| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2405000000707 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
2024 12 24 2025/ДШМ/15
С.Б-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Түвшинбаяр,
яллагдагч С.Б-ийн өмгөөлөгч Н.Жамъяндорж,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1730 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Н.Жамъяндоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Б-эд холбогдох эрүүгийн 000000 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн С-ын Б-, 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /PД: 000000/,
С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмон” нэртэй зочид буудлын 09 тоот өрөөнд найз Б.Гийг “эцэг эхийн талаар ярилаа” гэх үл ялих зүйлээр шалтгаалан түүний толгойн тус газарт гараараа цохиж биед баруун хацар яс, ухархайн гадна доод ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...яллагдагч С.Б-эд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын нэг эх сурвалж бөгөөд шинжлэх ухаан, нарийн мэргэжлийн хүн мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоолын дагуу гаргасан шинжилгээний хариуг хэлэх бөгөөд яллагдагч С.Б-эд холбогдох эрүүгийн хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын гаргасан шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус, дутуу, эргэлзээтэй, зөрүүтэй гарсан байна гэж шүүх дүгнэв. Учир нь Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэлд хохирогч Б.Гийн биед үзлэг хийгээд “гавал нүүрний ясны олон хугарал оношоор хугарал бэхлэх мэс засал төлөвлөсөн, түүнчлэн оношийг “гавал нүүрний ясны олон хугарал” гэж тэмдэглэсэн байхад Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5014 тоот дүгнэлтэд “Б.Гийн биед баруун хацар яс, ухархайн гадна доод, ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Цэргийн төв эмнэлгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт хоорондоо тодорхой бус, зөрүүтэй байна. Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5014 тоот шинжээчийн дүгнэлтэд “эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн атлаа Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 657 тоот шинжээчийн дүгнэлтэд “Гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэж дүгнэжээ. Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн Гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэж заасан байна. Иймд яллагдагч С.Б-эд холбогдох эрүүгийн хэрэгт дахин шинжээч томилж, хохирогч Б.Гийн биед ямар гэмтэл учирсан талаар түүний биед дахин үзлэг хийж, эмнэлгийн дүгнэлт, тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг тодорхой, эргэлзээгүй гаргах нь хэрэгт ач холбогдолтой гэсэн дүгнэлтийг хийж хэргийг прокурорт буцаажээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч эмч Э.Баасанжав хохирогч Б.Гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохын тулд хохирогчийн биед үзлэг хийж, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн, мөн 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 03 дугаар сарын 28-ны өдрийн /КТГ-н/ оношийг үзлэг, шинжилгээ хэсэгтээ дэлгэрэнгүй бичсэн байдаг. Харин дүгнэлт хэсэгтээ гэмтлүүдийг нэгтгэн дүгнэж гэмтлийн зэргийг тогтоож бичсэн нь ямар нэгэн эргэлзээ зөрүүтэй ойлголт байхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Э.Баасанжавын гаргасан дүгнэлтийн талаар тодруулж, мэдүүлэг авсан бөгөөд өөрийн гаргасан дүгнэлтийг баталгаажуулж мэдүүлэг өгсөн нь дүгнэлтийг эргэлзээгүй баталгаажуулж байна... Тухайн хэрэг дээр хийгдсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 657 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Гт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт гарчээ... Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг, шинжээч гаргахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран гаргасан журмыг үндэслэн гаргахаар зохицуулагдсан байна. Хэрэгт авагдсан шинжээч Эрдэнэтуяа, Хулан нарын 2024 оны 06 дугаар сарын 07-н өдрийн 657 дугаартай дүгнэлт, шинжээч Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс дүгнэж үзэхэд хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын хүрээнд гаргасан дүгнэлтээ гаргасан байна гэж үзэхээр байна. Харин Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр буруутай этгээдээс хэдэн төгрөгийг нөхөн төлүүлэх талаар гаргасан аргачлал байна гэж ойлгож байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж үзэхэд Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие эсэргүүцэл бичсэн боловч хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр миний бичсэн эсэргүүцлийг хүлээн аваагүй. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дардсаар илгээсэн боловч шүүгчийн захирамжийг хүлээн авсан хуудаст 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэж байсан. Миний бие хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэж ойлгон прокурорын эсэргүүцлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бичсэн. Хэрэгт прокурорын эсэргүүцэл хавсаргагдсан тул миний бие эсэргүүцэлд бичсэн үндэслэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тайлбарыг хэлье. Анхан шатны шүүх хэргийг 2 үндэслэлээр прокурорт буцаасан. Нэгдүгээрт, анхан шатны шүүх “гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, тодорхой бус байна” гэж үзсэн байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад н.Гийн биед үзлэг хийсэн эмнэлгийн дүгнэлт, амбулаторийн үйлчлүүлэгчийн карт зэрэгт үндэслэж шинжээч томилох тухай асуудал ярьж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт хохирогчийн биед үзлэг хийсэн болох нь харагдана. Өөрөөр хэлбэл, шинжээч нь анхан шатны шүүхийн захирамжид дурдсан асуудлаар үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Зөрүүтэй асуудлын хувьд, анхан шатны шүүх “хохирогчийн гавал нүүрний ясанд олон тооны хугарал байна” гэх дүгнэлт нь шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй гэж үзсэн. Гэвч тус дүгнэлтэд “Б.Гийн биед баруун хацар яс, ухархайн гадна доод, ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэж олон тооны хугарал гэмтэл үүссэн болохыг тогтоосон. Уг нөхцөл байдлыг шинжээч дүгнэлтдээ тусгасан. Иймээс шинжээчийн дүгнэлтүүдэд ямар нэгэн байдлаар зөрүү үүссэн гэж үзэхгүй байна. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа “гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт холбогдуулж гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Учир нь, Улсын дээд шүүхээс баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь Гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэж заасан байна” гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон атал түүний сэтгэцэд учирсан хохирлыг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон нь үндэслэлгүй” гэж үзжээ. Гэтэл тусгай мэдлэг бүхий шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хууль болон “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д тус тус заасны дагуу холбогдох журмыг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Ингэхдээ шинжээч нь н.Гийн биед үзлэг хийж, сорил авч, эмнэл зүйн ярилцлага хийж, түүний сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэл болохыг тогтоосон. Нөгөөтээгүүр, мөрдөгч Улсын дээд шүүхээс баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д тусгагдсан тодорхой 5 төрлийн гэмт хэргийн хохирогчид хүснэгтэд тусгагдсан асуумжийг асууж, түүний сэтгэцэд учирсан хор уршгийг маягтаар баталгаажуулдаг. С.Б-эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тул тус хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан тогтоох учиртай. Иймээс шинжээчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилж, улмаар тусгай мэдлэг бүхий шинжээч “хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр гэмтэл учирсан тул түүний сэтгэцэд учирсан хохирол нь заавал гуравдугаар зэрэгт хамаарна гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна. Хэрэв хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол анхан шатны шүүх дахин шинжээч томилох эрхтэй. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулж, шүүхийн шатанд шаардлагатай ажиллагааг хийх боломжтой. Иймээс анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгох дараах нөхцөл байдал тогтоогдов. Үүнд :
1. Шүүхээс хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
1.1. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх шинжээчийн дүгнэлтийг тодорхой бус, дутуу, эргэлзээтэй, зөрүүтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл, үйл баримтын хувьд тодорхойгүй, ойлгомжгүй.
Учир нь, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт нь бодит үзлэгээс гадна цэргийн төв эмнэлгийн 2024.03.28-ны өдрийн толгойн КТГ зураг, 2024.04.01, 2024.04.10-ны өдрийн мэс ажилбар, эмчилгээний тэмдэглэл зэрэг оношилгоо, шинжилгээний үндсэн баримтад тулгуурлаж гарсан /хх-36/, энэ талаар оролцогч талуудад танилцуулсан /хх-39-40/ байх тул тус тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах асуудлыг урьдчилан таамаглах байдлаар дүгнэн шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
1.2. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэх үндэслэл, үйл баримт хангалтгүй, харин шүүх хуралдааны явцад тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах хууль зүйн үндэслэл, үйл баримтыг бүрэн судалж, оролцогч, талын саналыг харгалзсаны эцэст хянан шийдвэрлэх боломжтой.
Тодруулбал, хүний эрүүл мэндэд учирсан гэмтэл, тус гэмтлээс үүссэн сэтгэцийн хор уршиг, түүний зэрэглэлийн асуудал нь зөвхөн тусгай мэдлэгийн шинжээч нар шийдвэрлэхээс гадна хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг ба тус гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэгийн зэрэглэл нь заавал ижил буюу давхцах үндэслэлгүй болох нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтад заасан холбогдох үндэслэл, журмын утга агуулга, шалгуур нөхцөлөөс тодорхой илэрхийлэгдэнэ.
Мөн дээрх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад Жич: “Сэтгэцийн талаас илрэх шинж тэмдгүүд нь зэрэглэл буурахад давхардан илрэхгүй болно. Жишээлбэл, гэмтлээс үүдэлтэй үлдэц гэсэн шалгуур үзүүлэлтийн 5-р зэрэглэлд байгаа шинжүүд 4-р зэрэглэлийн үед илрэхгүй…Шинжлүүлэгч өөрийн сэтгэл зүйн байдлыг муугаар харуулах гэсэн оролдлого, бие хүний онцлог, аргачлалын итгэгдэх чанарын үзүүлэлтүүд зэргээс хамааран зэрэглэл буурч тогтоогдож болно.” гэж заасан байна.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.” гэж зааснаас гадна нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн хувьд : Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд зааснаар тусгай мэдлэгт хамаарах “сэтгэцийн эмгэгийн зэрэглэл”-д шууд тулгуурлаж нөхөн төлбөрийн доод, дээд хэмжээг ялгамжтай тооцсон байх тул “сэтгэцийн эмгэгийн зэрэглэл”-ийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн хувьд үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Тийм учраас, сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг зөвхөн тусгай мэдлэгийн шинжээч нар тогтооно, харин тус зэрэглэлд тулгуурлан зөвхөн нөхөн төлбөрийн хувь, хэмжээг л Улсын дээд шүүхээс баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу тооцох үндэслэлтэй, харин Улсын дээд шүүхээс “хүний эрүүл мэндэд учирсан гэмтэл ба сэтгэцийн эмгэгийн зэрэглэл”-нэгэн зэрэг адилхан байхаар тогтоосон, эсхүл адил байхаар тогтоохыг шинжээч нарт үүрэг болгосон гэж үзэх боломжгүйг анхаарах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д тусгай мэдлэгт хамаарах “сэтгэцийн эмгэгийн зэрэглэл”-д тулгуурлахдаа тухайн зэрэглэл бүрд хамаатуулж болох “эрүүл мэндийн хохирол”-ын зэргийг тусгасан нь зөвхөн нөхөн төлбөрийг тооцох жишиг аргачлалд харгалзаж болох ерөнхий шалгуур нөхцөлийг илэрхийлнэ, харин эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргээс үл хамааран сэтгэцийн эмгэгийн зэрэглэл, тус зэрэглэл буурч тогтоогдож болох тусгай мэдлэгт хамаарах хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхгүй болно.
2. Хэргийн үйл баримтаас үзэхэд, хэргийг прокурорт буцаах өөр бусад болон шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ шүүх хуралдаанд оролцвол зохих тал, оролцогч, мөн тэдний хүсэлтээр бусад оролцогчийг оролцуулж, улмаар нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах, харьцуулан шалгах, үнэлэн дүгнэх замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн бодит байдал, хохирол, хор уршиг зэрэг асуудлыг эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэрэв тус гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд өмнө гаргасан тусгай мэдлэгийн асуудлаарх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзвэл нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үндэслэл, журам зөрчигдсөн, хохирогч болон бусад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх үндэслэл, журмын хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.
Гэм буруугийн шүүх хуралдааны явцад өмнө гаргасан тусгай мэдлэгийн асуудлаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэх тухайн тохиолдолд энэ нь “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх” үндэслэлд хамааралгүй, харин мөрдөгч, прокурорын хувьд хэргийн бодит байдлыг тогтоохдоо зөрчилгүй, зөрүүгүй байдлаар нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх улмаар шалгах үндэслэл, журмыг биелүүлээгүй, холбогдох зарим оролцогчийн эрхийг хязгаарласанд хамаарч болохыг тодотгох нь зүйтэй.
3. Дээрх үндэслэлээс үзэхэд, хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж дүгнэв.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1730 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай давж заалдах журмаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Яллагдагч С.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1730 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч С.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР