Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ2026/0027

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б, 

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Мд холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Мгийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1091309 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч хяналтын прокурор Б.Б, хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бгээс  тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Мд холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Мгийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1091309 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай” дүгнэлт гаргасан.

2.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1091309 дугаартай шийтгэлийн хуудсаар “Таван тэсийн илч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нягтлан бодогч Б.Дд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

3.Гомдол гаргагч хяналтын прокурор Б.Б прокурорын дүгнэлтийг 2026 оны 6 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан  хугацаанд буюу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор, хуулийн хугацаанд шүүхэд хандсан байна.

 4.Гомдол гаргагч хяналтын прокурор Б.Б шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, Ц.М нь бүртгэлийн СТС35/26-10 дугаартай Т аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нягтлан бодогч Б.Д нь аж ахуйн нэгжийн 2025 оны жилийн санхүүгийн тайланг илгээгээгүй гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, Б.Дд 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1091309 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 25 дахь заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ.

Бүртгэлийн СТС35/26-10 дугаартай материалыг шалгалтын хүрээнд хянахад эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн байна. Үүнд.

1. Эрх бүхий албан тушаалтан нь 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр аж ахуйн нэгж байгууллагуудын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаасан байдлыг цахим системээр хянах явцад Т аж ахуйн тооцоотой ^ үйлдвэрийн газрын нягтлан бодогч Б.Д нь байгууллагынхаа 2025 оны жил эцсийн санхүүгийн тайланг илгээгээгүй гэх зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 10.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 10.4-т заасан нэгтгэсэн санхүүгийн тайлангийн нэгтгэлд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

Сангийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Журмын 2.1.1-д заасан хуулийн хугацаанд тайланг системд хүргүүлээгүй тайлагнагч байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн тухайн тайлант үеийн санхүүгийн тайланг хүлээн авна гэж зохицуулсан байна.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 9.5 дахь хэсэгт Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна гэх заалтаас үзэхэд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ' жил эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлэх үүрэг нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хуулиар үүрэг болгон хуульчилсан байх тул тухайн зөрчлийн холбогдогч нь Т аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болохоор байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн аж ахуйн нэгжийн нягтлан бодогч Б.Дг зөрчлийн хэргийн холбогдогчоор тодорхойлж, шийтгэл оногдуулсан байна.

Дээрх Т аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь аж ахуйн нэгжийн 2025 оны жилийн санхүүгийн тайланг илгээгээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэрх хэсгийн 1.6 дахь заалтад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 25 дахь заалтад зааснаар ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд гэж дүгнэн холбогдогч Б.Д д хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж заасныг тус тус зөрчиж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг хүнд шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, Ц.М-гийн 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1091309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, холбогдогчийн төлсөн торгуулийг төрийн сангаас гаргуулж буцаан олгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн...” гэв.

5. Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Миний бие зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “Т” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нягтлан бодогч Б.Д нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад цахимаар хүргүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан болно.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан СТС35/26-10 дугаартай гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Д 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн №1091309 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.25-д заасныг үндэслэн 400 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12-д аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлнэ гэж заасан байгаа нь ерөнхий нягтлан бодогч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйг харуулж байна. Уг асуудал нь тухайн албан тушаалтны буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж үүссэн зөрчил тул хуулийн этгээдээр торгох нь хуульд нийцэхгүй байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Хяналтын прокуророос “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу аж ахуй нэгж байгууллага нь жил эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлэх үүрэг нь тухайн аж ахуй нэгж байгууллагын үүрэг байх тул зөрчлийн холбогдогч нь “Таван тэсийн илч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болохоор байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн аж ахуй нэгжийн нягтлан бодогч Б.Дг зөрчлийн хэргийн холбогдогчоор тодорхойлж шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэсэн дүгнэлт гарган үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаас ”Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12-д аж ахуй нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлнэ гэж заасан байгаа нь ерөнхий нягтлан бодогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг харуулж байна” гэсэн тайлбар гарган гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1091309 дугаартай шийтгэлийн хуудсаар аж ахуй нэгж байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн, “Таван тэсийн илч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нягтлан бодогч Б.Дд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

5. Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д “ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол,  мөн зүйлийн 1.6-д “ аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан.

6.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл Зөрчлийн тухай хуулийн аль зүйл, хэсэгт заасан зөрчил болохыг, ойролцоо зөрчлөөс хэрхэн ялгагдахыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулахаар байна.

7. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т ”Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ” гэснээс үзэхэд санхүүгийн тайлангаа тогтоосон хугацаанд санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагын үүрэг байна.

Дээрх зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д “ аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх эс үйлдэхүйг зөрчилд тооцжээ.

Мөн түүнчлэн Сангийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах,тайлангийн мэдээллийг ашиглах журам”-ын 9.1-д “Журмын 2.1.1-д заасан хуулийн хугацаанд тайланг системд хүргүүлээгүй тайлагнагч байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн тухайн тайлант үеийн санхүүгийн тайланг хүлээн авна” гэж, өөрөөр хэлбэл тухайн зөрчилд хуулийн этгээд хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай болохыг тодруулсан.

8. Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д заасан зөрчлийн хувьд хариуцлага хүлээх этгээдийг аж ахуйн нэгж, байгууллага байхаар нэрчлэн заасан тусгайлсан хэм хэмжээ, харин Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д заасан зөрчлийн хувьд ерөнхий нягтлан бодогчийн хуульд заасан олон үүргийг хамаарч байгаа ерөнхий зохицуулалт бүхий хэм хэмжээ байна.

Өөрөөр хэлбэл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан ерөнхий нягтлан бодогчийн хүлээх үүргүүдээс “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх” үүргээс бусад үүргийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д зааснаар шийтгэл ногдуулахаар заасан гэж тайлбарлан дүгнэж хэрэглэхээр байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж заасныг эрх бүхий албан тушаалтан дагаж мөрдөнө.

9. Иймд эрх бүхий албан тушаалтнаас “Таван тэсийн илч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын “санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчилд тухайн байгууллагын нягтлан бодогч Б.Дг торгосон нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болсон байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1091309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

10.Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор зөрчилд холбогдогч Б.Дгийн эрх сэргэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгүүлэх арга, журмыг заахаар зохицуулсан зохицуулалтын хүрээнд  Б.Дгийн төрийн санд төлсөн 400,000 төгрөгийн торгуулийг буцаан олгож, үр дагаврыг арилгахыг эрх бүхий албан тушаалтанд даалгах нь зүйтэй.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу  прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.3 , Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 25 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бгийн  дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Мгийн үйлдсэн 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1091309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Б.Дгийн төрийн санд төлсөн 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгуулийг төрийн сангаас буцаан олгуулахыг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Мд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЛТАНЦЭЦЭГ