Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0225

 

П.У, Т.О нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч П.У, гуравдагч этгээд “ӨХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Н.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 957 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч П.У-ын гаргасан давж заалдах гомдлоор, П.У, Т.О нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 957 дугаар шийдвэрээр: Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.У, Т.О нарын Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “ӨХ” ХХК-д олгосон 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай Барилгын хөгжлийн төвийн Магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.У давж заалдах гомдолдоо: “...“ӨХ” ХХК-ийн барьж буй барилгын ажлын зөвшөөрлүүд нь хоорондоо зөрүүтэй, цаг хугацаа болоод дарааллын хувьд илэрхий алдаа бүхий хууль бус зөвшөөрөл юм.

Учир нь шүүхэд ирүүлсэн Магадлалын ерөнхий дүгнэлтээс харвал зураг төсөл боловсруулах үндэслэл нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр баталсан “СБД46/08” тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэсэн зураг төсөл болох нь тодорхой харагдаж байна. Мөн техникийн нөхцөлүүдийг нь Магадлалын ерөнхий дүгнэлтийн холбогдох хэсэгт тусгагдсаныг харвал “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дулааны техникийн нөхцөл нь 2 жилийн хугацаатай 66 гэсэн дугаартай байна. 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас уг нөхцөлөө авсан болохоо “ӨХ” ХХК нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. Үүнээс харвал техникийн нөхцөлийн хугацаа дууссан байхад дүгнэлт гаргасан байгаа нь хууль зөрчсөн дүгнэлт юм.

“ӨХ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн баримтаас харвал 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/12 дугаартай техникийн нөхцөл нь дугаарын хувьд зөрүүтэй мөн хугацаа нь дууссан нөхцөл Магадлалын ерөнхий дүгнэлтэд тусгагдсан байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 581/2013 дугаартай техникийн нөхцөлийн тухайд анх 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан байх бөгөөд дугаар нь 581/2012 байхад Магадлалын ерөнхий дүгнэлтэд 581/2013 гэсэн өөр дугаар бүхий нөхцөлийг үндэслэл болгосон байна. Үүний дараа 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 1320/2014 дугаартай техникийн нөхцөл авсан болохоо гуравдагч этгээд шүүхэд нотлох баримтаар өгсөн. Гэтэл уг техникийн нөхцөл нь Барилга хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтэд огт тусгагдаагүй.

 “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-иас “ӨХ” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр В803/2012 дугаартай техникийн нөхцөл авсан болохоо шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Гэтэл Магадлалын ерөнхий дүгнэлтэд 803/2013 гэсэн дугаартай техникийн нөхцөлийн талаар дурьдаж дүгнэлтээ гаргасан болох нь харагдана.

Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар буюу хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Т.Ж-д ирүүлсэн "ӨХ" ХХК-ийн барилгын талаар тайлбар” гэсэн 02/157 тоот албан бичигт "2014 онд “ӨХ” ХХК-ийн 2 дугаар блокийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан боловч тухайлсан барилга дээрээ эскиз зураг төсөл батлуулаагүй байна. Тухайн байршилд барилга барихтай холбоотой маргаан гарч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа болно” гэсэн хариуг өгч байжээ.

Үүнээс харахад 2015 оны 1 дүгээр сард “ӨХ” ХХК-ийн барилгын зураг төсөл огт батлагдаагүй байхад Магадлалын ерөнхий дүгнэлт, ажил эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд гарах боломжгүй юм. Гэтэл эдгээрийг 2014 онд авсан тухай баримтыг гаргаж ирээд байгаа нь “ӨХ” ХХК эсхүл хариуцагч нар нь хууль зөрчсөн хуурамч баримт бүрдүүлсэн байж болзошгүй. “ӨХ” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар авсан.

“ӨХ” ХХК-д 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” нь 40,0х14,4 хэмжээтэй 55 айлын үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгад олгосон байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь 15,8х40,4 хэмжээтэй байгаа нь мөн зөрүү үүсгэж байгаа бөгөөд зураг төслийг хэрхэн өөрчилсөн, өөрчлөгдсөн зураг төсөлд дүгнэлт гаргуулсан эсэх нь тодорхойгүй байна. Магадлалын ерөнхий дүгнэлтэд 40,0х14,4 хэмжээтэй барилга байх бөгөөд 5-7 давхардаа 1-2 өрөө бүхий 39 айлын сууц, 8-11 давхардаа 25 айлын сууц байхаар тусгагдсан байна.

Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл, Магадлалын ерөнхий дүгнэлт болон техникийн нөхцөлүүд нь бүгд хоорондоо зөрүүтэй, зарим нь хүчингүй болсон зэргээс харахад “ӨХ” ХХК-ийн барьж буй барилга нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл аваагүй, хууль бусаар явуулж хөрш зэргэлдээ орон сууцны оршин суугчдын эрхийг ноцтой зөрчсөн болох нь хангалттай тогтоогдож байна.

Дээрх бүх нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүхээс бүрэн гүйцэд, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн зүгээс энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Анхан шатны шүүх барилга хоорондын зай болон норм дүрмээр тогтоосон өрөө тасалгааны нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг хавтаст хэрэгт ямар нэгэн байдлаар нотлох баримтаар авагдаагүй байхад дүгнэлт хийж, “12 цаг хүртэл нарны тусгал тусаж байна” гэж дүгнэсэн нь шүүхээс хэт нэг талыг барьж хэрэг маргааны шийдвэрлэсэн болохыг тодорхой харуулна.

Анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад хариуцагч болох Барилгын хөгжлийн төв нь Магадлалын ерөнхий дүгнэлт гаргахдаа хугацаа нь дууссан техникийн нөхцөлүүдийг удирдлага болгон хийсэн, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг огт харгалзан үзээгүйгээр барахгүй 2008 оны 9 дүгээр сард батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн дүгнэлтээ гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар учир шалтгааны улмаас ийнхүү хугацаа нь дууссан, хүчингүй болсон баримт бичгээр дүгнэлтээ гаргаснаа огт тайлбарлаж чадаагүйг энд дурьдах нь зүйтэй. Мөн Барилгын хөгжлийн төв нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нарны шууд тусгалыг хааж байгаа талаар тодорхой дурьдсан байдаг.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч нар нь маргаж буй захиргааны актыг илт хууль бус болохыг хангалттай баримтаар нотолж, шүүх хурлын явцад гаргасан тайлбараар мэдүүлээд байхад шүүхээс энэ бүхнийг огт анхаарч үзээгүй явдал нь шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэдгийг нотолно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 957 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.У, Т.О нар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдуулан “ӨХ” ХХК-д олгосон 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаар Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “...тус компанийн барьж буй барилга нь бидний захиалсан орон сууцны байртай хэт ойрхон баригдаж байгаа нь бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд нарны гэрлийг шууд хааж, үзэгдэх орчинг хязгаарлаж байна. Барилгын норм, дүрмийг зөрчиж барилга барих зөвшөөрөл олгосон” гэх үндэслэлээр маргажээ.

  1. Барилгын норм дүрэм зөрчсөн гэх гомдлын тухайд:

Анх нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 449 дүгээр захирамжаар “ӨХ” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.138 га газрыг эзэмшүүлэхээр олгосон байх ба уг газарт барилга барих зөвшөөрөл олгож, улмаар Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тушаалаар 12 давхар барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, тус компанийн эзэмшил газар нийт 4320 м.кв байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаар захирамжаар “ӨХ” ХХК-ийн эзэмшил газрыг 6 хэсэг болгон хувааж эзэмшүүлсэн, улмаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин батлагдсан 202 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар түүний эзэмшил газрын 759.0 м.кв, 864.0 м.кв талбайд нь 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар шийдвэрлэгджээ.

Мөн Барилгын хөгжлийн төвөөс гаргасан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/ 2014 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн “ӨХ” ХХК-д Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0000801№180/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгогдож, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны актууд хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

            Тодруулбал, Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах”, 6.2.8-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох”, 6.2.9-д “магадлал хийх ажлыг зохион байгуулах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно” гэж тус тус заасны дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас, Барилгын ерөнхий дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөс тус тус олгосон нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх тул “барилгын ажлын зөвшөөрлүүд нь хоорондоо цаг хугацаа болоод дарааллын хувьд илэрхий алдаа бүхий хууль бус зөвшөөрөл” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Маргаан бүхий Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, Магадлалын ерөнхий дүгнэлт гарахаас өмнө гуравдагч этгээдэд олгогдсон 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гадна дулаан хангамжийн, 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/12 дугаартай Ус сувгийн удирдах газрын гадна усан хангамж, ариутгах татуургын, 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 581/2012 дугаартай, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1320/2014 дугаартай, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гадна цахилгаан хангамжийн, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 803/2013 дугаартай, ТН-В198/2014 дугаартай, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн гадна холбоо дохиоллын техникийн нөхцөлүүд нь уг барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны өмнө бүрдүүлэх шаардлагатай баримт бичгүүд байх тул түүнийг үндэслэн олгосон Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, Магадлалын ерөнхий дүгнэлтийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүдээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй

Түүнчлэн “ӨХ” ХХК нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 5 дугаар зүйлийг баримтлан ерөнхий төлөвлөгөө, барилгын эскиз зургийг шинэчлэн баталсан байгааг дурьдах нь зүйтэй.

2. Манай байртай хэт ойрхон барилга барьж, нарны гэрлийг шууд хааж байгаа нь бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэх гомдлын тухайд:

Иргэн Г.Ж болон “ ӨХ” ХХК-ийн барилга нь ташуу байрлалтай бөгөөд “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-д зааснаар барилга хоорондын зай хэмжээг тогтоодог бөгөөд уг нормын заавал мөрдөх 4 дүгээр хавсралт “Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орон сууцны барилга орчных нь барилга байгууламжийн хоорондын зай хэмжээ...”-ын 12 дугаар хүснэгтэд барилгын тууш /урт/ талуудын хооронд, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд, орон сууцны цонхгүй хөндлөн хануудын хооронд, шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хоорондох хэмжээг тогтоохоор заасан, харин жишүү байрлалтай барилгаас зай хэмжээ тооцох заалт байдаггүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлажээ.

Түүнчлэн хариуцагчаас “ӨХ” ХХК-ийн барилгыг “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны хангамж” БНбД23-04-07-ын 3.2-д заасан Нормчлогдох хугацааг хавар, намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй. “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 5.26-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх тохиромжтой гэж үзнэ гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн” гэж тус тус тайлбарласныг үгүйсгэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан фото зургаар маргаан бүхий Б блокийн барилгын 10 давхрын цутгалтын ажил явагдаж байх үед иргэн Г.Ж-ийн барилгын зоорийн давхрын цутгалтын ажил эхэлж байсан, нэхэмжлэгч нар 2016 оны 6, 8 сард орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед гуравдагч этгээдийн барилгын бүрэн цутгалтын ажил хийгдэж дууссан, өөрөөр хэлбэл маргаан бүхий актууд эрх бүхий байгууллагаас олгогдсоны дараа нэхэмжлэгч нар орон сууц захиалгын гэрээ хийсэн байгаа нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.У-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                                ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР

                                ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН