Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0679

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ту*******, /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн, нэхэмжлэгч Ч.Ту*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “...Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай захирамжийн хавсралтын 83 дахь заалтын миний эзэмшлийн гараашинд холбогдуулсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, үүний улмаас надад учруулсан хохирол буюу тоосгон гараашны үнийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр тооцож 10,000,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1.Анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжийн 9-т зааснаар “...Т******* газрын орон сууцны барилгыг С******* дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний барааны ... дугаар дэлгүүрийн зүүн хойд талд байрлуулан 0,12 га газрыг Т******* газар-т эзэмшүүлэх эрх олгох тухай...” захирамж гаргасан.

2.2.Дээрх захирамжийн дагуу 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ту******* нь гараашийн үнэ 900,000 мянган төгрөгийг Т-ын ... дугаар байрыг барьсан барилгын ангийн дарга Г.Л-т хүлээлгэн өгч,  Т-ын ... дугаар байрыг барьсан барилгын ангийн дарга Г.Л, Орон сууц ашиглалтын дарга Н.Б нараас гараашийн үнэ болох 500,000 төгрөгийг 1998 оны 08 дугаар сард багтаан төлж орон сууц ашиглалтын талбай тооцоо хийхийг мэдэгдсэн мэдэгдлийг өгсөн байна.  

2.3.Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилт-ын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашны байршлыг нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтын 83 дугаарт заагдсан С******* дүүргийн ... дүгээр хорооны Т-ын ... дугаар байрны зүүн болон зүүн урд талд байрлах ... дугаар байрны байруун талд нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. 

2.4.Дээрх Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу С******* дүүргийн Газар зохин байгуулалтын албанаас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4х-24 дугаартай мэдэгдэх хуудсаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлжээ.

2.5.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрөн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дүгээр дүгнэлтээр “...гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 93 дахь хүснэгтэд хэсгийг хэвээр үлдээж...” шийдвэрлэжээ. 

2.6.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс дээрх гомдлын хариуг эс зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2026 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2026/2007 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Гараж буулгах шийдвэрийг бидэнд мэдэгдээгүй атлаа уг шийдвэрийг шууд хэрэгжүүлж иргэдийн гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хуулийн дагуу хангаагүй; тус үйл ажиллагаанд "С*******-ийн Засаг даргын тамгын газар олон нийтийн цагдаа" rэх бичиг эмблем бүхий хантааз өмссөн олон тооны иргэдийг ... дугаар байрны оршин суугчдын эсрэг сөргүүлэн зориудаар оролцуулсан; төрийн албан хаагч С*******-ийн Газар, зохион байгуулалтын албаны дарга Э.З*******, ... дүгээр хорооны Засаг дарга Б нар нь иргэдийг загнах, сүрдүүлэх, тэдний хууль ёсны шаардлагыг үл тоох зэргээр төрийн захиргааны алба хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл хандлага гаргасан; гаражны хаалгыг өөрөөр нь онгойлгох боломж олгоогүйгээр лоомоор хүчлэн эвдсэн 2 ажилтан нь эмэгтэй оршин суугчдыг нас, хүйс, эрүүл мэндийн байдлаар гутаан доромжилж, айлган сүрдүүлж сэтгэл санаагаар унагасан зэрэг хууль зөрчсөн олон асуудал гарсныг энд товчлон дурдах нь зүйтэй...

Нийслэлийн Засаг даргын 1996.6.13-ны өдрийн А/158 дугаартай "Барилгын байршил тогтоож газар эзэмшүүлэх эрх олгох тухай" захирамжийн ... дэх хэсгээр “Т******* газарт” орон сууцын барилга барихад зориулж 0.12 га газрыг олгосон баз пор барилгын бүрдэл болох 14 гаражийг тус барилгын зүүн болон зүүн хойд, баруун урд болон баруун хойд талд байршуулан барих зөвшөөрөл олгосны дагуу тус байгууллагын Барилга анги нь монсардтай 4 давхар орон сууц, 14 гаражийг 1998 онд барьж ашиглалтад оруулж, орон сууц худалдаж авсан иргэдэд худалдсан байдаг.

Миний бие барилгын баруун хойд талд залгаа байдлаар баригдсан 3 гаражийн 1-ийг 1.400.000 төгрөгөөр худалдаж авсны зэрэгцээ барилгын тохижилт буюу байшин гаражуудыг тойруулж барьсан хашааны үнэд 241.259 төгрөгийг тушааж, 1998 оны 2 дугаар сараас- 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж, хувийн машинаа хийж 27 жил ашиглаж ирсэн.

