Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 28

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би Х.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Галуут сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Галуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Х.Түвшинжаргал миний биеийг 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Түвшинжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Дарамгэлэн овогт Хандын Түвшинжаргал би 2016 оны 10 дугаар сарын 02-нд тус шүүхэд  хандан “Галуут сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Х.Түвшинжаргал миний биеийг 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалга” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэгэнт 2016 оны 10 дугаар сарын 19-нд сонгуулийн санал хураалт дуусч, сонгуулийн дүн гарсан. Галуут сумын орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус сумын Ардчилсан нам ялалт байгуулж олонхи болсон зэргийг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхээ эдэлж нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэг, 66, 69 дүгээр зүйлүүдэд зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжинд гомдол гаргахгүй гэдгээ ойлгож ухамсарлаж байна гэдгийг илэрхийлж байна” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Х.Түвшинжаргал нь “Баянхонгор аймгийн Галуут сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Галуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Х.Түвшинжаргал миний биеийг 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Х.Түвшинжаргалаас Баянхонгор аймгийн Галуут сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Галуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Х.Түвшинжаргал миний биеийг 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ Ц.СУВДМАА