 99116652 дугаарын эзэмших эрхийг барьцаалсан. Ц.Бат-Орших зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүйгээс зээлдүүлэгч болох “Есөн шижир” XXК нь өөрийн 9.518.080 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох 99116652 дугаарыг Д.Батбаярт 13.500.000 төгрөгөөр худалдан борлуулах замаар хангуулсан.

Үүнтэй холбоотойгоор Ц.Бат-Орших нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т зааснаар дугаар худалдсан мөнгөн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсны үлдэгдэл болох 3.981.920 төгрөгийг буцаан шаардсан боловч “Есөн шижир” ХХК үндэслэлгүйгээр татгалзсан болно.

Иймээс Ц.Бат-Орших нь барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсны үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч “Есөн шижир” ХХК нь Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор зээлдэгчид мэдэгдээгүй бөгөөд гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ч албан ёсоор мэдэгдээгүй болно. Нэхэмжлэгч Ц.Бат-Орших нь “Есөн шижир” ХХК дээр очиход гэрээний хугацаа дууссан, мөнгөө төлөөгүй гэдэг үндэслэлээр түүнд ямар ч хариу өгөөгүй байдаг. Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хангалттай нотолсон бөгөөд хариуцагч байгууллагын гаргаж өгсөн 99116652 дугаарын эзэмших эрхийг бусдад худалдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй зөвхөн нэг талын баримт байсан тул “Мобиком” ХХК-иас шүүхийн журмаар гаргуулан авсан лавлагааг үндэслэж, тухайн  дугаарыг худалдан авсан хууль ёсны эзэмшигчээс нь тухайн дугаарын эзэмших эрхийг хэдэн төгрөгөөр худалдан авсан болохыг тодруулсан нь хуульд нийцэхгүй нотлох баримт бүрдүүлсэн асуудал биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1856 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Бат-Оршихын “...3.981.920 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Есөн шижир” ХХК эс зөвшөөрч, барьцааны зүйлийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь 99116652 дугаарын эзэмших эрхээ барьцаалан “Есөн шижир” ХХК-с 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 6.500.000 төгрөгийг 1 хувийн хүүтэй зээлж, мөнгийг хүлээн авчээ /хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан тул гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зээлдэгч нь мөнгийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч барьцааны зүйлийг худалдан борлуулсан талаар маргаагүй, харин дугаарыг 13.500.000 төгрөгөөр худалдсан тул үүнээс өөрийн үүргийг суутгаж үлдэх хэсгийг гаргуулахаар шаардахдаа Д.Батбаярын тайлбарыг үндэслэл болгожээ.

Гэрээний хугацаа 2013 оны 1 дүгээр сарын 06-ний өдөр дууссан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлэлгүй 7 сар болсон, хариуцагч барьцааны зүйлийг 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр худалдан борлуулж, нэхэмжлэгчийн биелүүлэх ёстой үүрэг болох зээл, хүү, алданги болон бусад зардалд нийт 10.010.000 төгрөгийг хангасан нь тогтоогджээ /хавтаст хэргийн 78-81 дүгээр тал/.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, энэ тохиолдолд шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах үндэслэл бий болох тул барьцааны зүйлийг худалдсан хариуцагчийн үйлдэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.4-г зөрчөөгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд барьцааны зүйл болох дугаарыг Д.Батбаярт 13.500.000 төгрөгөөр худалдсан гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 156, 281, 286 дахь зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1856 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