Эндээс үзэхэд, иргэн би газар эзэмших эрхгүй атлаа дур мэдэн гараж бариагүй, харин газар эзэмших эрхтэй этгээдээс эрх бүхий төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр баригдсан гаражийг худалдан авч хууль ёсоор эзэмшсэн байхад түүний доорх газрыг “төрийн өмчийн газар”  мэтээр үзэж Иргэний хуулийн 86 дугаар зүйлд заасныг зөрчсөн, гаражийн доорх газрыг эзэмших эрх аливаа бүртгэлээс үл хамаарч надад хууль ёсоор үссэнийг анхаараагүй буруу байна.

1994 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгуулгад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гэж заасан бол 2002 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээ эзэмшүүлнэ" гэж өөрөөр зааж эрхийн гэрчилгээний төрөл, зориулалт, хэмжээ, байршил зэргийг мөн хуулийн 28, 29 дүгээр зүйлүүдэд тодорхойлсноор иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний гэрчилгээг (төрөл) хувийн гэр, орон сууцын хашаа барих зориулалттайгаар олгодог байна.

Дээрх байдлаар 2002 оны Газрын тухай хуульд оруулсан “газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх” шинэ зохицуулалтыг 1994 оны Газрын тухай хуулийн дагуу үүссэн газар эзэмших эрхийн хувьд "хэрхэх" асуудлыг хууль тогтоогчоос орхигдуулсан хэдий ч хуулийн шинэ зохицуулалтад нийлүүлэхээр “гэрчилгээжүүлэх" кампанит ажлыг улс орон даяар явуулж хувийн гэр, байшин сууц, хашааны газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч гаражийн газарт эрхийн гэрчилгээ 2510 олгохгүйгээр шийдвэрлэсэн байдаг.

Үүний улмаас газартай бэхлэгдсэн үл хөдлөх хөрөнгө болох гаражийг өмчлөх эрхээ баталгаажуулах боломжгүй, өөрөөр хэлбэл бүртгэлийн байгууллага нь надаас газар эзэмших эрхийн гэрчилгээ шаардаж, холбогдох бүртгэлийг хийгээгүй юм.

Иймээс, өмнө нь үйлчилж байсан хуулийн дагуу хууль ёсоор үүссэн "эрх"-ийг сүүлд дагаж мөрдсөн хуулийн хэм хэмжээгээр хязгаарласан нь буруу юм.

Түүнчлэн, Газрын тухай хуулийг “зөрчиж байжээ” гэж үзвэл түүнийг дагаж мөрдсөн 2003 оноос хойш “зөрчүүлсэн” байдалд эрх зүйн талаасаа миний буруу байхгүй тул “гаражийн доорх газар эзэмших эрхийн” зөрчил гарсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй.” гэжээ.

3.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр А/211 дугаар дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1.15, 24.1.19 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн холбогдох заалтыг баримталж шийдвэрлэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага буюу Засаг дарга аливаа захиргааны акт гаргахын тулд тэр нь бодит нөхцөл байдлыг тогтоосон, мөн хуульд үндэслэсэн байх гэсэн журам болон үүрэгтэй байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудыг үндэслэж шийдвэр гаргасан байсан. Энэ хуулийн заалтууд нь Засаг дарга нарт газрын асуудлаар зохих үүрэг хүлээх, эрх олгосон заалтууд юм. Шууд хамааралтай биш. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг нь иргэдийн эрхийг хөндсөн захиргааны акт гаргахад шууд баримтлан заалт байна гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, Газрын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт нь төрийн хяналтад газар нь байдаг заалт юм. Газар эзэмшигч, ашиглагч газрыг гэрээ, хууль тогтоомжийн дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьдаг заалт нь Газрын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт юм. Мөн эдгээр заалтууд нь газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах эрх хэмжээтэй заалтууд юм. Шууд гараашийг буулгах асуудлыг шийдвэрлэж буй зохицуулалт нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг гэж харсан. Газрын тухай хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж зохицуулсан байдаг. Мэдэгдэл өгсөн үүрэг даалгаврыг Газрын тухай хуулийн 57.4-д зааснаар шийдвэрлэсэн байдаг. Би яагаад эдгээр хуулиудыг зөрчөөгүй гэдгээ одоо тайлбарламаар байна. Газрын тухай хулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг. Би энэ талаар мэднэ. Энэ заалт надад хамааралгүй. Би нэхэмжлэл дээрээ энэ талаар тодорхой дурдсан. Би энэ гараашийг дур мэдэн бариагүй. 1997 онд Т газар нь 28 айлын орон сууц, түүнийгээ дагуулаад одоо ямар үйл ажиллагаа байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна сүүлд спортын чиглэлээр бие бялдаржуулах үйл ажиллагаа явуулна гэсэн чиглэлтэй байсан. Тухайн байрыг тойруулаад 12 гарааш барих зөвшөөрлийг олгогдсон газрыг тухайн үеийн захиргааны байгууллагад өгсөн. Би 1997 онд 3 өрөө байрыг худалдаж авсан. Тэгэхдээ худалдсан худалдагчаас санал болгосны дагуу тухайн гараашийг худалдаж авсан. Надад барьсны дараа газрын зөвшөөрөл авахыг Газрын тухай хуулиар үүрэг болгоогүй байсан. Намайг газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшсэн гэж буруутгасан. Газрын тухай хуулийн 27.4-д заасны дагуу буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжаар эзэмшиж байгаа газар дээрээ орон сууцын барилга болон 12 гарааш барьж өгөхийг зөвшөөрсөн байсан. Газар эзэмших эрхийг тухайн захиргааны байгууллагад олгодог байсан. Үүнийгээ гэрчилгээжүүлэх ёстой гэсэн байсан. Иймд газар эзэмших эрхтэйгээ гэрчилгээжүүлсэн байсан газар дээрээ 12 гараашийг бариад иргэдэд худалдсан. Иймд надаас 30 жилийн дараа газрын гэрчилгээ нэхээд байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Газрын зөвшөөрөл надад байхгүй гэдэг дээр маргахгүй байгаа. Газрын тухай хуульд газрыг газар эзэмших эрхийн зөвшөөрөлтэйгөөр эзэмшинэ гэж зохицуулсан байдаг. Иймд би иргэнийхээ хувьд тухайн гараашийг Иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд газар эзэмших эрхийг хүсэж байсан. 1996 оны Газрын тухай хуулиар газрыг заавал гэрчилгээтэй эзэмших шаардаагүй гэж зохицуулсан байсан. Гэрээний дагуу төр, нэг талаас иргэн, хуулийн этгээд нь газар ашиглагчийн гэрээ байгуулаад эзэмшээд явна гэсэн байсан. 2002 он хүртэл заавал гэрчилгээтэй байхыг шаардаагүй. Би 2002 он гаргаад энэ хүсэлтээ тавьсан. Газрын тухай хуульд газрыг гарааш эсвэл амбаарын зориулалтаар эзэмшинэ. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. одоо энэ бол нийтэд хэлэх үйл баримт. Өөрөөр хэлбэл, хотын төвд байрлах 12м.кв газрыг надад эрх бүхий байгууллага буюу газрын алба өгөхгүй нь ойлгомжтой байсан. Иймд гэрчилгээжүүлэх асуудлыг надад үүрэг болгоод зөвшөөрөхгүй байгаа. Захирамж дээр дээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг баримталсан байгаа тул үүнтэй холбогдуулаад асуудлаа ярья гэж бодож байна. 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 4Х-24 дугаартай мэдэгдэх хуудсыг гараашнууд дээр наасан байсан. Энэ мэдэгдэл дээр 04 дүгээр сарын 16-ны өдөр газраа чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн байдаг. Заасан хугацааг зөвшөөрөхгүй бол Газрын тухай хуулийн 57.4-д заасны дагуу Засаг дарга нь газрыг албадан чөлөөлнө, шаардлагатай бол холбогдох зардлыг холбогдох этгээдээс гаргуулна. Захиргааны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу дээрх хугацаанд тайлбар саналаа гаргах эрхтэй ба тайлбар санал гаргаагүй нь газар чөлөөлөхөд нөлөөлөхгүй гээд Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.З******* гэж бичээд утсаа тавьсан байсан. Энэ мэдэгдлийг авсны дараа 12 гарааш эзэмшигчид сууц өмчлөгчдийн холбоонд хандаж ярилцаж байгаад энэ мэдэгдлийн асуудлаар дүүргийн газрын албанд гомдлоо гаргасан. Тухайн гомдол дээр эдгээр гараашнууд учиртай юмаа гэдгийг тодорхойлоод дурдсан. Зарим иргэд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байсан. Энэ мэдэгдлээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулна. Миний эрхийг зөрчсөн буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргаанд гарахад би зайлшгүй оролцох ёстой. Миний эрхийг хөндсөн акт тул би оролцох ёстой. Тэгэхдээ энэ боломжоор хангаагүй. Бид нар гарааш буулгах өдрийн өмнөх өдөр 02 дугаар сарын 14-ний өдрийн захирамжийн талаар мэдсэн. Үүнээс юу харж байна вэ гэхээр Дүүргийн газрын алба, Нийслэлийн Засаг дарга газартай холбоотой харилцаан дээр аливаа чиг үүрэг гэхээсээ илүү зүгээр иргэдээ дээрэлхэж байгаа нь харагдаж байна. Яах гэж мэдэгдэл өгсөн вэ? Өмнө нь захирамж нь гарсан байсан. Энд дүр үзүүлж байгаа юм уу? Эсвэл хуурч байгаа юм уу? Худлаа гэдэг нь харагдаж байна. Иргэдийг дээрэлхэж байна гэж харж байна. Ямар учраас мэдэгдэл дээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан вэ? Аливаа захиргааны актыг гарахын тул зорилготой байх ёстой. Үүнийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Хэрвээ би хэн нэгний эрхийг зөрчөөгүй бол тэнд гарааш маань байж байх ёстой. Ийм зарчимтай байдаг. Бид нар өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна. Миний гарааш хэн нэгэнд саад болоогүй, би бусдын газрыг булааж авч гараашаа бариагүй бол тэнд миний гарааш байж байх ёстой. Анх гарааш барих эрх нь олгогдчихсон. Захирамжийн 2.1 дэх заалтаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан хавсралтад заасан гарааш байгууламжийг чөлөөлнө гээд зорилгоо заасан байна. Яагаад миний гарааш нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн вэ? Тэнд 30 жил гарааш маань байж л байсан. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гэсэн байдаг. Би өөрөө тэнд аваачиж буулгаагүй. Тэр Тын ерөнхий газрын 28 дугаар барилгын хааш хаашаа 15 орчны газарт хамаарагдсан. Сүүлд энэ нь сууц өмчлөгчдийн холбооны газарт хамаарагдсан талбай болсон. Тэр байр өөрөө онцлогтой. Манай эргэн тойронд ... мянгатын байр байж байдаг. 1950 онд баригдсан байранд гарааш байгаагүй. Хүмүүс тээврийн хэрэгслээ дүгнүүлж байгаагүй. Манай байшин тэнд хашаатай. Бид нар тодорхой хэмжээний газраа хамгаалсан. Хэрвээ хамгаалахгүй байсан бол байшингийн шатнаас буугаад тээврийн  хэрэгсэлтэй хамраараа мөргөлдөх нөхцөл байдал үүсэх байсан. Бид нар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалахын тулд орчноо хамгаалсан. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гэсэн байдаг. Энэ нь нийтийн эзэмшлийн зам талбай биш юм. Иймд намайг буруутгаж байгаа үндэслэл нь буруу юм. Бичиг үсэг ойлгочих хүнд ойлгомжтой акт тавих ёстой гэж бодож байна. 4 дүгээр анги төгссөн хүн нь уншаад ийм агуулгатай мэдэгдэл байна гэж ойлгогдохоор байх ёстой. Маргаан бүхий захирамжийн 83 дахь заалтад “С******* дүүргийн ... дүгээр хороо; хорооны байрны зүүн болон зүүн урд талд ... дугаар байрны баруун талд; тоосгон гарааш ...” гэж бичсэн байсан. Хэний гарааш гэдэг нь мэдэгдэхгүй байна. 21.12 нь Т******* газрын байшингийн гарааш гэх юм бол яагаад Т******* газрын хашаан доторх 12 гараашийг заагаагүй вэ? Хорооны байрны зүүн болон зүүн урд талд гэж байна. Харин манайх хорооныхоо байрны баруун талд байдаг. ... дугаар байрны баруун талд гэвэл мэдээж баруун талд байна. Энэ дээр нэг блок гэж ярьдаг. ... дугаар байрны баруун талд нэг үе өнгөрсөн. Тэнд 8 гарааш байсан. Байрны хойшоо харсан 10 гаруй гарааш байгаа. Манайх тэр үеэсээ хойш баруун талын баруун тал болсон. Байршлын хувьд энэ гарааш энэ захирамжид огтоосоо багтаагүй байна гэсэн үндэслэлээр маргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны актыг хууль тогтоомжид зааснаар мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэдгээ хэлсэн. Бид нарт 02 дугаар сарын 14-ний өдрийн актыг мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, мэдэгдээгүй, мөн мэдэгдэхийг хүсээгүй. Гарааш буулгах шийдвэр гэснийг уншаад өнгөрнө байх. Үүнийг мэдэгдсэн гэж үзэх юм хэн ч байсан хүчин төгөлдөр гэж тооцно байх. Тэгэхдээ үүнийг хууль ёсны дагуу мэдэгдсэн гэж хэлэхгүй. Үүнийг ямар нэгэн байдлаар хүргүүлж мэдэгдэх ёстой. Хүчин төгөлдөр бус захирамжаар миний эрхийг хөндсөн акт гаргасан байна гээд гомдож байгаа. Магадгүй би тэнд гарааш эзэмших ёсгүй ч байж болох юм. Хотын төвд төмөр гараашнууд байхгүй ёсгүй гэж хэлсэн ч бид нар ойлгоно. Мөн энэ замаар явган хүн явуулах гэж байгаа гэж хэлбэл ойлгоно. Нөхцөл байдлыг тогтоохын тулд сонсох ажиллагааг хийдэг. Энэ нөхцөл байдлыг тогтоогоогүйгээсээ болоод би дураараа тэнд гарааш барьсан болно. Би гарааш барьснаараа тэнд иргэдийн эрүүл аюулгүй байдалд амьдрах эрхийг нь зөрчсөн болно. Би ийм зөрчил үйлдсэн муу хүн болоод одоо явж байна. Захиргааны үйл ажиллагаанд баримталдаг хэд хэдэн зарчмууд байдаг. Энэ дээр хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байдаг. Энэ хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийтийн эрх зүйн болон аливаа харилцаанд оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг хамгаал гээд үүрэг болгосон байгаа. Та өмчлөөгүй байна гэж хэлж болно. Бүртгэлд бүртгэгдээгүй тул өмч биш гэж үзэхгүй юм. Өмч хөрөнгө мөн юм. Бүртгэх асуудал дээр саад гарсан. Хэрвээ би тухайн үед идэвхтэй оролцсон бол бүртгүүлэх байсан. 12 гараашны 4 айл нь бүртгүүлсэн байгаа. 3 өрөө өрөө 12м.кв газрын хамт гээд бүртгүүлсэн байгаа. Энэ дээр улсын бүртгэлийн байгууллага иргэдээ бага зэрэг сонголттой хандсан байна. Би үүнийг хожим ойлгож байгаа юм. Энэ өмч бүртгэлгүй тул хамаагүй гэж хэлж болохгүй юм. Овойхоо байсан ч гэсэн тэр нь хүний өмч юм. Мөнгөн дүнгээр худалдаж авсан. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйд хохирол үүсэж байна. Хэрвээ сонсох ажиллагааг хийсэн бол захиргааны байгууллагатай тохиролцоод асуудлаа шийдүүлэх бүрэн боломжтой байх байсан. Би 1  дүгээр сард нэхэмжлэлээ өгсөн. Тэгээд 6 сарын дараа хэргээ шийдүүлж байна. Цаг заваа их алдсан. Энэ дээр шүүхийн ачаалал нэмэгдэж байгаа тул маш их үр дагавар гарч байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх ёстой юм. Дураараа барьчихсан ч байсан иргэдийнхээ хууль ёсны итгэлийг хамгаалахын тулд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлын асуудлыг захиргааны байгууллага шийдэх ёстой юм. Иргэн хүн дур мэдээд барьсан гэсэн зүйл явж байдаг. Гараашийг худалдаж авсан тул үүнийг шийдэж байх ёстой юм. Хуульд зааснаар үүрэг болгосон тул үүнийг шийдэж байх ёстой юм. Бид нарт А/211 дүгээр захирамжийг албан ёсоор өгөөгүй. Бид нар өөрсдөө олж авсан. Тодорхой хэмжээний төсөв дүүргүүдэд хуваарилагдсан юм байна гэж ойлгосон. Гараашийг албадан буулгасны үр дагавар дээр иргэдтэй тохиролцох, иргэдэд шаардагдах зардлыг өгөх ёстой юм. Захирамжийн 2.7-д газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, чөлөөлөгдсөн нийтийн эдэлбэрийн газрын хамгаалалт, арчилгааг хариуцах, шаардагдах зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан байдаг. Тэгтэл үүнийг захиргааны байгууллага буруугаар нь хэрэгжүүлсэн. Иргэдийн эсрэг иргэдийг хооронд нь зогсоогоод хэрэлдүүлж байна. Захиргааны байгууллага ийм муухай үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл баримт нь нийтэд илэрхий юм. Түргэн  үйлчилгээний цэгийг буулгах ажлыг хараад өнгөрдөг байсан байх. Энэ нь гарааш дээр илэрсэн. Зарим хүмүүс гараашаа буулгахгүй гээгүй, хаалгаа үнэлээд явсан байсан. Би өөрийн гараашийг буулгуулахгүй гээд өөрийнхөө эрхээ хамгаалуулах оролдлогыг хийхдээ юу гэж бичсэн бэ гэхээр захирамж нь хууль ёсны биш байна гэдгийг үндэслэсэн. Үүнийг захиргааны байгууллага ямар байдлаар ойлгож байна вэ гэхээр олон нийтийн цагдаа, дүүргийн Засаг даргын Тамгын газар хантааз өмсчихсөн 20 гаруй хүнийг зогсоосон. Тэнд тэтгэвэрт гарсан олон хүмүүс байгаа. Эдгээр хүмүүстэй хэл амаа ололцоход хэцүү. Тэд нар бие биеийнхээ өөдөөс маш бүдүүлгээр хэрэлдэж хашхиралддаг. Энэ дээр ийм муухай үйл ажиллагаа хийж байна. Захирамжийн 2.7-д зааснаар тэр зардлыг тэр хүмүүс нь өгсөн. Гараа бариад хөдөлгөөд зогссон байсан. Тэдгээр хүмүүс тэрнийхээ төлөө мөнгө авдаг.  Чөлөөлөх ажил зохион байгуулах холбогдох зардал нь хохирч байгаа иргэний зардлыг өгч байх зардал юм. Мөнгө авдаг асуудлаар хорооны Засаг даргад холбогдуулаад хандсан. Энэ асуулгыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Миний хувьд үүнийг өгнө үү гэж хөөцөлдөх боломж бага байсан. Хүмүүсийг ийм байдлаар цалинжуулаад явдаг. Хэрэгжсэн захиргааны акт байсан тул үүнийг хууль бус байсан болохыг тогтоолгоё гээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ акт дээр гомдол гаргах боломж байхгүй.... Иймд хохирлын асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Хэрэгжсэн акт тул хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсэж байна.” гэжээ.  

