Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 561

 

 

 

 

 

 

 

 

    2018          7           03                                     561      

               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч: Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Б.овогт Д.Чад холбогдох эрүүгийн 1705 0187 20406 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1973 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, командын офицер мэргэжилтэй, , Б.овогт Д.Ч.

 

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47а байрны автомашины зогсоолд Д.Дг маргааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Ч мэдүүлэхдээ:

Манайх тухайн хэрэг болсон байрнаас нүүсэн ба тэр орой зогсоолоо эргэж явсан юм. Намайг эзгүйд манаач нар зогсоолд маань машин тавиулж, мөнгө авдаг байсан. Тэд бага цалинтай учраас ингэхийг нь би хүлээн зөвшөөрдөг. Гэтэл тухайн үед намайг зогсоолоо эргэхээр очиход манай зогсоолд машин зогсоож байхаар нь “энд машин зогсоож болохгүй” гэж Дтэй маргалдсан. Тэгээд хохирогч Д.Дг цохиж, биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 500 000 төгрөг өгч уучлалт гуйсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон 450 000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Д мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” компанийн байр болох 47а байрны граашийн харуулаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим ажил дээрээ манай граашийн хуучин захирал байсан Жа гэж хүний автомашиныг В12 дугаартай зогсоолд тавих гээд ухарч байхад 40 гаран насны залуу хүрч ирээд “энэ зогсоол дээр машин тавиулахгүй, чи манай зогсоол дээр машин тавих гэлээ” гэхээр нь би “хоосон зогсоол юм чинь машин тавихад юу нь болохгүй байгаа юм бэ” гэж бид хоёр маргалдаад би Жагийн машиныг өөр зогсоол дээр байрлуулаад харуулынхаа өрөөнд орсон. Манай харуулын байранд манай байрны сантехникийн селеасер Ш гэж хүн байсан. Гэтэл надтай маргалдсан залуу манай харуулын өрөөнд орж ирээд “чи зогсоол дээр машин тавих гэлээ” гээд над руу хоёр удаа салаавч өгөөд, миний нүүр рүү нэг цохиод “чи хэлдэг газар нь хэлээд юм олж долоогоорой” гээд гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Би тэр залууг өмнө нь харж байсан. Миний хамар хугарсан гэмтэлтэй.

...Ч.Б гэдэг залуу надтай уулзаад миний буруу, өвөө намайг уучлаарай гэсэн. Би танд эмчилгээний мөнгө өгье гэсэн. Тэр залуу өөрөө 500 000 төгрөг өгнө гэхээр нь би тэр мөнгийг авсан. Надад эм тарианы мөнгө, толгойн зураг авахуулахад 300 000 төгрөг болно гэсэн. Одоо гомдол байхгүй гэжээ. (хэргийн 16-18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Ш мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрэл-47а байрны граашийн жижүүрийн өрөөнд ажлаа дуусчихаад унтах гээд хэвтэж байсан. Харуул Д нь машины зогсоолын эзэнтэй маргалдаад хэрүүл хийгээд байсан. Зогсоолын эзэн нь Дг нэг удаа алгадаад авсан. Тэр хоёрын маргалдаан эхлэх үед би босож ирээд хажууд нь зогсож байсан. Д зогсоолын эзэн Ч.Бтай маргаан үүсгэсэн. Ч.Б нь Дгийн нүүрний зүүн билүү баруун хэсэгт нь нэг удаа алгадаад авсан. Д ах Ч.Быг цохиогүй, хөдлөө ч үгүй, зүгээр л хэрэлдээд зогсож байсан гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 685 тоот дүгнэлтэд:

1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15094 тоот дүгнэлтэд тусгагдсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Люкс мед” эмнэлэгийн хамрын эгц байрлалын рентген зургаар тогтоогдохгүй байна.  

2. Д.Дгийн биед тухайн үед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 77 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Ч ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47а байрны автомашины зогсоолд “өөрийн эзэмшлийн автомашины зогсоол дээр бусдын машиныг зогсоох гэлээ” гэх шалтгаанаар хохирогч Д.Дтэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Д, гэрч Ч.Ш нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 685 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Д.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой эм авсан 103 850 төгрөг, рентген оношилгоо хийлгэсэн 15 000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, нийт 126 850 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн боловч шүүгдэгч эмчилгээний зардалд нь 500 000 төгрөг өгсөн байна. Хохирогч гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Б.овогт Д.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Ч нь торгох ялыг 01 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Дд 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН