Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/87

 

 

 

 

 

2025               01            16                                       2025/ДШМ/87                         

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Г.Алтанчимэг, 

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/936 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бд холбогдох 2402004410295 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг a-PVP гэх бодисын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль  бусаар олж авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг а-РVР гэх бодисын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авахыг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 1 /нэг/ жил 6 /зургаа сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан “цагийн өнгийн нунтаг зүйл буюу цэвэржин нь 1,0014 грамм цагаан өнгийн нунтаг” зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устаж, устгасан баримтын жагсаалтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлэээсээ гэмшиж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг холбогдсон байдлыг минь харгалзан надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.Б нь өөрийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэргийг үйлдэж, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргадаггүй, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа. Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч Б.Б нь одоо 23 настай, Мандах дээд сургуулийг 2022 онд мэдээлэл технологийн мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө программист мэргэжилтэй “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д системийн инженер ажилтай байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгаа.

Миний үйлчлүүлэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай давж заалдах гомдол гаргасан боловч миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтайгаар оролцож байна. Нэгдүгээрт, шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн авах гэж байсан мансууруулах бодисыг мөрдөгч н.Улсболдод зааж мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хэсгийн 1.5 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.2 дахь заалтад заасны дагуу Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү. Шүүгдэгч Б.Б нь бага наснаасаа хичээл, сурлага, олон нийтийн ажилд амжилттай оролцож байсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн түүний хувийн байдалтай холбоотой баримтуудаас харагдана. Б.Б нь олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, өргөмжлөл, гэрчилгээ, батламж зэргээр шагнагдаж байсан. Тэрээр өөрийн төрсөн дүү болон эхийн хамт амьдардаг. Түүний эх хөлийн гэмтлийн улмаас ажиллах боломжгүй болсон ба тэрээр гэртээ Б.Бий төрсөн дүүг хардаг. Мөн Б.Б нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д системийн инженерээр ажиллахдаа хамт олондоо нэр хүндтэй ажиллаж байсан. Тухайн байгууллагын удирдлага Б.Бий эх “Б.Бийг өөрт оногдуулсан ялыг эдэлж дуусмагц эргүүлэн ажилд авахад бэлэн” хэмээн хэлсэн. Мөн Б.Бий эх “миний хүүд оногдуулсан ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт давж заалдах шатны шүүхэд гаргасан. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 12 жил хар тамхины хэргээр дагнан ажиллаж байна. Би муу хүмүүсийг мэднэ. Б.Б бол муу хүн биш. Тэрээр техникийн сэтгэлгээ сайтай. Б.Бийг ажлын хамт олон нь “б” гэж нэрлэдэг. Тэрээр ажлынхаа хамгийн залуу ажилтан. Гэвч тэрээр техникийн сэтгэлгээ сайтай, компьютерын мэдлэгт нэвтэрхий. Иймээс түүнийг ажлын хамт олон нь “ажилд эргүүлээд авна” гэдэг. Практикт барагтай бол тийм зүйл байдаггүй. Миний үйлчлүүлэгч сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад түгээгээгүй, хадгалаагүй, гагцхүү олж авахыг завдсан. Б.Б нь хүний хувьд их сайн хүн. Иймд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрх зүйн дүгнэлт өгөх, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзах, оногдуулах хариуцлагын үр нөлөөг урьдчилан тооцох зэргээр эрх зүйн ухамсрыг удирдлага болгосон. Хэрэгт Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт авагдсан. Тус дүгнэлтэд “Б.Б нь сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх эмгэгтэй буюу донтолттой” гэж тусгагдсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эхээс “хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлт гаргасан. a-PVP болох “Pyrrolidinopentiophenone” буюу “лака зомби” гэх гудамжны нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис нь ядраахгүй, өвтгөхгүй байх үйлчлэлтэй. Тус бодисыг хамраараа сорох, тарих, залгих зэргээр хэрэглэдэг. Тус бодис нь шинэ төрлийн бодис бөгөөд цаашид гарах нөлөө нь үхэлд хүргэж болзошгүй. Шүүгдэгч өмнө нь үүнээс өөр төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан талаараа мэдүүлсэн бөгөөд уг үйл баримт анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд бүрэн нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлуудад хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг a-PVP гэх бодисын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль  бусаар олж авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Б.Бий яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд телеграммаар флакка нэртэй мансууруулах бодисыг Трэйд.мн хөрөнгийн биржээр криптокойн ашиглаж гүйлгээ хийн худалдаж авсан. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн орчимд уг худалдаж авсан бодисоо очиж авахаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн урд талын автобусны буудал орчимд явж байхад цагдаагийн алба хаагч нар намайг саатуулсан. ...” /хх 32, 35/,

гэрч Б.Ун “...Би нууц эх сурвалжаас орж ирсэн мэдээллийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн орчимд Б гэх хүнийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн урд талын автобусны буудал орчимд иргэн Б.Бийг явж байхад шалгаж түүнээс “таны биед мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль бус эд зүйл байгаа юу” гэхэд Б.Б “одоо миний биед ямар нэгэн хууль бус эд зүйл байхгүй, гэхдээ би “флакка” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хүнээс худалдаж авахаар тохирсон. Намайг “С дүүргийн дугаар хороо, дугаар гудамжнытоот орчмоос очоод аваарай” гэсэн хаяг өгсөн гэсэн” /хх 37/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21- ний өдрийн 3396 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Г-200 а/х Б.Жаргал 2024.06.06” гэж хаягласан зип лок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлээс а-РVР гэх бодисын агууламж илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 1,0014 грамм байна. ...” гэсэн /хх 50-52/,

Шүүх Сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 712 дугаартай “...Б.Б нь 2023 онд СЭМҮТ-д олон төрлийн сэтгэц нөлөөт ба донтолт үүсгэх бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэг гэсэн оноштой 2 удаа хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн бичиг баримт байна. ...Б.Б нь одоо олон төрлийн сэтгэц идэвхт бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрх үйлийн эмгэг. Хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. ...” /хх 60-62/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6, 7-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9, 10-12/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 13-14/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-22/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 78/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Бий “a-PVP” гэх бодисын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль  бусаар олж авахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Б.Б нь “2023 онд СЭМҮТ-д олон төрлийн сэтгэц нөлөөт ба донтолт үүсгэх бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэг гэсэн оноштой 2 удаа хэвтэн эмчлүүлсэн” /хх 64-71/, мөн “одоо олон төрлийн сэтгэц идэвхт бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрх үйлийн эмгэг. Хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна” шинжээчийн дүгнэлт /хх 60-62/ зэрэг нөхцөл байдал нь хэдийгээр түүнд оногдуулах ял шийтгэлийг хуульд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл болохгүй хэдий ч хувийн байдалд хамаарах болохыг тэмдэглэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар Б.Бий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/936 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бий 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