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрласан гарааш болон бусад байгууламжийг буулгаж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ч.Ту******* нь маргаан бүхий газар дээр байрлаж байсан гаражийг хууль ёсны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, эрх олгосон захиргааны актаар баталгаажуулж эзэмшиж байсан болохоо нотлоогүй байна. Иймд тухайн гараж нь нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байрласан байгууламж байсан тул уг зөрчлийг арилгах зорилгоор захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 1998 онд орон сууц худалдан авахдаа гаражийг хамт худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн гараж нь газрын эрхийн бие даасан шийдвэрээр олгогдсон объект биш бөгөөд гараж худалдан авсан гэх хэлцэл нь тухайн газар дээр барилга байгууламж байрлуулах газрын эрхийг үүсгэх үндэслэл болохгүй.

Монгол Улсын Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх нь зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүсдэг. Иймд нэхэмжлэгчийг тухайн газрыг хууль ёсны эзэмшигч байсан гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн нөхөн олговор шаардаж байгаа боловч уг заалт нь хууль ёсны дагуу олж авсан өмчид хамаарна. Маргаан бүхий гараж нь: нийтийн эзэмшлийн газарт, газрын эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүйгээр байршуулсан байгууламж байсан тул Үндсэн хуульд заасан "шударгаар олж авсан өмч" гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчид нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамж нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, нийтийн эзэмшлийн газрын зөрчлийг арилгах зорилгоор, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захиргааны акт болно. Иймд Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Ту*******ийн гаргасан: Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 10,000,000 төгрөгийн хохирол гаргуулах гэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн тул "хууль бус байсан болохыг тогтоолгох" шаардлага гаргасан боловч тухайн акт нь нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байрласан байгууламжийг буулгах зорилготой, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр болно.

Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамж нь нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх иргэдийн аюулгүй орчныг хангах, явган хүний зам, нийтийн талбайг нэмэгдүүлэх зорилготой бодлогын арга хэмжээ юм.

Иймд уг шийдвэр нь хувийн ашиг сонирхлоос илүү нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой захиргааны арга хэмжээ бөгөөд хуульд нийцсэн шийдвэр болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих, газрын зөрчлийг арилгах шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж тус тус заасан. Монгол Улсын Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан тохиолдолд тухайн газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэж тус тус заасан. Дээрх хуулийн заалтын дагуу нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байрласан гараашийг буулгаж, газрыг чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч Ч.Ту*******ийн гарааш нь маргаан бүхий газар дээр байрлаж байсан. Нэхэмжлэгч нь хууль ёсны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших гэрээ, эрх олгосон захиргааны акт баталгаажуулж, эзэмшиж байсан болохоо нотлоогүй. Иймд тухайн гараашийг нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барьсан байсан. Иймд уг зөрчлийг арилгах зорилгоор захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх нь зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүсдэг. Иймд нэхэмжлэгчийн тухайн газрыг хууль ёсны эзэмшилд байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь нөхөн олговор авна гэж ярьж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн нөхөн олговор шаардаж байгаа боловч уг заалт нь хууль ёсны дагуу олж авсан өмчид хамаарна. Маргаан бүхий газар, гарааш нь нийтийн эзэмшлийн газарт газрын эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүйгээр байршуулсан байгууламж байсан тул Үндсэн хуульд заасан шударгаар олж авсан өмч гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчид нөхөн олговор өгөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нийтийн эзэмшлийн газарт газрын зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захиргааны акт мөн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000  төгрөгийн хохирлыг гаргах нь үндэслэлгүй гэж хариуцагч талаас үзэж байна. Маргаан үндэсний захиргааны акт хэрэгжсэн, хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч тухайн акт нь нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй байрласан гараашийг буулгах зорилготой хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байна. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамж нь нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, иргэдийн аюулгүй орчныг хангах, явган хүний зам, нийтийн талбайг нэмэгдүүлэх зорилготой бодлогын арга хэмжээ байсан юм. Уг шийдвэр нь хувийн ашиг сонирхлоос илүү нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой захиргааны арга хэмжээ бөгөөд хуульд заасан шийдвэр мөн гэж үзсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.1.Нэхэмжлэгчээс “...би газар эзэмших эрхгүй атлаа дур мэдэн гарааш бариагүй, харин газар эзэмших эрхтэй этгээдээс эрх бүхий төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр баригдсан гараашийг худалдан авч хууль ёсоор эзэмшиж байсан, маргаан бүхий захирамжийн 83 дахь заалтад “С******* дүүргийн ... дүгээр хорооны байрны зүүн болон зүүн урьд талд, ...  дугаар байрны баруун талд тоосгон гарааш ...” гэж байршил тоог тусгасан. Харин миний гарааш ... дүгээр хорооны байшингийн баруун талд бөгөөд дугаарласнаар 24 дэх гарааш тул уг захирамжийн үйлчлэлд хамаарахгүй нь тодорхой байхад миний саналыг сонсоогүй” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт байрлаж байсан гараашийг хууль ёсны дагуу эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, эрх олгосон шийдвэргүйгээр эзэмшиж байсан, 1998 онд орон сууц худалдан авахдаа гараашийн хамт худалдаж авсан гэж тайлбарлаж байх боловч тухайн гарааш нь газрын эрхийн бие даасан шийдвэрээр олгогдсон объект биш, худалдаж авсан гэх хэлцэл нь тухайн газар дээр барилга байгууламж байрлуулах газрын эрхийг үүсгэх үндэслэл болохгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

