Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 011

 

Р.Нямжанцанд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2016/0120/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Д.Оюунбилэг,

Ялтан: Р.Нямжанцан,

Ялтны өмгөөлөгч: Б.Амаржаргал, Л.Цогтбаяр,

Хохирогч: Н.Бямбачулуун

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолтой, ялтан Р.Нямжанцанд холбогдох эрүүгийн 201622000219 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн, 31 настай, Барнид овогт Раднаасамбуугийн Нямжанцан /регистрийн дугаар РЕ84121671/.

Ялтан Р.Нямжанцан нь 2016 оны 3 дугаар сарын 05-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Гөнтгийн Цалгай гэх газар бэлчээрээс иргэн Н.Бямбачулууны 21 тооны ямааг хулгайлж 1 230 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Нямжанцанг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Р.Нямжанцанг 150 /нэг зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Р.Нямжанцан нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Бямбачулуун давж заалдах гомдолдоо: Миний бие 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орчим Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Гөнтгийн Цалгай гэх газраас 63 тооны ямаа алдсан бөгөөд уг ямааг Төмөрбулаг сумын 3 дугаар багийн иргэн Р.Нямжанцан авсан болох нь тогтоогдсон. Гэвч 63 тооны ямааны асуудал яваар шүүхээр шийдвэрлэхэд 21 тооны ямаа болж шийдвэрлэгджээ. Хохирогч миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнгүй. Бэлчээрт явсан малаас 63 тооны ямааг тасалж авсан байхад 21 ямаа гэсэн нь ойлгомжгүй байгаа.

Иймд хэргийг бүхэлд хянан үзэж хохирогч миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Ялтан Р.Нямжанцанд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй, Р.Нямжанцанд холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн гүйцэд хийгдээгүй байна.

Үүнд: Хохирогч Н.Бямбачулууны бэлчээрт явсан хонь, ямаанаас нийт 63 тооны ямаа хулгайд алдагдсан гэж хохирогч мэдүүлжээ. Гэтэл тухайн 63 тооны ямаа нь 4 айлын буюу Н.Бямбачулуун, Ц.Дуламжав, н.Гантөгс, н.Жаргалтөгс нарын нийлсэн ямаа байхад Ц.Дуламжав, н.Гантөгс, н.Жаргалтөгс нарыг хохирогчоор тогтоож байцаалт аваагүй, тэдний өмнөөс Н.Бямбачулуун хохирогчоор тогтоогдож байцаан шийтгэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгогдоогүй байхад дан ганц Н.Бямбачулууныг хохирогчоор тогтоож байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг зөрчжээ.

Мөн хохирогч Н.Бямбачулуун нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ямаагаа эрж хайсны зардал 150 000 төгрөгийн баримтыг хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн гэж мэдүүлж байх хэдий ч энэхүү баримт нь хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Н.Бямбачулуунд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссаныг мэдэгдэж, хэргийн материал танилцуулсан байх ба 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Н.Бямбачулууны 42 хонь, ямааг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл дээрх Яллагдагчид холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн прокурорын тогтоолыг хохирогчид танилцуулж мэдэгдээгүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4, 209.5-т заасныг зөрчсөн байна.

Хохирогч Н.Бямбачулууны 60-аад тооны хонь ямаа алдагдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байх ба ялтан Р.Нямжанцан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эсхүл алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэргийн алиныг үйлдсэн болохыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар ялласан ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд Р.Нямжанцанг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг бүрэн гүйцэд нотолсон гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.7-д заасныг зөрчжээ.

Иймд дээрх байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Р.Нямжанцангийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх хохирогч Н.Бямбачулууны гаргасан “…хэргийг бүхэлд хянан үзэж хохирогч миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Р.Нямжанцанд холбогдох хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Р.Нямжанцанд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлал нь эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                Н.БАЯРХҮҮ