1.2.Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжийн 9 дэх хэсэгт “...Т******* газрын орон сууцны барилгыг С******* дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний барааны ... дугаар дэлгүүрийн зүүн хойд талд байрлуулан 0,12 га газрыг Т******* газарт эзэмшүүлэх эрх олгосон дагуу ... дугаар орон сууцны барилга баригдаж, нэхэмжлэгч ... тоот орон сууцыг, гараашийн хамт худалдаж авсан болох нь Улсын бүртгэлийн ......... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилгын ажил санхүүжилтийн график, гараашийн үнэ төлсөн баримт зэргээр тус тус нотлогдож байна. 

1.3.Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/709 дүгээр захирамжаар “Т*******-...” СӨХ-нд 1979 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхээс газрын үзлэг хийхэд 28 байрны орчны газрыг хашаалсан, хашааны хаалгаар автомашин орж гардаг хаалттай, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гарааш нь уг хашаан дотор, С******* дүүргийн ... дүгээр хорооны байрны баруун урд талд, ... дугаар байрны баруун хойно байршиж байсан, 24 дэх гарааш болох нь газар албадан чөлөөлөлт хийгдсэн танилцуулга, С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас байршуулсан 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4х-24 дугаар мэдэгдэх хуудас, маргаан бүхий газарт хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг,  нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зураг зэргээр тус тус тогтоогдож байна. 

1.4.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжаар “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 24.1.19, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашийн байршлыг нэгдүгээр хавсралтаар, газар чөлөөлөх байгууламжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, захирамжийн 1 дүгээр хавсралтын 83-т “С******* дүүргийн ... дүгээр хорооны байрны зүүн болон зүүн урьд талд, ... дугаар байрны баруун талд тоосгон гарааш ...” гэж буулгах гараашийн байршлыг болон тоог тогтоож өгсөн байна.

1.5.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...захиргааны үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “...Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл, захиргааны байгууллагаас аливаа захиргааны акт гаргахдаа үндэслэл болгож буй нөхцөл байдлыг нотлох баримт цуглуулах эрхийн хүрээнд бүрэн тогтоох үүрэгтэй.

1.6.Энэхүү маргааны хувьд Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа өөрийн харьяа агентлагуудаас холбогдох судалгааг авч, захирамжийн 1 дүгээр хавсралтын 83-т С******* дүүргийн ... дүгээр хорооны байрны зүүн урьд талд, ... дугаар байрны баруун талд байрлах ... тоосгон гараашийг буулгахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гарааш байршлын хувьд ч, газрын зөрчил арилгах гараашийн тоонд ч багтаагүй болох нь дээрх баримтаар тус тус тогтоогдож байна. 

1.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “...Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор, түүнчлэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “...захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэхээр зохицуулсан. 

1.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дахь хэсэг нь нэхэмжлэгчид шууд чиглээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

         1.9.Харин маргаан бүхий актын 2.1-т “...иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Г.М/-нд даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхдээ захирамжид заагдаагүй байршилд, буулгах гараашийн тоонд ороогүй гараашуудыг хавтгайруулан дур мэдэн буулгасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмуудтай нийцэхгүй байна.

         1.10.Хэдийгээр хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд газар ашиглалтад хяналт тавих үүрэгтэй, хэрэв зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах эрхтэй боловч, газрын зөрчлийг арилгах шийдвэр гаргалгүйгээр дур мэдэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй. 

1.11.Хэрэв захирамжийг хэрэгжүүлэх үед захирамжид заагдаагүй байршилд, газар ашиглах, эзэмших эрхгүй этгээд газар ашигласан үйл баримт тогтоогдвол нөхцөл байдлыг дахин тогтоож, тухайн зөвшөөрөлгүй гараашийг хэзээ барьсан, хэн барьсан, өмнө нь зөвшөөрөлтэй байсан эсэх, газрын байрлал, хэмжээ, хэн эзэмшиж ашиглаж байгаа талаар тодруулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн хувьд мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд дахин акт гаргаж, газрын зөрчлийг арилгах шийдвэр гаргасны үндсэн дээр хэрэгжүүлэхээр байна. 

1.12.Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь маргаан бүхий актыг хэрэгжүүлэхдээ эрх бүхий этгээдийн захирамж шийдвэргүйгээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гараашийг буулгаж хууль бус үйл ажиллагаа явуулсан, Нийслэлийн Засаг даргаас даалгасны дагуу газрын зөрчил арилгаж, газар албадан чөлөөлөх ажлыг зохион байгуулсан, Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих эрхээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас дээрх хууль бус үйл ажиллагаа явагдаж, нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул Нийслэлийн Засаг дарга гаргасан шийдвэр, түүний хэрэгжилтийн үр дагаврын хариуцаж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

1.13.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор “...Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй, хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх гэсэн хуулийн зохицуулалтууд нь ne ultra petita гэх эрх зүйн зарчим, ухагдахуунаас улбаатай. Энэ нь шүүхэд хандсан этгээдийн гаргасан хүсэлт (шүүхээр хамгаалуулахыг хүссэн зүйл)-ээс хэтэрсэн шийдвэр гаргахыг шүүхэд хориглосон агуулгатай бөгөөд субьектив эрхийн маргааны хувьд хөдөлбөргүй мөрдөгдөнө. Гэхдээ шүүх зөвхөн нэхэмжлэлд сонгож гаргасан шаардлагын төрөлд (үгчлэн) баригдах биш, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлах нь зүйтэй” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Ч.Ту******* нь “...Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхлоо хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол болох 10 сая төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан эцсийн зорилгыг нэгдмэл байдлаар дүгнэхэд хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах зорилготой байна. 

1.14.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “...Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101.1-т “...Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “...Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжийг хэрэгжүүлэхдээ захирамжид заагдсан байршилд болон албадан буулгах гараашийн тоонд ороогүй гараашийг буулгасан хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 10,000,000 /арван сая/ төгрөгийн хохирол учиржээ.

2.Хохирлын хэмжээний талаар,

2.1.Нэхэмжлэгчээс тухайн гараашийг 1998 онд 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан, одоогийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан 10 сая төгрөгөөр хохирлоо тооцож нэхэмжилсэн бөгөөд хариуцагчаас “зөвшөөрөлгүй баригдсан учраас 10 сая төгрөгийг олгох боломжгүй” гэж тайлбарлан маргасан бөгөөд тухайн гараашийн одоогийн зах зээлийн үнэлгээ 10 сая төгрөг гэх үйл баримттай маргаагүй. 

2.2.Тус шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/3648 дугаар албан бичгээр Үндэсний статистикийн хороонд “1998 онд ашиглалтад оруулсан 3 талын хана туйпуугаар баригдсан, төмөр хаалгатай, бетон дээвэртэй, уснаас хамгаалах дээврийн зориулалтын дэвсгэртэй 18-20 м.кв хэмжээтэй гараашийн одоогийн зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр үнэлэгдэх талаар” баримт ирүүлэхийг шаардсан боловч Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/322 дугаар албан бичгээр “...үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй, мөн гараашны үнийн мэдээлэл цуглуулдаггүй тул мэдээлэл бэлтгэх хүргүүлэх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн. 

2.3.Мөн тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2026/3472 дугаар захирамжаар гараашийн үнэлгээг шинжээч томилж үнэлүүлэхээр шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2026/0439 дүгээр тогтоолоор “...мөн нэхэмжлэгчээс хохирлын хэмжээг зах зээлийн үнэлгээгээр бодитоор нэхэмжилж байгаа энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах зарчмын хүрээнд анхан шатны шүүх зайлшгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах зарчмын хүрээнд 18-20 м.кв хэмжээтэй гараашийн одоогийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 10 сая төгрөгийг хангаж шийдвэрлэлээ. 

Иймд дээрх байдлаар нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13-т заасныг д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ту*******-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт заагдсан С******* дүүргийн 4 дүгээр Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, 63 дугаар байрны баруун талд 21 ширхэг тоосгон гарааш гэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гараашийг буулгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан 10,000,000 /арван сая/төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид нөхөн олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АЗБАЯР